Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 125/ШШ2021/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Дотоод аудитын хорооны даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн дотоод аудитын хорооны дарга Б.Д-ын 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Ховд аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Хүнс Хөдөө аж ахуйн газар нягтлан бодогчоор ажилд орсон. Төрийн аудитад манай байгууллагын 2018-2019 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж ямар нэгэн санхүүгийн зөрчилгүй гэсэн үнэлгээ өгч байсан.

Гэтэл Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь манай байгууллагын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийж 2 зөвлөмжтэй 6 акт тогтоосон.

Ингэхдээ манай байгууллагын хашаанд байдаг хүлэмж нь байгууллагын үндсэн хөрөнгөнд байдаггүй байсныг бараа материал, нийлэг хуудсанд  орлогоор авсан. Шинэ нийлэг хуудас  авах бүртээ би өмч хамгаалах зөвлөлийн тэмдэглэл, даргын шийдвэрээр орлого зарлага гаргадаг байсан. Энэ бүх материал байсаар байхад үндсэн хөрөнгөнд аваагүй байна гэж үзэж 12,500,000 төгрөгний хүлэмж орлогод авах зөвлөмжийг гаргасан.

Хоёрдугаарт 29,500,000 төгрөгний өвсний орлого авах тухай зөвлөмж гаргасан ба энэ нь санхүүгийн ямар ч баримтгүй зүйлийг үндэслэн зөвлөмж бичсэн байдаг. Энэхүү өвс нь аймгийн Засаг даргын тамгын газарт харьяалагддаг. Аймгийн Засаг даргын хөрөнгөнөөс зээлээр трактор авч, зээлний оронд өвс өгөөд өвсийг нь Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүчээр орлогод авахуулсан.

Улсын байцаагчийн 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 35-02-160 дугаартай “Цалин хөлс төлүүлэх тухай” актын хувьд Хүнс хөдөө аж ахуйн газрын дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Я.З  нь 2018 оны 9 сард тэтгэвэрт гарсан. 2016 оноос өмнө манай байгууллагын дотоод журамд тэтгэвэрт гарсан ажилтанд нэг сарын үндсэн цалинг олгох талаар зохицуулсан байсныг аудитын зөвлөмжөөр уг тэтгэмжийг олгохыг хориглосон тул дотоод журамдаа 1 хонь олгохоор өөрчлөлт оруулсан. Үүний дагуу нэг хонийг тэтгэвэрт гарсан Я.З -д олгосон. 2018 оны 11 сард намайг Улаанбаатар хотод сургалтанд явсан хойгуур Б.Б  дарга байгууллагын дотоод журамдаа өөрчлөлт оруулж, тэтгэвэрт гарсан ажилтанд нэг сарын цалин олгохоор өөрчлөлт оруулсан хэдий ч би олгоогүй. Жилийн эцсийн мэдээ тайлангийн үеэр буюу 2018 оны 12 сард Я.З  нь ирж 3-4 хоног ажилласан тул үүнтэй холбоотой цалин олгосон.

Улсын байцаагчийн 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 35-02-161 дугаартай “Томилолтын үнэ төлүүлэх тухай” актын хувьд 2018 онд Ховд аймагт малын халдварт өвчин гарч аймгийн Онцгой байдлыг газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын ажлын хэсэгт Дарви сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэсэн. Манай байгууллагын ажилтан болох Э нь ар гэрийн гачигдлын улмаас томилолтоор ажиллах боломжгүй болсон тул Онцгой байдлын ажилтан Х.Б  гэх хүнийг Энхбаярын оронд 10 хоног ажиллуулахаар болсон байсан. Гэтэл малын эмч С.Э  нь Э гэх томилолтын хуудсандаа Х.Б -ны данс ирүүлж, энэ талаар учир байдлыг тайлбарласан тул томилолтоор ажилласан Х.Б -д томилолт олгосон.

Улсын байцаагчийн 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 35-02-162 дугаартай “Түрээсийн үнэ төлүүлэх тухай” актын хувьд манай байгууллагын хашаанд ногоочдын сургалт, туршлага нэвтрүүлэх зэрэгт дадлагын ажил хийхэд зориулсан 5 хүлэмж байдаг. Энэхүү хүлэмжид жил бүр аймгийн гудамж талбайг цэцэгжүүлэхэд үрсэлгээ хийхэд үнэ төлбөргүй ашиглаж ирсэн. Гэвч хүлэмжийн цаас урагдаж, шинээр солих, эсвэл скочдох, усалгаа хийхэд худгийн насос эвдрэх, байгууллагын тогны мөнгө нэмэгдэх, усалгааны шланк авах зэрэгт зардлууд гарах болсон. Ийм учраас жил бүрийн 3-9 саруудад дээрх хүлэмжийг тус бүр 200000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж эхэлсэн. Гэтэл түрээслэгчид түрээсийн мөнгөө төлөөгүй, дутуу төлөх зэрэг асуудал гарсан байсан.

Улсын байцаагчийн 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 35-02-163 дугаартай “Түрээсийн үнэ төлүүлэх тухай” актын хувьд намайг анх ажилд ороход манай байгууллагын хашаанд байгаа 5 хүлэмж нь байгуулагын данс бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Уг хүлэмж нь 1 жил болоод өөрөө эвдэрч, нийлэг хальс нь ашиглах боломжгүй болсон бөгөөд бараа материалын зардлаар акталж, дахин шинэ нийлэг хальсаар бүрэхдээ шинээр орлого авах зэргээр бүртгэл хөтөлж ирсэн. Гэтэл 2019 онд бүх хүлэмж дэлбэрч ашиглах боломжгүй болсон тул даргын тушаалаар зарлагдсан. 2019 онд аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Булган, Мянгад, Буянт зэрэг сумуудад хадлангийн механикжсан салаа байгуулахаар болж тракторын иж бүрдлийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэрээ байгуулан авч, тээврийн зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулахаар болж Хүнс хөдөө аж ахуйн газрын нэмэлт дансаар олгосон. Уг тракторын иж бүрдлийн дээрх 3 сумын иргэдтэй гэрээ байгуулан зээлээр олгож, зээлийн төлбөрт аймгийн нөөцийн өвс бэлтгэн нийлүүлж, өвсний үнийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж барагдуулахаар гэрээнд заасан байсан. Булган сумаас бэлтгэсэн өвс нь Булган сумын Онцгой байдлын хашаанд буулгасан байгаа. Энэхүү өвсийг одоо болтол борлуулаагүй байгаа.

Улсын байцаагчийн 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 35-02-165 дугаартай “Гэрээнд тусгаагүй зардал төлүүлэх тухай” актын хувьд Хүнс хөдөө аж ахуйн газар нь 1968 онд барьсан хуучирсан барилгад үйл ажиллагаа явуулдаг. 2007 оноос хойш урсгал завсар хийгдээгүй, ус бороо нэвтэрч дээвэр тааз нь байнга нурдаг байсан тул би ээжээрээ үнэ төлбөргүй завсар хийлгэдэг байсан. 2019 онд Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар Г.Г  ажиллаж байх үед даргын зөвлөлийн хурал, өмч хамгаалах зөвлөлийн хурлаар байгууллагын урсгал засварын ажил хийхээр болж урсгал засварын ажлын төсөв гаргахад 61 сая төгрөг болсон. Энэ асуудлыг яамнаас шийдвэрлүүлэхээр хүсэлт явуулсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Ингээд дарга Г.Г  нь манай ээжтэй холбогдож 4 сая төгрөгөөр завсар хийлгэхээр ярьж, энэ асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэж, 100 хувь дэмжсэн тул завсарын ажил эхэлсэн. Засвар хийхтэй холбоотой барилгын материалыг баруун хилээс  авахаар болсон ба манай няравын гадаад паспортны хугацаа дууссан тул намайг явж мөнгөндөө хяналт тавьж материалуудыг авч ир гэж Г.Г  дарга үүрэг өгсөн.  Би баруун хилээс ирчихээд амралтаа аваад ажилдаа ороход барилгын засварын ажил хийгдэж байсан. Засварын ажлын хөлс 4,000,000 төгрөг өгөхдөө 10% ийн суутгаж авсан. Засвар хийгдэж дууссаны дараа газрын даргын тушаалаар 3 ширхэг төлөг өгөхөөр шийдсэн байсныг надаар төлүүлэхээр акт гарсан. Би даргын гаргасан шийдвэрийн дагуу л баримтаар санхүүгийн бүртгэлдээ тусгасан боловч надад холбогдуулж акт тогтоосон.

Улсын байцаагчийн 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 35-02-166 дугаартай “Материалын үнэ төлүүлэх тухай” актын хувьд Ховд аймгийн Засаг даргын 2019 оны А/850 дугаар захирамжаар Зэрэг, Дарви, Чандмань сумдуудад Уатхан гэх мэргэжилтэн томилолтоор ажиллахаар болж 2300000 төгрөг байгууллагын дансанд орж ирсэн. Үүнээс 162000 төгрөгийн зөрүүтэй байсан учраас буцааж төрийн санруу шилжүүлсэн. Мөн Гайхамшигт өнгө ХХК-д захиалга өгч нэхэмжлэл, зарлагын баримт авч ирэхийг даалгасан. Ингээд 12 сарын 26-ны өдөр гүйлгээ хийсэн. Гэтэл Уатхан нь Гайхамшиг өнгө ХХК-ний захиралд хямд үнээр бэлтгэж зөрүү мөнгө өгөхийг шаардсан талаар мэргэжилтэн Шижирболд надад хэлсэн. Ингээд хоолны мөнгийг жолоочийн дансанд шилжүүлж, шагналын мөнгийг няравын дансанд шилжүүлж өгөөд хоолны мөнгөнд жагсаалтаар бэлтгэж, гарын үсэг зуруулж ирэхийг заагаад явуулсан.

Гайхамшигт өнгө ХХК-д захиалга өгсөн өргөмжлөл энэ тэрээ авалгүй явчихаад чи мөнгө шилжүүлээгүйгээс болж шагналаа өгч чадаагүй. Тухайн шагналын мөнгийг бэлнээр авч зарцуулсан гэж Уатхан надад гомдол гаргаж, энэ гомдлын дагуу над дээр акт тавьсан.

Улсын байцаагчийн 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 35-02-166 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын хувьд хот дотор 200-300 км зам илүү бичиж, бензин зарлагадсан гэжээ. Байгууллагын шатахуун зарцуулах зөвшөөрлийг дарга өөрөө бичдэг байхад намайг дур мэдэж шатахуун зарцуулсан гэж акт тавьсан.

Үүний дараагаар Хүнс Хөдөө аж ахуйн дарга Б.Бямбажав намайг дуудаж хорооны хурлын тогтоол гарсан талаар мэдэгдэж 10 сарын 28-ны өдөр ажлаас халсан. Би мөн цагдаагийн газар шалгагдаж, надад холбоотой хэрэг хэрэгсэхгүй болсон.

Эдгээр актуудтай холбоотойгоор сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас над руу утсаар ярьж  чамд холбоотой 5 актыг хүчингүй болгосон, зөвлөмжийг хэвээр үлдээсэн талаар шинжээч Батбаатар гэдэг хүн надад хэлж байсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн албан бичиг ирүүлсэн. Одоо энэ тогтоолыг хүчингүй болгож хэн буруутай этгээдийг  олж тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн дотоод аудитын хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. 2020 оны 09 сарын 03 дугаартай тогтоолыг 6 хүний буюу ирц бүрэн хуралдаж нийт 10 байгууллагын асуудлыг хэлэлцсэн байдаг. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Ховд аймгийн Дотоод аудитын хороо нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар 03 дугаар тогтоолыг гаргасан. Уг хуралдаанаар 3 сум нэр бүхий байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн авч хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гаргасан.

Дотоод аудитын хорооны хуралдаанаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэж, 14 сая  төгрөгийн тендерийн ажлыг тус газрын нягтлан бодогч Ж.Б  ээжээрээ хийлгэж 4,0 сая төгрөгийн материалын үнийг өөрөө Хятад улс руу явж бараа нийлүүлсэн, “Гайхамшигт өнгө” ХХК-руу 380.000 төгрөгийн бараа материалын үнэ шилжүүлж, тухайн хүмүүст уг өргөмжлөл, шагнал өгөгдөөгүй нь ажилчдын тайлбар, баримтаар нотлогдсон байна.

Дээрх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт, Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д  “.....Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод  ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан хавсралт хүснэгтийн 2-д заасан “...Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна.Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “....Төсвийн ерөнхийлөн захирагч хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, «иг.-ого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад «глэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж, хяналт шалгалт хийсэн зөвлөмж хүргүүлэх талаар хурал хийж шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан ‘Дотоод аудитын дүрэм”-ийн 5.1-д Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх хүрээг тодорхойлсон.

Дүрмийн 5.1.3-д “...төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал”-д санхүүгийн хяналт шалгалт хийх эрх хэмжээг дотоод аудитад олгожээ.

Мөн дотоод аудитын нэгжийн дарга нь дотоод аудитын хороонд тус дүрмийн "6.5-д зааснаар “....аудитад хамрагдсан байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох санал”-ыг оруулж шийдвэрлүүлэн, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх эрхтэй байна. Энэ эрхийнхээ хүрээнд хуралд саналыг оруулсан байгаа, Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “....Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Энэ заалтыг зөрчих юм бол тухайн хуулийн 29 дүгээр зүйлд ажлаас халах үндэслэл болох байгаа иймд Ж.Б -ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн дотоод аудитын хорооны дарга Б.Д -ын 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шалгалт явуулах хороо байгуулсан Засаг даргын захирамж гарсан. 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Энэ тэмдэглэлээс харахад хуралд оролцсон бүрэлдэхүүн нь шийдвэр гаргах эрхгүй этгээдүүд санал гаргасан байдаг. Ирц бүрдээгүй. Захиргааны Ерөнхий хуульд заасан шударга ёсны зарчим алдагдсан. Хөндлөнгийн байр сууринаас оролцож байгаа хүмүүс нь бүгд акт тавьсан хүмүүс байдаг. Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналт, шалгалтыг ахалж ажилсан улсын байцаагч Ц  нь өөрөө санал өгч оролцсон. Өөрийн гаргасан актаа энэ хүн хамгаалж л оролцоно. Энэ хүн хөндлөнгийн байр сууринаас оролцох ёстой байсан.

Ноцтой гол зөрчил нь  Ховд аймгийн Хүнс хөдөө ахуйн газрын урсгал засварын 14 сая  төгрөгний тендерийн ажлыг ээжээрээ хийлгэсэн, бараа материалыг өөрөө татсан, ГӨ ХХК-д шагналын 380,000 төгрөг шилжүүлсэн тул шүүхэд шилжүүлэн шалгуулж, дараа нь үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарсан байдаг. Энэ хурлын тэмдэглэлээс харахад уг нь гэм буруугийн асуудал шийдэгдэж ирвэл үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар  тусгасан.

Нэгд ирц бүрдээгүй, хоёрт гишүүн гээд оролцсон хүмүүсийг гарын үсэг зуруулчихсан хэтэрхий нэг талыг барьсан байна. Хурлын тэмдэглэлийн шийдвэрлэлт, хурлын тогтоол хоёр нь  зөрүүтэй байгааг шүүхээс анхаарч үзнэ үү.

2020 оны 09 сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” тогтоолд  Хүнс хөдөө аж ахуйн газарт хийгдсэн шалгалтаар тогтоосон 2,386,694 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар 40 сая  төгрөгийг байгууллагад орлого авах  улсын ахлах байцаагчийн актыг баталсугай, зөрчил гаргасан нягтлан бодогч Ж.Б -г хурлын шийдвэрт үндэслээд үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариу мэдэгдэхийг Ховд аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б- т даалгасан тогтоол гарсан нь   Ж.Б -гийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн захиргааны акт гарсан байдаг.  Захиргааны акт  гаргахдаа тухайн хуралд Ж.Б -г оролцуулаагүй, чөлөөлөх үүрэг даалгавар явуулж байгаа бол сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Тухайн байгууллагад хяналт шалгалт явуулахдаа удирдамжийг аймгийн Засаг дарга баталсан. Энэ нь төлөвлөгөөт бус шалгалт байсан ямар шалгалт хийх гэж байгаа талаараа огт мэдэгдээгүй. Актуудыг харахад 7 сарын 01-ний өдрийн 35-02-160 дугаартай “Цалин хөлс төлүүлэх тухай” акт энэ акт нь ХХАГ-ын дарга Б.Б , Ж.Б нарт гэсэн байгаа 35-02-161 дугаартай “Томилолтын үнэ төлүүлэх тухай” акт, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба, улсын ахлах байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 35-02-162 “Түрээсийн үнэ төлүүлэх тухай” акт зэрэг нь бүгд Б.Б , Ж.Б  нарт гэсэн буюу байгууллага дээр гарсан актууд байдаг. Үүнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж гэмт хэргийн шинжгүй гээд прокуророос  хааж шийдвэрлэсэн. Энэ актуудын талаар Сангийн яамны сайдад удаа дараа гомдол гаргасан. Сангийн яамнаас эдгээр актуудыг хүчингүй болгосон ямар ч үндэслэлгүй байна, зөвлөмжийг хэвээр үлдээсэн талаар утсаар хэлж байсан боловч албан бичиг ирүүлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг.

Тухайн актууд байгууллага дээр тавигдсан акт байхад нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөхгүйгээр шаталсан арга хэмжээг авч болох байсан. Сонсох ажиллагаа хийхгүйгээр тогтоол гарч 50%-ийн ирцгүйгээр хурал хийгээд тэмдэглэл гарсан. Хурлын тогтоол, тэмдэглэл нь зөрүүтэй. Нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас шүүх үнэлж өгнө үү.

Аймгийн Засаг даргын удирдамжаар төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн. Эдгээр актуудыг Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Г.Ө  нь гарын үсэг зураагүй учраас гардуулж өгөөгүй.  Сүүлд хавтаст хэрэгт өгсөн материал дотор гарын үсэг нөхөж зураад баталгаажуулан баримтуудыг өгсөн харагддаг.  Эдгээр үндэслэлгүй тавигдсан актууд байх тул Ховд аймгийн дотоод аудитын хорооны дарга Б.Д -ын “Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” 2020 оны 09 сарын 03 дугаартай хурлын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Ж.Б  нь Ховд аймгийн Дотоод аудитын хорооны дарга Б.Д-д  холбогдуулан Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар “ Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах” тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн засаг даргын баталсан удирдамжийн[1] дагуу Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт  шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд дараах улсын байцаагчийн актуудыг тогтоожээ.

1. 35-02-160 дугаар “Цалин хөлс төлүүлэх тухай” актаар  260253 төгрөгийг   дарга, нягтлан бодогч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх[2]

2.35-02-161 дугаар “Томилолтын үнэ төлүүлэх тухай” актаар 108000  төгрөгийг   дарга, нягтлан бодогч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх[3]

3.35-02-162 дугаар “Түрээсийн үнэ төлүүлэх тухай” актаар 600000  төгрөгийг   нэр бүхий 4 аж ахуйн нэгжээр төлүүлэх[4]

4. 35-02-163 дугаар “Хөрөнгө данс бүртгэлд тусгах тухай” актаар нийт 40.000.000 төгрөгийн төсвийг орлого авч данс бүртгэлд тусгахаар [5]

5. 35-02-165 дугаар “Гэрээнд тусгаагүй зардал төлүүлэх тухай” актаар 225000  төгрөгийг    нягтлан бодогчоор төлүүлэхээр [6]

6. 35-02-166 дугаар “Материалын үнэ төлүүлэх тухай” актаар 378000  төгрөгийг   нягтлан бодогчоор төлүүлэхээр[7]

7.35-02-167 дугаар “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актаар 815441 төгрөгийг нягтлан бодогч болон бусад 3 хүний хамт  хувь тэнцүүлэн төлүүлэхээр[8]  тус тус акт тогтоосон байна.

Улмаар аймгийн Дотоод аудитын хорооны хурлаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг хэлэлцэж Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” 03 дугаартай тогтоолыг баталжээ.

Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах тухай” 03 дугаартай тогтоолоор[9] 

1.Ховд аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газарт хийгдсэн шалгалтаар тогтоосон 2.386.694 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 40.000.000 төгрөгийг тухайн байгууллагад орлого авах улсын байцаагчийн актыг баталж

2.Зөрчил гаргасан нягтлан бодогч Ж.Б -г хурлын шийдвэрт үндэслээд үүрэгт ажлаас нь чөлөөлж хариу мэдэгдэхийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Бямбажавд даалгажээ.

Нэхэмжлэгч талаас Дотоод аудитын хорооны 2020 оны 09  сарын 02-ны  өдрийн 03 дугаартай тогтоолыг хурлаар акт тавигдаагүй зөрчлийн талаар хэлэлцсэн, үндэслэлгүй тавигдсан актуудыг хорооны хурлаар баталсан, улсын ахлах байцаагч Ж.Ц нь өөрөө шалгалт явуулж акт тогтоосон байтал дотоод аудитын хорооны хуралд оролцсон нь  зөрчилтэй,  актад тавигдсан зөрчлийн тухайд ажлаас чөлөөлөхөөс өөр сахилгын арга хэмжээ санал болгох боломжтой гэж маргажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч хорооны хурал хүчинтөгөлдөр, аудитын актаар тогтоогдсон зөрчилд ажлаас чөлөөлөх  арга хэмжээ авахуулахаар тогтоолоор баталсан гэсэн тайлбар гаргасан байна.

Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн даргын 2020 оны 10 сарын 27-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Дотоод аудитын хорооны 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн Ж.Б -г  ажлаас нь халсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна.   

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэж заасан ба мөн хуулийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлахаар зохицуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар Дотоод аудитын дүрмийг баталжээ.

Уг дүрмийн 4.12-т Төсвийн ерөнхийлөн захирагч дэргэдээ Дотоод аудитын хороотой байж болох бөгөөд хороог тухайн төсвийн ерөнхийлөн захирагч даргална гэж 4.13-т Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг төсвийн ерөнхийлөн захирагч, хорооны дүрмийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ.

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 29 дүгээр тушаалын хавсралтаар Дотоод аудитын хорооны дүрмийг баталсан байна.

Дүрмийн 2.1-д Дотоод аудитын хороо 5-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба хорооны дарга нь тухайн төсвийн ерөнхийлөн захирагч байна,  2.2-д Хороонд тухайн байгууллагын төсвийн шууд захирагч,  дотоод аудитын нэгж дарга,  холбогдох албан тушаалтан, төрийн захиргааны төв болон тухайн байгууллагаас хараат бус эрдэмтэн, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөлөл орох бөгөөд хорооны бүрэлдэхүүн  нь сондгой тоотой байна. Нийт гишүүний гуравны нэгийг хараат бус гишүүдээс бүрдүүлнэ, 3.1-д хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна, 3.6-д Хурал нь нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцсоноор хүчинтэйд тооцно. Хурлаас гарах шийдвэр нь хорооны тогтоол байна гэжээ.

Мөн дүрмийн 4 дэх хэсэгт Дотоод аудитын хорооны эрх, үүргийг заасан байх ба 4.1.2-т Дотоод аудитын нэгжийн гүйцэтгэсэн аудитын үр дүнг хэлэлцэх, шийдвэр гаргах, зөвлөгөө өгөх эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; 4.1.49-д дотоод аудит гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.З-д Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж, мөн хуулийн 8.1.1-д Бүх шатны Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Төсвийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзэхэд аймгийн Засаг даргаас хянан шалгах эрхээ хэрэгжүүлэхэд Дотоод аудитын хороо нь оролцож харьяа төрийн байгууллагуудын төсвийн зарцуулалтад хяналт тавьж тодорхой эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах эрхийг эдэлснээр уг хорооноос гарах шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулж байна.

1.Дотоод аудитын хорооны хуралд Ж.Б -г оролцуулаагүй, сонсох ажиллагаа хийгдээгүй гэх тайлбарын тухайд:  

Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэжээ.

Өөрөөр хэлбэл дотоод аудитын хороо нь дээрх зүйлд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн буюу хүчинтөгөдөр болсон актыг хэлэлцэж баталгаажуулахаар байна. 

Мөн Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр Дотоод аудитын хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-д ...Хорооны хуралд шаардлагатай гэж үзвэл дотоод аудиторууд, тухайн байгууллагын холбогдох  албан тушаалтныг оролцуулж болно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Ж.Б-г  хорооны хуралд заавал оролцуулах шаардлагагүй байна.

Иймд аймгийн Дотоод аудитын хороог нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

2. Үндэслэлгүй тавигдсан актуудыг хорооны хурлаар баталсан  гэх тайлбарын тухайд:  

1. 35-02-160 дугаар “Цалин хөлс төлүүлэх тухай” актаар  260253 төгрөгийг   дарга, нягтлан бодогч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх[10]

2.35-02-161 дугаар “Томилолтын үнэ төлүүлэх тухай” актаар 108000  төгрөгийг   дарга, нягтлан бодогч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх[11]

3.35-02-162 дугаар “Түрээсийн үнэ төлүүлэх тухай” актаар 600000  төгрөгийг   нэр бүхий 4 аж ахуйн нэгжээр төлүүлэх[12]

4. 35-02-163 дугаар “Хөрөнгө данс бүртгэлд тусгах тухай” актаар нийт 40.000.000 төгрөгийн төсвийг орлого авч данс бүртгэлд тусгахаар [13]

5. 35-02-165 дугаар “Гэрээнд тусгаагүй зардал төлүүлэх тухай” актаар 225000  төгрөгийг    нягтлан бодогчоор төлүүлэхээр [14]

6. 35-02-166 дугаар “Материалын үнэ төлүүлэх тухай” актаар 378000  төгрөгийг   нягтлан бодогчоор төлүүлэхээр[15]

7.35-02-167 дугаар “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актаар 815441 төгрөгийг нягтлан бодогч болон бусад 3 хүний хамт  хувь тэнцүүлэн төлүүлэх[16]  тухай актуудыг  нэхэмжлэгч Ж.Б  нь  дээд шатны байгууллага болох Монгол Улсын Сангийн сайдад хандсан ба Монгол Улсын Сангийн Сайдын 2021 огны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13-02/156 дугаар  албан бичгээр[17] “Захиргааны ерөнхий   хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан хугацаанд багтаан гаргаагүй тул гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй  байна “ гэсэн хариу ирүүлжээ.

Дээрхээс үзвэл  дээрх актууд хүчинтөгөлдөр болсон байх тул шүүхээс дээрх актуудын хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.  

3. Хорооны хуралд санхүүгийн ахлах байцаагч  Ж.Ц -г оролцуулсан, хорооны хурлын ирц бүрдээгүй тухайд:

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/684 дугаар захирамжаар[18] Дотоод аудитын хороог доорх бүрэлдэхүүнтэй байгуулсан ба  дарга Б.Д  /Аймгийн Засаг дарга/, гишүүдэд  Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Н.Б  /мэргэшсэн нягтлан бодогч, иргэдийн төлөөлөл Ч.М , нарийн бичгийн дарга  санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ж.Ц  нарын нийт 6  гишүүний бүрэлдэхүүнийг баталжээ. Дотоод аудитын хорооны даргыг /Аймгийн Засаг дарга/ оролцуулан тооцвол нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар захирамжаар томилжээ.

Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 сарын 02-ны өдрийн хуралдаанд[19] аймгийн Засаг дарга Б.Д , гишүүдэд Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Г.Ө ,  Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Б ,  Ховд их сургуулийн нягтлан бодогч Н.Б , Ч.М , нарийн бичгийн дарга, улсын ахлах байцаагч Ж.Ц  нар  буюу 6 гишүүн оролцсон байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 29 дүгээр тушаалын хавсралтаар Дотоод аудитын хорооны дүрмийн 3.6-д Хурал нь нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцсоноор хүчинтэйд тооцно гэснийг хангасан байна.

Дотоод аудитын хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хороо нь нарийн бичгийн даргатай байна. Хорооны нарийн бичгийн даргыг  төсвийн ерөнхийлөн захирагч томилж, чөлөөлнө, 5.2-д Хорооны нарийн бичгийн дарга нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 5.2.1-т Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулж батлуулах, материалыг гишүүдэд  хурлыг товлогдсон  өдрөөс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх, 5.2.2-т хорооны хурлыг зохион байгуулах, ирцийг бүртгэх, хурлын тэмдэглэлийг нэгтгэх, 5.2.3-т Хорооны тогтоолыг хуралд оролцсон бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, албажуулах, холбогдох байгууллага, нэгжид хүргүүлэх, 5.2.4-т Хорооны хурлын тэмдэглэл, тогтоол болон холбогдох баримт бичгийг архивт хүлээлгэн өгөхөөр заажээ.

Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн  7 дугаар зүйлийн 7.7-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч, дотоод аудитор нь  нь хяналт шалгалт, аудитын тайланг бэлтгэн  нэгжийн даргад танилцуулна. Хэрэв Дотоод аудитын хороотой бол тайланг тус хороогоор хэлэлцүүлэхээр байна.

Дээрхээс үзвэл Ховд аймгийн засаг даргын баталсан удирдамжийн[20] дагуу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах  байцаагч Ж.Ц нь  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт  шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд акт, албан шаардлага бичсэн ба уг шалгалтын тайланг аймгийн Дотоод аудитын хорооны хуралд танилцуулж, хэлэлцүүлсэн нь дээрх  дүрмүүдийг зөрчөөгүй ба хорооны хурлын нарийн бичгийн даргаар томилогдсон нь дээрх эрхийг нь хязгаарлахгүй буюу энэ талаар хориглоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн   “...улсын ахлах байцаагч Ж.Ц  нь өөрөө шалгалт явуулж акт тогтоосон байтал дотоод аудитын хорооны хуралд оролцсон нь  зөрчилтэй...” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

 4.Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6-д Дотоод аудитын нэгжийн дарга дараах асуудлыг Дотоод аудитын хороо, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж тайлагнана, 7.6.1-д гүйцэтгэсэн дотоод аудит, сангийн хяналт шалгалтын дүн, 7.6.5-д аудитад хамрагдсан байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, холбогдох албан тушаалтанд  хариуцлага тооцох санал гаргах эрхтэй байна.  

Хорооны хуралд Хорооны нарийн бичгийн дарга, санхүүгийн ахлах байцаагч Ж.Ц  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар танилцуулсан байх ба хорооны гишүүн, Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Г.Ө   нэхэмжлэгч Ж.Б -г ажлаас халах санал оруулсан, улмаар уг санал гишүүдийн саналаар дэмжигдсэн болох нь хорооны хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна[21].

Гэвч нэхэмжлэгч Ж.Б- д төлүүлэхээр тавигдсан актын Ж.Б- д ногдох хэсгийг тооцож үзвэл 990986 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон ба дотоод аудитын хорооны хурлын тэмдэглэлд[22] тусгагдсан ноцтой гэх зөрчлийн талаар  эдийн засгийн албанд шилжүүлж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл эдийн засгийн албанд шилжүүлж шийдвэрлэсэн зөрчлийг Ж.Б  гаргасан эсэх нь тогтоогдоогүй  байхад ажлаас халах санал оруулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн гаргасан  зөрчлийн шинж байдалд тохироогүй байх тул аймгийн Дотоод аудитын хороо нь Хүнс хөдөө аж ахуйн газрын  санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар дахин хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Ховд аймгийн Дотоод аудитын хороог дахин хуралдаж  шийдвэр гаргах хүртэл  маргаан  бүхий акт болох Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар “Хүнс хөдөө аж ахуйн газрын  шалгалтын дүнг батлах тухай” тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр цаг хугацааны хувьд маргаан бүхий акт гарсаны дараа гарсан боловч Ховд аймгийн прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/195 дугаар прокурорын тогтоолоор[23] “Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь албан конторын урсгал засварт 14.000.000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр хуулийн холбогдох заалтыг зөрчиж, тендер шалгаруулалгүйгээр нягтлан бодогч Ж.Б  нь өөрийн ээж Х.Г -р  шууд гэрээ байгуулан тус  ажлыг гүйцэтгүүлсэн, мөн “ГӨ” ХХК-нд 378000 төгрөгийн өргөмжлөл, мандатын үнэ гэж шилжүүлэг хийсэн байх боловч уг өргөмжлөлийг тухайн байгууллага аваагүй, үйл ажиллагаандаа ашиглаагүй...” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар “ Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын шалгалтын дүнг батлах” тухай тогтоолыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд  захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг   шүүхэд хянан   шийдвэрлэх тухай  хуулийн   114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хх-ийн 90 дэх тал

[2] хх-ийн 78 дахь тал

[3] хх-ийн 79 дэх тал

[4] хх-ийн 80 дахь тал

[5] хх-ийн 77 дахь тал

[6] хх-ийн 81 дэх тал

[7] хх-ийн 82 дахь тал

[8] хх-ийн 83 дахь тал

[9] хх-66 дахь тал

[10] хх-ийн 78 дахь тал

[11] хх-ийн 79 дэх тал

[12] хх-ийн 80 дахь тал

[13] хх-ийн 77 дахь тал

[14] хх-ийн 81 дэх тал

[15] хх-ийн 82 дахь тал

[16] хх-ийн 83 дахь тал

[17] хх-133 дахь тал

[18] хх-ийн 98 дахь тал

[19] хх-ийн 67  дахь тал

[20] хх-ийн 90 дэх тал

[21] хх-ийн 72 дахь тал

[22] хх-ийн 72 дахь тал

[23] хх-ийн 121-124 дэх тал