Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1486

 

 

 

 

 

 

 

   2022        10          13                                   2022/ШЦТ/1486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,                  

Хохирогч Ц.Б,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Бариач овгийн Балдандүгэрийн Дэжидсүрэнд холбогдох эрүүгийн 2206 00569 2219 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй,

       “Гавьяа” тэмдэг, “Жуух бичиг”, “Онц тээвэрчин” тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогтой Б Д.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны баруун урд хэсэгт хохирогч Ц.Бийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний биед баруун 3, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: ”... Манай албаны хувцсанд мөрдөс цагдаа, гэсэн эмблем байхгүй. Би өөрөө тодоор цагдаагийн алба хаагч байна гэж хэлсэн. Цагдаа гэсэн эмблем нэг ширхэг ч байхгүй. Хээрийн хувцсанд ч байхгүй. Өдрийн тутмын хувцсанд ч байхгүй. Энэ хохирогчийн эхнэр нь зааж байгаа зургууд байна лээ. 57 дугаар байрны яг өөдөөс нь харсан 53 байрны  орцны хажуу талд сандал байдаг. Би өөрөө очиж үзсэн. Миний машин зогсож байсан газар сандал хооронд 3 алхам газар байгаа. Хохирогч нь намайг 40-50 метр чирээд явсан гээд байна. Үгүй. Би үнэхээр зодохоор байсан бол танаас залуу хүнийг зогсоож байгаад зодож чадна. Би 14 жил тусгай ажиллагааны газар ажилласан.  Би таныг дэвсээд зодоод байхаар хүн биш. Та хэнтэй таарснаа ч мэдэхгүй байна. миний хувцсанд мөрдөс байдаггүй... Би өөрөө гомдолтой байгаа. Би энэ хохирогчоос болж 7-8 сар ийш тийшээ явах эрх байхгүй. Эхнэр хүүхдээ, эцгээ зовоож байна. Намрын бүх ажлыг нь уяатай юм шиг энд өнгөрлөө. Би үнэхээр зодсон бол  хохирогчоос уучлалт гуйж чадна. Хохирогчийн араас очоод сигналдсан гэж яриад байна. Үгүй хохирогчийн ар талд хашаа байсан. Өөр хэлэх зүйл байхгүй ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: ”... Би ажлаа тараад хоёр найзтайгаа архи хувааж уугаад гэртээ хүргүүлсэн. Би машинаас буугаад Ж.Ганбаатарын машиныг хойш нь ухрахад нь туслаад машиных нь ард зогсож байсан чинь энэ шүүгдэгч нь араас ирээд сигналдаад байхаар нь би нэг салаавч өгөөд “май пизда минь” гэсэн. Тэгтэл Б.Д нь машинаасаа цагдаа хувцастай бууж ирээд намайг заамдаж аваад миний баруун нүд рүү цохисон. Тэгэхэд машин дотроос манай нэг найз бичлэг хийх гэсэн чинь зугтаагаад хойшоо 55 дугаар руу машинтайгаа давхиад алга болсон. Цагаан машин л байсан. Тэгээд би хоёр найзыг гаргаж өгөөд гэр лүүгээ явж байсан чинь Б.Д ирээд шилэн хүзүү дээрээс заамдаж аваад 57 дугаар байр руу миний цамцнаас боомилж аваад чирээд аваад явсан. Тэгээд дээрээс мордоод хавирга руу хатгаад байсан. Тэгээд би “амь авраарай” гээд 2, 3 удаа хэлэхэд хүн амьтан тэр хавьд байхгүй байсан. Миний урдхан талд 0037 гэсэн дугаартай цагаан машин байсан. Тэгээд “амь авраарай” гэхэд “чамайг алчихсан байхад яадаг юм” гээд нүдээд байсан. Тэгээд “амь авраарай” гээд дуудаад байхад хүн амьтай ерөөсөө байхгүй байсан. Ганцхан машин л нормалдаад зогсож байсан. Би “манай эхнэр цагдаагийн байгууллагад ажилладаг юм байгаа юм аа” гээд арай гэж хоолой шахаж байснаа суллаад би тэгээд шууд гүйгээд цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү ороод “намайг хүн зодлоо” гээд ороод байж байтал араас орж ирсэн. Шүүгдэгч нь худлаа ярьж байна. Би дундуураа гүйгээд орчихсон. 200 метр ч хүрэхгүй зайтай газар байгаа. Тийм зүйл болсон. Гомдолтой байна. Цагдаа хүн хүнээ хамгаалах байж иргэн хүнийг зодож байгаад гомдолтой байна. Миний биеийн байдал хавирга байнгын өвдөж байгаа. Эмчилгээ гэж жаахан эм тариа л уусан. Өөр юм хийлгээгүй. Хохирлын баримт нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай зүйл өгсөн. Тэрийгээ нэхэмжилж байна....” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Бийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Ж.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хх-27-28, 63-64/, гэрч Ц.Самбуунямын өгсөн мэдүүлэг /хх-65-67/, гэрч Д.Бямбацогтын өгсөн мэдүүлэг /хх-68-70/, гэрч Г.Агваандоржийн өгсөн мэдүүлэг /хх-75-77/, гэрч Б.Цэрэнбалжирын өгсөн мэдүүлэг /хх-72-73/, гэрч Э.Отгонхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-78-79/, гэрч И.Батсүхийн өгсөн мэдүүлэг /хх-84-86/, гэрч Л.Лхамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-91-93/, гэрч Л.Төмөрсүхийн өгсөн мэдүүлэг /хх-95-96/, гэрч Э.Ганчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-98-99/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2009 дугаартай дүгнэлт /хх-106-107/, хохирогч Ц.Бээс гаргаж  өгсөн гэм хорын хохиролтой холбоотой баримт /хх-170-173/, шинжээч эмч Б.Батхүүг байцаасан тэмдэглэл /хх-116-117/, хохирогч Ц.Бийн АСАП сангийн мэдээлэл,   хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-45/, шүүгдэгч Б.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-158/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны баруун урд хэсэгт хохирогч Ц.Бийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний биед баруун 3, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бийн өгсөн: “... Би 2022 оны  1 дүгээр сарын 17-ны өдөр Сонсголонд байдаг ажлын газрын Ж.Ганбаатар, Г.Агваандорж нарын хамт “ТБД” андуудын орчим Ж.Ганбаатарын машинд 0.75 литрийн экс архийг хувааж уусан. Тухайн үед Г.Агваандорж Ж.Ганбаатарын машиныг барьж байсан болохоор архи уугаагүй. Тэндээсээ нэлээн орой цагийн сайн санахгүй байна намайг Ж.Ганбаатар, Г.Агваандорж хоёр манай гэрийн гадаа ирсэн. Би машинаас буугаад Ж.Ганбаатарын машиныг хойш нь ухрахад нь туслаад машиныг нь ард зогсож байсан чинь араас нэг машин хүрч ирээд сигналдаад байхаар нь би “май пизда” гээд салаавч гаргасан. Тэгэхээр нь би нөгөө прадогийн жолооч руу “май пизда минь” гээд салаавч гаргасан ба түүний дараа тус прадогоос цагдаа хувцас өмссөн биерхүү 30-40 орчим насны эрэгтэй бууж ирээд надтай маргалдаад намайг заамдаад хашаа руу шахаад миний хоолойг боогоод миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би цохиулахад надтай хамт явж байсан манай хоёр найз бид хоёрыг салгасан ба манай найзууд бичлэг хийх гэж байхад нөгөө прадотой эрэгтэй машинаа унаад яваад өгсөн. Дараа нь манай хоёр найз намайг гэрийн үүдэнд орхиод яваад өгсөн ба би ганцаараа гэр рүүгээ орох гээд үлдсэн. Би гэр рүүгээ орох гудамжинд явж байхад араас үл таних хүн ирээд намайг боогоод чирсэн ба хойш намайг дагуулж яваад 50 болон 55 дугаар байрны дунд гудамжинд аваачаад газар унагаад дээр гараад намайг зодож байсан. Намайг дээрээс газар хэвтэж байхад үл таних хүн гараараа миний нүүр, эрүү, цээж, баруун талын хавирга орчим цохиж гараараа хоолой боосон. Намайг зодож байсан хүнийг сайн харахад өмнө нь байрны хаалтын өмнө таарсан прадогийн жолооч биерхүү цагдаа хувцастай эрэгтэй байсан. Яагаад намайг зодсон талаар би мэдэхгүй байна. Би “амь авраарай” гээд орилоход хүн ирээгүй ба нөгөө эрэгтэй надад “чамайг алсан ч хууль байхгүй” гэж хэлсэн. Би зодуулж байхдаа “манай эхнэр цагдаад ажилладаг юм шүү” гэхэд тэр эрэгтэй намайг зодохоо болиод яваад өгсөн. Би тэгээд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү зодуулчхаад яваад ороход нөгөө намайг зодсон эрэгтэй энгийн хувцастай зогсож байсан. Миний эрүү хөхөрч улаасан, баруун 3, 5, 7 дугаар хавирга хугарсан байна...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ганбаатарын өгсөн : “... 2022 оны 1 дүгээр сарын 17-ны ажлын газрын Ц.Б, Г.Агваандорж нарын хамт “ТБД” андуудын орчим миний машиныг Г.Агваандорж бариад машинд Ц.Б бид хоёр 0.75 литрийн экс архи хувааж уугаад тэндээсээ Г.Агваандорж машин бариад Ц.Бийг хүргэж өгөхөөр явцгаасан. Ц.Бийг байр болох 43б байрны  Ц.Б машинаас буугаад Г.Агваандоржид зам заагаад “хойшоогоо ухар” гэж хэлж байтал араас ирсэн машин сигналдаад нэг харахад Ц.Бтэй маргалдаад байхаар нь машинаас буухад Ц.Бийг заамдаад хойш нь хашаа налуулаад заамдчихсан байхаар нь Г.Агваандорж бид хоёр салгаад гар утсаараа бичлэг хийх санаатай гар утсаа гаргаж иртэл Ц.Бтэй маргалдсан гэх 165-170 см орчим өндөртэй, 30 гаран насны залуу машиндаа суугаад цаашаа хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-27-28, 63-64/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Агваандоржийн өгсөн : “... Ц.Бийн байр болох 43б байрны гадаа гудамжинд ирээд Ц.Бийг буулгаад Ж.Ганбаатар бид хоёр машинтайгаа ухрах үйлдэл хийж байх хооронд араас нэг машин ирээд сигналдаад байсан. Тухайн үед эргэх боломжгүй байсан учраас машины ард зогсоод ухрахад туслаад байж байсан. Тэгсэн чинь арын машин учир зүггүй сигналдаж байгаад машин дотроос цагдаагийн жагсаал хувцастай хүн гарч ирээд Ц.Бтэй маргалдаад байж шиг байсан. Машин дотроосоо харж байхад тэр цагдаа хувцастай хүн Ц.Бийг гараараа эрүү хавьцаа нь билүү цээжин хавьцаанд нь билүү нэг удаа цохиод заамдаж түрж хөөгөөд хашаанд тулгахаар нь Ж.Ганбаатар бид хоёр бууж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-29-30/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнбалжирын өгсөн: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд яг цагийг нь тодорхой санахгүй байна орой 20-23 цагийн хооронд “Сүлд 10” -аас хэлтэс дээр нэг хүн агсан тавиад байна эрүүлжүүлэх шаардлагатай байна гэж дуудахаар нь яваад очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 50-60 орчим насны эрэгтэй, “Прадо” машины жолооч намайг машин руу чулуу шидлээ гэж намайг зодсон би цагдаад дуудлага өгөхөөр өөрөө ирсэн гээд орилж байсан. Удалгүй ар гэрээс нь гээд 50 орчим насны эмэгтэй орж ирсэн. Эхнэрийг нь хэлтсээс дуудсан бололтой орж ирсэн. Тухайн эрэгтэй нь хэлтсийн үүдний коридорын сандал дээр цагдаад зодуулчихлаа гээд орилоод ёолоод хэвтэж байсан...Тэр үед ямар, хэн гэдэг цагдаад зодуулсан талаар асуухад нэрийг нь мэдэхгүй, танихгүй, 00-32 билүү 0037 гэсэн дугаартай “Прадо”-ийн жолооч машин руу чулуу шидлээ гэж зодсон, би машин руу чулуу шидээгүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-72-73/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Отгонхүүгийн өгсөн: “...Орой цагийг нь тодорхой санахгүй байна гадаа харанхуй болчихсон ажил тарчихсан байхад гаднаас доогуураа цагдаагийн хээрийн хар өмдтэй, хар өнгийн хагас түрүүтэй гуталтай, дээгүүрээ хар өнгийн фудволктой, гадуур өмсөж явсан куртикийг нь санахгүй байна, 35-40 орчим насны өндөр биерхүү залуу, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн нэлээн согтуу 50 гаран насны эрэгтэйн хамт орж ирээд машин руу чулуу шидсэн гээд өргөдөл бичээд байсан...” гэх мэдүүлэг /хх-78-79/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Туналмаагийн өгсөн:  “... 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчим санагдаж байна Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ярьж байна гээд “танай нөхөр манай хэлтэс дээр согтуу орж ирсэн байна, та нөхрөө ав” гэхээр нь би 2 дугаар хэлтсийн байр руу ороход манай нөхөр Ц.Б намайг хараад “манай эхнэр ирлээ” гээд “намайг зодсон залуу эн энгийн хувцастай орж ирсэн байна” гэж хэлэхээр нь хэлтсийн коридорт байсан хүмүүсийг харахад олон хүн байсан учраас таниагүй. Тэр үед манай нөхрийг цагдаагийн алба хаагч гавлах гээд дээр нь дарахад манай нөхөр амьсгаа авч чадахгүй байна, ах нь үхлээ ш дээ гэхэд гаднаас нэг цагдаа орж ирснээ гавлахаа болиод машин руу авч оруулж суулгаад эрүүлжүүлэх байранд хийнэ гээд аваад явсан. Би гэртээ ороод байж байтал дахиж утсаар ярьж дуудаад яваад ороход замд нь үзүүлсэн хавирга нь хугарсан эрүүлжүүлэх байранд оруулах боломжгүй гээд би баталгаа бичиж өгөөд нөхрийгөө хэлтсийн байрнаас авч гараад гэртээ ороод юу болсон талаар асуухад .... хэлж байсан. Намайг 2 дугаар хэлтэс рүү ороход манай нөхрийн гадуур хувцас болох куртик, өмд нь шороо болчихсон байсан. Баруун нүдний шанаа хэсэг нь шалбарч хавдсан, хоолойг куртикнийхэн захаар боогоод татсан байсан учраас улайж цус хурсан байсан. Нурууныхаа баруун хэсгийг дараад орилж ёолсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-88-89/,     

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2009 дугаартай:

1. Ц.Бийн биед баруун 3, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-106-107/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Баяртогтохын өгсөн: “... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-111-112/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-45/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /хх-108/,

“Лазер Мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ, хавсралт зураг /хх-109-113/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-170-174/,

 

Шүүгдэгч Б.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-158/  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн зүгээс: “...Би хохирогчийг цохиж, зодсон зүйл байхгүй.” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайханы гаргасан: “...Хохирогчийн өөрийнх өгч байгаа мэдүүлэг нь бас будилаантай. Хохирогч нь удаа дараа худлаа хэлдэг. Хэргийн материал дээр баримт байгаад байна. Тасарчихсан байсан гэдэг найзынхан нь мэдүүлгээр харагдаад байна. Өөр гэрчилж байгаа зүйл байхгүй. Хохирогчийн мэдүүлгээс өөр мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой гэж байгаа. Энэ хохирогчид ярьж байгаагаас нь өөр ямар ч эх сурвалж зааж байгаа зүйл алга. Тийм учраас энэ хэргийг цагаатгаж өгнө үү ...” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан: “...Энэ яллах дүгнэлтдээ Б.Д нь Ц.Бийг цохисон нь энэ нотлох баримт нотлогдож байна гэсэн нэг ч нотлох баримт гараагүй учраас бид хэргийн материалуудыг нь уншиж танилцуулсан. Эдгээр хүмүүс дунд Б.Д нь Ц.Бийг зодсон гэсэн нэг ч баримт байхгүй. Гагцхүү хохирогч Ц.Бийн мэдүүлэг байна. Хохирогчийн мэдүүлгээс гадна хохирогч Ц.Бэд ийм хэмжээний хохирол учирсан байна шүүх эмнэлгийн дүгнэлт байна. Энэ нөхцөл байдлыг үзэхээр Ц.Бэд ийм хэмжээний хохирол учирсан байна гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Ц.Бэд хэн гэмтэл учруулсан гэдэг нь байхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар Б.Д энэ хэргийг шууд санаатай үйлдсэн гэсэн нотлох баримт байхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь яаж гардаг вэ гэхээр ийм гэмтэл байна гэхээс биш хэн учруулсан гэдэг нь гардаггүй. Энэ хэрэг дээр хохирогчийн гэмтсэн байдлыг нь нотолсноос биш Б.Д цохисон гэсэн үйлдлийг нотолсон асуудал байхгүй. Цаг хугацаа орон зайнд хувьд тухайн үедээ учирсан байна гээд энэ хохирогч нь гүйж яваад унаад бэртсэн, цагдаагийн байгууллага дээрээ унаад бэртсэн эсэх зэргийг шалгаж тогтоож байж шүүгдэгчийг буруутай гэдэг байдлыг тогтоох хэрэгтэй. Тэгээд нотлогдоогүй бол гэм буруугүйн зарчим үйлчлэх ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг 2 дугаар зүйлд их чухал заалт байгаа. Тэр нь нотлох баримтыг шинжлэн судлах явцад эргэлзээ гарвал шүүгдэгч, яллагдагч, сэжигтэнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн алтан зарчим байгаа.  Энэ хэрэгт үйлдсэн нөхцөл байдлаас харахад эргэлзээ байна.  Шүүгдэгчийг гэм буруутай эсэх нь нотлогдоогүй тул Б.Дд холбогдох үйлдэл холбогдлыг  хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх тайлбаруудыг тус тус гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бийн өгсөн: “... Тус прадогоос цагдаа хувцас өмссөн биерхүү 30-40 орчим насны эрэгтэй бууж ирээд надтай маргалдаад намайг заамдаад хашаа руу шахаад миний хоолойг боогоод миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би цохиулахад надтай хамт явж байсан манай хоёр найз бид хоёрыг салгасан ба манай найзууд бичлэг хийх гэж байхад нөгөө прадотой эрэгтэй машинаа унаад яваад өгсөн... Би гэр рүүгээ орох гудамжинд явж байхад араас үл таних хүн ирээд намайг боогоод чирсэн ба хойш намайг дагуулж яваад 50 болон 55 дугаар байрны дунд гудамжинд аваачаад газар унагаад дээр гараад намайг зодож байсан. Намайг дээрээс газар хэвтэж байхад үл таних хүн гараараа миний нүүр, эрүү, цээж, баруун талын хавирга орчим цохиж гараараа хоолой боосон. Намайг зодож байсан хүнийг сайн харахад өмнө нь байрны хаалтын өмнө таарсан прадогийн жолооч биерхүү цагдаа хувцастай эрэгтэй байсан... Миний эрүү хөхөрч улайсан, баруун 3, 5, 7 дугаар хавирга хугарсан байна...” гэх мэдүүлэг /хх-25-26/, гэрч Ж.Ганбаатарын өгсөн : “...Ц.Бийн байр болох 43б байрны гадаа Ц.Б машинаас буугаад Г.Агваандоржид зам заагаад “хойшоогоо ухар” гэж хэлж байтал араас ирсэн машин сигналдаад нэг харахад Ц.Бтэй маргалдаад байхаар нь машинаас буухад Ц.Бийг заамдаад хойш нь хашаа налуулаад заамдчихсан байхаар нь Г.Агваандорж бид хоёр салгаад гар утсаараа бичлэг хийх санаатай гар утсаа гаргаж иртэл Ц.Бтэй маргалдсан гэх 165-170 см орчим өндөртэй, 30 гаран насны залуу машиндаа суугаад цаашаа хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-27-28, 63-64/, гэрч Г.Агваандоржийн өгсөн : “...Тэгсэн чинь арын машин учир зүггүй сигналдаж байгаад машин дотроос цагдаагийн жагсаал хувцастай хүн гарч ирээд Ц.Бтэй маргалдаад байж шиг байсан. Машин дотроосоо харж байхад тэр цагдаа хувцастай хүн Ц.Бийг гараараа эрүү хавьцаа нь билүү цээжин хавьцаанд нь билүү нэг удаа цохиод заамдаж түрж хөөгөөд хашаанд тулгахаар нь Ж.Ганбаатар бид хоёр бууж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-29-30/, гэрч О.Туналмаагийн өгсөн:  “...Намайг 2 дугаар хэлтэс рүү ороход манай нөхрийн гадуур хувцас болох куртик, өмд нь шороо болчихсон байсан. Баруун нүдний шанаа хэсэг нь шалбарч хавдсан, хоолойг куртикнийхэн захаар боогоод татсан байсан учраас улайж цус хурсан байсан. Нурууныхаа баруун хэсгийг дараад орилж ёолсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-88-89/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2009 дугаартай: 1. Ц.Бийн биед баруун 3, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-106-107/, шинжээч эмч Б.Баяртогтохын өгсөн: “... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...”/хх-111-112/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-45/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Иймд шүүгдэгч Б.Дгийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны баруун урд хэсэгт хохирогч Ц.Бийг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний биед баруун 3, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зулай дагз, баруун нүдний доод зовхи, доод эрүү, дээд, доод уруул, хүзүү, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Д нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б нь эмчилгээний зардал 583.730 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Б.Дгээс 583.730 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Д-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-гээс 583.730 төгрөгийг гаргуулан хохирогч И овогт Ц-н Б -д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаг ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                              Э.ЧИНГИС