Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

 

 

 

 

 

2022             11            03                                         2022/ШЦТ/200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

шүүгдэгч З.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Лд холбогдох эрүүгийн 2219003070270 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Нарны гудамж 61-87 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З.Л /регистрийн дугаар: .../,

 

         Холбогдсон хэргийн талаар

          Шүүгдэгч З.Л нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутаг дэвсгэрээс баруун зүгт 80 км-ын зайд байх газраас иргэн П.Мын эзэмшлийн ... улсын дугаартай "Норд-Бенз" маркийн тээврийн хэрэгслийн 400 литрийн багтаамжтай түлшний банк, баруун урд талын их гэрэл, астачер зэрэг эд зүйлсийг завшиж бусдад 1,106,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:      

Шүүгдэгч З.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед ... гэх гадаадын хөрөнгө оруулалттай компанид орчуулагч, менежерээр ажилладаг байсан. Манай компани Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт бутлуурын үйлдвэр ажиллуулдаг. Тог байдаггүй учраас генератор залгаж ажиллуулдаг байсан. Тухайн үед 200 литрийн түлшний сав ашигладаг байсан. Тэгээд 04 сарын сүүлээр Сайншандаас ажил руугаа явах замдаа шатсан машин байхыг харсан. Ажил дээрээ очоод түлшний саваа солихгүй бол түлш нь хурдан дуусаад генератор эвдэлчих гээд байсан болохоор том сав хэрэгтэй гэж бодоод маргааш нь шатсан машин руу очиж үзэхэд 400 литртэй түлшний сав, баруун талын их гэрлийг авч ажил руугаа явсан. Тухайн үед машиныг эзэн нь ашиглахгүй хаясан юм байна гэж бодсон. Машин бүрэн шатсан байсан гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч П.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай төрсөн дүү болох Баянмөнх нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Ханги боомтын засмал замын цемент зөөхөөр явж байх замдаа Дорноговь аймгийн Зүүнбаянгаас ертөнцийн зүгээр баруун тийш 80 км-ын зайд Норд бенз маркийн улаан хүрэн өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нь гал гараад тээврийн хэрэгслийнхээ толгойг орхиод явсан байсан. Дүү Ханги боомт руу тухайн газраасаа 100 км-ын зайд явчхаад ачаагаа буулган буцаад толгой орхисон газраа ирэхэд нь Норд бензиний толгойноос банктай түлш, жолоочийн буруу талын гэрэл, стачер алга болсон байна гэж надад утсаар хэлсэн... Хулгайд алдсан эд зүйлүүдээ буцааж хүлээж авахгүй, нэг бүрчлэн үнэлгээний байгууллагаар үнэлгээ гаргуулан төлбөрөө бэлэн мөнгөөр авна." гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 06, 58 дугаар тал),

 

Гэрч П.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Өргөн сумын ...-аас манай төрсөн ахын эзэмшлийн ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр цемент ачаад Өмнөговь аймгийн Манлай сум руу "..." ХХК-ны зам засварын ажил хийж байгаа газарт хүргэж өгөх ёстой байсан. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын ойролцоо яг хаана гэдгийг хэлж мэдэхгүй байна явж байтал машины цахилгааны утас шатаад машин маань зогссон. Тэгээд өөрийн найз Мыг машинтай нь дуудаж чирч явсан чиргүүлээ найзынхаа машинд чирээд унаж явсан машины толгойг тэндээ орхиод цааш хөдөлсөн. Ачаа буулгаад маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед машин дээрээ буцаж ирэхэд дотроо 150 литр орчим түлштэй банк, астачер, жолоочийн эсрэг талын урд гэрэл зэрэг байхгүй болсон байсан." гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

 

  Гэрч Г.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл "..." ХХК чулуу бутлуурын үйлдвэрт ажилласан. 2022 оны 04 дүгээр сараас Л гэдэг хүн хариуцаж эхэлсэн тэрнээс өмнө би хариуцдаг байсан. 2022 оны 05 дугаар сарын эхээр Л надад хэлэхдээ хойно шатсан машин байхаар нь түлшний банкийг нь авчирсан гэж хэлж байсан... Надад хэлэхдээ машин шатсан байхаар нь банкийг нь авсан гэж хэлсэн хэзээ гэдгийг нь хэлээгүй ямар ч байсан манай үйлдвэрээс хойшоо байдаг газарт зогсож байсан машинаас авсан гэж хэлсэн" гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ТХY922/4495 дугаартай "...1. Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 380 литрийн багтаамжтай хуучин түлшний банк нэгжийн үнэ 400.000 төгрөг... 2. Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын их гэрэл нэгжийн 50.000 төгрөг... 3. Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн астачер нэгжийн үнэ 150.000 төгрөг...Нийт үнэ, төгрөг 1,106,400 төгрөг..." гэх хохирлын үнэлгээ ( хавтаст хэргийн 34-37 дугаар тал),

 

Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №1001191 дугаартай “...Тоёота Эстима маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж үнэ 4.000.000 төгрөг." гэх техникийн үнэлгээ ( хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 75 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Л нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны үед Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутаг дэвсгэрээс баруун зүгт 80 км-ын зайд байх газраас иргэн П.М нь ... улсын дугаартай "Норд-Бенз" маркийн тээврийн хэрэгсэл замд явж байгаад шатаж цааш явах боломжгүй болж хээр  орхиод явсан үед нь  уг тээврийн хэрэгслээс 400 литрийн багтаамжтай түлшний банк, баруун урд талын их гэрэл, астачер зэрэг эд зүйлсийг авч бусдад 1,106,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч П.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай төрсөн дүү болох Баянмөнх нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Ханги боомтын засмал замын цемент зөөхөөр явж байх замдаа Дорноговь аймгийн Зүүнбаянгаас ертөнцийн зүгээр баруун тийш 80 км-ын зайд Норд бенз маркийн улаан хүрэн өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нь гал гараад тээврийн хэрэгслийнхээ толгойг орхиод явсан байсан. ...буцаад толгой орхисон газраа ирэхэд нь Норд бензны толгойноос банктай түлш, жолоочийн буруу талын гэрэл, стачер алга болсон байна гэж надад утсаар хэлсэн...." гэсэн мэдүүлэг, гэрч П.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Өргөн сумын ...-аас манай төрсөн ахын эзэмшлийн ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр цемент ачаад Өмнөговь аймгийн Манлай сум руу "..." ХХК-ны зам засварын ажил хийж байгаа газарт хүргэж өгөх ёстой байсан. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын ойролцоо яг хаана гэдгийг хэлж мэдэхгүй байна явж байтал машины цахилгааны утас шатаад машин маань зогссон. Ачаа буулгаад маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед машин дээрээ буцаж ирэхэд дотроо 150 литр орчим түлштэй банк, астачер, жолоочийн эсрэг талын урд гэрэл зэрэг байхгүй болсон байсан." гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл "..." ХХК чулуу бутлуурын үйлдвэрт ажилласан. 2022 оны 04 дүгээр сараас Л гэдэг хүн хариуцаж эхэлсэн тэрнээс өмнө би хариуцдаг байсан. 2022 оны 05 дугаар сарын эхээр Л надад хэлэхдээ хойно шатсан машин байхаар нь түлшний банкийг нь авчирсан гэж хэлж байсан... " гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ТХY922/4495 дугаартай  хохирлын үнэлгээ, Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №1001191 дугаартай техникийн үнэлгээ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон эд хөрөнгө, өөрөөр хэлбэл гэмт этгээд нь бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, захиран зарцуулсан байдаг.

 

Иймд шүүгдэгч З.Л нь П.Мын эзэмшлийн ... улсын дугаартай "Норд-Бенз" маркийн тээврийн хэрэгслийн 400 литрийн багтаамжтай түлшний банк, баруун урд талын их гэрэл, астачер зэрэг эд зүйлсийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Л нь ажлынхаа байр луу явах замдаа шатсан байсан тээврийн хэрэгслийг харснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар уг тээврийн хэрэгслээс эд зүйл авч өөрийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөснийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  Улсын яллагчаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар прокурор ял тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгохоор гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч П.М нь  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь З.Л  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөр болох 1,107,000 төгрөгийг өгсөн” гэсэн (хавтаст хэргийн 80 дугаар тал) тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Лд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч З.Лхагвадоржид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч З.Лхагвадоржид танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  З.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч З.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч З.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч З.Лд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч З.Лд оногдуулсан  торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АДЪЯАСҮРЭН