| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/01017/И |
| Дугаар | 135/ШШ2018/01159 |
| Огноо | 2018-11-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2018/01159
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******- даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум - тоотод оршин суух, *******-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, - тоотод оршин суух, *******-,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17 дугаар хороолол, 11б байрны 42 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох
Үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 9 дүгээр сард дүүдээ хадлан хийлгэхээр падаа өгч гаргасан. Тэгсэн цэнхэр портортой 2 хүн ирсэн. Тэр хоёр хүн нь *******-, Б.******* нар юм. *******-, Б.******* нар над дээр ирээд “манай хадлангийн ажилд тус болооч ээ” гэж тусламж хүссэн. Тэгээд би, *******-, Б.******* нар падаа хувааж авч, би *******-, Б.******* нарын гадаа майхнаа барьж буусан. Удалгүй *******-, Б.******* бид нар шатахуун авахаар Дархан-Уул аймагт орж ирсэн. Шатахуун авч байх үед *******- “Бидэнд мөнгө хэрэгтэй байна аа, шатахуун авах гэсэн юм” хэлсэн. Би *******-, Б.******* нарыг найдвартай өгчих байх гэж бодсон. Тэгээд би өөрийн виза картаа *******-д өгсөн. *******-д виза картаа өгөхдөө “миний картад 1,500,000 төгрөг байгаа. Чи 1,000,000 төгрөгийг аваарай” гэж хэлээд явуулсан. *******-, Б.******* нарын хадлангийн ажил удаашралтай явагдсан нь үнэн. Хадлангийн үед өвс цасанд дарагдсан. *******-, Б.******* нарын ажлын зохион байгуулалт муу байснаас болж хадлангаа цасанд даруулсан. Гэхдээ хариуцагч *******-, Б.******* нар цасанд дарагдсан хадлангаас тодорхой хэмжээний өвс авсан. Би *******-д 1,000,000 төгрөгт өвч аваагүй. Тодорхой хэмжээний хэрээс боож аваад үлдэгдэл өвснөөсөө надад өвс өгнө гэсэн яриа байсан. Сүүлдээ өвсөө хэрхэн зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. Одоо *******-д өгсөн 1,000,000 төгрөг, түүний хүү 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед 1,000,000 төгрөгийг *******-д өгөх үедээ бид хоёр хүү бодох талаар яриагүй. Ажил сунжирсан учраас би *******-д зээлсэн 1,000,000 төгрөгт хүү бодогдож байгаа шүү гэдгийг тодорхой хэлсэн. *******- гараар бичсэн бичвэрийг нотариатаар орох өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бичиж өгсөн. Би *******-д 1,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хүүг 10 сараар тооцож, үндсэн төлбөр 1,000,000 төгрөг, түүний хүү 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч *******-, Б.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2017 оны 9 дүгээр сард хадлангаасаа буусан. Манай трактор явахгүй байсан учраас би *******-гийн тракторыг гуйсан. Тэгээд *******- манай гадаа майхнаа барьж буусан. Хадлангаа хадаж дуусахад 680 бухал өвс гарсан. Би *******-гаас 2017.9.24-ний өдөр 1,000,000 төгрөгийг авсан. Гэхдээ *******- ахтай “Бухал өвсөө тоолоод та дээд талаас нь эхлээд ав, би доод талаас нь өвсөө авъя” гэж хэлээд ногдох өвсөө авсан. Тэгээд бид хадлангаасаа буугаад шатахуун авахаар явсан. Шатахуун авч байхдаа би *******- ахтай “өвсөө зарж шатахуун авах хэрэгтэй байна аа, шатахууны мөнгөгүй болчихлоо” гэж хэлэхэд *******- ах “ах нь өвс авна шүү дээ, би 500 боодол өвс авъя, ах нь 2,000,000 төгрөгт өгье” гэж хэлсэн. Тэгээд *******- ах картаа өгч, би картаас нь 1,000,000 төгрөг авсан. Тэгтэл удалгүй *******- ах “манай эхнэр 250 боодол өвч авах юм гэнэ ээ” гээд надаас 1,000,000 төгрөгөө нэхсэн. Би *******- ахаас 1,000,000 төгрөгийг авч, хоол унд шатахууны зардалдаа зарцуулсан байсан. 2017.10.07-ны цас маш их хэмжээний цас орсон байсан. 2017.11.18-ны өдөр 620 боодол өвс өөрийнхөө хэрэгцээнд боож орж ирсэн. Тэгээд өглөө нь *******- ах тохирсон өвсөө боож авсан. Манай нөхөр Б.*******, *******- ах өвс авах талаар мэдэж байгаа болохоос биш 1,000,000 төгрөгийн талаар юу мэдэхгүй. Хадлангийн ажил удаашрах нь удааширсан. Би 2018 онд Дарханд орж ирсэн. Би 1,000,000 төгрөгийг *******- ахад өгч чадахгүй байгаа учир байдлаа хэлсэн. Тэгсэн *******- ах намайг элдвээр хэлж, дарамтлан өдөр бүр нотариат дээр хүрээд ир гэж хэлэх болсон. Тэгээд би *******- ахаас мөнгө авсан нь үнэн учраас нотариат дээр очсон. Тэгэхэд *******- ах надад бичих үгийг хэлж, би гараараа энэ бичвэрийг бичсэн. 2017.6.27-ны өдрөөс 2017.9.27-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд би 1,000,000 төгрөгийг төлөхөөр байсан. Ер нь *******- ах өдөр бүр нэг өөр зүйл ярьж, мөнгөө нэхдэг байсан. Тэгсэн 2018 оны 8 дугаар сард төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Нэг боодол өвсийг 3500 төгрөгөөр тооцож, 380 боодол өвс өгчих гэж *******- ах надад хэлсэн. Тэгээд би *******- ахтай яриад өвсөө аваарай гэхэд “ахынх нь ходоод өвдөөд байна аа, миний дүү өвсөө зараад ахынхаа төлбөрийг өг” гэж бас нэг өөр зүйл ярих болсон. Анх *******- ах бид хоёр 2,000,000 төгрөгт 500 боодол өвс авахаар тохирсон байсан. Тэгээд 250 боодол өвс авахаар 1 сая төгрөг өгсөн нь үнэн. 1 сая төгрөгийг төлнө, гэхдээ би *******- ахыг надаас өвсөө авах байх гэж бодож байсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-, Б.******* нарт холбогдуулан үндсэн зээл 1 000 000 төгрөг, 10 сарын хүү 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *******- нь өвс авахаар тохирч 1 000 000 төгрөг өгсөн нь үнэн тул төлөхийг зөвшөөрч байна, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү 1 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч *******- нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг бид тохиролцож хадлан хадаад өвсөө хувааж авсан, ойроос өвс авах нь ашигтай байсан тул *******-д 1 000 000 төгрөг өгсөн, гэвч эдний ажлын зохион байгуулалт муу байсан тул өвсөө цасанд даруулсан, би мөнгөө өгсний дараа миний мөнгө хүүтэй шүү гэдгийг хэлж байсан тул 2018 оны 6 дугаар сард гэрээ байгуулсан, би жилийн хүү тооцох байсан боловч 10 сарын, 10 хувийн хүүг үндсэн зээлийн хамт гаргуулах шаардлага гаргаж байна гэж тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатайгаар, 1 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр гэрээ байгуулсан байна. / хх-ийн 4 дүгээр хуудас/
Хариуцагч нь шүүх хуралдаанд нэг жилийн өмнө 2017 оны 9 дүгээр сарын 24-нд 1 сая төгрөгийг авсан нь үнэн гэж тайлбар гаргасан бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, 1 жилийн өмнө өвс авахаар өгсөн 1 сая төгрөгийг шилжүүлснээр тооцож гэрээ байгуулсан талаар талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд мөнгө шилжүүлсэн өдрөөс зээлийн гэрээ байгуулсанд тооцох хуулийн шаардлагыг зөрчсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хуулийн шаардлага хангаагүй хэлцэл байх тул хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.
Хариуцагч *******-гийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бичсэн баримтад ... Би иргэн *******-гаас 2017 оны 9 дүгээр сарын 24-нд өвс бэлдэхээр 1 сая төгрөг зээлж авсан. Өвсөө бэлдэж чадаагүй цасанд даруулсан тул энэ ахын мөнгийг өгч чадахгүй сарын хүү тохирсон. 2018 оны 9 дүгээр сарын 20 гэхэд тооцоогоо дуусгана, 1 сая төгрөгийг өвсөө өгч чадаагүй болохоор хүүтэй нь өгнө гэж тохирсон сарын 10 хувь хүүтэй өгнө гэж тохирсон гэсэн нотлох баримт нь талуудын хооронд өвс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дагуу өвсний үнэнд 1 сая төгрөгийг хариуцагч *******- авсан болохыг нотолж байна.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч *******-д өвс авах шаардлагатай байсны улмаас хариуцагч *******-д 1 сая төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь өвсөө зарах хэрэгцээ шаардлага байсан зэрэг хэн алины ашиг сонирхол нэгдсэний улмаас амаар хэлцэл хийсэн буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.8-д Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн буюу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *******- нь өвсний үнийг шилжүүлсэн боловч хариуцагч нь эд зүйлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч *******-гаас 1 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу шаардах эрхгүй байна.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөнгө авсан тухай баримт зэргээр нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ хэлцэлд Б.******* оролцоогүй, үүрэг хүлээгүй байх тул Б.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-гаас 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч Б.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, хүү 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******лтантуяа