Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

 

      

 

 

 

 

   2022          10            13                                  2022/ШЦТ/187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

 Хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,

 Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн 2219002890245 дугаартай хэргийг 2022 оны 09 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ... сумын ... гэх газар оршин суух, одоо Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлж гэх газар нутаглах, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 3519000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, З.Б /регистрийн дугаар: ..../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гэх газарт хохирогч Г.Быг эхнэртэй маргалдлаа гэх шалтгааны улмаас маргалдан,  нүүр рүү нь цохих, 46-95 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон түүнийг мөргөж, биед нь “зүүн шаант ясны хугарал, зүүн шилбэнд шарх, цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 7 сарын 9-ний өдөр  Бын уяан дээр шөнийн 01 цаг өнгөрөөгөөд дуудаад байхаар нь очсон. Бид нийлээд архи ууцгаасан, архи ууж байгаад Б мал эмнэлгээс болоод манай эхнэртэй маргалдаад байхаар нь битгий хэрэлдээд бай гэсэн. Б миний аманд салаавч хийгээд,1 удаа цохиж авсан. Тэгээд би зөрүүлээд цохьсон.  Би машинаа унаад хөдлөөд эргэсэн, машиныхаа толиор шүргэсэн юм шиг байна лээ. Миний хувьд санаатай Быг мөргөөгүйгэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн  02 цагийн үед Баттүвшин, Хадбаатар, Очир нарын хамт уяан дээр архи ууж байхад Б нь эхнэртэйгээ хамт саарал өнгийн жижиг машинтай ирсэн. Би Бы эхнэртэй мал эмнэлгийн тал дээрээс болж маргалдсан. Бы толгой руу би нэг ч удаа өшиглөөгүй, бие биеэ нэг, нэг удаа толгой хэсэгт цохьсон. Б намайг дайраад дахиж дайрах оролдлого хийх үед Хадбаатар намайг машины өмнөөс чирч холдуулсан байсан” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 4 дүгээр тал),

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

 

Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үүрийн 02 цагийн үед Баттүвшин, Хадбаатар, Очир нарын хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт байх Цагаан дөрвөлжийн хойд талд морины уяан дээр архи ууж байхад Б нь эхнэр болох Пагамдуламын хамт саарал өнгийн жижиг машинтай ирсэн. Би Бтай би удалгүй мал эмнэлгийн тал дээрээс болж маргалдаж бие биеэ нэг нэг удаа толгой хэсэгт цохисон. Б надаас салаад машиндаа суун машинаараа намайг ертөнцийн зүгээр баруун зүгт хараад зогсож байх урд талаас ирж миний зүүн гар талаас хүчтэй мөргөсөн. Би машинд мөргүүлээд газарт хөлөөрөө сөхөрч ойчсон. Дахин Б машинаараа намайг мөргөх үйлдэл хийх үед Хадбаатар, Баттүвшин хоёр машины урдуур нь орж зогсооход Б яваад өгсөн...” гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 23-24, 55 дугаар тал),

 

 Гэрч Г.Пагмадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхрийг архинаас хэд татсан талаар мэдэхгүй байна. Надад 3-4 удаа тойрч ирсэн юм чинь энэ хавьцаа өгсөн байх. Би тэр хэдийн дунд сууж байгаад бие засах гээд босоод бие засчихаад буцаад явж байхад манай машин хойд зүгт эхэлж хөдлөөд баруун талаар байсан газраа тойрчхоод буцаад хойд зүгт гэр рүүгээ явсан. Би тухайн үед намайг хайж байгаад явчихлаа гэж бодсон. Тэнд байсан хүмүүс танай нөхөр хүн дайрчихлаа гэж орилолдоод байсан. Манай хүнийг машинтай хөдлөх үед гэрэлд нь юм харагдаагүй... нөхрөөс сүүлд болсон явдлын талаар асуухад Б намайг элдэв үгээр доромжлоод байхаар нь манай хүн өмөөрсөн чинь Б манай хүнийг цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

Гэрч Х.Нарангарвуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би воганчигны тэнд байхад Б автомашинаа унаад тойрог хэлбэртэй давхиад Б газар унасан. Манай нөхөр Хадбаатар гүйж очоод Быг өргөөд толгой доор нь түшээд байж байтал Б дахин нэг тойрч давхиад ганцаараа автомашинаа жолоодоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

 

Гэрч Н.Хадбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргалдаж байгаад Б саарал өнгийн приус 30 автомашинаа унаад хөдлөөд уяаны тэнд буцаж эргээд ирсэн. Тэгтэл хүмүүс хүн дайрчихлаа гээд хашгиралдаад гүйгээд очтол Б газар хэвтэж байсан. Бид нарын сууж байсан газраас 20 м орчимд зайд хэвтэж байсан. Воганчигоос манай эхнэр Бын эхнэр Ганчимэг нар бууж ирээд гүйж очсон... Б автомашинаа жолоодоод яваад дахин буцаж эргээд ирэхэд нь би Быг чирээд маяти машины хажууд 5 метр орчим газарт чирээд очсон...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/0358 дугаартай "... Г.Бын биед зүүн шаант ясны хугарал, зүүн шилбэнд шарх, цус хуралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт( хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 60 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч,хохирогч,гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч З.Б нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж гэх газарт хохирогч Г.Бтой “эхнэртэй маргалдлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, түүний нүүр рүү нь 1 удаа цохиж, 46-95 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө түүнийг мөргөж, биед нь “зүүн шаант ясны хугарал, зүүн шилбэнд шарх, цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн  02 цагийн үед Баттүвшин, Хадбаатар, Очир нарын хамт уяан дээр архи ууж байхад Б нь эхнэртэйгээ хамт саарал өнгийн жижиг машинтай ирсэн. Би Бы эхнэртэй   мал эмнэлгийн тал дээрээс болж маргалдсан. Бы толгой руу би нэг ч удаа өшиглөөгүй, бие биеэ нэг нэг удаа толгой хэсэгт цохьсон. Б намайг дайраад дахиж дайрах оролдлого хийх үед Хадбаатар намайг машины өмнөөс чирч холдуулсан байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Пагмадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай машин хойд зүгт эхэлж хөдлөөд баруун талаар байсан газраа тойрчихоод буцаад хойд зүгт гэр рүүгээ явсан. Би тухайн үед намайг хайж байгаад явчихлаа гэж бодсон. Тэнд байсан хүмүүс танай нөхөр хүн дайрчихлаа гэж орилолдоод байсан. Манай хүнийг машинтай хөдлөх үед гэрэлд нь юм харагдаагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Нарангарвуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би воганчигны тэнд байхад Б автомашинаа унаад тойрог хэлбэртэй давхиад Б газар унасан....” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Хадбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргалдаж байгаад Б саарал өнгийн приус 30 автомашинаа унаад хөдлөөд уяаны тэнд буцаж эргээд ирсэн. Тэгтэл хүмүүс хүн дайрчихлаа гээд хашгиралдаад гүйгээд очтол Б газар хэвтэж байсан. Бид нарын сууж байсан газраас 20 м орчимд зайд хэвтэж байсан.... Б автомашинаа жолоодоод яваад дахин буцаж эргээд ирэхэд нь би Быг чирээд маяти машины хажууд 5 метр орчим газарт чирээд очсон...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/0358 дугаартай "... Г.Бын биед зүүн шаант ясны хугарал, зүүн шилбэнд шарх, цус хуралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шинжлэн судалсан нотлох баримтаар  хохирогч Г.Бын эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч З.Бы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Бын нүүрэн тус газар цохиж, мөн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон  мөргөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/0358 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт,гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч З.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Б эм тарианы зардал 1098000 төгрөг,

эмнэлгээс гарсан болон гадуур боолт хийлгэж байх үеийн зардал 600000 төгрөг,

гэмтлийн улмаас малчин авч мал хариулгын хөлс 1200000 төгрөг,

хашаа хороо 2 хүн хөлсөлж бариулсны төлбөр 3000000 төгрөг,

өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, нийт 6898000 төгрөг нэхэмжилсэн болно.

Шүүгдэгч З.Б нь эм тарианы зардалд 2200000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгснийг хохирогч хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж тооцуулах хүсэлт гаргасан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн болно.

 

Хохирогч Г.Б нь хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй харилцан тохирч 1 сая төгрөгийн хөлс төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй юм.

 

Иймд хохирогч Г.Бын нэхэмжлэлээс шүүгдэгчийн өгсөн 2200000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөгийг хасаж, үлдэх 3,698,000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас З.Бд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450 нэгжээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар тогтоож өгнө үү гэсэн ялын саналыг тус тус гаргажээ. 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ”Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч З.Б нь эмчилгээний зардлаас 2800000 төгрөгийг төлсөн, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

         Бусад асуудлаар:

Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Баас 3,698,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Бод олгож, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН