Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 176/2022/0401/Э |
Дугаар | 2022/ШЦТ/419 |
Огноо | 2022-10-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Бд холбогдох ___________ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад харуул ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ______________ 3 дугаар хороо, ______________ регистрийн дугаартай, М.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны орой Төв аймгийн Баяндэлгэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гүн галуутайн галзангын ар” гэх газарт иргэн М.Эыг найз охин Т.Отгонбилэгийг хүчиндэхийг завдсан гэх шалтгааны улмаас маргалдан нүд, нүүр хэсэгт нь гараараа олон удаа цохиж, төмсөг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэн нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны орой Төв аймгийн Баяндэлгэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гүн галуутайн галзангын ар” гэх газарт иргэн М.Эыг найз охин Т.Отгонбилэгийг хүчиндэхийг завдсан гэх шалтгааны улмаас маргалдан нүд, нүүр хэсэгт нь гараараа олон удаа цохиж, төмсөг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэн нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн ___________ дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч М.Эын өгсөн: “Тухайн өдрийн өмнөх өдөр Баттулга, Отгонбилэг, Батчимэг нар нь хөдөө байх гэрт ирээд тухайн өдөр гэрт бөөнөөрөө гэрт хоносон. Маргааш болох 8 дугаар сарын 17-ны өдөр Ганбаярынд байхад хонь гаргаад би Ганбаярын хамтаар 11 цагийн үед адуундаа хамт явчхаад буцаж гэртээ 16 цагийн үед ирэхдээ айрагтай ирээд гэрт байсан хүмүүст өгөөд чанасан байсан гэдсийг идчихээд Мөнхжаргал, Батчимэг, Баттулга нар нь Архуст руу машинтай дэлгүүр лүү явсан. Тэгээд би адуундаа явах гэж байхад Отгонбилэг нь надтай хамт явъя гэхээр нь хамтдаа явсан. Тэгээд мотоциклтой Отгонбилэгийн хамтаар адуундаа цуг явж худаг дээр очиж усалчхаад нөгөө адуу маань гэрийн гадаа байсан учир гэрт очиж нохойгоо хооллоод гэрийн гадаа морины ажлаа хийж байгаад гэр лүү ороод Отгонбилэгийн гараас бариад үнсэлцэж байгаад гэрийн хоймор хэсэгт хамтдаа очоод үнсэлцэж байгаад өмдийг нь доош болгосон чинь одоо болно яахын бэ гэхээр нь болиод Отгонбилэгийн хамтаар гэрээс гарч яван худаг руу очоод үлдсэн адуугаа усалчхаад Отгонбилэгийг буцаж Ганбаярынд хүргэж өгчхөөд гэр рүүгээ явах замд Баттулгатай тааралдаад машинаасаа бууж ирээд чи ямар овоо банди вэ гэх хэлээд миний нүүрний зүүн шанаа хэсэгт 6-7 удаа цохиж төмсөг хэсэгт 6-7 удаа өшиглөж цээж хэсэгт 2-3 удаа өшиглөөд намайг машиндаа суулгаад буцаж Ганбаярын гадаа очиж машинаас буулгаад хөл рүү 4-5 удаа өшиглөж сөгдүүлээд хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөхөөр доош тонгойсон чинь хамар хэсэг рүү өшиглөхөөр нь миний хамраас цус гарсан тэгээд чих хэсэгт 1 удаа цохиод миний газрыг хүлээд машиндаа суулгаад Баяндэлгэр сумын цагдаа дээр очсон. Тухайн үед Отгонбилэг нь Баттулгатай утсаар ярихдаа намайг Энхбуянт оролдорж хүчиндсэн гэж ярьсан гэсэн тэрнээс болж л намайг зодсон гэж бодож байна. Миний хамар хэсэг хавдаж хоёр шүд хөдөлж чих болон төмсөг хэсэг хөндүүртэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/,
Гэрч Г.Отгонбилэгийн өгсөн: “Тухайн өдрийн өмнөх өдөр Улаанбаатар хотоос Баттулга, Батчимэг нарын хамтаар Төв аймгийн Баяндэлгэр суманд байх Ганбаярын ирээд хоол унд хийж идээд тэр өдрөө Ганбаярын амарцгаасан. Маргааш болох 8 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед Ганбаяр болон түүний хуурай дүү Энхбуянтын хамтаар адуундаа явлаа гээд явсан. Тэгээд гэрт нь амарж байхад 04 цагийн үед Ганбаяр болон Энхбуянт нар нь ирээд би хоёр гэрийн нэг гэрт нь ганцаараа байхад Энхбуянт орж ирээд чи айраг ууя гээд байсан орж айраг уухгүй юм уу гэхээр за гээд нөгөө гэр лүү явах замд намайг тэврээд би чамайг өчигдөр ирснээс хойш харж байсан гэхээр тоохгүй хажуу гэр лүү ороод тэндээ хоол ундаа идэж байхад Архуст сум руу дэлгүүр орох уу гэхээр би өөрийн сонирхлоороо Энхбуянттай хамт адуунд явахаар болж гэрт Ганбаяр Энхбуянтын хамтаар үлдэж Баттулга, Батчимэг, Мөнхжаргал нар нь Архуст сум руу дэлгүүр лүү явсан. Тэгээд Ганбаяр унтаад өгөхөөр би Энхбуянтын хамтаар адуунд нь цуг явахаар мотоциклтой нь сундалж яваад адууг усалчихаад Энхбуянт манай гэр лүү явж нохой хооллохгүй бол болохгүй хэд хоног хариагүй гээд гэр лүү хамт явсан. Гэрт нь очоод Энхбуянт намайг гэрээс нохойны хоол болон морины тэжээл аваад өг гэхээр гэрээс нь авч өгчихөөд гэрээс нь гарах гэтэл гэрийнхэн гадаа нохой нь сул байсан болохоор гэрээс нь гарч чадахгүй байсан тэгээд гэрт байхад гаднаас Энхбуянт орж ирээд гэрийн хаалгаа түгжээд намайг гэрийн хойд талд байсан ор хөнжлийн унагацан байсан газарт намайг түлхэж унагаагаад миний дээр гарч бүх хувцсыг маань тайлаад хүчиндэх гэхээр би босох гээд оролдсон боловч дээрээс дараад хэвтсэн учир чадахгүй 1 цаг орчим ноцолдоод дийлэхгүй байхад Энхбуянт миний бэлэг эрхтэн лүү өөрийн бэлэг эрхтнээ хийхээр нь цааш түлхэж болиулаад ахин над руу хийх гэж дайрахаар нь өөдөөс нь эсэргүүцэж байхад гэрийн гадуур машин явах шиг болоход Энхбуянт босож гэрийн хаалгаар харж байхад нь би өмдөө өмсөж гутлаа углаад үлдсэн хувцсаа аваад хажуугаар нь гүйн гэрээс гарч зугтаагаад Ганбаярын гэрийн зүг алхан утсанд сүлжээ орохыг харж явтал утсанд сүлжээ ороод ирэхээр найз Батчимэг лүү ярьж юу болсон талаар хэлээд Ганбаярынх руу алхаж байхад араас Энхбуянт мотоциклтой ирээд намайг хүргээд өгье харин очоод юу ч битгий яриарай гэхээр үгүй гээд сууж байхад хажууд битгий хэлээрэй гээд бараг 10 орчим минут гуйгаад бас би Батчимэг найзыгаа ирэх байх гээд хүлээгээд ирэхгүй байсан учир хүргэж өгөх байх гээд мотоциклд нь суугаад Ганбаярын гэрийн гадаа ирээд орох гэтэл намайг мотоциклоос буулгахгүй энэ талаар хэлэхгүй гэвэл буулгана гээд би тухайн үед хэлэхгүй гэж аргалсан боловч намайг инээвэл буулгана гэхээр би хэлэхгүй гэсэн чинь буулгахгүй буцаж өөрийн гэрээс урагш авч яван хол зогсохоор нь буугаад өөрөө алхаад явъя гэсэн чинь одоо хүргээд өгье гээд намайг сундлаад авч яван Ганбаярын гэрийн гадаа буулгаж би гэрт орчихоод байхад Энхбуянт мотоциклтойгоо яваад Ганбаяр гаднаас орж ирээд яасан юм чамайг айлгасан юм уу гэхээр би юу болсон талаар хэлээд уйлж байхад гэрийн гадаа Архуст сум руу явсан хэд машинтайгаа ирсэн. Тэгээд Баттулга намайг гараад ир гэхээр гарсан чинь машинаасаа Энхбуянтыг буулгаж ирээд манай найз охиноос уучлалт гуйя гэж хэлээд цээж хэсэгт нь 1-2 удаа өшиглөөд хоёр гарыг хүлээд машинд суулгаад Баяндэлгэр сумын цагдаа руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,
Гэрч Б.Батчимэгийн өгсөн: “Төв аймгийн Баяндэлгэр суманд байх Ганбаярын ирээд хоол унд хийж идээд тэр өдрөө Ганбаярын амарцгаасан. Маргааш болох 8 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед Ганбаяр болон түүний хуурай дүү Энхбуянтын хамтаар адуундаа явлаа гээд явсан. Тэгээд гэрт нь амарж байхад 15-16 цагийн үед Ганбаяр болон Энхбуянт нар нь 5 литр айрагтай ирээд тэрийгээ бид нарт өгөөд түүнийг нь ууж юм ярьж сууж байгаад Архуст руу дэлгүүр орно гэхээр нь тухайн газар сүлжээгүй байсан болохоор Архуст сум руу явж нөхөр, хүүхэдтэйгээ ярих гээд Баттулга болон Мөнхжаргалын хамтаар Архуст сум руу явж очоод дэлгүүрийн гадаа дөнгөж ирж байхад Отгонбилэг над руу залгаж Энхбуянт намайг хүчиндэх гээд байна гэхээр нь утсаа Баттулгад өгч түүнтэй яриулсан чинь дэлгүүр оролгүй шууд буцаж явсан. Тэгээд Ганбаярын гэрийн наана явж байхад Энхбуянт мотоциклтой явж байхаар зогсоогоод Баттулга машинаас бууж очоод чи миний эхнэрийг оролддог хэн бэ гээд очиход Энхбуянт эхэлж заамдаж авахаар нь Баттулга бас заамдаж авсан чинь Энхбуянт Баттулгыг зүүн гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиход эргүүлээд Баттулга Энхбуянтын нүүрний хамар хэсэгт нэг удаа цохисон тэгээд Энхбуянтыг машиндаа суулгаад Ганбаярын гадаа очоод Энхбуянтыг Отгонбилэгээс уучлалт гуй гээд Баттулга нь Энхбуянтын хамар хэсэгт нэг удаа цохиод хамраас цус гарсан тэгээд удалгүй Энхбуянтыг машинд суулгаад Баяндэлгэр сумын цагдаа руу явсан. Би болон Баттулга, Мөнхжаргал нарийн хамтаар Архуст руу явж байхад Отгонбилэг над руу залгаад Энхбуянт намайг хүчиндэх гээд байна гэж хэлэхээр нь буцаж Ганбаярын гэр луу явах замд Энхбуянттай таарч Баттулга автомашинаас буун чи миний эхнэрийг оролддог хэн бэ гээд очиход Энхбуянт эхэлж заамдаж авахаар нь Баттулга бас заамдаж авсан чинь Энхбуянт Баттулгыг зүүн гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиход эргүүлээд Баттулга Энхбуянтын нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгээд Энхбуянтыг машиндаа суулгаад Ганбаярын гээд за очоод Энхбуянтыг Отгонбилэгээс уучлалт гуй гээд Баттулга нь Энхбуянтын хамар хэсэгт нэг удаа цохиод хамраас цус гарсан тэгээд удалгүй Энхбуянтыг машинд суулгаад Баяндэлгэр сумын цагдаа руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,
Шүүгдэгч М.Б сэжигтнээр өгсөн: “Тухайн өдөр Улаанбаатар хотоос эхнэр болох Отгонбилэг болон түүний найз Батчимэг нарын хамтаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуутай багт оршин суудаг Ганбаяр гэх найзынд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр очиж тухайн өдөр Ганбаярын хоол унд хийлгэж идэн амарцгаасан. Тэгээд маргааш өдөр болох 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ганбаярынд хонь гаргаж байхад найз Ганбаяр хажуу айлын хүн болох Энхбуянтын хамтаар адуундаа явлаа гээд явсан тэгээд удалгүй адуунаас ирэхдээ 5 литрийн айрагтай ирээд бөөндөө хонио янзалж байгаад Ганбаяр, Энхбуянт, Отгонбилэг нар нь гэрт үлдээд би мөнхөө, Батчимэг бид гурав Архуст сум руу дэлгүүр орохоор явахад Отгонбилэг нь Энхбуянттай адуу эргүүлэх гээд мотоциклтой явж байхаар би автомашинаа эргүүлээд Энхбуянт, Отгонбилэг нар нь мотоциклтой гэрээс хөдөлж байхаар гэрлээрээ хоёр удаа дохисон чинь буцаад гэр лүү явчихаар нь би цааш Архуст сум руу явсан. Тэгээд Архуст сум руу орж байхад Отгонбилэг нь Батчимэг лүү залгасан чинь Батчимэг надад утсаа өгөхөөр нь ярьтал Энхбуянт намайг гэр лүүгээ дагуулж ороод намайг хүчиндчихлээ гэж надад хэлхээр би шууд Ганбаярынх руу буцаад явсан. Тэгээд Ганбаярын гэр лүү явж байх замд Энхбуянтын гэр байдаг учир эхлээд Энхбуянтын гэрээр ороход хүнгүй цоожтой байхаар цааш явж байтал Ганбаярын гэрийн наана байсан жалганы хажууд Энхбуянттай таарч автомашинаасаа буугаад Энхбуянт луу чи яахаараа миний эхнэрт гар хүрдэг юм гээд очтол намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь намайг нэг удаа нүүрний баруун талын чамархайн хэсэгт цохихоор би зөрүүлээд түүний баруун болон зүүн чамархайн хэсэгт нэг нэг удаа цохиод түүнийг автомашинд суулгаад Ганбаярынх руу явж очоод Энхбуянтыг Отгонбилэгээс уучлалт гуйя гэж хэлээд хамар хэсэгт нэг удаа цохиод хоёр гарыг хүлээд өөрсдийн автомашинд суулгаад Баяндэлгэр сумын цагдаа руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 485 дугаартай “1.М.Эын биед зүүн дээд 1, доод 1-р шүднүүдийн сулрал, баруун, зүүн дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, дээд уруулд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Баруун зүүн дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн дээд 1, доод 1-р шүднүүдийн сулрал, баруун хацрын төвгөр, дээд уруулд зулгаралт, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг нь сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/,
Шүүгдэгч М.Б яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Манай найз охин болон Отгонбилэгийг Энхбуянт нь хүчиндчихлээ гэхээр би Архуст сум руу явж байгаад буцаж явж очоод Ганбаярын гэр рүү явж байх замд Энхбуянтын гэр байдаг учир эхлээд Энхбуянтын гэрээр ороход хүнгүй цоожтой байхаар цааш явж байтал Ганбаярын гэрийн наана байсан жалганы хажууд Энхбуянтай таарч автомашинаасаа буугаад Энхбуянт руу чи яахаараа миний эхнэрт гар хүрдэг юм гээд очтол намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдсан чинь намайг нэг удаа нүүрний баруун талын чамархайн хэсэгт цохихоор би зөрүүлээд түүний баруун болон зүүн чамархай хэсэгт нь нэг нэг удаа цохиод түүнийг автомашинд суулгаад Ганбаярынх руу явж очоод Энхбуянтыг Отгонбилэгээс уучлалт гуйж гэж хэлээд хамар хэсэгт нэг удаа цохиод хоёр гарыг хүлээд өөрсдийн автомашинд суулгаад Баяндэлгэр сумын цагдаа руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30-37 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч М.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч М.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад харуул хамгаалалтын ажил эрхэлдэг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 3 дугаар хороо Хасбаатарын гудамж 12-47 тоотод ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэсэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 31 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн ___________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН