| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/01027/и |
| Дугаар | 1180 |
| Огноо | 2018-11-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 1180
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16А, Засгийн газрын IХ байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын - үйл ажиллагаа явуулдаг, Б- т- ХХК-д холбогдох
Зээлийн үлдэгдэл төлбөр 325 000 000 төгрөг, алданги 161 700 000 төгрөг нийт 486 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, Я.Отгонбаатар, хариуцагчийн төлөөлөгч Т.Хулан, Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мал хамгаалах сангийн захирал Д.Пүрэвцэрэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, Я.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий: Б- т- ХХК нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтад тэнцээд Мал хамгаалах сантай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 201729 тоот зээлийн гэрээ байгуулж 400 сая төгрөгийн хүүгүй зээл авсан энэ зээл нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх зээлийн гэрээ байсан. Хариуцагч компани нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 75,000,000 төгрөг төлсөн байдаг өөр ямар ч төлбөр хийгээгүй, үлдсэн зээл 325,000,000 төгрөг, алданги 161,700,000 төгрөг, нийт 486,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б- т- ХХК, Мал хамгаалах сан хоёрын хооронд энэ зээлийн гэрээний харилцаа үүссэн, манай зээл татвар төлөгч бидний төсвийн зээл хүүгүй зээлийг зориулалтын дагуу ашиглаад явсан бол энэ компани 400 сая төгрөгтөө нийтдээ 800 тн тэжээл оруулж ирж малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах ёстой байсан, гэтэл зөвхөн мал хамгаалах сан хохирогч болоогүй биднээс гадна малчин ард иргэд хохиролтой асуудал үүсч байгаа, тэгээд энэ зээлийн гэрээний 5.3-т зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги тооцно гэсэн байгаа, гүйцэтгээгүй үүрэг гэж яаж үзээд байгаа вэ гэхээр зээлийн гэрээний хавсралтад гүйцэтгэх ёстой үүргийн хугацааг нь тодорхой зааж өгөөд 2 тал харилцан тохиролцсон байгаа, тэгээд үүргээ манайх гүйцэтгэсэн өвс тэжээлээ оруулж ирэх байсан гэж яг энэ гүйцэтгэсэн гэж гүйцэтгэхээр заасан болохоос гүйцэтгэсэн үү гэдэг нь тодорхойгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан, Ё.Ринзаан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Батдэлгэр трейд компани нь нэхэмжлэгчийн хэлснээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ хийж 400 сая төгрөгийн зээл авсан энэ зээлээ гэрээний нэгдүгээр хэсэгт заасан зорилгын дагуу Оросын холбооны улсаас малын тэжээл импортлон оруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор авсан. Энэ зорилгын хүрээнд Оросын холбооны улсын Русэкспорт компаниас малын тэжээл импортлон худалдан авах монгол мөнгөөр 420 орчим сая төгрөгийн гэрээ байгуулсан үүний дагуу манайх үйл ажиллагаагаа явуулаад эргэн төлөлтөө хийх боломжтой байсан боловч манай компанитай харилцаж байсан уг компани нь гэрээ байгуулснаас хойш нэг удаа 40 орчим сая төгрөгийн нийлүүлэлт хийгээд түүнээс хойш ахин нийлүүлэлт хийгээгүй энэ гэрээний дагуу манай компани 393,740,000 төгрөгөөр монгол мөнгөөр, Оросоор бол 9,335,000 рублыг шилжүүлсэн байдаг. Гэрээний үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулах гээд Оросын холбооны улсын энэ байгууллагатай гэрээ байгуулсан боловч энэ гэрээний дагуу харилцагч байгууллага үүргээ гүйцэтгээгүйгээс болоод манай компанийн үйл ажиллагаа алдагдалтай болоод төлбөрийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон, гэтэл манайхаас Мал хамгаалах сантай байгуулсан гэрээний дагуу маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэх гэсэн боловч ийм арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжилж байгаа мөнгөний хэмжээ 161,700,000 төгрөг буюу манай компанид хэт хохиролтой байна иймд иргэний хуулийн 232.8-д заасны дагуу шүүхээс энэ алдангийн хэмжээг хэрэгсэхгүй болгож өгнө үү үндсэн төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээ байгуулагдсан нь үнэн зээл авсантай маргахгүй, 75,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 325,000,000 төгрөгийг төлөх гэж байгаа, Мал хамгаалах сан нь ашгийн төлөө байгууллага биш иргэний хуулийн 33.2-т ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хоршооны хэлбэрээр байгуулна гэж заасан байгаа, ингэхээр мал хамгаалах сан нь ашгийн төлөө бус байх ёстой. Засгийн газрын 2001 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 246 тоот тушаалаар Монгол улсад анх мал хамгаалах сан байгуулагдсан энэ үед зээл өгдөг зээл нь хүүтэй байсан, 2011 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 374 дүгээр тогтоолоор мал хамгаалах сангийн хөрөнгө хамгаалах журам баталсан энэ журмаар хүүгүй болсон байдаг ийм эрх зүйн зохицуулалтаар явсан байдаг. Манайх авсан зээл дээрээ маргаагүй, Монголд хорголжин тэжээл байхгүй байхад манайх гэрээ хийсэн байдаг, иргэний хуулийн 323.8-д хэргийн нөхцөл байдлыг харгалзаж шүүх түүнийг багасгаж болно эсвэл хүүгийн хэмжээг зээлдэгч болон хохирогчийн хүсэлтээр зээлийг шүүх багасгаж болно гэж заасан байгаа, бид Оросын холбооны улсруу хүсэлт явуулсан одоо болтол хариу ирээгүй байна, зээлээ бол төлнө, харин нэхэмжлэгч тал хүүгүй зээлээс яагаад 0,5%-ийн алданги авна гээд байгаа юм бэ? Зээл өгч ашиг ол гээгүй энэ бол хүүгүй улсын зээл юм. Энэ байгууллага бол төсвийн байгууллага юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл төр өөрийн хөрөнгөөр байгуулсан хөрөнгийг төрийн өмч гэнэ гэж, манайх бол авсан зээлээ төлнө гэж байгаа харин алдангийг багасгаж өгөөч гэж хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Мал хамгаалахтай сантай хариуцагч Бат дэлгэр трейд ХХК нь зээлийн гэрээ байгуулан ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирж борлуулах зорилгоор 400 000 000 (дөрвөн зуун сая) төгрөгийг, 9 сарын хугацаатай, хүүгүй, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг зээлдүүлэгч талд төлөхөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй холбоотой ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна. / хх-ийн 10-11/
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 400 000 000 төгрөгийг авсан талаар маргаагүй бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр 325 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, анзын хэмжээ хэт их байгаа тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги 161 700 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэлт гаргасан болно.
Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөрт 75 000 000 төгрөг төлсөн талаар тайлбар гаргасан бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.
Хариуцагч нь ОХУ-ын Русэкспорт ХХК-тай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу малын тэжээл авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж нотлох баримтаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ ирүүлсэн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулагдсан байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. / хх-ийн 42-43/
Хариуцагч нь ОХУ-ын Русэкспорт ХХК-д төрийн банкаар дамжуулан 9 335 100 рубль шилжүүлж, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гаалиар 110500 кг-ын хивэг оруулж ирсэн болох нь хэрэгт авагдсан Б- т- ХХК-ны депозит дансны харилцагчийн Монгол хуулга, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, гаалийн мэдүүлэгийн хавсралт, гаалийн хилээр навтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 44-66/
Хариуцагч нь ОХУ-ын Русэкспорт ХХК-тай байгуулсан гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн боловч гэрээний нэг тал болох Русэкспорт ХХК нь тэжээл нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж чадаагүй хүндрэл учраад байна гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ нь гэрээний хариуцлага болох алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн хуулинд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул талууудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.3-д Зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг зээлдүүлэгч талд төлнө, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Анзыг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар хариуцагч Б- т- ХХК-аас үндсэн зээлээс гэрээний хугацаанд шилжүүлсэн 75 000 000 төгрөгийг хасч үлдэх 325 000 000 төгрөгт алданги тооцоход 1 өдрийн 1 625 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 68 хоног х 1625 000 = 110 500 000 төгрөг дээр үндсэн зээл нэмээд 325 000 000 + 110 500 000 =435 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мал хамгаалах санд олгох нь зүйтэй.
Хариуцагч нь шүүх хуралдаанд алдангийн хэмжээ хэт их байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байх тул дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б- т- ХХК-аас 435 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мал хамгаалах санд олгож, 51 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Бат дэлгэр трейд ХХК-аас 2 335 450 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА