Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 123/2023/0046/З |
Дугаар | 221/МА2024/0624 |
Огноо | 2024-09-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2024/0624
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Ц
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: ТАБСЗД
Гуравдагч этгээд: “З” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Д.Эын өмчлөлийн газрын орц, гарцыг тойруулан барьсан 110118 м.кв хашааг буулгах, Д.Эын хашааны хаалгыг хааж нийтийн эзэмшил дээр баригдсан барилгын 411 м.кв суурийг чөлөөлүүлэх, түүний өмчлөлийн газрын баруун хэсэгт цутгасан 0.4 метр гэрийн суурийг албадан чөлөөлж, Д.Эын өмчлөлийн газартаа нэвтрэх орц, гарцыг тодорхойлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа ТАБСЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2024/0062 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 123/2023/0046/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э нь ТАБСЗДд холбогдуулан “Д.Эын өмчлөлийн газрын орц, гарцыг тойруулан барьсан 110118 м.кв хашааг буулгах, Д.Эын хашааны хаалгыг хааж нийтийн эзэмшил дээр баригдсан барилгын 411 м.кв суурийг чөлөөлүүлэх, түүний өмчлөлийн газрын баруун хэсэгт цутгасан 0.4 метр гэрийн суурийг албадан чөлөөлж, Д.Эын өмчлөлийн газартаа нэвтрэх орц, гарцыг тодорхойлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа ТАБСЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засаг даргад даалгах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0062 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2024/0062 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг буюу үндэслэх хэсгийн 11.4, 11.5 дахь хэсгийг эс зөвшөөрч мөн шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
3.1. Учир нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2024/0062 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.4-т “З” ХХК-ийн хашааны үүдний гадна талд нийтийн эзэмшлийн талбай болох зам дээгүүр, голын онцгой хамгаалалтын бүсэд орсон газрыг Засаг дарга нь “З” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлсэн захирамжид өөрчлөлт оруулах, улмаар кадастрын зурагт өөрчлөлт оруулах, газрын нэгдмэл санд оруулах замаар орц, гарцыг чөлөөлөх, 11.5-д Д.Эын өмчлөлийн газар луу нэвтрэх орц, гарцыг тодорхой болгохын тулд төв замаас Д.Эын газар луу орох хэсэг газарт “З” ХХК-ийн эзэмшлийн зам дагуу байрлалтай хэсгийг жижиг хашаа барих замаар нийтийн эзэмшлийн талбайг тодорхойлж, хувийн эзэмшлийн газрыг нийтийн эзэмшлийн газраас зааглах гэжээ.
3.2. “З” ХХК-ийн эзэмшиж буй газрын өнцөг хэсгээр голын онцгой хамгаалалтын бүсэд 5 метр нэвтэрсэн байгааг засах замаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад “З” ХХК нь хууль бусаар газар эзэмшиж байгаа эсэх талаар байхгүй болно. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаартай тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7.2.3-т бусдын өмчлөл, эзэмшилд давхцаж буй эсэхийг шалгах, 7.2.5-д хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох гэх мэт хээрийн судалгаагаар хэрэгжих боломжтой эсэх талаар дүгнэлт хийлгүй шууд захирамжлах замаар нэхэмжлэлийг хангаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
3.3. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн болон нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгчийн газар өмчилсөн нөхцөл байдал болон өмчлөлийн газар нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг болон Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг ноцтой зөрчсөн буюу усны онцгой хамгаалалтын 50 метрийн бүсэд хамаарч байгаа нь тогтоогдож байгаа мөн нэхэмжлэгчийн маргаан бүхий өмчлөлийн газрын байршил нь хууль зөрчсөн нь тогтоогдож байгаа тул байршил өөрчлөх тухай Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/797 тоот чиглэл хүргүүлэх тухай албан даалгавраар байршил өөрчилж шилжүүлэхийг мэдэгдсэн байгаа зэрэг нөхцөл байдлын талаар өөрөөр хэлбэл энэхүү байршилд өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эсэхээс нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсэх тухай яригдах тухай гуравдагч этгээдээс маргасаар байтал шүүхээс энэхүү талаар огт дүгнэлт хийгээгүй мөн хариуцагч Засаг даргын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч байгааг бичгээр мэдэгдсээр байтал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэж дүгнэсэн гэх мэт шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2024/0062 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхийн журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Эаас “Д.Эын өмчлөлийн газрын орц, гарцыг тойруулан барьсан 110118 м.кв хашааг буулгах, Д.Эын хашааны хаалгыг хааж нийтийн эзэмшил дээр баригдсан барилгын 411 м.кв суурийг чөлөөлүүлэх, түүний өмчлөлийн газрын баруун хэсэгт цутгасан 0.4 метр гэрийн суурийг албадан чөлөөлж, Д.Эын өмчлөлийн газартаа нэвтрэх орц, гарцыг тодорхойлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа ТАБСЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ТАБСЗДд холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Д.Эд ТАБСЗД-ын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/317 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар баг, Баянгол Дунд гарам өндрийн ар 1 дүгээр гудамж, 3 тоотод 4000 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.
-2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/342 дугаар захирамжаар “Б” ХХК-д тус сумын Баянгол, 3 дугаар баг, Зочны тохойд 4 га газрыг амралт сувилалын зориулалтаар эзэмшүүлсэн,
-”Б” ХХК-иас дээрх газрын эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг дарга 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” А/51 дүгээр захирамжаар 4000 м.кв газрыг “З” ХХК-д шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн,
-Гуравдагч этгээд “З” ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ТАБСЗД, газрын даамал нарт хандан 4112043476 нэгж талбарын дугаар бүхий газрын байршил нь “Усны сан” бүхий онцгой бүстэй давхцаж байгаа талаар дурдан газрын кадастрын зургийг шинэчлэн, мэдээллийн санд оруулах тухай хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын байршил хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” А/374 дүгээр захирамжаар 4000 м.кв газрыг 16799 м.кв, 15027 м.кв, 8172 м.кв газар болгон тус тус өөрчлөн эзэмшүүлсэн байна.
4. Гэтэл Батсүмбэр сумын Засаг дарга “Усны сан” бүхий онцгой хамгаалалтын бүсэд “З” ХХК-д газар эзэмшүүлснээс болон “З” ХХК өөрийн эзэмшил газраасаа хэтрүүлэн нэхэмжлэгч Д.Эын өмчлөлийн газрын орц, гарцыг хааж, гэр, хашаа барьснаас энэхүү маргаан үүсжээ.
5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд “З” ХХК нь Д.Эын өмчлөлийн газрын баруун талын гэрийн буурь 0.4 метр оруулан цутгасан, гэрийн 2 буурь нийтийн эзэмшил дээр, барилгын суурь 563 м.кв байгаагаас 152 м.кв нь “З” ХХК-ийн эзэмшил дээр 411 м.кв нь нийтийн эзэмшил дээр, Д.Эын өмчлөлийн газрын урд хэсэгт баруун талаас 50.8 “З” ХХК-ийн эзэмшил газрын кадастртай залгаа орц, гарцны 10.9 метр хэсгийг хааж барилгын суурь цутгасан, мөн “З” ХХК нь Д.Эын өмчлөлийн газрын хашааг тойруулан 110118 м.кв буюу 11 га газрыг хашаалсан, “З” ХХК-ийн хашааны үүд хэсэгт байрлах эзэмшлийн газрын үзүүрийн цэгээс гол хүртэл 45 метр болох нь тогтоогдсон байна.
6. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Эаас ТАБСЗДд дээрх асуудлаар гомдол гаргасан байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05/337 дугаар албан бичгээр ““З” ХХК-д илүү хашсан хашаагаа буулгаж орц гарц гаргах албан мэдэгдлийг удаа дараа өгч ажиллаж байна. Сүүлд өгсөн албан мэдэгдлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Заасан хугацаанд илүү хашсан хашаа буулгаж орц гарцыг нээж нийтийн эзэмшлийн гудамж талбай чөлөөлөхгүй бол сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд ажлын хэсэг томилон газар чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллах болно” гэж хариу өгчээ.
7. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж тус тус заасан.
8. Гуравдагч этгээд “З” ХХК-д ТАБСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05/304 дүгээр албан бичгээр газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд “З” ХХК мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй байна. Хэдийгээр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05/337 дугаар албан бичигт заасан хугацаанд чөлөөлөхгүй бол сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд ажлын хэсэг томилон газар чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллах талаар дурдсан байх боловч бодит байдал дээр хэрэгжээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд Засаг даргад холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
9. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан” гэсэн байх боловч энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2024/0062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ