Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

 

      

 

 

 

   2022          10            17                                  2022/ШЦТ/190

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

 Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Ч.Бд холбогдох эрүүгийн 2219000000277 дугаартай хэргийг 2022 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр .... суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, хүний нөөц, хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, ....-д гагнуурчин, ам бүл 4, аав, ээж, эхнэрийн хамт .... гэх газар оршин суух, одоо .... суманд ажлын байрандаа амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, Ч.Б /регистрийн дугаар: ..../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн .... сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ний кемпэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...духны хөндийн өмнөд болон арын хана, самалдгийн хөндийн өмнөд болон хажуу ханын хугарал, баруун хоншоорын хөндийн хугарал, хамар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... кемпийн ах эгч явах гээд дуудахаар нь ажлынхаа хэсэг хүмүүстэй очоод архи уусан. Нэлээн согтсон байсан, юу болсон талаар санахгүй байгаа. Э бид хоёрын дунд урьд нь маргалдаж байгаагүй, яагаад тэр үед муудалдсаныг мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “...” ХХК-ний ажилчдын кемп дээрээ амарч байгаад ойролцоогоор 21-22 цагийн орчимд тус компанийн гагнуурчин Б, ковшийн оператор Амартүвшин нарын хамт “Загийн дэлгүүр” гэх нэртэй дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи худалдаж аваад хувааж уусан юм. Тэгээд архи дуусах гэж байх үед би тэр хоёртой маргалдаж байсан. Би яг юунаас болж маргалдсан болон яаж зодсон талаар санахгүй байна. Миний хамар хугарч мурийсан, хамар яс нь дотогшоо цөмөрсөн, дагз яс цуурсан гэж эмч хэлж байсан.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 5 дугаар тал),

 

Гэрч Н.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ажиллаж байгаа ....-ний ажилчдын кемпэд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орой хэсэг ажилчид архи уугаад байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй учир гэртээ амарч байсан чинь шөнө 03:00-04:00 цагийн хооронд гадаа хэсэг согтуу хүмүүс маргалдаад байхаар нь гарч очсон. Тухайн хүмүүс дээр очиход Б, Эрдэнэдалай хоёр хоорондоо чи намайг барахгүй шүү гээд маргалдаад зодолдох гээд байхаар нь би Бг очоод барьж аваад зогсож байтал Э Б руу дайрсан чинь Эийг Б баруун гараараа нүүрнийх нь зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохичих шиг болсон...Би гэртээ ороод амарч байтал дахиад хэсэг хүмүүс Бн гэрт маргалдаад байх чимээ гараад байсан...Маргааш нь Амарсанаа гэх залууг Этэй маргалдаад байсан гэж Б ярьж байсан. Миний хувьд Амарсанааг Этэй муудаж маргалдаж байхыг хараагүй. Э Б нарыг маргалдаж байхад хажууд нь Батжаргал, Мөнхсайхан, бид 3 байсан. Амарсанаа бол харагдаагүй. Дээрх хүмүүс бүгд архи их уусан нэлээн согтуу, хүний үг яриа ойлгохооргүй болсон байсан.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

 

Гэрч Г.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нэг мэдэхэд гэрийн гадаа хүмүүс маргалдаад Б, Э хоёр бие биеэ барьж авалцаад хажууд нь хараад зогсож байсан Амарсанаа, Жаргалсайхан нар дундуур нь ороод салгах гээд байж байхаар нь би Эийг салгаж аваад яасан юм, юу болоод хоорондоо маргалдаад байгаа юм гэж хэлээд авч яваад өөрийнхөө амрах гэрт оруулаад ярилцаад сууж байсан чинь Э амрах гээд гарсан...Ямар ч байсан Б, Э хоёр маргалдсаныг мэднэ...Надад Амарсанаатай маргалдаж зодолдсон гэх зүйл хэлээгүй....Өөр муудаж маргалдсан хүн байхгүй байх” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

 

Гэрч О.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд архи авчраад кемпийн гадаа хэнийд орж архиа уух уу гэж ярилцаж байгаад Эрка нь манай оффисын өрөө рүү оръё гэхээр нь бид хэд орсон тэгээд нэг шил архи талд нь ортол Эрка нь над руу агсраад байсан шөнийн 03 цагийн үед би ахаа уучлаарай гээд гарч яваад гэртээ ирж унтаж байсан чинь үүр цайх үед манай гэрийн баруун тал хүмүүс орилолдоод байсан. Тэгээд би сэрээд гараад харахад гэрийн баруун талд Эрка сууж байсан Далайг хүмүүс барьсан байсан тэгээд би Далай ах руу очиж байсан чинь Эрка араас хөөе пизда минь гэхээр нь би баруун хөлөөрөө цээжин тус газар луу нь жийж унагаасан тийм л зүйл болсон...Тэрнээс биш нүүр лүү нь би цохиогүй зөвхөн цээжин хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн..Далай ах цохисон тэрийгээ өөрөө хэлж байсан би бол нүүр лүү нь цохиогүй” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №02/0426 дугаартай “... 1. Б.Эийн биед духны хөндийн өмнөд болон арын хана, самалдгийн хөндийн өмнөд болон хажуу ханын хугарал, баруун хоншоорын хөндийн хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 53 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч З Б нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн .... сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ний кемпэд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн шанаа руу цохиж “...духны хөндийн өмнөд болон арын хана, самалдгийн хөндийн өмнөд болон хажуу ханын хугарал, баруун хоншоорын хөндийн хугарал, хамар ясны хугарал” үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

         Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...21-22 цагийн орчимд  компанийн гагнуурчин Б, ковшийн оператор Амартүвшин нарын хамт “Загийн дэлгүүр” гэх нэртэй дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи  аваад хувааж уусан юм. Тэгээд архи дуусах гэж байх үед би тэр хоёртой маргалдаж байсан. Би яг юунаас болж маргалдсан болон яаж зодсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ажиллаж байгаа ....-ний ажилчдын кемпэд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн  ...шөнө 03:00-04:00 цагийн хооронд гадаа хэсэг согтуу хүмүүс маргалдаад байхаар нь гарч очсон. Тухайн хүмүүс дээр очиход Б, Эрдэнэдалай хоёр хоорондоо чи намайг барахгүй шүү гээд маргалдаад зодолдох гээд байхаар нь би Бг очоод барьж аваад зогсож байтал Э Б руу дайрсан чинь Эийг Б баруун гараараа нүүрнийх нь зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохичих шиг болсон... Э Б нарыг маргалдаж байхад хажууд нь Батжаргал, Мөнхсайхан, бид 3 байсан. Амарсанаа бол харагдаагүй. Дээрх хүмүүс бүгд архи их уусан нэлээн согтуу, хүний үг яриа ойлгохооргүй болсон байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Мөнхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нэг мэдэхэд гэрийн гадаа хүмүүс маргалдаад Б, Э хоёр бие биеэ барьж авалцаад хажууд нь хараад зогсож байсан Амарсанаа, Жаргалсайхан нар дундуур нь ороод салгах гээд байж байхаар нь би Эийг салгаж аваад яасан юм, юу болоод хоорондоо маргалдаад байгаа юм гэж хэлээд авч явсан...Ямар ч байсан Б, Э хоёр маргалдсаныг мэднэ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №02/0426 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №02/0426 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгч нь хохирогчийн зүүн шанаа руу цохисноос түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Бн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Эийн “...эм тарианы зардал болон хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй” (хх-ийн 68 дугаар тал) гэсэн хүсэлт, 2800000 төгрөг өгсөн талаарх баримт зэргээр  шүүгдэгч Ч.Бг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Ч.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Ч.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ч.Б нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН