Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

 

 

      

 

 

 

 

 

 2022         11          15                                       2022/ШЦТ/206

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

Шүүгдэгч Н.А /цахимаар/, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг/цахимаар/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Авилгатай тэмцэх газраас  мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн 2219002570285 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр  сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдөр .... төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Цагдаагийн газарт .... ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .... оршин суух, одоо .... оршин сууж байгаа, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, Н.А /РД:..../,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.А нь албан тушаалын байдлаа ашиглаж Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын байранд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн холбогдогч Г.Олыг "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлийг оногдуулж байна, торгуулийн хэмжээ 200,000 төгрөг байдаг" гэж хуурч, хуульд заасан шийтгэл оногдуулах хэмжээний бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 200,000 төгрөгийг залилан авсан.

Мөн тус аймгийн Сайншанд сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр насанд хүрээгүй Э.А, Э.Т, Т.Т нарын "насанд хүрээгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон" гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг Цагдаагийн алба хаагч биеэр илрүүлсэн боловч Цагдаагийн албаны зөрчлийн тоо бүртгэлд оруулаагүй байхад түүний гэр бүлийн гишүүдийг дуудан ирүүлж Зөрчлийн тухай хуульд зааснаар хүүхэд тус бүрийг 300,000 төгрөгөөр торгоно гэж хуурч Э.А, Э.Т  нар /тэдний асран хамгаалагч/ нараас тус бүр 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлүүлж төлбөр төлсөн баримтыг өөртөө авч улмаар өөр зөрчлийн холбогдогчийн төлбөр төлсөн байдалд ашиглах зорилгоор авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Н.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа  гэсэн мэдүүлэг,

           

            Гэрч Д.Хандмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед нөхөр Г.Оол нь согтууруулах ундааны зүйл ууж ирээд амраахгүй байхаар нь цагдаад дуудлага өгөхөд цагдаагийн машин ирээд нөхөр Г.Олыг аваад явсан юм...ахмад А нь нөхөр Оргодлыг явуулахгүй хорино гэл үү, шийтгэнэ гэж хэлж байсан.,.2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед нөхөр Оргодол нь миний гар утас руу залгаад ахмад А нь 200,000 төгрөг авчирч өг гэсэн гээд над руу ярихаар нь би Г.Оолд Дорноговь аймгийн намын хороо нь дээр байдаг ломбард ажиллуулдаг Бямбаа гэх эмэгтэйгээс тэтгэврийн дэвтэр барьцаанд тавиад 200,000 төгрөг ав гэж хэлсэн. Тэгээд нөхөр Оргодол нь Дорноговь аймгийн намын хороо нь дээр байдаг Бямбаагийн ломбардад тэтгэврийн дэвтрээ барьцаанд тавиад 200,000 төгрөг аваад ахмад Ад өгсөн гээд орой ирэхдээ хэлж байсан. Энэ явдлаас хойш 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ахмад А нь миний гар утас руу 96656604 дугаараас миний 96169808 залгаад банканд 100,000 тушаах байсан чинь банкны хүмүүсийн буруугаас болж 200,000 төгрөг тушаасан байна, би өөрөөсөө 100,000 төгрөгийг гаргаж өгнө, та над руу битгий залгаарай, би тань руу залгана гэж хэлсэн... 01 дүгээр сарын сүүлээр цалин буухаар өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш ахмад А нь надтай холбоо бариагүй, би ч холбогдоогүй.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

 

            Хохирогч Г.Оолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ахмад А нь 16 цагийн үед өрөөндөө дуудаад таныг 62-т баривчлуулаад яахав дээ бие муутай хүн байна, торгуулийн арга хэмжээ авна, торгуулах уу, мөнгө байгаа юу гэж асуухаар нь би мөнгө байгаа торгуулийн арга хэмжээ авхуулъя гэхэд ахмад А нь яваад 200,000 төгрөг аваад ир гэхээр нь би цагдаагийн газраас гараад Намын хорооны ломбардад тэтгэврийн дэвтрээ барьцаанд тавиад 200,000 төгрөг бэлэн аваад Цагдаагийн газарт ирэхэд Цагдаагийн газрын гадаа ахмад Атай тааралдахад та ямар уддаг юм бэ гээд өрөө рүүгээ дагуулж ороод би ломбардаас авсан 200,000 төгрөгөө өгөхөд надад хандаж та дахиж ийм үйлдэл гаргавал өршөөхгүй шүү гэж хэлэхээр нь баярлалаа гээд гараад явсан. Түүнээс хойш манай эхнэртэй ахмад А нь гар утсаар холбогдож би танай нөхөр Оргодлыг 100,000 төгрөгөөр торгох байсан буруу торгоод 200,000 төгрөгөөр торгосон байна тухайн 100,000 төгрөгийг цалин буухаар өгнө гэж ярьсан байсан...надад хэлэхдээ таныг 200,000 төгрөгөөр торгоно, шүүхийн шийдвэр гарсан гэж хэлсэн. Би ойлгохдоо угаасаа л 200,000 төгрөгөөр торгодог юм байна гэж ойлгоод өгсөн. Мессеж ирсний дараа өөрөө утсаар ярьж 100,000 төгрөг өгнө гэж хэлээгүй бол би мэдэхгүй л байх байсан " гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14-15, 99-101 дүгээр тал),

 

            Насанд хүрээгүй хохирогч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 08 дугаар сард хоёр найзтайгаа Тэмүүлэн, Төгөлдөр нарын хамтаар ангийнхаа хүүхдийнд очих гээд нагац ах Баянжаргалын приус 11 маркийн машиныг унаад явж байхад энгийн машинтай цагдаа гүйцэж түрүүлж ирээд зогсоосон. Тэгээд машины түлхүүр сугалж аваад Цагдаагийн газар руу аваад явсан. Бид нарыг эрэгтэй цагдаа зогсоосон ба ар гэрээс хүмүүс дуудаж уулзсан. Түүнээс хойш намайг цагдаа дээр дуудаагүй. Тэр өдрөөс хойш эмээ, эгч, аавыг цагдаагаас дуудаж уулзсан. Дараа нь эгч эмээ хоёр очиж уулзсан, эмээ, аав хоёр бас хэд хэдэн удаа дуудахад нь очиж уулзсан   гэгээд тэр өдөр аав надад хэлэхдээ "чамайг 300,000 төгрөгөөр торгоно гэж байна гэсэн. Торгуулийн мөнгийг авахаар аав бид хоёр ломбард руу явсан. Аав бид хоёр намын хорооны байранд байдаг ломбард руу очоод группийн мөнгө авдаг дэвтрээ барьцаанд тавиад 300,000 төгрөг авсан. Энэ мөнгийг авчхаад аав эмээг өгчих гээд эмээд мөнгөө өгсөн. Торгуулийн мөнгийг эмээ цагдаад аваачиж өгсөн. Аав миний хажууд эмээд ломбардаас авсан 300,000 төгрөгөө өгсөн. Дараа нь ломбардын мөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний тэжээгчээ алдсаны тэтгэмж ороход нь аваад ломбард руу өгсөн. Анх цагдаа дээр очсон байхад би нарыг торгоно гээд байсан, хүн бүрийг 300,000 төгрөгөөр торгоно гээд байсан. Дараа би хамт байсан хоёр найзаасаа асуухад торгуулийн мөнгө өгөөгүй гэж хэлж байсан. Надтай хамт байсан найзуудыг Э.Т, Сайншандын 3 дугаар сургуулийн 8А ангид сурдаг, ангийн багш нь Цэдэнсодном, утасны дугаарыг нь мэдэхгүй, нөгөөхийг нь Түмэнцэцэгийн Тэмүүлэн, ... ангид сурдаг хүүхэд байсан" гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 111-112 дугаар тал),

 

            Гэрч Э.Гэрэлцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би энэ үед Дорноговь аймагт байсан юм. Миний санаж байгаагаар 2021 оны 08 дугаар сарын 17, 18-ны үед байх над руу цагдаагаас утсаар ярьсан. Миний дүү Агваанжамц хоёр найзтайгаа хамт нагац ах Ухнагийн Баянжаргалын Приус 11 машиныг жолоодож яваад цагдаад баригдсан байсан. Эхлээд цагдаагаас өвөө Ухна руу утсаар ярьсан байсан ба өвөө надад дамжуулж хэлсэн. Өвөө надад хэлсний дараа над руу баахан дуудлага ирсэн байхаар нь буцаагаад залгахад байцаагч нь гээд эрэгтэй хүн байсан. Би утсаар ярьчхаад цагдаа руу очсон. Очоод нэрийг нь санахгүй байна, эрэгтэй цагдаатай уулзсан. Сүүлд нь ах Баянжаргалаас асуухад замын цагдаагийн дарга нь Ганзориг гэж хэлсэн. Тэр хүн надтай хүүхдийн ар гэрээс хүмүүс дуудаад бөөнөөрөө орж ирж уулз гэсэн. Хүүхдүүдийн гэрээс хүмүүс ирээд тэр өдрөө уулзсан байх Ганзориг гэж цагдаатай уулзахад торгоно гэж яриагүй, сануулга өгч байгаа, цаашаа янз бүрийн юм болоогүй, цагдаад баригдсан нь аз гээд зөвлөмж өгөөд гаргасан. Өглөө нь тэгж уулзчихаад өдөр нь дахиад буцаж очихоор болсон. Ирээрэй гэж яг хэн хэлснийг нь санахгүй байна, өдөр нь эмээ Шура, бид хоёр цагдаа руу очиход хоёр давхарт суудаг, 35 орчим насны, тийм ч тарган биш, тийм ч туранхай биш эмэгтэйтэй уулзсан. Тэр өрөөнд хоёр эмэгтэй сууж байсан. Тэр эмэгтэй цагдаатай уулзахад "Агваанжамцыг торгоно" гээд торгуулийн талаар ярьсан. Тухайн үед тэр байцаагч “хүүхдээ хараа хяналтгүй байлгалаа гээд загнаад харьцаад эхэлсэн. Торгуулийн талаар ярьж байхдаа Агваанжамцыг торгоно, 300,000 мянгаар торгоно гэж ярьсан. Тухайн үед бид нарыг загнаж харьцаад байхаар нь гараад явсан. Эмээ үлдээд уулзсан. Түүнээс хойш би Улаанбаатар хот руу явсан учраас хэрэгт нь оролцоогүй. Хэд хоногийн дараа сонсоход Агваанжамцыг торгосон, манай талаас 100,000 төгрөг төлсөн, нийлээд 300,000 төгрөгөөр торгуулсан гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 115-116  дугаар тал),

 

            Гэрч С.Шурагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг Дорноговь аймгийн цагдаагийн газарт ирж уулзахад "хүүхдүүд найзуудаараа нийлээд шөнөөр машин хулгайлж явсан байна, колонкоос гарч байх үед нь эргүүлийн цагдаа нар барьсан байна" гэж хэлээд торгоно гэж байсан бөгөөд манай зээ хүү Э.Аын нэр дээр 100,000        төгрөгөөр торгоно гэж хэлж байсан., гэхдээ Агваанжамцыг л 100,000 төгрөгөөр торгохоор болсон гэж хэлсэн...Хүүхдүүд болохоор 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлээд л Э.Аын нэр дээр 100.000 төгрөгөөр торгосон." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 124-126 дугаар тал),

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бид нарын зөрчлийг хүүхдийн байцаагч гэдэг хүн шалгасан нэрийг нь санахгүй байна/. Бид нараас огт мэдүүлэг аваагүй, ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зуруулаагүй, гэхдээ 300,000 төгрөгөөр торгоно гэж байгаад сургууль соёл орох гэж байгаа юм чинь гээд 100,000 төгрөгөөр торгосон юм. Тухайн үед торгуулийн мөнгөө ээж Энхчимэгийн хамт Голомт банканд төлж баримтыг нь хүүхдийн байцаагчид өгсөн юм." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 129-130 дугаар тал),

 

            Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн 36-2/1917 дугаартай албан бичгийн "...2021 оны 10060000985 тоот дансанд Г.Оол гэдэг хүн мөнгө тушаагаагүй, мөн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангаар шүүхэд Агваанжамц гэх хүн торгуулсан мэдээлэл байхгүй байна" гэх албан бичиг ( хавтаст хэргийн 64 дүгээр тал),

 

            Хаан банкнаас 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 29/5875 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Хандмаагийн 5368037049 дугаартай дансны хуулга ( хавтаст хэргийн 87 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Н.А нь албан тушаалын байдлаа ашиглаж Дорноговь аймгийн Цагдаагийн газрын байранд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн холбогдогч Г.Олыг "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлийг оногдуулж байна, торгуулийн хэмжээ 200,000 төгрөг байдаг" гэж хуурч, хуульд заасан шийтгэл оногдуулах хэмжээний бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 200,000 төгрөгийг залилан авсан.

Мөн тус аймгийн Сайншанд сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр насанд хүрээгүй Э.А, Э.Т, Т.Т нарын "насанд хүрээгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон" гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг Цагдаагийн алба хаагч биеэр илрүүлсэн боловч Цагдаагийн албаны зөрчлийн тоо бүртгэлд оруулаагүй байхад түүний гэр бүлийн гишүүдийг дуудан ирүүлж Зөрчлийн тухай хуульд зааснаар хүүхэд тус бүрийг 300,000 төгрөгөөр торгоно гэж хуурч Э.А, Э.Т  /тэдний асран хамгаалагч/ нараас тус бүр 100,000 төгрөгийг, нийт 200,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлүүлж төлбөр төлсөн баримтыг өөртөө авч улмаар өөр зөрчлийн холбогдогчийн төлбөр төлсөн байдалд ашиглах зорилгоор авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Оолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ахмад А нь 16 цагийн үед өрөөндөө дуудаад таныг 62-т баривчлуулаад яахав дээ бие муутай хүн байна, торгуулийн арга хэмжээ авна, торгуулах уу, мөнгө байгаа юу гэж асуухаар нь би мөнгө байгаа торгуулийн арга хэмжээ авхуулъя гэхэд ахмад А нь яваад 200,000 төгрөг аваад ир гэхээр нь...надад хэлэхдээ таныг 200,000 төгрөгөөр торгоно, шүүхийн шийдвэр гарсан гэж хэлсэн. Би ойлгохдоо угаасаа л 200,000 төгрөгөөр торгодог юм байна гэж ойлгоод өгсөн. Мессеж ирсний дараа өөрөө утсаар ярьж 100,000 төгрөг өгнө гэж хэлээгүй бол би мэдэхгүй л байх байсан " гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 08 дугаар сард хоёр найзтайгаа Тэмүүлэн, Төгөлдөр нарын хамтаар ангийнхаа хүүхдийнд очих гээд нагац ах Баянжаргалын приус 11 маркийн машиныг унаад явж байхад энгийн машинтай цагдаа гүйцэж түрүүлж ирээд зогсоосон. Тэгээд машины түлхүүр сугалж аваад Цагдаагийн газар руу аваад явсан. Бид нарыг эрэгтэй цагдаа зогсоосон ба ар гэрээс хүмүүс дуудаж уулзсан... Анх цагдаа дээр очсон байхад бид нарыг торгоно гээд байсан, хүн бүрийг 300,000 төгрөгөөр торгоно гээд байсан. Дараа нь би хамт байсан хоёр найзаасаа асуухад торгуулийн мөнгө өгөөгүй гэж хэлж байсан. " гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллаганд өгсөн “би торгуулийг төлсөн, баримтыг мөнгө тушаасан өдрөө буюу миний хүү Төгөлдөрийг машин бариад цагдаад баригдсаны маргааш 2021 оны 8 дугаар сарын 19-ний үед байх сайн санахгүй байна, цагдаа Ад өгсөн. Торгуулийн шийтгэлд төлсөн 100000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Хандмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед нөхөр Г.Оол нь согтууруулах ундааны зүйл ууж ирээд амраахгүй байхаар нь цагдаад дуудлага өгөхөд цагдаагийн машин ирээд нөхөр Г.Олыг аваад явсан юм... ...Энэ явдлаас хойш 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ахмад А нь миний гар утас руу 96656604 дугаараас миний 96169808 залгаад банканд 100,000 төгрөг тушаах байсан чинь банкны хүмүүсийн буруугаас болж 200,000 төгрөг тушаасан байна, би өөрөөсөө 100,000 төгрөгийг гаргаж өгнө, та над руу битгий залгаарай, би тань руу залгана гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Гэрэлцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний санаж байгаагаар 2021 оны 08 дугаар сарын 17, 18-ны үед байх над руу цагдаагаас утсаар ярьсан. Миний дүү Агваанжамц хоёр найзтайгаа хамт нагац ах Ухнаагийн Баянжаргалын Приус 11 машиныг жолоодож яваад цагдаад баригдсан байсан. ...өдөр нь эмээ Шура, бид хоёр цагдаа руу очиход хоёр давхарт суудаг, 35 орчим насны, тийм ч тарган биш, тийм ч туранхай биш эмэгтэйтэй уулзсан. Тэр эмэгтэй цагдаатай уулзахад "Агваанжамцыг торгоно" гээд торгуулийн талаар ярьсан. Эмээ үлдээд уулзсан. Хэд хоногийн дараа сонсоход Агваанжамцыг торгосон, манай талаас 100,000 төгрөг төлсөн, " гэсэн мэдүүлэг, гэрч С.Шурагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг Дорноговь аймгийн цагдаагийн газарт ирж уулзахад "хүүхдүүд найзуудаараа нийлээд шөнөөр машин хулгайлж явсан байна, колонкоос гарч байх үед нь эргүүлийн цагдаа нар барьсан байна" гэж хэлээд торгоно гэж байсан бөгөөд манай зээ хүү Э.Аын нэр дээр 100,000 төгрөгөөр торгоно гэж хэлж байсан., гэхдээ Агваанжамцыг л 100,000 төгрөгөөр торгохоор болсон гэж хэлсэн...." гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бид нарын зөрчлийг хүүхдийн байцаагч гэдэг хүн шалгасан нэрийг нь санахгүй байна. Бид нараас огт мэдүүлэг аваагүй, ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зуруулаагүй, гэхдээ 300,000 төгрөгөөр торгоно гэж байгаад сургууль соёл орох гэж байгаа юм чинь гээд 100,000 төгрөгөөр торгосон юм. Тухайн үед торгуулийн мөнгөө ээж Энхчимэгийн хамт Голомт банканд төлж баримтыг нь хүүхдийн байцаагчид өгсөн" гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн 36-2/1917 дугаартай албан бичгийн "...2021 оны 10060000985 тоот дансанд Г.Оол гэдэг хүн мөнгө тушаагаагүй, мөн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангаар шүүхэд Агваанжамц гэх хүн торгуулсан мэдээлэл байхгүй байна" гэх албан бичиг, Хаан банкнаас 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 29/5875 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Хандмаагийн 5368037049 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.А албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зөрчилд холбогдсон тул торгоно гэж хэлэн бэлнээр 200000 төгрөгийг авах, банкинд торгуулийн мөнгийг тушаалган торгууль төлсөн банкны баримтыг өөртөө авч өөр хүний торгуулийн баримтад хавсаргах, өөр хүний төлбөр төлсөн баримтад ашиглаж  байгаа  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч  Н.А нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтний ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байсан нь Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэх хуудас, ажилтан албан хаагчийн дэлгэрэнгүй анкет, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон бөгөөд уг албан тушаалыг хашихгүйгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх боломжгүй тул албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос дээрх гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

           Хохирол төлбөрийн талаар:

 Шүүгдэгч Н.А нь Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд С.Эрдэнэсайхан нэрээр 200,000 төгрөгийг барьцаа гэж тушаасан байна.

Шүүгдэгч Н.А нь Г.Оолд 2021 оны 08 сарын 26-ны өдөр 0025703 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудсанд Шура гэсэн нэрээр тушаагдсан төлбөрийн баримтыг хавсаргасан байна. Шүүгдэгч нь Г.Оолоос 200,000 төгрөгийг торгууль гэж бэлнээр авсан ба уг авсан мөнгөний 100,000 төгрөгийг буцаан өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгч Н.Агийн Г.Оолд 2021 оны 8 сарын 26-ны өдрийн 0025703 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 100,000 төгрөгөөр торгосон шийтгэлийг 2022 оны 02 сарын 23-ны өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаартай шийтгэврээр уг шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул Г.Оолд торгуулийн 100,000 төгрөгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Төрийн сангийн 100060000985 тоот данснаас гаргуулан олгох,

Насанд хүрээгүй хохирогч Э.А, Э.Т нарыг торгосон тус бүрийн торгуулийн 100,000 төгрөгийг шүүгдэгч Н.А нь шийтгэлийн хуудас бичилгүй, торгуулийг банкинд тушаалган уг баримтыг өөр хүний торгуулийн баримтад ашигласан, ашиглах зорилготой байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ба шүүгдэгч Н.А Авлигатай тэмцэх газарт барьцаа гэж Төрийн сангийн 100900033401 тоот дансанд С.Эрдэнэсайхан нэрээр  200,000 төгрөгийг байршуулсан байна.

 Иймд Авлигатай тэмцэх газар Төрийн сангийн 1009000334401 тоот данснаас  насанд хүрээгүй хохирогч Э.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Гэрэлцолмон, иргэний нэхэмжлэгч Б.Энхчимэг нарт  тус бүр 100000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        Шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Н.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Н.Ад танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

       

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчтай тохиролцсон ялын саналаа дэмжиж, шүүхээс оногдуулах торгуулийн ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэх төлүүлэх саналыг гаргасан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, биеийн эрүүл мэндийн байдал/ бүсэлхий нурууны мэдрэл язуурын дарагдал S34.4 оношоор эмчлүүлж байгаа, одоо хэвтрийн дэглэм баримталж байгаа/, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар  солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

           Бусад асуудлаар:

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Н.Аг албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан  гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Н.Аг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын хүү, торгуулийн Төрийн сангийн 100900033401 тоот данснаас насанд хүрээгүй хохирогч Э.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Гэрэлцолмонд 100000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Энхчимэгт 100000 төгрөг , Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100060000985 тоот данснаас хохирогч Г.Оолд 100,000 төгрөг гаргуулан тус тус олгосугай.

 

5.Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН