Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

 

 

 

      

 

 

 

 

 2022         10           14                                      2022/ШЦТ/188

 

           

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгч И.А, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Аод холбогдох эрүүгийн 2119002950232 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ... суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, Оёдлын технологич, инженер мэргэжилтэй, ... сумын Засаг даргын тамгын газарт багийн дарга ажилтай, ам бүл 2, 14 настай охины хамт ... сумын 3 дугаар баг, Уурхайчны гудамжны 10-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, И.А /регистрийн дугаар: ЕТ85031604/,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч И.А нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... сумын Нийгмийн даатгалын сангийн байцаагчаар ажиллаж байхдаа тус сумын Төрийн банк дахь тэтгэврийн даатгалын сангийн данснаас интернэт банк ашиглан 1.360.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч И.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 4 сарын 13-ны өдөр Иххэт сумын Нийгмийн даатгалын байцаагчаар түр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй. 2021 оны 10 сарын 8-ны өдрийн өмнөх өдөр миний дотны найзын эрүүл мэнд муудсан учир сэтгэл санаа тогтворгүй байсан,тэгээд  сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас ийм алдаа гаргаснаа хүлээж сангийн байцаагч ирэхэд нь энэ талаар хэлж санамсаргүй алдаа гаргачихлаа цаашид ажиллах боломжгүй тул ажлаасаа гаргая гээд ажлаа өгсөн. Тухайн өдөр би хүнээс мөнгө зээлье гэж ярьсан байсан ба одоо шилжүүлчихнэ гэж хэлсэн. Тэгээд би цалингийн дансанд мөнгө орж  ирсэн гэж бодоод өөрийнхөө гар утсаар интернэт банк ашиглан мөнгө зээлсэн байсан Цолмонцэцэг рүү мөнгө шилжүүлсэн. Би санаатайгаар Нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс шилжүүлээгүй, тухайн үед мөнгө ирсэн гэж бодоод шилжүүлэхдээ буруу данснаас шилжүүлсэн байсан. Миний өөрийн цалингийн дансанд Цолмонцэцэг рүү шилжүүлэх хэмжээний мөнгө байгаагүй гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ган-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сангийн нягтлан бодогч С.Алдармаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Иххэт сумын Тэтгэврийн сангаас зээлэв гэсэн утгатайгаар 1.360.000 төгрөгийн зарлага Төрийн банкны интернэт банкийг ашиглан гарсан байна гэж танилцуулсан. Тэгээд Алдармаа мэдсэн даруйдаа Иххэт сумын сангийн мэргэжилтэн И.Атой холбогдоход хувийн данснаас шилжүүлсэн байх ёстой, маргааш банк ороод хариу хэлнэ гэсэн юм байна лээ. Тэгээд болсон явдлын талаар тодруулахад хүнд өглөгтэй байсан, тэрийгээ өөрийн хувийн данснаасаа шилжүүлэх гэж байгаад андуураад явуулсан байна гэж тайлбар хэлсэн. Тэгээд бид нар энэ хүнийг ажиллах боломжгүй хүн байна гэж үзэж ажлаас чөлөөлсөн... Интернэт банк ашиглан өөрсдийн регистрийн дугаараар дансны хуулга л харах боломжтой байсан. Яаж энэ гүйлгээг хийсэн эсэх талаар Төрийн банкнаас дараа лавлахад И.Аыг өөрийнхөө регистрийн дугаараар нэвтрээд танай байгууллагын дансыг өөрийн интернэт банкин дээр данс нэмэх гэж нэмж байгаад энэ гүйлгээг хийсэн гэсэн... 1.360.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

Гэрч С.Алдармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Манай нийгмийн даатгалын хэлтсийн сумдын нийгмийн даатгал хариуцсан байцаагч нар нь сумандаа интернэт банкаар гүйлгээ хийх эрх байхгүй, зөвхөн Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг харах, харсан орлого, зарлагынхаа мэдээг сар бүрийн 1-ний өдөр мэйл хаягаар урьдчилсан байдлаар, 5-ны өдөр цаасан баримтаар явуулдаг. 2021 оны 11 сарын 01-ний өдөр сангийн сарын мэдээ хийх явцад Иххэт сумын Төрийн банкны хуулгыг үзэх явцад 10 дугаар сарын 08-ны өдөр Тэтгэврийн даатгалын сангаас сэжиг бүхий 1,360,000 төгрөгийн гүйлгээ “Зээлэв” гэсэн утгатайгаар Хаан банкны данс руу шилжсэн байсан... ер нь бол сумдын байцаагч нар нь анхан шатны баримтад үндэслэж төлбөрийн даалгавраа албаны мэйл хаягаар явуулдаг. Төлбөрийн баримтыг хэлтсийн дарга 1-р гарын үсэг, санхүү бүртгэлийн хэлтсийн дарга 2-р гарын үсэг зурж баталгаажсаны дараа банкин дээр очиж гүйлгээ хийгддэг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар ),

 

Гэрч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нийгмийн даатгалын хэлтсээс нягтлан нь залгаад манай Иххэт сумын тэтгэврийн даатгалын сангаас хувь хүний Хаан банкны дансанд гарах ёсгүй мөнгө гарчихсан байна шалгаад өг гэж утсаар ярьсан. Тэгээд хүсэлтийн дагуу шалгахад Иххэт сумын байцаагч нь тэтгэврийн даатгалын сангаас интернэт банк ашиглан Хаан банкны дансанд зарлага хийгдсэн нь харагдсан. Миний мэдэж байгаагаар сумдын нийгмийн даатгалын байцаагч нар нь интернэт банкаараа дансны үлдэгдэл шалгах эрхтэй, гүйлгээ хийх эрхгүй байдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

Гэрч Л.Цолмонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр И.А 1,700,000 төгрөг зээлж авсан... тэгээд сарын дараа хийгээгүй нэхүүлэн барин 10 сарын 05-ны өдөр 700.000 төгрөг хийсэн. Гүйлгээний утга дээр нь зээл гэж хийсэн байсан. Дорноговь аймгийн нийгмийн даатгалын тэтгэмж гэсэн данснаас үлдэгдэл мөнгө нь 10 сарын 08-ны өдрийн 13 цаг 51 минутад 1.360.000 төгрөг орж ирсэн. Тэгээд мөнгөө аваад холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

Дорноговь Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн 280600145775 дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 409 дугаартай албан бичиг, түүний хавсралт ( хавтаст хэргийн 53-63 дугаар тал)

 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 62 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

         Шүүгдэгч И.А нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... сумын Нийгмийн даатгалын сангийн байцаагчаар ажиллаж байхдаа тус сумын Төрийн банк дахь тэтгэврийн даатгалын сангийн данснаас интернэт банк ашиглан 1.360.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан  болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ган-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сангийн нягтлан бодогч С.Алдармаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Иххэт сумын Тэтгэврийн сангаас зээлэв гэсэн утгатайгаар 1.360.000 төгрөгийн зарлага Төрийн банкны интернэт банкийг ашиглан гарсан байна гэж танилцуулсан. ...Интернэт банк ашиглан өөрсдийн регистрийн дугаараар дансны хуулга л харах боломжтой байсан. Яаж энэ гүйлгээг хийсэн эсэх талаар Төрийн банкнаас лавлахад И.Аыг өөрийнхөө регистрийн дугаараар нэвтрээд танай байгууллагын дансыг өөрийн интернэт банкин дээр данс нэмэх гэж нэмж байгаад энэ гүйлгээг хийсэн гэсэн... 1.360.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Алдармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Манай нийгмийн даатгалын хэлтсийн сумдын нийгмийн даатгал хариуцсан байцаагч нар нь сумандаа интернэт банкаар гүйлгээ хийх эрх байхгүй, зөвхөн Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг харах, харсан орлого, зарлагынхаа мэдээг сар бүрийн 1-ний өдөр мэйл хаягаар урьдчилсан байдлаар, 5-ны өдөр цаасан баримтаар явуулдаг. 2021 оны 11 сарын 01-ний өдөр сангийн сарын мэдээ хийх явцад Иххэт сумын Төрийн банкны хуулгыг үзэх явцад 10 дугаар сарын 08-ны өдөр Тэтгэврийн даатгалын сангаас сэжиг бүхий 1,360,000 төгрөгийн гүйлгээ “Зээлэв” гэсэн утгатайгаар Хаан банкны данс руу шилжсэн байсан...”гэсэн мэдүүлэг,гэрч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нийгмийн даатгалын хэлтсээс нягтлан нь залгаад манай Иххэт сумын тэтгэврийн даатгалын сангаас хувь хүний Хаан банкны дансанд гарах ёсгүй мөнгө гарчихсан байна шалгаад өг гэж утсаар ярьсан. Тэгээд хүсэлтийн дагуу шалгахад Иххэт сумын байцаагч нь тэтгэврийн даатгалын сангаас интернэт банк ашиглан Хаан банкны дансанд зарлага хийгдсэн нь харагдсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Цолмонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр И.А 1,700,000 төгрөг зээлж авсан... тэгээд сарын дараа хийгээгүй нэхүүлэн барин 10 сарын 05-ны өдөр 700.000 төгрөг хийсэн. Дорноговь аймгийн нийгмийн даатгалын тэтгэмж гэсэн данснаас үлдэгдэл мөнгө нь 10 сарын 08-ны өдрийн 13 цаг 51 минутад 1.360.000 төгрөг орж ирсэн....” гэсэн мэдүүлэг, Дорноговь Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн 280600145775 дугаартай дансны хуулга, Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 409 дугаартай албан бичиг, түүний хавсралт  зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.          

 

Бэлэн бус төлбөр тооцооны арга хэрэгсэл болох интернэт банкны гүйлгээ нь хүний бодит оролцоог ашигладаггүй, автомат систем бүхий үйлдэл байдаг тул уг системд хууль бусаар халдан мөнгөн хөрөнгийг авч ашиглаж байгаа үйлдэл болон шүүгдэгч нь тухайн байгууллагаас түүний утсан дээр суулгасан Төрийн банкны интернэт банкаар сангийн дансны гүйлгээ, дансны хуулга харах боломжоор хангасан нөхцөл байдлыг ашиглан бусдын эд хөрөнгийг нууцаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Тухайн үед шүүгдэгч И.А нь Иххэт сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан боловч түүнийг 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 15 тоот Дорноговь аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн даргын тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаагаар томилон ажиллуулсан байх ба түүнээс хойш гэрээний хугацаа сунгасан талаарх баримт авагдаагүй байна.

            

 Иймд шүүгдэгч И.Аод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хүнээс мөнгө зээлэх талаар тухайн үед хэлсэн байсан, удахгүй шилжүүлнэ гэсэн тул мөнгөө шилжүүлсэн гэж бодоод хүнээс зээлсэн мөнгөө шилжүүлэхдээ өөрийн цалингийн дансаа андуурч сангийн данснаас шилжүүлсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... Субьектив санаа зорилгыг хөтөлбөргүйгээр тогтоогоогүй учраас гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Гэм буруугүйгээр хохирол учруулсан байж болно. Болгоомжгүй үйлдлээрээ мөнгө авсан гэж маргаж байгаа болно.

 

Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл/эс үйлдэл/ гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл тухайн этгээд өөрийн үйлдлээрээ хор уршгийг урьдаас мэдээгүй, мэдэх бололцоогүй бол гэм буруугүйд тооцогддог.

 

Шүүгдэгч И.А нь ...тухайн үед өөрийн цалингийн дансанд Цолмонцэцэгт зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх мөнгөгүй байсан гэдгийг мэдэж байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн тэтгэврийн сангийн данснаас авч бусдаас зээлсэн мөнгөө төлсөн атлаа өнөөдрийг хүртэл уг хохирлыг төлж барагдуулаагүй болох нь тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгийг нууц, далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр авсныг ойлгох тул цахим төлбөрийн системд нууцаар хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авсан И.Аын үйлдэл нь хулгайлах гэмт хэрэгт хамаарч байна.

 

 Шүүгдэгч И.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

Шүүгдэгч И.Аоос Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын санд учирсан хохирол болох 1,360,000 төгрөгийг  гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч И.Аод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал/14 настай охины хамт амьдардаг/, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч И.Аод гэмт хэргийн хор уршгийг арилгах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч И.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аод  ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.5-д зааснаар шүүгдэгч И.Аод гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

        5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аоос 1360,000 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн 5366089748 тоот дансанд олгосугай.

        6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

        8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.АДЪЯАСҮРЭН