Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1218

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Бавуугийн гудамж Дархан-Ус суваг ХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 15-р баг Д- т- ХХК- ,

Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сум, -  тоотод оршин суух, Б.Ш- нарт холбогдох

19 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,  хариуцагч Б.Ш-ийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Д- т- ХХК- -ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгийн өмгөөлөгч Б.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан-Ус суваг ХК-ны гүйцэтгэх захирал П.Ариундалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д- т- ХХК-  нь 2016 оын 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Ус суваг ХК-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр Д- т- ХХК-  нь 19,200,000 төгрөгийн үнэ бүхий гадна гэрэлтүүлгийн ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор гүйцэтгэхээр болж, гэрээ байгуулсан боловч одоог хүртэл гэрээнд заасан ажил хийгдээгүй байдаг. Д- т- ХХК-  нь Дархан-Ус суваг ХК-аас гэрээний дагуу 19,200,000 төгрөгийг хүлээн авсан. Хариуцагч компани 19,200,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Дархан-Ус суваг ХК-ийн тухайн үеийн захирал Б.Ш-ийг байгууллагын мөнгийг үр ашиггүй шамшигдуулсан үндэслэлээр Цагдаагийн байгууллага, Авилгатай тэмцэх газраас шалгуулсан. Үүнийг хэрэгт нотлох баримтаар судлуулахаар татсан эрүүгийн хэрэгт Тогтохсүрэн “Дархан-Ус суваг ХК-д 19,200,000 төгрөгийг төлж барагдуулах болно” гэж албан тоот болон мэдүүлэгтээ удаа дараа мэдүүлсэн байдаг. Д- т- ХХК- -ийн захирал Тогтохсүрэн нь гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэх зардал болох 19,200,000 төгрөгийг төлж барагдуулна гэж хэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Мишигээс татгалзаж, Д- т- ХХК- -аас 19,200,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Ш- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 2016 оны 4 сараас 2016 оны 7 сарыг дуусах хүртэл хугацаанд Дархан-Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжийг баримтлан ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдагдсан асуудлаар 19 200 000 төгрөгийг хариуцан төлөх хууль зүйн болон бусад ямар ч үндэслэл байхгүй. Д- т- ХХК-  болон нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр энэхүү маргаан шийдвэрлэгдэх ёстой. Б.Ш- миний хувьд 19 200 000 төгрөгийг хууль бусаар өөртөө авч ашигласан зүйл огт байхгүй. Гүйцэтгэх захирлынхаа хувьд өдөр тутмын ажлаа л хийж байсан. Одоо бол миний бие ажлаа өгсөн тул ямар шалтгаан, ямар үндэслэлээр Д- т- ХХК-  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлаа хийгээгүй болохыг мэдэхгүй байна. Дархан ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн өдрөөс хойш намайг нэр бүхий хүмүүс тус ажилтай минь холбогдуулж олон асуудлаар хууль хяналтын байгууллагад өгч шалгуулсан. Гэхдээ намайг хууль зөрчөөгүй болохыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон байдаг. Тус асуудлууд дунд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 19 200 000 төгрөгтэй холбоотой асуудал мөн шалгагдаж хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагыг гэрээтэй холбоотой асуудлаар тодорхойлсон байгаа бөгөөд миний  хувьд тус гэрээний харилцааны оролцогч биш тул нэхэмжлэлийн шаардлага надад хамаарахгүй гэж үзэж байна. Иймд шүүх Дархан ус суваг ХК-ийн нэхэмжлэлтэй Д- т- ХХК- , Тогтохсүрэн, Б.Ш- нарт холбогдох 19 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн Б.Ш- надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д- т- ХХК- -ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь гэрээ бол байгуулагдсан,  төв цэвэрлэх байгууламжийн гадна гэрэлтүүлгийг нийлүүлэхээр тохиролцсон байдаг гэхдээ энэ гэрээгээр зөвхөн гэрэлтүүлгийн толгойн хэсгийг сольж угсрахаар харилцан тохиролцсон байдаг. Манай компанийн зүгээс гэрээний хугацаанд гэрэлтүүлгийг худалдан авч угсарахад бэлэн болгож гэрээний үүргээ биелүүлэх гэсэн боловч захиалагч тал болох Дархан Ус суваг ХК-ний гэрээний үүргийг биелүүлэх боломж нөхцлийг хангахгүй явсаар өнөөдрийг хүрсэн учир нь Дархан ус суваг ХК-ийн удирдлага 2016 оны сонгуулийн дараагаар солигдож шинэ удирдлагууд буюу тэр тусмаа ерөнхий инженер Удвал гэх хүн шинээр томилогдон орж ирж улс төржиж хуучин удирдлагаа ажлаас нь халж байсан гэсэн өс хонзонгийн сэдлээр хийж байсан ажлуудыг санаатайгаар зогсоох гацаах, үйлдэл гаргаж гэрээ хэлцлийг үгүйсгэж эхэлсэн, энэ байдлаас болж манай байгууллага гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Гэрээгээр гэрлийн зөвхөн толгойг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байхад Ус суваг ХК-ийн удирдлагаас өөр газарт тухайн гэрлийн шон буюу гэрлийг хамтад нь босгож кабель татаж шинээр угсарч хийхийг шаардаж сүүлдээ өмнөх удирдлагаа Авилгатай тэмцэх газар болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт тус тус гомдол гарган шалгуулахаар өгсөн энэ шалгагдаж байх хугацаанд 2 жилийн хугацаа өнгөрсөн байдаг. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэх хүсэлт тавихад энэ шалгагдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэгдэж дуустал ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй гэсэн хариу өгч байсан. Авилгатай тэмцэх газар болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар уг асуудлыг шалгаж байхдаа мөн Д- т- ХХК- -ийг татан оруулж шалгаж байнга байцаалт мэдүүлэг авна гэж дуудаж холбогдох бичиг баримтуудыг татан авч шалгаж байсан, нэхэмжлэгч тал манай компанийг гэрээний үүргээ биелүүлэх боломж нөхцөлөөр хангахыг хүссэн бичгийг амаар болон бичгээр удаа дараа тавьж байсан. Иймээс Дархан ус суваг ХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй учраас манай компани өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК нь хариуцагч Д- т- ХХК- , Б.Ш- нарт холбогдуулан гэрээний дагуу нийлүүлэх байсан гэрэлтүүлэгийн үнэ 19 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д- т- ХХК-  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Дархан ус суваг ХК нь гэрээний үүрэг биелүүлэх бололцоо олгоогүй, гэрээнээс өөр ажил хийхийг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Ш- нь гэрээний оролцогч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-ны гүйцэтгэх захирал Б.Ш-, хариуцагч Д- т- ХХК- -ны захирал С.Мөнх-Оргил нар баталж, Дархан-Ус суваг ХК-ныг төлөөлж СЭЗХО дэд захирал, эдийн засагч Б.Шинэбаяр, Д- т- ХХК- -ыг төлөөлж ня-бо Н.Ганчимэг нар гарын үсэг зурж 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2016/43 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээндээ ...төв станцын гадна гэрэлтүүлгийг сольж угсрах, нийлүүлэх ажлыг 2016 оны 7 дугаар сарын 26-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний дотор нийлүүлэх, гэрээний дагуу нийлүүлэх гадна гэрэлтүүлгийн үнэ 19 200 000 төгрөг, нийлүүлэх, гүйцэтгэх ажлыг хийж дуусгаж захиалагчид хүлээлгэн өгснөөр ажлыг гүйцэтгэсэнд тооцохоор, урьдчилгаа төлбөр буюу нийт ажлын 30 хувь болох 5 760 000 төгрөгийг шилжүүлнэ, ажил гүйцэтгэж дуусаж акт үйлдэн хүлээлгэн өгсний дараа 60 хувь буюу 11 520 000 төгрөгийг шилжүүлэхээр тусгажээ.

Гэрээний агуулга болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас төв станцын гадна гэрэлтүүлгийг сольж угсрах ажлыг захиалагч талын хөрөнгөөр хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.  

Гэрээний дагуу нийт төлбөр болох 19 200 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Д- т- ХХК- -д бэлнээр олгосон болох нь хэрэгт авагдсан Дархан-Ус суваг ХК-ны кассын зарлагаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолоор ...2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Ус суваг ТӨХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ш- нь ...2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д- т- ХХК- -тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээний санхүүжилт 19 200 000 төгрөгийг Д- т- ХХК- -ны захирал Б.Тогтохсүрэнд бэлнээр өгсөн. Д- т- ХХК-  нь төв станцын гадна гэрэлтүүлгийг сольж угсрах ажлыг хийгээгүй, гэрээний үүргийг зөрчсөн нь иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дархан-Ус суваг ТӨХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ш-ийн үйлдэлд ...гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. / хх-ийн 12 дугаар хуудас/

Хариуцагч Д- т- ХХК-  нь Дархан-Ус суваг ХК нь гэрээний үүрэг биелүүлэх бололцоо олгоогүй, гэрээнээс өөр ажил хийхийг шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд эрүүгийн 201709000054 дугаартай хавтаст хэргээс гэрэлтүүлэгийн зураг, Хятад хэл дээрх 2 хуудас нотлох баримт шинжлэн судлуулсан боловч дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр эрүүгийн 20170900054 дугаартай хэргээс нотлох баримтаар Д- т- ХХК-  нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дархан ус суваг ХК-д гэрээгээр гүйцэтгэх үүрэгтэй гэрэлтүүлгийн ажлын үнэ 19 200 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний дотор буцаан төлж барагдуулах болно гэсэн агуулга бүхий  2 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан хариуцагч Д- т- ХХК- -нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Дархан ус суваг ХК-нь гэрээний үүргээ биелүүлэх бололцоо олгоогүй гэж маргаж байгаа боловч мөн хуулийн 350.1.3 б-д ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх гэсний дагуу захиалагч талд гэрээний үүргээ биелүүлэхэд саад болж байгаа талаар мэдэгдэж байсан нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Д- т- ХХК- -аас 19 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Ус суваг ХК-д олгох нь зүйтэй.

Хариуцагч Б.Ш- нь гэрээ байгуулагдах үед Дархан-Ус суваг ХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд иргэнийхээ хувьд гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй, үүрэг хариуцах үндэслэлгүй байх тул гэрээний үүрэгтэй холбогдуулан хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Баттөр, хариуцагчийн төлөөлөгч Б.Тогтохсүрэн, хариуцагч Б.Ш- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэднийг байлцуулахгүйгээр, зохигчидтой байгуулсан гэрээний дагуу өмгөөлөгч нарыг байлцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Д- т- ХХК- -аас 19 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан ус суваг ХК-д олгож, хариуцагч Б.Ш-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д- т- ХХК- -аас 253950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНТУЯА