Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

 

 

 

 

   

                                

      2022         11           10                                       2022/ШЦТ/204

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         Хохирогч Х.У, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         Иргэний нэхэмжлэгч Х.Э

         Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2219003320275 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ... төрсөн, эрэгтэй, 41 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б /регистрийн дугаар: ..../,

 

           Холбогдсон хэргийн талаар : Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтод ... улсын дугаартай, Тоёота марк X зио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.8 “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж сонгож явна", 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Х.Эгийн жолоодон явсан Хаожи маркийн мотоциклийг мөргөж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Х.Угийн биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 08 сарын 01-ний өдөр өөрийнхөө байрладаг кемпээр Ханги хилийн суурьшил руу хойд талаасаа урагш чиглэлтэй шороон замаар явж байсан. Гүвээн дээгүүр давахад нэг мотоцикл зөөлхөн явж байсан. Тэгээд зогсчих байх гэж бодсон, би өөрийнхөө явж байсан замыг төв зам гэж бодсон боловч зогсоогүй өмнүүр орж ирсэн. Би тоормос гишгэж баруун тал руугаа дарсан боловч мотоциклын арын дугуйг шүргэж унагаасан. Энэ хоёрын ирж байсан зам нь бүдэг харгуй байсан, миний ирсэн зам төв зам байсан гэсэн мэдүүлэг,

 

         Хохирогч Х.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 08 сарын 01-ний өдөр болсон ослоос болж миний зүүн талын нуруу хугаралтай гэж гарсан. Үүнээс хойш миний нуруу их өвддөг. Би гарсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа авмаар байна. 2, 3 жилийн дараа эрүүл мэндийн байдалтай холбоотой зардлыг барагдуулах уу гэж асуумаар байна. Нөхөртэйгөө хамт наашаа, цаашаа явсан шатахууны зардал 400,000 төгрөг, эмчилгээний зардал 342,450 төгрөг, Улаанбаатар хотод таксины зардал 50,000 төгрөг, 253,200 төгрөгийн эм, тариа бичиж өгсөн боловч авч чадаагүй, Болор эмнэлэгт үзүүлсний зардал 50,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг болж байгаа. Үүнээс гадна баримтгүй урсгал зардал гарсан. Баримтгүй болохоор нэхэмжлээгүй гэв.

 

         Иргэний нэхэмжлэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мотоциклынхоо эвдэрсэн эд зүйлийг авч тавьсан 580,000 төгрөг болсон. ...Хойд амаржин, хянах гэж дүгнэлт гарсан байсан боловч пидаль нь эвдэрчихсэн байсан гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 6-11 дүгээр тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02/0372 дугаартай “Х.Угийн биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

Эрх бүхий албан тушаалтын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн магадалгаа ( хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

 

Хас Үнэлгээ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1033 дугаартай үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн  75-78 дугаар тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн  70 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч  Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын иргэдийн суурьшлын бүсээс зүүн хойд зүгт 2.6 км зайд  ... улсын дугаартай, Тоёота марк X зио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.8, 12.1, 12.3  дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Х.Эгийн жолоодон явсан Хаожи маркийн мотоциклийг мөргөж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Х.Угийн эрүүл мэндэд бүсэлхийн хоёрдугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачаа...харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь  .... хохирогч Х.У, иргэний нэхэмжлэгч Х.Э нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

          Мөн дүрмийн  12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  жолоочийн үүргээ биелүүлээгүй нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Мотоцикл явж байсныг харсан, замаар явж байсан эсэхийг нь хараагүй, зам нь харагдах боломжгүй. Би мотоциклыг зогсоод намайг гаргах байх гэж бодсон, би тод замаар явж байсан учир төв зам гэж ойлгосон” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би айлын зунжаа дээрээс бүдэг замаар явж байгаад хойноос ирдэг хөндлөн замаар гараад гэрийнхээ арын овоон дээр мөргүүлсэн. Би зөөлхөн явж байсан, 20 километр цагийн хурдтай явж байсан. Машин ирж байгааг анзаараагүй...”гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Зүүнээсээ баруун зүг рүү явсан замаар хойноосоо урагшаа явсан замаар хөндлөн гарсан...” гэсэн мэдүүлгээр,

            15.8 дугаар зүйлд заасан “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...оролцогч нараар анх мөргөлдсөн цэгийг заалгаж  анх осол болсон А цэгээр авч гэрэл зургаар бэхжүүлэв.Тус ердийн хөрсөн замын өргөнийг хэмжиж үзэхэд 3.90 м өргөнтэй байв. Осол анх болсон А цэгээс ертөнцийн зүгээр урд зүгт мотоциклын хянах самбарын хар өнгийн хуванцар хүрээ мотоциклын гар пидалын хагархай зэрэг эд зүйлийг илрүүлэн гэрэл зураг авч А цэгээс тухайн эд зүйл байгаа газар хүртэл хэмжилт хийхэд 10.40 м хүртэл зайтай байлаа. Зүүнээс баруун тийш чиглэлтэй энгийн хөрсөн замын осол гарсан чигийн хойд талаас  энгийн шороон зам ирж нийлсэн байх ба тухайн уулзварыг гэрэл зураг авч бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.           

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нь “...ертөнцийн зүгээр хойноос урд зүгт чиглэлтэй малын жим харгуй дагаад явж байгаад зүүнээс баруун зүгт чиглэлтэй 2 эгнээтэй энгийн шороон замыг  хөндлөн гарч эхний шороон зам дээгүүр гараад дараагийн замыг хөндлөн гарах гэж байтал ...мотоциклын хойд талыг нэг  машин зүүн зүгээс хүчтэй гарч ирээд мөргөсөн” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мотоциклын жолооч малын жим харгуй дагаад явсан гэж мэдүүлсэн, энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан зам гэсэн ойлголтод хамаарахгүй... Үүнийг адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх яллах дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд  малын гаргасан жимийг зам гэж хэлнэ гэсэн ойлголт байхгүй гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан ослын газрын ерөнхий байдлыг харуулсан гэрэл зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн осол болсон газарт малын жим харгуй байсан нь тогтоогдоогүй ба жолооч нь аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх арга юм. Зам дээрх аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгон явах үүрэгтэй болохыг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулсан байна.

 

Адил замын уулзвар гэдэг нь зохицуулдаггүй уулзвар болон нэг түвшинд огтлолцсон уулзваруудын хучилт нь адилхан ба гол туслах замын тэмдэг байхгүй байхыг ойлгоно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтдаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас баруун талаас ирж байгаа мотоциклтой хүнийг харсан атлаа зогсоох арга хэмжээ авалгүй тод замаар явж байгаа учир түрүүлж явах ёстой гэж өөртөө итгэснээс, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэлгүй, аюул саад тулгарч болзошгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнд оролцож чадаагүйгээс зам тээврийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Б.Бээс  эм тариа авсан болон Мед TRAUMA болон Болор эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр нийт 356,850 төгрөг, Болор эмнэлгийн үзлэгээр бичигдсэн эм тариа 253,200 төгрөг, унааны зардал Хангиас Сайншанд, Сайншандаас Ханги явсан 10 удаагийн унааны зардал 400,000 төгрөг, Улаанбаатар Сайншанд, Сайншанд Улаанбаатар явсан галт тэрэгний 2 удаагийн зардал 35,600 төгрөг, нийт 1,045,650 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Уд олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Б.Б нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд буюу гэм буруугийн шүүх хуралдаанд төлж барагдуулсан болно.

 

Хавтаст хэргийн 41,72,73 дугаар талд авагдсан эм тарианы 479450 төгрөгөөс 32600+140000 төгрөгийн баримт давхардаж орсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч нь 2022 оны 10 сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслээ/мотоциклоо/ засахаар 580,000 төгрөгийн сэлбэг авснаас хойд амаржин 115,000 төгрөг, хянах самбар 100,000 төгрөгөөр авсан болох нь тогтоогдож байх тул уг эд зүйлийн үнийг худалдаж авсан үнээр, үлдэх 2 эд зүйлийн үнийг үнэлгээгээр тогтоосон үнээр /41000 төгрөг/ тооцон нийт 256,000 төгрөгийг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мотоциклын урд их гэрэл, хянах самбар хагарсан, консны гар тормос хугарсан, хойд талын цагаан никель керлон хазайсан болохыг тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр, эд зүйлийн үнэлгээг Хас үнэлгээ ХХК-аар тогтоосон байна. Шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар нь эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг, хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох шийтгэлийн хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү “ гэсэн дүгнэлтийг  тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Бийн хувийн байдал, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1100,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

 Бусад асуудлаар:

          Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох  ял  шийтгэсүгэй.

         3.Шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс иргэний нэхэмжлэгч Х.Эд 256000 төгрөг гаргуулан олгож, 324,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. Шүүгдэгч нь хохирогч Х.Уд 1,045,650 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН