| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2020/0029/З |
| Дугаар | 125/ШШ2021/0014 |
| Огноо | 2021-07-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 125/ШШ2021/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК-нийн
Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М-д холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч*******гийн 2020 оны 9 сарын 15-ны өдрийн 21-07-050/166 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М ХХК-нийн захирал Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М нь тодорхой тооны иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийж 2020.09.15-ний өдөр 21-07-050/166 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага ирүүлсэн. М компани нь уг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн 2020.09.29-ний өдөр 01/340 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.
Цахилгааны талаар: Тус компанийн хувьд цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах ажлын хүрээнд “ББЭХС” ТӨХК”-аас Хөшөөт уурхайн ажилчдын кемп болон уурхайн оффисийг цахилгаанд холбох зорилгоор Цахилгаа хангамжийн техникийн нөхцөл гаргуулж, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниуд гүйцэтгэж, ажлын үр дүнг 2019.09.26, 2019.12.12-ний өдрүүдэд улсын комисс ажиллаж барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан.
Уг комиссын актыг үндэслэн М ХХК НЬ Цахилгаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээг “ ЦТС” ХХК-тай байгуулан цахилгааны төлбөрөө тухай бүр төлж байсан. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч компаниудын суурилуулсан агаарын шугам, трансформатор бусад тоног төхөөрөмжинд эвдрэл гэмтэл гарвал тухайн компаниуд 3 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр засварлаж хэвийн ажиллагаанд оруулах баталгаа, үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг.
Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Хэрэглэгчийн өөрийн технологийн хэрэгцээнд зориулан татсан шугам, дэдстанц, түүнээс авсан хэрэглэгчийн шугам сүлжээнд тухайн хуулийн этгээдэд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдэд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл олгохгүй “ гэж заасан байна. М ХХК нь “ ЦТС “ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу болон Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу зөвхөн эрчим хүч хэрэглэгч бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлүүдийн төрлөөс ямар нэг тусгай зөвшөөрөл авах үндэслэлгүй байна.
Дулаан буюу нам даралтын зуухын талаар: Өнөөдрийн байдлаар тус компани дээр Уурхайн оффис (1.4MBт) нам даралтын зуухыг 2018 онд шинээр ашиглалтанд оруулсан, ажилчдын кемпийн уурын зуухыг 2019 онд шинээр барьж ашиглалтанд оруулсан (1.4MBт), Засварын газарт (0.8MBт) гэсэн 3 өөр өөр хэсэгт тус бүр нэг бага хүчин чадлын нам даралтын зуухнууд ажиллаж байна.Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амийн хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам барих, ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй” гэж заасан ба манай компани зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бага хүчин чадлын нам даралтын зуухуудыг ашиглаж байна.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2020.10.07-ний өдөр 348 дугаартай албан бичгээр манай гомдлыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичигт 3 өөр газарт ажиллаж буй зуухнууд дээр нөөц буюу бэлтгэлд байгаа зуухнуудын хүчин чадлыг бүгдийг нэмж 4.4 МВт хүчин чадалтай гэж үзсэн. Уг асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өөр өөр газарт байгаа зуух, бэлтгэл зуухнуудын хүчин чадлыг нэмж тооцдог дүрэм, журам, аргачлал байгаа эсэхийг асууж, тодруулахад мэдэхгүй байна.
Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М -ийн 2020.09.15-ний өдөр бичсэн 21-07-050/166 дугаартай “Зөрчил арилгуулах тухай “ албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“М ” ХХК-ний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 21/372 тоот удирдамжийн дагуу Хөшөөтийн уурхайн “М ” ХХК-ийн халаалтын бага хүчин чадлын нам даралтын зуухны ашиглалтын байдалд “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль “Эрчим хүчний тухай” хууль, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”, “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм” болон бусад хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргахад шалгалтын зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М , “М ” ХХК-ний аж ахуйн супервайзер Л.О , гүйцэтгэгч “МО ” ХХК-ийг төлөөлж менежер Н.А нарыг байлцуулан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно.
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:
Зуухны техникийн паспорттай, түүний хөтлөлт баяжилт хийдэггүй нь “0,07мПа-аас бага даралттай уурын ба 115С-аас доошгүй температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.2 заалт, Зуухны ашиглалттай холбоотой ажилтнуудыг тогтоосон шаардлагатай орон тоогоор бүрдүүлээгүй нь “0,07мПа-аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 9.1.1 заалт, Зууханд гарсан аваари саатлыг бүртгэдэг, аваари саатайл гарч буй шалтгааныг судлан шинжлэх, тэдгээрийг арилгах арга хэмжээ аваагүй нь “0,07мПа-аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 11.1 заалт, Зуухны ажлын байр нь байнгын болон аваарын гэрэлтүүлэгчтэй, ажиллагаа хэвийн бус байсан нь “0,07мПа-аас бага даралттай уурын ба 115С-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.9 заалт, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалт, 1.1.2, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1 , 4.5.3, 4.6.2, 4.7, 4.8 дахь заалт, “Бага хүчин чадлын зуухны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3.7 зүйлийн 3.7.1, 3.7.3, 3.7.4, 3.7.6 заалт, “Эрчим хүчний тухай” хуулийн 16,17,18 дахь заалтууд, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.3, 30.1.8, 30.1.12, 30.1.13 заалт, Дулаан сантехникийн албыг “МО” ХХК-д гэрээгээр /МО ХХК нь Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхгүй байгууллага/ шилжүүлэн өгч үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Тус “МО” ХХК –д мэргэжлийн инженер техникийн ажилтан, баг бүрэлдэхүүн байхгүй байгаа нь “Эрчим хүчний тухай” хуулийн 16,17,18 дугаар зүйлийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8 дахь заалтыг үндэслэн шаардах нь:
“Эрчим хүчний тухай” хуулийн 16,17,18 дахь заалтуудыг мөрдлөгө болгон ажиллаж, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагаар цахилгаан, дулааны үйл ажиллагааг хариуцан ажиллуулах, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл олгох ажлын төрлийн суурь нөхцөл шаардлагын 03.3, 03.4 заалт, 23 дугаар зүйлийн 23.1.4, 23.2.1, 23.2.3 заалтуудыг мөрдлөгө болгон ажиллах, МоЭнКо ХХК нь өөрөө Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын гэрчилгээтэй болж цахилгаан, дулааны үйл ажиллагаагаа өөрөө дангаараа хариуцан ажиллах.
“Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийг мөрдлөгө болгож ажиллах /Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоол/, “Аж ахуйн харилцааны дүрэм” /Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2018 оны 291,292 дугаар тогтоол/, “Бага хүчин чадлын зуухны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм” /ТЭХЯ-ны сайдын 2005 оны 48 дугаар тогтоол/, “Эрчим хүч хэмнэлтийн тухай” хууль /Засгийн газрын 2015 оны 11 дүгаар сарын 26-ны өдөр /, “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын /Засгийн газрын 311 дугаар/ заалтуудыг мөрдлөгө болгон ажиллах нэн зайлшгүй шаардлагатай байна.
Дулаан сантехникийн албыг МО ХХК-д гэрээгээр /МонРуд ХХК-нь Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхгүй байгууллага /шилжүүлэн өгч үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгааг таслан зогсоох, аж ахуйн нэгж хоорондын гэрээг цуцалж хариуг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор албан бичгээр аймгийн Мэргэжлийн хяналтын газар албан ёсоор мэдэгдэх, “М” ХХК нь 2019 онд өөрийн хөрөнгөөр ажиллагсадын “Хүндлэл кемп”-ийг хэвийн найдвартай дулааны эрчим хүчээр хангахад зориулан гадна дулааны шугам сүлжээ, бага хүчин чадлын нам даралтын халаалтын зуух, хоногт 30 м3 хүчин чадал бүхий бохир ус цэвэрлэх байгууламжийг барьж байгуулсан эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч “ГХ” ХХК нь барилга байгууламж барьж “Барилгын тухай” хуулийн 12.4 заалтын дагуу барилгын чанарын баталгааг 3 жилийн хугацаанд хариуцан ажиллах гэрээний нөхцөл заалттай байна.
Энэ хугацаанд М ХХК нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл авах хүртэлээ “ГХ” ХХК-д хариуцуулан ажиллуулах нөхцөл бололцоо байгааг яаралтай судалж, 2020-2021 оны өвлийн их ачааллыг найдвартай даван тууоах талаар хариу өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр албан шаардлага бичсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч "М” ХХК нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагч Ш.М -ийн 2020 оны 9 сарын 15-ны өдрийн 21-07-050/166 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийн 5.1-д “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо эрх бүхий албан тушаалтан”-д гаргана гэж зааснаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргасан ба Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 348 дугаар албан бичгээр хариуг хүлээн авч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн, нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан гэж үзэн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагч Ш.М шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн, түүний өмгөөлөгч Д.Э шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.5-д “...хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ...” гэж зааснаар тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж хариуцагчийн өмгөөлөгч Д.Э -ийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “...Баруун бүсийн эрчим хүчний станц” ТӨХК-иас цахилгаан хангамжийн техникийн нөхцөл гаргуулж тусгай зөвшөөрөлтэй компаниуд гүйцэтгэж, 2019 онд улсын комисс хүлээж авсан, 3 жилийн хугацаанд гүйцэтгэгч компани засвар үйлчилгээ үзүүлэх гэрээтэй. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг Ховд ЦТС ХХК-тай байгуулсан тул Эрчим хүчний тухай хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлүүдийн төрлөөс ямар нэгэн тусгай зөвшөөрөл авах үндэслэлгүй... мөн Эрчим хүчний тухай хуулийн 12.5-д зааснаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 мВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх, ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй гэж заасан ба манай компани ашиглаж буй уурын зуухны хүчин чадлыг нэмж нэгтгэн 4.4 мВт хүчин чадалтай гэж үзэж тусгай зөвшөөрөл шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, зуухны хүчин чадлыг нэмж тооцдог дүрэм журам байхгүй...” гэж,
Хариуцагчаас “...М ХХК-нийн Хөшөөтийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий иргэдээс гомдол ирсэн. Үүний дагуу хяналт шалгалт хийхэд М ХХК-нийн Хөшөөтийн уурхайд ашиглаж байгаа халаалтын бага даралтын зуухнууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм зөрчиж, 1.5 мВт –аас дээш хүчин чадал бүхий эрчим хүчний эх үүсвэр,түүнийг дамжуулах, түгээх шугам барих, ашиглах тусгай зөвшөөрөлгүй Монруд ХХК-иас гүйцэтгүүлж байсан тул албан уг зөрчлийг арилгахаар шаардлага бичсэн...” гэж тайлбарлан маргажээ.
Хариуцагч нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 21/372 дугаартай удирдамжаар Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт баг, М ХХК-нийн дулаан, цахилгааны үйл ажиллагааны төлөв байдалд хяналт шалгалт хийж мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй” гэж зааснаар “М ” ХХК-нийн дулаан, цахилгааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хяналт шалгалтын хүрээнд “М ” ХХК-нийн эрчим хүчний чиглэлээр 8 заалт бүхий зөрчлийг арилгуулахаар албан шаардлага бичжээ.
Уг маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 сарын 15-ны өдрийн 21-07-050/166 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад “...Зуухны техникийн паспортын хөтлөлт баяжилт хийдэггүй нь “0.07мПа-с бага даралттай уурын ба 115С-с доош темпратуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 8.2- дахь заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагчийн 2020 оны 9 сарын 15-ны өдрийн 21-07-050/166 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад дурдсанаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “М ” ХХК нь уурхайн засварын газар, оффис, амралтын байрнуудын дулаан хангамжид БНХАУ-ын CLSG-064 MW маягийн тус бүр 0.4 мВт хүчин чадалтай 4 шихрэг ус халаах зуух, DZL-164-04/95/70 маягийн тус бүр 1.4 мВт хүчин чадалтай 2 ширхэг ус халаах зуух ашигладаг байна.
1.“М ” ХХК-иас ирүүлсэн дээрх ус халаах зуухнуудын техник ашиглалтын паспортод тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт, иж бүрдэл, урсгал засварын бүртгэл зэргийг хөтөлж баяжилт хийсэн байх тул албан шаардлагад дурдсан “0.07МПа /0.7кгх/см2/-аас бага даралттай уурын зуух ба 388К /1150С/-ээс доош температуртай ус халаах зуухыг /ус халаагуурыг/ төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.2-т заасныг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.
2. Зуухны ашиглалттай холбоотой ажилтнуудыг тогтоосон шаардлагатай орон тоогоор бүрдүүлээгүй нь “0.07мПа-с бага даралттай уурын ба 115С-с доош темпратуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 9.1.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн нь Монгол улсын Тээвэр, эрчим хүчний сайдын 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 48 дүгээр тушаалаар “0.07МПа /0.7кгх/см2/-аас бага даралттай уурын зуух ба 388К /1150С/-ээс доош температуртай ус халаах зуухыг /ус халаагуурыг/ төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг баталсан дүрмийн 9 дэх хэсэгт “Техникийн магадлал”-тай холбоотой харилцааг зохицуулсан байх ба уг дүрэмд “9.1.1” дэх заалт огт байдаггүй нь албан шаардлагад дүрэмд байхгүй заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Зуухны аваарь саатлыг бүртгэж, шалтгаан нөхцлийг шинжлэн судалж арилгах арга хэмжээ авдаггүй нь “0.07мПа-с бага даралттай уурын ба 115С-с доош темпратуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн нь тогтоогдохгүй байна. Учир нь “0.07МПа /0.7кгх/см2/-аас бага даралттай уурын зуух ба 388К /1150С/-ээс доош температуртай ус халаах зуухыг /ус халаагуурыг/ төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 11.1-д “Хүн осолдоогүй техникийн аваарийн шалтгааныг аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа судлан акт тогтоож, түүнийг дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авч явуулах ёстой” гэсэн ба улсын байцаагч 2020 оны 9 сарын 15-ны өдрийн 21-07-050/166 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагадаа “М ” ХХК-нийн ашиглаж байгаа ус халаах зуухнуудад хэзээ, хэрхэн аваарь гарсан талаар дурдаагүй, аваарь гарсан талаар тогтоогоогүй хэрнээ дээрх дүрмийн 11.1-д заасныг зөрчсөн гэдэг нь хэрэгт авагдсан гэрч Л.О , Ч.Б нарын “...зуухны техникийн талаас ямар нэгэн аваарь осол гарч байгаагүй...” гэх мэдүүлгээр “0.07МПа /0.7кгх/см2/-аас бага даралттай уурын зуух ба 388К /1150С/-ээс доош температуртай ус халаах зуухыг /ус халаагуурыг/ төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 11.1-д заасныг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.
4. Зуухны ажлын байрны байнгын болон аваарын гэрэлтүүлэг хэвийн бус байсан нь “0.07мПа-с бага даралттай уурын ба 115С-с доош темпратуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 4.9 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.
“0.07МПа /0.7кгх/см2/-аас бага даралттай уурын зуух ба 388К /1150С/-ээс доош температуртай ус халаах зуухыг /ус халаагуурыг/ төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 4.9-д “...Зуухны ажлын байр нь өдрийн цагаар байгалийн гэрэлтүүлэгтэй, шөнийн цагаар цахилгааны гэрэлтүүлэгтэй байна....зуухны ажлын байр нь ажлын гэрэлтүүлгээс гадна ажлын гэрэлтүүлгээс гадна аваарийн үеийн цахилгаан гэрэлтүүлэгтэй байна...” гэж заасан байх ба М ХХК-иас албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгасан нь гэрч Л.О -ийн “...Албан шаардлагад дурдсан зуухны барилгын дотор талын гэрэлтүүлгийг нэмсэн, 2021 онд зуухны байрны байгалийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхээс зуухны байранд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
5. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 1.1, 1.1.2, 3.1, 4.1, 4.5.3, 4.6.2, 4.7, 4.8 дахь заалтууд, Бага хүчин чадлын зуухны техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн 3.7.1, 3.7.3, 3.7.4, 3.7.6 заалтууд, Эрчим хүчний тухай хуулийн 16, 17, 18 дахь заалтууд, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.3, 30.1.8, 30.1.12, 30.1.13 заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны 4 сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаадлага” стандарын 5.2-т Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж, аливаа шийдвэрийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид үндэслэн.... гаргана”, 16.5-д “хяналт шалгалтын баримт бичгийг асуудлын ач холбогдол, уялдаа холбоог нарийвчлан тогтоосон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан, үг, үсэг, утга найруулгын алдаагүй, товч бичнэ..” гэж тус тус заасан байна.
Гэтэл улсын байцаагч уг албан шаардлага бичихдээ “М ” ХХК-нийн Хөшөөтийн уурхай дахь цахилгаан дулаан дамжуулах үйл ажиллагаатай холбоотой зөрчилд дурдсан журам нь хуулийн холбогдох заалттай хэрхэн яаж уялдаж байгаа нь тодорхойгүй Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимыг зөрчсөн акт гаргасан гэж үзлээ.
Учир нь Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийг баталсан ба уг дүрмийн 1.1-д “Энэ дүрмээр цахилгаан эрчим хүч хэрэглэхтэй холбогдуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “үйлдвэрлэгч”, “дамжуулагч”, “түгээгч”, “хангагч” гэх) болон хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулна”, гэж,
3 дугаар зүйлийн 3.1-д “Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар гүйцэтгэгчийн шинээр барьсан буюу шинэчилж өөрчилсөн цахилгаан тоног төхөөрөмж нь цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм, цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм болон барилгын норм, дүрэм, өгөгдсөн техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан байвал зохино” гэж,
4 дүгээр зүйлийн 4.1-д “Хангагч нь иргэн, хуулийн этгээдтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ (цаашид “гэрээ” гэх) байгуулснаар иргэн, хуулийн этгээд нь цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана”, 4.5. Хангагчаас шаардлагатай гэж үзвэл хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд дараахь зүйлийг нэмж тусгана”, 4.5.3-д “цахилгаан тоног төхөөрөмжид шуурхай ажиллагааны үйлчилгээ үзүүлэх эрх бүхий ажилтан (түгээгч ба хэрэглэгч)-тай харилцах журам”, 4.6-д “Хэрэглэгч нь дараахь баримт бичгийг хангагчаар хянуулж, гэрээнд хавсаргасан байна”, 4.6.2 “хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан шугам сүлжээний бүдүүвч, техникийн өгөгдөл”, 4.7-д “Цахилгаан тоног төхөөрөмжийн байршил, нэр, дугаар, гүйдэл, хүчдэлийн трансформатор, тооцооны тоолуур, зааг, байршил зэргийг тодотгож, гүйцэтгэлийн зургийг хийж, шугам сүлжээний эзэмшлийн заагийг дараахь байдлаар тогтооно”, 4.8-д “Шугам сүлжээний эзэмшлийн заагийн холболтын бүрэн бүтэн байдлыг дор дурдсаны дагуу хариуцна” гэж тус тус заасан байхад хариуцагч дээр дурдсан журмуудын холбогдох заалт хэрхэн яаж зөрчигдсөн тухай албан шаардлагадаа дурдаагүй, өөрөөр хэлбэл ямар зөрчил нь дээрх журам болон хуулийн заалтыг зөрчсөн тухайгаа бичээгүй, дээр дурдсан журам хэрхэн яаж зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байгаа ба хяналт шалгалтын зорилго, бодит нөхцөл байдалдаа нийцсэн захиргааны акт гаргаагүй байх тул түүнийг шүүх зөвтгөх боломжгүй байна.
Мөн “М ” ХХК нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан бага даралтын зуухнуудыг ашиглах зөвшөөрөл хүсэж байсан ба хариуцагч, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М нь М ХХК-нийн Хөшөөтийн уурхайн засварын газар, оффис, амралтын байрнуудын дулаан хангамжид ашиглаж байгаа зуух, даралтад сав, шугам хоолойд үзлэг шалгалт, техникийн магадлал хийж ашиглах зөвшөөрөл олгож байсан нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон 2015 оны 11 сарын 09-ний өдөр, 2016 оны 09 сарын 09-ний өдөр, 2017 оны 10 сарын 03-ний өдөр, 2018 оны 10 сарын 01-ний өдөр, 2019 оны 11 сарын 19-ний өдөр, 2020 оны 01 сарын 10-ны өдрийн “Зуух, даралтад сав, шугам хоолойд үзлэг шалгалт, техникийн магадлал хийсэн тухай” актаар тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч Ш.Д , Эрчим хүчний улсын байцаагч Ш.М , Байгаль орчин, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Г нарын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 21-06/028/59 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.1.9, 10.1.10-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагч Ш.М -гийн 2020 оны 9 сарын 15-ны өдрийн 21-07-050/166 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР