Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

       

 

 

 

 

 

    2022         10           13                                      2022/ШЦТ/185

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Хохирогч И.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох эрүүгийн 2219000770241 дугаартай хэргийг 2022 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдөр .... суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой /бичиг үсэг мэдэхгүй/, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт .... сумын .... гэх  газарт оршин суух хаягтай, одоо .... байранд айлын хашаанд түр оршин суух, урьд

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, С.О /регистрийн дугаар: .../,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.О нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг, Жанчивын 3-23 тоот гэртээ  хамтран амьдрагч болох хохирогч И.Мг “архи уулаа” гэж маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:        

Шүүгдэгч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би айлд нүүрс буулгаж байгаад 15 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр архи уучихсан, согтуу 4 хөллөөд байж байсан. Тэгэхээр нь би нэг нь амьдрах гээд ажиллаж байхад нөгөө нь архи уугаад байхдаа яадаг юм гэхэд миний халаасанд байсан гар утсыг авах гэхээр нь би өгөхгүй гэхэд булааж аваад голоор нь хугалахаар нь 1 удаа нүүр лүү нь алгадсан, утсаа булааж байхдаа нуруу руу нь цохьсон гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч И.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: О-ын ярьж байгаа үнэн зөв, ... 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найз /Ж/ Ж, Бгийн эхнэр Еөк нартай хамт 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи уучихсан байсан юм. Тэгтэл ойролцоогоор 17 цагийн орчимд манай хамтран амьдрагч С.О ирээд “намайг архи уулаа гээд” нуруу руу 2 удаа, бас хэд хэдэн удаа алгадсан. Би тухайн үед согтуу байсан бөгөөд яг хэдэн удаа алгадсаныг нь мэдэхгүй байна. ...Тухайн үед намайг архи уулаа гээд загнаад байхаар нь би тэр утсыг нь хугалчихсан юм. ...би С.Оын биед огт халдаагүй,намайг урьд өмнө зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг ,          

 

          Гэрч С.Мөнх-Ертөнцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яг тодорхой сайн санахгүй байна. Ойролцоогоор 2021 оны 08 дугаар сард манай хашаанд гуйгаад бууж байсан юм. Тэрнээс өмнө таньж мэддэггүй байсан. Одоо бол И.М бид хоёр найз нөхдийн холбоотой. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал М гэрээсээ 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архитай ирсэн. Тэгээд М бид хоёр хамт архи ууж дуусгачихаад байж байтал Мгийн нөхөр С.О ирээд Мд хандаж “чи яах гэж архи ууж байгаа юм бэ?” архи уулаа гээд загнаж байтал М миний буруу гэж хэлээд тэр хоёр гэр лүүгээ явчихсан. Миний хажууд бол тийм зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дүгээр тал),          

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/0111 дугаартай "... И.Мгийн биед толгойн хуйханд шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14 дүгээр тал),          

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50  дугаар тал) болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг, Жанчивын 3-23 тоот гэртээ хамтран амьдрагч  И.Мг “архи уулаа” гэж түүнийг зодож, биед нь  “толгойн хуйханд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч И.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найз Ж, Еөк нартай хамт 2 шил 0.75 литрийн архи уусан юм. Тэгтэл ойролцоогоор 17 цагийн орчимд манай хамтран амьдрагч С.О ирээд “намайг архи уулаа гээд” нуруу руу 2 удаа, бас хэд хэдэн удаа алгадсан. Би тухайн үед согтуу байсан бөгөөд яг хэдэн удаа алгадсаныг нь мэдэхгүй байна. ,,,би С.Оын биед огт халдаагүй.Гомдол санал,нэхэмжлэх зүйлгүй, одоо хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Мөнх-Ертөнцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал М гэрээсээ 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архитай ирсэн. Тэгээд М бид хоёр хамт архи ууж дуусгачихаад байж байтал Мгийн нөхөр С.О ирээд Мд хандаж “чи яах гэж архи ууж байгаа юм бэ?” архи уулаа гээд загнаж байтал М миний буруу гэж хэлээд тэр хоёр гэр лүүгээ явчихсан....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/0111 дугаартай "... И.Мгийн биед толгойн хуйханд шарх гэмтэл, ...бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно.

 

Шүүгдэгч С.Оын хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг урьд өмнө зодож байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт /хх-ийн 125/ болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн өгсөн мэдүүлгээр /хх-ийн 05/  тогтоогдсон байх тул прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна  гэж үзлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, догшин авирлах, ...хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэл халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.О нь хамтран амьдрагч И.Мг “архи уулаа” гэж  маргалдан түүний биед толгойн хуйханд шарх гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч С.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч И.М нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй (хавтаст хэргийн 139 дүгээр тал) гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар дүгнэлт гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчаас оногдуулсан ялын саналыг зөвшөөрч байгаа талаар санал гаргасан байна.  

 

Шүүгдэгч С.О нь урьд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ,хор уршиг,гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй,гомдол саналгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, прокурор,өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй байгаа 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 584 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                 ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 584 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 584 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН