Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 50

 

   Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, баруун Алтан-Өлгий, 21 дүгээр гудамжны 302в тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ80092304, Шалбаг овогт Олчигдойн Отгончимэгийн нэхэмжлэлтэй,  

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 8-11 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ84022171, Зуутраг овогт Пүрэвжавын Сайханбаярт холбогдох,

    Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Отгончимэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч О.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Отгончимэг миний бие анх 2003 онд Увс аймаг Улаангомд П.Сайханбаяртай танилцаж үүнээс хойш үерхэж байгаад 2005 оны 5 дугаар сард нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2007 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр С.Ариунзаяа, С.Ариунболд гэх хоёр ихэр хүү төрүүлсэн. П.Сайханбаяр бид хоёр тухайн үед гэрлэлтээ баталгаажуулаагүй байсан ба хоёр хүүхэд маань аав П.Сайханбаяраар овоглосон. 2007 оны 3 дугаар сард П.Сайханбаяр нь гэртээ ирэхээ больж надтай хамт амьдрахаа больсон. Миний бие 2 жоохон хүүхэдтэй байсан тул эзэнгүй хашаанд байж чадахгүй байсан болохоор эгчийнхээ хашаанд гэрээ барьж амьдарч байтал П.Сайханбаяр нь 2009 онд 2 хүүхдээ бодоод хамт амьдарья гэж хэлээд эргэж ирсэн боловч надтай 4 сар хамт амьдраад гэрээ зараад яваад өгсөн. Үүнээс хойш надтай холбоотой хүүхдүүдээ эргэж тойрдог байсан боловч хүүхдэдээ мөнгө төгрөг хувцас хунар авч өгч байгаагүй. Одоо миний бие Улаанбаатар хотод 2 хүүхдийн хамт айлд амьдарч байна. П.Сайнханбаяр өөр хүнтэй гэр бүл болсон. Миний бие хоёр хүүхдээ аав П.Сайханбаяраас нь тэтгэлэг тэтгэмж авалгүйгээр 11 жил өөрийн гар дээр өсгөн хүмүүжүүлсэн тул одоо аав П.Сайханбаяраас нь хоёр хүүхдэдээ тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Хүүхдээ авна гэсэн тайлбар гаргасан байна лээ үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй, нэг ч удаа хүүхдээ гэдэггүй хүн авч өсгөнө гэж юу байхав. Иймээс эцэг П.Сайханбаяраас хүү С.Ариунзаяа, С.Ариунболд нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.  

      Хариуцагч П.Сайханбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Пүрэвжав овогтой Сйханбаяр миний бие Олчигдой овогтой Отгончимэгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэг хүүхдээ өөр дээрээ авахыг хүсч байна” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч О.Отгончимэг нь хариуцагч П.Сайханбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд хэдийгээр О.Отгончимэг, хариуцагч П.Сайханбаяр нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч тэдний дундаас 2007 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүү С.Ариунзаяа, С.Ариунболд нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

   Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүү Сайханбаярын Ариунзаяа, Сайханбаярын Ариунболд нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Сайханбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Отгончимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Сайханбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Отгончимэгт олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Сайханбаярын Ариунзаяа, Сайханбаярын Ариунболд нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Сайханбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Отгончимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Сайханбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Отгончимэгт олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.БОЛОР