Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

     

 

 

      

 

 

 

 

   2022        10            20                                      2022/ШЦТ/191

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О холбогдох эрүүгийн 2219000960242 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ... суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, С.О /регистрийн дугаар: ...../,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.О нь 2021 оны 12 дугаар сарын 10-наас 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр, Хан-Баянзүрх хайрхны орчмоос хохирогч Д.Зын 2,400,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны бод мал буюу 7 настай бүдүүн гүү, 4 настай хязаалан байдсыг мотоцикл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч С.Огийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 сарын 11-ний өдөр Сайншанд сумаас адуундаа явсан. Насанбуян гэх хүний адуутай хамт манай адуу байсан. Би адуунд явах бензинээ авчихаад Хүрлээ дээр очиж гуйгаад хамт явсан. Хаалгын булгийн тэнд адуугаа хайгаад олоогүй, уулын бэлд мотоциклтой хүнтэй тааралдаад асуухад Хилэнцтэй хөшөөний тэнд байсан гэж хэлсэн. Хилэнцтэй хөшөөний тэндээс адуугаа аваад хойшоо давхиж явахад жолоочийн овооны тэнд байсан 2 адууг нийлээд туусан. Офицерын баруун талд байдаг блокон хашаанд адуугаа хашчихаад Хүрлээг гэрт нь хүргэж өгчихээд буцаж очоод эргүүлгэн тамгатай шар байдсыг төхөөрч гэр рүүгээ авч явсан. Маргааш өглөө нь чөдөртэй байсан морьдоо чөдрийг нь авч услаад Насанбуян гэх хүний хашаанд аваачиж хар гүүг нь төхөөрсөн гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай адуу усандаа Жирмийн худаг гэх газрын гүний худаг дээр манай адуу ирэхэд эргүүлэг  тамгатай ногоон гүү, эргүүлэг тамгатай бор хээр байдас зэрэг 2 тооны адуу дутсан байдалтай байсан. Тэгэхээр би тухайн 2 тооны адууг эрж 6-7 хоног орчим явсан. Би тухайн адуугаа хайж явахдаа Зүүнбаян багийн 25-р зөрлөгт байх Болоожын Оргой гэх хүнтэй уулзаж асуухад Насанбуянгийн адууг толгойдоо баг зүүсэн мотоцикл унасан 2 хүн туугаад явж байсан” гэж ярьсан. Тэгэхээр нь би Насанбуян гэх хүн дээр очиж “танай адууг ямар хүмүүс туугаад явсан юм бэ?” гэж асуухад О манай адууг өчигдөр /хоногоо сайн мэдэхгүй/ хөөж авчирсан. Авчирсан адуу нь хаана байгааг Сайншанд сумын 2-р баг Дэнжид байдаг Хуягаа гэх хүн мэднэ гэж хэлэхээр нь би Хуягаа гэх хүн дээр очиж уулзаж адуу туусан хүмүүс хаашаа явсан талаар мэдэх үү гэж асуухад Амгалангийн бууцны орчимд хүмүүс адуу хөөгөөд байгаа харагдсан юм. Тэгэхээр нь би дөхөж очиход О гэгч нь хүмүүс л тэр орчимд бужигнуулаад байсан юм гэж ярьж байсан. Тэгэхээр би өөрөө тэр хавиар нь очиж үзэхэд өөрийнхөө ногоон гүүний толгойг олсон юм. Би маргааш нь дахиж тэр хавиар хайж үзэхэд тэндээс олон адууны шийрүүд олсон. Тухайн шийрэн дундаас өөрийнхөө 2 адууны 8 шийрийг олж таньсан. Би шууд С.О гэгч дээр очоод “чи миний адууг хийсэн байна” гэж болсон асуудлын талаар хэлэхэд О нь “тиймээ би таны 2 адууг хийсэн. Би гүүнийх нь 1.500.000 төгрөгийг төлье. Байдасны оронд Хэнтий аймгаас надад нэг байдас ирнэ. Би тэрийг танд өгч хохирол барагдуулъя гэж хэлсэн юм. Үүнээс 7 хоногийн дараа С.Огийн эхнэр гэх над руу залгаад уйлж баахан зовлон тоочиж байгаад миний 5376116422 дугаарын дансанд 1.000.000 төгрөг шилжүүлж хийсэн. Хэзээ, ямар утгаар хийсэн талаар мэдэхгүй байна. Надтай утсаар ярихдаа Огийн дугаартай хос дугаараас залгасан бөгөөд хэн хэнийх нь дугаарыг одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

 

  Гэрч Л.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С.О нь манай ажил дээр ирээд манай адуу цасанд уруудчихсан бололтой алга байна хамт хайлцаад цуг яваад өгөөч гэсэн. Тухайн үед цастай байсан болохоор манай ажил ажиллахгүй байсан... С.Отэй хамт явсан... Баянзүрх хайрхны баруун талаар яваад хайж байгаад мотоциклтой хүнтэй уулзаад адуугаа сурахад хилэнцтэй хөшөөний тэнд адуу харагдсан. Тэгээд С.О бид хоёр очиж үзэхэд надад манай адуу мөн байна гэж хэлсэн. Тэгээд бид тууж ирээд офицерын баруун талд байх хашаанд цуг хашилцаж өгсөн. Тэгээд намайг С.О гэрийн зүг зам дээр буулгаж өгсөн... тэрнээс өөрөөр юм мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),

 

Д.Зын эзэмшлийн Хаан банкны 5376116422 дугаартай дансны хуулга ( хавтаст хэргийн 10 дугаар тал),

 

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-922/3048 дугаартай “хохирогч Д.Зоригбаатарын 7 настай гүү, 4 настай байдас зэргийг 2,400,000 төгрөгөөр үнэлсэн хохирлын үнэлгээ  ( хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),

 

Хас үнэлгээ ХХК-ийн С.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй тээврийн хэрэгслийг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан( хавтаст хэргийн 104-105 дугаар тал),

 

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 87 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр, Хан-Баянзүрх хайрхны орчмоос хохирогч Д.Зын 2 тооны бод мал буюу 7 настай бүдүүн гүү, 4 настай хязаалан байдсыг мотоцикл ашиглан хулгайлсан болох нь хохирогч Д.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай адуу усандаа Жирмийн худаг гэх газрын гүний худаг дээр манай адуу ирэхэд эргүүлгэн тамгатай ногоон гүү, эргүүлгэн тамгатай бор хээр байдас зэрэг 2 тооны адуу дутсан  байсан. Тэгэхээр би тухайн 2 тооны адууг эрж 6-7 хоног орчим явсан. ... Би шууд С.О гэгч дээр очоод “чи миний адууг хийсэн байна” гэж болсон асуудлын талаар хэлэхэд О нь “тиймээ би таны 2 адууг хийсэн. Би гүүнийх нь 1.500.000 төгрөгийг төлье. Байдасны оронд Хэнтий аймгаас надад нэг байдас ирнэ. Би тэрийг танд өгч хохирол барагдуулъя гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С.О нь манай ажил дээр ирээд манай адуу цасанд уруудчихсан бололтой алга байна хамт хайлцаад цуг яваад өгөөч гэсэн.... С.Отэй хамт явсан... Баянзүрх хайрханы баруун талаар яваад хайж байгаад мотоциклтой хүнтэй уулзаад адуугаа сурахад хилэнцтэй хөшөөний тэнд адуу харагдсан. Тэгээд С.О бид хоёр очиж үзэхэд надад манай адуу мөн байна гэж хэлсэн. Тэгээд бид тууж ирээд офицерын баруун талд байх хашаанд цуг хашилцаж өгсөн....” гэсэн мэдүүлэг, Д.Зын эзэмшлийн Хаан банкны 5376116422 дугаартай дансны хуулга, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-922/3048 дугаартай хохирлын үнэлгээ, Хас үнэлгээ ХХК-ийн С.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй тээврийн хэрэгслийг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч С.О нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заажээ.

 

Хулгайлах гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

 

Шүүгдэгч нь бусдын 2 тооны малыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр авч эзэмшилдээ оруулж байгаагаа ухамсарлан ойлгож өөрийн шунахай сэдэлтээ зорилго болгожээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг  машин механизм ашиглан үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт, зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

 Хохирогч Д.Зын 7 настай бүдүүн гүү, 4 настай хязаалан байдсыг Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-922/3048 дугаартай үнэлгээгээр 2,400,000 төгрөгөөр үнэлсэн ба хохирогч, шүүгдэгч нараас үнэлгээтэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

Иймд Д.Зт учирсан хохирлыг 2,400,000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч С.Огээс хохирогчид төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж үлдэх 1,400,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Ог шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих  ял оногдуулахаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: тухайн зүйл ангид оногдуулах хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих  ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос үлдэх 1400000 төгрөгийг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасан болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн хөрөнгөгүй, хувьдаа малгүй болохоо биеийн байцаалтандаа өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “мөнгө байсан, манай найз гэрээ барьцаалаад шүүх хуралдаан болохоос чинь өмнө өгнө гэсэн боловч өгөхгүй, гар утсаа салгасан байна, одоо Улаанбаатар явж мөнгөө авна” гэж мэдүүлж байгаа нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийг шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд хохирлоо нөхөн төлөх боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

           Бусад асуудлаар:

           Эрүүгийн  Хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж зохицуулсан байна.   

 

          Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Соник маркийн мотоциклыг ашиглан хулгайн гэмт хэргийг үйлдсэн, одоо уг мотоцикл нь эвдэрч ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 500,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийн үнийг “Хас Үнэлгээ” ХХК-ийн зах зээлийн үнэлгээгээр тогтоосон байна.

Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од  3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Огээс хохирогч Д.Зт 1,400,000 төгрөг гаргуулан олгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3,4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгч С.Огээс гаргуулан улсын орлого болгосугай.

6.Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН