Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/00212

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/00212

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ...... тоот хаягт оршин суух, Б- овогт Т-гийн Т- /РД:.../-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт оршин суух, О- овогт Л-гийн Э- /РД:..../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5.130.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Л.Э-тэй 2016 оны 02 сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг 6 сарын хугацаатай, 6.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр 2016 оны 8 сарын 04-ний өдөр дуусахаар байгуулсан. Тухайн үед нь уг зээлсэн 6.000.000 төгрөгийг Л.Э-ийн зөвшөөрлөөр н.З- гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Л.Э- нь зээлийн гэрээний хугацаанд 1.580.000 төгрөгийг өгсөн. Ингээд Л.Э- нь утсаа авахаа болиод алга болчихсон. Гэрт нь очихоор байраа түрээслээд явчихсан байсан. Би Л.Э-тэй холбогдож болохгүй байхаар нь н.З-тай нь холбогдох гэхэд мөн утсаа авахгүй байсан. Ингээд би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг маань хүлээн авахаас татгалзсан. Тэгэхээр нь би шүүхэд хандаад Л.Э-ийг эрэн сурвалжлуулсан. 2017 оны 5 сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас над руу яриад Л.Э-ийг олсон гэж хэлсэн. Би цагдаа дээр явж очоод Л.Э-тэй уулзахад надад 3.500.000 төгрөг өгнө гэж тохиролцоод гар хөлийн үсэг зурчхаад дахиад алга болчихсон. Би н.З- гэдэг хүнийг нь олж аваад 2.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн. Ингээд Л.Э-өөс 2018 оны 02 сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 1.450.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд надад нийт 6.030.000 төгрөгийг буцааж өгсөн. Надад үндсэн зээл, хүүнд нийт 8.160.000 төгрөг төлөх байснаас 6.030.000 төгрөгийг төлсөн тул 2.130.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Зээлийн гэрээнд заасан хүүний үлдэгдэл 580.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1.550.000 төгрөг нийт 2.130.000 төгрөг нь зээлийн үлдэгдэл гэж тооцсон. Зээлийн хугацаа дууссан учраас үндсэн зээлийн 50 хувиар алданги тооцож 3.000.000 төгрөг ингээд нийт 5.130.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэв.  

Хариуцагч Л.Э- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О- овогт Л-гийн Э- миний бие иргэн Т-ын нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцооллоор 3.200.000 төгрөгийн үлдэгдэл тооцоо байж болох юм. 3.200.000 төгрөг төлөх боломжтой бөгөөд 3 сарын 10-ны дотор төлнө” гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч нь 2016 оны 02 сард зээлийн гэрээ байгуулсан мөн зээлийн гэрээний дагуу 6.000.000 төгрөг хүлээн авсан дээр маргаан байхгүй. Зээлийн гэрээний хугацаанд 1.580.000 төгрөгийн хүү, үндсэн зээлд 4.450.000 төгрөг төлсөн. Ингээд нийт 6.030.000 төгрөг төлсөн дээр мөн маргаан байхгүй. Одоо үндсэн зээл болон хүүнд нийт 2.130.000 төгрөг үлдсэн дээр бас маргаан байхгүй. Алдангийн хувьд хүүнээс алданги тооцохгүй гэж Иргэний хуульд заасан байдаг. Мөн хэдий хугацаанд, ямар үнийн дүнгээс алданги тооцож байгаа нь тодорхойгүй байна. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл болон хүүний үлдэгдэл болох 2.130.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Т.Т- нь хариуцагч Л.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Талууд 2016 оны 02 сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2016 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэйгээр хариуцагч Л.Э-д зээлдүүлсэн ба зээлийн гэрээний барьцаанд хувийн сууц, газар эзэмших эрхийг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Хариуцагч Л.Э- нь Т.Т-аас нийт 6.000.000 төгрөгийг зээлсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх ба хариуцагч зээлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар маргаагүй байна.  

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” хэмээн заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр үндсэн зээл 6.000.000 төгрөг, 6 сарын хугацаанд сар бүр 6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул хүү 2.160.000 төгрөг, зээлийн гэрээгээр нийт 8.160.000 төгрөгийг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлөх үүргийг хүлээжээ. 

 

Зээлдүүлэгч Т.Т- нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд зээлдэгчээс 6.030.000 төгрөг төлсөн гэж, хариуцагч зээлийн төлсөн үнийн дүнд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь “...үндсэн үүрэг 8.160.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6.030.000 төгрөгийг хасаж үлдэх 2.130.000 төгрөгийн 580.000 төгрөг нь зээлийн хүүний үлдэгдэл, 1.550.000 төгрөг нь үндсэн зээлийн үлдэгдэл” хэмээн тодорхойлж зээлийн гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээл 6.000.000 төгрөгийн тавин хувиар алданги тооцож 3.000.000 төгрөг, нийт 5.130.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн шаардав.

 

Талууд зээлийн гэрээний 2.5 дахь заалтаар “...зээлийн мөнгийг төлөхгүй хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх”-өөр харилцан тохиролцсон байх ба зээлдэгч Л.Э- нь нэхэмжлэгчийн тайлбарласнаар хамгийн сүүлд 2018 оны 3 сард 1.450.000 төгрөг төлсөн тул уг хугацаанаас хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл дунджаар 320 хоног гэж үзэж гүйцэтгээгүй үүрэг 2.130.000 төгрөгөөс хоногт 0,5 хувиар өдрийн 10.650 төгрөгийн алданги тооцоход зөвхөн алдангид 3.400.000 төгрөг болохоор байна.  

 

Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг 2.130.000 төгрөгийн 50 хувиас алдангийн хэмжээ хэтэрч болохгүй тул 1.065.000 төгрөгийн алдангийг тооцож, зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг 2.130.000 төгрөг, алдангид 1.065.000 төгрөг, нийт 3.195.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр 3.195.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 1.935.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзлээ. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Э-өөс 3.195.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Т-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.935.000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-өөс 66.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ