Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1217

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, -  тоотод байрлах К- М- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, -  тоотод оршин суух, Х.Л- ,

 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, -  тоотод оршин суух, Ж.Б -  нарт холбогдох

 

27 078 316,83 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүххуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К- М- ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Л-  нь 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр К- М- ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ1105/14/03/002 дугаартай зээлийн гэрээний дагуу 5 000 ам долларыг, 30 хоногийн 4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 4 416,33 ам доллар буюу тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу 10 625 336,67 төгрөг, хүүнд 5 771,43 ам доллар буюу 13 885 598,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 067,11 ам доллар буюу 2 567 381,29 төгрөг нийт 11 254,87 ам доллар буюу 27 078 316,86 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

К- М- ББСБ ХХК-тай хариуцагч Х.Л- , Ж.Б -  нар байгуулсан 2014.03.12-ны өдрийн зээлийн гэрээний 1.2 дахь заалтанд Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 30 хоногт 4,0 хувь байх ба Кива зээлийн санхүүжилт олгосон өдрөөс эхлэн зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 2,5 хувь болно гэж заасан байна. талуудын хооронд хийгдсэн гэрээний тус заалтын дагуу зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 4,0 хувиас 2,5 хувь болж буурах талаар тусгагдсан байна. гэтэл нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлд зээлийн хүүг 4,0 хувиар бодож нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин үндсэн зээлийн үлдэгдлээ төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувьд гэрээний 1.2 дахь заалтанд заагдсанаар 2,5 хувиар бодож тооцох ёстой гэж үзэж байна. Нэгэнт нэхэмжлэгч тал зээлийн хүүг 4 хувь буюу өндөрөөр бодож байгаа тул нэхэмжлэлийн тухайн хэсэгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч нарын зүгээс К- М- ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 27 078 316,83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 17 000 000 төгрөгийг сар бүр 350 000 төгрөг төлөх байдлаар эвлэрэх боломжтой тул саналыг тавьж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч К- М- ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Тус шүүхэд К- М- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Х.Л- , Ж.Б -  нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан болж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 4716 дугаартай Нотлох баримт албадан гаргуулах тухай захирамжаар нэхэмжлэгч К- М- ББСБ ХХК-д кива зээлийн санхүүжилт олгогдсон эсэх талаарх нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Дээр дурьдсан шүүгчийн захирамжийг биелүүлэхийн тулд манай байгууллагаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй, гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан. Хариуцагч нарын зээлийн хүүг сарын 2,5 хувиар бодуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. ...нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хүүг 2,5 хувиар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 5 дугаар сарын 21-ний байдлаар 9 806,40 ам доллар буюу 23 593 413 төгрөг болгон багасгаж байна. Иймд Х.Л- , Ж.Б -  нарт холбогдох иргэний хэргийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа зээлийн гэрээний 1-д заасан 4%-аар биш 2,5% байх ёстой харин нэхэмжлэгч тал үүнийгээ хүлээн зөвшөөрч 2,5% болгосон байна, нэхэмжлэгчийн зүгээс долларын ханшийг тухайн үеийн долларын ханшаар бодохгүйгээр одоогийн ханшаар бодож байгаа нь шудрага биш байна, долларын ханшийг бодохдоо 2014 онд зээлийн гэрээ байгуулсан гэтэл 4 жилийн дараах ханшаар бодож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна харин тухайн үеийн буюу 2014 оны долларын ханшаар төлөх саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч К- М- ББСБ ХХК нь хариуцагч Х.Л- , Ж.Б -  нарт холбогдуулан үндсэн зээлд 4 416,33 ам доллар буюу тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу 10 625 336,67 төгрөг, хүүнд 5 771,43 ам доллар буюу 13 885 598,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 067,11 ам доллар буюу 2 567 381,29 төгрөг нийт 11 254,87 ам доллар буюу 27 078 316,86 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж, 9 806,40 ам доллар буюу 23 593 413 төгрөг болгон багасгасан болно.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь долларын ханшийг бодохдоо 2014 онд зээлийн гэрээ байгуулсан гэтэл 4 жилийн дараах ханшаар бодож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч К- М- ББСБ ХХК нь хариуцагч Х.Л- , Ж.Б -  нар нь харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 5000 ам долларын зээлийг, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй байх ба Кива зээлийн санхүүжилт олгогдсон өдрөөс эхлэн зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 2,5 хувь байхаар, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувь байхаар тусгаж талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дууссан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр кива зээлийн санхүүжилтээр зээл олгогдсон тохиолдолд зээлийн хүүг сарын 2,5 хувь болгохоор гэрээнд тусгагдсан. Гэтэл кива зээлийн санхүүжилт орж ирсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа гэсэн үндэслэлээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь нотлох баримт гаргаж өгөх боломжгүй талаар тайлбар гаргаж, зээлийн хүүг 2,5 хувиар тооцож, нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх ...эрхтэй гэсэн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам долларыг  2 405,92 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг төгрөгт хөрвүүлж ирүүлснийг хариуцагчийн төлөөлөгч нь зөвшөөрөхгүй, гэрээ байгуулагдсан үеийн ханшаар тооцно гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Х.Л- , Ж.Б -  нар нь гэрээнд заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүй болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Х.Л- , Ж.Б -  нараас 9 806,40 ам доллар буюу 23 593 413 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К- М- ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Л- , Ж.Б -  нараас 23 593 413 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К- М- ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293341,58 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 275917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.