Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

 

 

   

                                

      2022         10           13                                        2022/ШЦТ/186

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар

Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Отгонбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нид холбогдох эрүүгийн 2219000000248 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр .... төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .... гэх газар нутаглах, ял шийтгэлгүй, С.Н/регистрийн дугаар: ..../,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Н нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мийг адуу хөөлөө гэх  шалтгааны улмаас маргалдан түүний нүүр лүү цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч С.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүний олон тооны адуу малладаг болохоор гэмтээчих байх гэж их айдаг. 2 азарга байсан,  нэг азаргыг нь ширүүн тууж явахад нүхэнд бүдэрч унасны улмаас сүүжний яс нь хугарч үхэж байсан. Тийм болохоор адууг ширүүн тууж болдоггүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

        Насанд хүрээгүй хохирогч Р.Мийн “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш 18 цагийн орчимд Айраг сумын бойны хашааны тэнд өвөлжөөн дээрээ малаа эргүүлчихээд явж байхад 20 орчим адуу манай өвөлжөөн дээр байхаар нь би мотоциклтой урд зүг рүү туугаад явж байхад ардаас хар өнгийн приус маркийн автомашинтай хүмүүс чигналдаад мотоциклын урд дугуй руу тулаад зогссон. Уг автомашинаас Н гээд ах цонхоо буулгаад яагаад адуу туугаад байгаа юм гэхэд би өвөлжөө сүйтгээд байна гэхэд Н ах салаавч гаргаад бууж ирээд дух руу гараараа 1 удаа цохьсон би салгаад хойш нь түлхэхэд буцаж ирээд хоолойноос багалзуурдаад мотоцикл дээрээс татаад буулгасан намайг багалзуурдаж байхад автомашинаас 3 танихгүй ах бууж ирээд салгасан. Мотоциклын түлхүүрээ авах гэтэл Н дахин хажуугаас орж ирээд нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд мотоциклоо жолоодоод хөдлөх гэтэл мотоциклын ард байсан уяанаас барьчхаад хөдөлгөхгүй байснаа Н дахин нүүр лүү 1 удаа цохьсон, мотоцикл дээр байхад автомашины жолоочийн эсрэг талд сууж байсан махлаг ах баруун гарыг өчиж мушгиад цусаа угаачихаад яв гээд хөдөлгөхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

 

Гэрч Э.Эрдэнэсүхийн "... би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Н /Н/ над руу утсаар яриад хэдэн гүү барилцаад хээл шалгаад өгөөч гэж дуудахаар нь Айраг сумын баруун талын бойны хашаан дээр очоод гүүний хээл шалгахад би барилцаж өгсөн. Тухайн үед Тэлмэн, малын эмч Цэрэнлхам Н бид нар байсан. Малын эмч Цэрэнлхам гүүний хээл шалгасан Тэлмэн, Н бид 3 барилцаж өгсөн. Тэгээд 2 азарга адууны хээл шалгаад дуусаад бойны хашаанаас явуулчихаад сумын төв рүү явж байтал зам дээр мотоциклын араасаа төмөр чирчихсэн мотоциклтой хүн Нгийн цэвэр азаргатай адууг хөөгөөд явж байсан. Бид нар хар өнгийн приус маркийн автомашинтай очоод Н буугаад чи яагаад адуу мал хөөгөөд байгаа юм гэхэд Нг тэр хүүхэд 1 удаа цохьсон, Н зөрүүлээд 2-3 удаа цохьсон тэгээд бид нар автомашинаас бууж ирээд салгаад сумын төв рүү явсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

          Гэрч Д.Цэрэнлхамын "... Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Н /Н / манай гэрийн тэнд явж адуу хайгаад явж байхтай таараад Н надаар гүүний хээл шалгуулъя гээд би Нтай хамт сумын баруун талд бойны ойролцоо Нгийн адуунд 20 орчим гүүний хээлийг эхо аппаратаар шалгасан. Хээл шалгахад Тэлмэн, Эрдэнэсүх Н бид 4 байсан ба хээл шалгаж дуусаад Н сумын төв рүү намайг хүргэж өгөх гээд автомашинтай Н жолоо бариад явж байтал мотоциклтой хүүхэд Нгийн цэвэр цусны араб азаргыг туугаад ардаа төмөр чирээд явж байхыг хараад очсон ба яагаад адуу тууж байгаа талаар Н асуухад нөгөө хүүхэд манай хороон дээр ирээд байна гэхэд нь Н зөөлөн туугаад холдуулчих гэхэд наад адуунууд чинь зөөлөн туухаар эргэж ирээд байна гэхээр нь Н автомашинаас буугаад очиход тэр хүүхэд гараараа Нг нэг цохиод Н уурандаа нөгөө мотоциклтой хүүхдийн нүүр лүү нь гараараа цохьсон. Тэлмэн, Эрдэнэсүх бид нар салгасан. Тэгээд бид нар автомашиндаа суугаад явсан. Нөгөө хүүхэд мотоциклоо унаад явсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 3-4 дүгээр тал),

 

         Дорноговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/0397 дугаартай “Б.Мийн биед дээд уруулын дотор салстын шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 37 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон  цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн,бодитойгоор шинжлэн судлав. Үүнд,

          хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогч Р.М, гэрч Э.Эрдэнэсүх, Д.Цэрэнлхам нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/0397 дугаартай  шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч С.Н нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мийг адуу хөөлөө гэх шалтгааны улмаас маргалдан гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг ухамсарлаж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж түүний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж дээд уруулын шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Р.Мийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...өвөлжөөн дээрээ малаа эргүүлчихээд явж байхад 20 орчим адуу манай өвөлжөөн дээр байхаар нь би мотоциклтой урд зүг рүү туугаад явж байхад ардаас хар өнгийн приус маркийн автомашинтай хүмүүс чигналдаад мотоциклын урд дугуй руу тулаад зогссон. Уг автомашинаас Н гээд ах цонхоо буулгаад яагаад адуу туугаад байгаа юм гэхэд би өвөлжөө сүйтгээд байна гэхэд Н ах салаавч гаргаад бууж ирээд дух руу гараараа 1 удаа цохьсон би салгаад хойш нь түлхэхэд буцаж ирээд хоолойноос багалзуурдаад мотоцикл дээрээс татаад буулгасан ...Н дахин хажуугаас орж ирээд нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13,14/, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/0397 дугаартай  дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй,хэргийн үйл баримтыг тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч С.Н нь хэргийн үйл баримт,гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.        

          Хохирол төлбөрийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Р.М, түүний хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаар ирүүлсэн  баримтгүй тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар ялын санал гаргасан болно.

 

Шүүгдэгч С.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Нацандорж урьд  ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд  төлүүлэхээр шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар:

Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч С.Нид оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН