Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/458

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга _______,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,

Хохирогч П.Б,

Шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ё.Бт холбогдох эрүүгийн ____________ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, __________

Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан,_______________дугаарын регистртэй, Ё.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.Б нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гүнбүрд” гэх газарт “би чиний охинтой суух байсан юм, чи битгий суу гэж хэлээ биз” гэх шалтгаанаар П.Бтай маргалдаж, улмаар П.Бын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

           

   Шүүгдэгч Ё.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “_____________” гэв.

 

Хохирогч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ____________________

 

 

___________ дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч П.Бын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би орой 17-18 цагийн үед Төв аймаг Сэргэлэн сум Хайрхан 2 дугаар баг “Гүнбүрд” гэх газарт байх хөдөө гэртээ байж байтал гаднаас Ё.Б гэх залуу нэлээн халамцуу манай гэрт орж ирсэн. Орж ирэхэд нь малын эрэл сураг надаас асуусан. Би айраг аягалж өгөөд Буяндэлгэртэй морины талаар ярьж хөөрөлдсөн. Тухайн үед бид гэрт байхад манай эхнэр С.Очирхуяг хүртэл цуг байж байгаад малдаа гарсан. Гаднаас Ханангийн Жагаа гэх залуу орж ирээд мэнд мэдчихээд гарсан. Тэгээд тэр хүмүүс гараад Буяндэлгэр бид хоёр хоёулахнаа гэрт үлдсэн байсан чинь нөгөөх чинь агсам тавих шинжтэй болж ирээд уг нь би чиний охинтой суух гэж байсан чи битгий суу гэж хэлээ биз гэх маягтай үг хэлсэн юм. Тэгэхээр нь би  хариуд нь –чамайг манай охин яаж тоохов дээ гэж хэлчихсэн юм. Тэгсэн чинь Буяндэлгэр –би бэлтэй бол бэлтэй хүн шүү гээд нүүрээ урд тулгаж ирээд байхаар нь би эхлээд дуугүй болчих болов уу гэж бодоод чиний бэлтэй мөнгөтэй төгрөгтэй чинь хамаагүй шүү гээд нэг удаа нүүр рүү алгадчихсан юм. Тэгсэн чинь Буяндэлгэр намайг шууд зөрүүлээд миний зүүн нүд рүү гараараа 2-3 удаа шанаадаж цохисон. Намайг хойшоо саваад унангуут дээрээс дарж байгаад миний хоолойг боосон. Би эсэргүүцэл үзүүлээд хөлөө сарвагануулсан чинь миний хөлийг биеэрээ дээрээс нь дарсан. Ширээн дээр байсан айрагны шаазан аягаар толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод нөгөө аяга нь хагарсан. Харин гаднаас манай эхнэр С.Очирхуяг болон манай хүү Б.Цэрэннамжил нар гэрт орж ирж байж намайг салгаж авсан.” гэх  мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,

Гэрч Б.Очирхуягийн өгсөн: “2022 оны 08 сарын 31-ны өдрийн 18 цагийн үед Төв аймаг Сэргэлэн сум Хайрхан 2-р баг “Гүнбүрд” хэмээх газар байх хөдөө гэртээ нөхөр П.Бын хамтаар малаа маллаад байж байсан. Тухайн үед манай гэрт манай тэр хавийн айл саахалтын Ё.Б гэх залуу гаднаас жоохон халмагдуу согтуу манай гэрээр орсон.Би тэр үед үхэр тугалаа хаших гээд зөрөөд гэрээс гараад явчихсан манай нөхөр П.Б тэр хүнтэй гэрт уулзаад үлдсэн.Би гадаа гараад 15 минут орчим малын хашаа хороон дээрээ байж байтал удалгүй гэрээс хүмүүс чанга чанга дуугарах чимээ гараад байхаар нь гялс яваад гэрт ортол гэрийн баруун урд орны хөндийд манай нөхөр П.Быг Ё.Б газар унагаад дээр нь өвдгөөрөө дараад тулчихсан.Хоёр гараараа багалзуур хоолойг шахчихсан байдалтай НЬ байсан. Би тэр даруй орилоод гадаа хонь хурааж байсан хүү Б.Цэрэннамжилыг дуудаад бид хоёр нийлж байж Ё.Бийг нөхрөөсөө салгаж авсан.Манай нөхрийг айргийн шаазан аягаар цохисон уу яасан аяга хагарсан мөн зүүн нүд нь цус хурж хөхөрч хавдсан, дээд уруул нь бага зэрэг язарсан, баруун чих нь сэтэрч цус гоожсон байдалтай байсан.Сүүлд нь салгаад гэрийн гадаа бүгд гарчихсан байх үед бас Ё.Б манай нөхөр рүү заамдаж авах гээд дайраад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

Гэрч Б.Цэрэннамжилын өгсөн: “Би 2022 оны 08 сарын 31-ны өдөр 18 цагийн орчим Төв аймаг Сэргэлэн сум Хайрхан 2-р баг "Гүнбүрд" гэх газарт хөдөө гэртээ байгаа аав П.Б ээж С.Очирхуяг нартай цуг байсан.Тухайн үед би гэрийнхээ ойролцоо үхрээ хариулаад явж байхад тэр хавьд гэр нь байдаг Е.Буяндэлгэр гэх залуу бэлчээрт надтай тааралдаад-"Нэг доголон улаан зүсмийн ямаа хайж байна харсан уу гэж асуугаад би мэдэхгүй би өнөөдөр л аав ээж дээр ирээд малд явж байна гэсэн чинь-"Танай аав гэртээ байгаа юу очиж асууна гээд зереед явсан.Би удалгүй би араас нь үхрээ хариулаад гэртээ дөхөж ирж байтал Ээж намайг-"Наашаа хурдал хурдал аавыг чинь хун зодоод байна гэхээр нь яараад гэрт ээжтэй цуг яваад ортол Ё.Б гэх залуу манай аав П.Б гуайг орны хелд газар унагаачихсан дээрээс нь дэвсчихсэн гараараа цохичихсон байдалтай зогсож байсан.Би-"Чи одоо болиоч хөгшин настай хүн зодож дээрэлхээд гэж хэлсэн чинь өөдөөс-"Чамд ямар хамаатай юм гэсэн.Би тэр үед болиулах гээд Ё.Бтэй барьцалдаад авсан.Тэр хоорондуур аавыг ээж гэрээс авч гарсан. Ё.Б намайг ор луу түлхэж холдуулаад аавын араас гарч гэрийн гадаа аавыг дахиж заамдаж аваад хоолойг нь боож аваад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Шүүгдэгч Ё.Бийн сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг Сэргэлэн сум Хайрхан 2 дугаар баг Хөндлөн гэх газар байх хөдөө гэрээсээ манай малаас хэдэн ямаа хурга дутчихаад тэр хавийн айлуудаар малын эрэл сураг гаргаж явж байхдаа айлуудаар орж ганц нэг хул айраг уусан тэндээсээ Гүнбүрд хэмээх газар байх малчин П.Б гуайн гэрээр орсон. Намайг гэрт ороход П.Б гуай өөрөө Морио болон эхнэр Очко эгч, хүүхэд нь П.Цэрэннамжил нар байсан.П.Б гуайд би малын эрэл сураг гаргаж яваа талаараа хэлсэн чинь нэг шил архи задалж гаргаж өгсөн.Түүнээс нь П.Б гуай бид хоёр хувааж уусан. Уугаад сууж байхдаа би П.Б гуайтай морь малны талаар ярьж байхдаа маргалдаж бие биеийгээ их үгээр идсэн маягтай юм ярьсан юм.П.Б гуай тээр жил алдсан надаас нэхсэн, мөн хэдэн жилийн өмнө манай ямаанд байсан тэдний ямааг чонО идсэн зэрэг асуудлыг сөхөж яриад маргалдаад эхэлсэн юм бид хоёр.Дээр нь П.Б ах намайг одоо хүнтэй суу оройтлоо, хонь ямааны эрэлд хүртэл Уур 5 ганцаараа явах юм их нарийн хүн л хүнтэй суудхуй юм даа гэж хэлэхээр миний хүрээд-: юу гэнээ та дахиад хэлдээ гээд би толгойгоо дөхүүлээд суусан чинь П.Б гуай эхлээд намайг 2 удаа намайг алгадаад авахаар нь би босож заамдалцаж авч байгаад баруун гараа зангидаж байгаад П.Б гуайн зүүн нүдний орчимд нэг удаа шанаадаж цохисон. Унасан хойно нь дээр нь гарч хоолойг нь аяга хагарсан.Бид хоёрыг ухан хан тэгээд цохих занжины оноож байхад тухайн үед малдаа гарчихсан байсан эхнэр нь болон хүүхэд П.Цэрэннамжил нар нь орж ирж салгаж болиулсан. Яг бид хоёр цуг архи ууж байгаад маргалдаад зодоон болоход хүн байгаагүй.Гэрийнхэн хүмүүс малдаа гарчихсан байсан юм. Суулд орж ирж салгасан эхнэр нь болон хүүхдүүд нь байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 500 дугаартай “1.П.Бын бие зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстанд шарх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт баруун чих зүүн нүдэнд зулгаралт зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

Урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх тэмдэглэл /хх-ийн 43-45 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ё.Б нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр П.Бтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстанд шарх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт баруун чих зүүн нүдэнд зулгаралт зүүн хацарт цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч П.Б, гэрч С.Очирхуяг, гэрч Б.Цэрэннамжил нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 500 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ё.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ё.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Хохирогч П.Б нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлээгүй болно.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ё.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

            Шүүгдэгч Б.Батжаргал эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хавтас хэргийн 37 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, 38 дугаар талд байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 43-45 дугаар талд урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх бүртгэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ё.Б нь 40 настай, малчин зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

 

            Шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ё.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бийг 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Ё.Бт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ё.Бт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН