Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 124/2024/0003/З |
Дугаар | 221/МА2024/0592 |
Огноо | 2024-09-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0592
А.А*******, С.А*******, Б.Э*******, А.А*******,
А.А*******, А.А******* нарын
нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах ж*******р хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: А.А*******, С.А*******, Б.Э*******, А.А*******, А.А*******, А.А*******
Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: С.Ө*******
Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 11-33б хаягт байрлах, 191900536 нэгж талбарын дугаартай 980м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газрын өмчлөх эрхийг С.Ө*******д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 124/ШШ2024/0007 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******
Гуравдагч этгээд С.Ө*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 124/2024/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А*******, С.А*******, Б.Э*******, А.А*******, А.А*******, А.А******* нараас Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 11-33б хаягт байрлах, 191900536 нэгж талбарын дугаартай 980 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газрын өмчлөх эрхийг С.Ө*******д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 124/ШШ2024/0007 дугаар шийдвэрээр:
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А******* нарын Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 11-33б хаягт байрлах, 191900536 нэгж талбарын дугаартай 980 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн газрын өмчлөх эрхийг С.Ө*******д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...А.А******* болон С.А*******, Б.Э*******, А.А*******, А.А*******, А.А******* нар өөрсдийн амьдарч байсан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг 11-336 хаягт байрлах 980 м.кв газрыг хуульд заасан журмын дагуу холбогдох баримт материал, өргөдлийг гаргасны үндсэн дээр хуулийн дагуу өмчлөх эрхтэй болсон. Үүний дагуу Г-1520000536 дугаар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гарган өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хуулиар хамгаалагдаж, баталгаажсан.
Гэтэл бидний 191900536 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөлийг С.Ө*******д Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 000090384 дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ өгсөн байна.
Бидний хувьд бүгд 2000 оноос хойш Улаанбаатар хотод суурьшин амьдарч байна. Гэвч тухайн газартаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар өмчлөх эрхтэй болсон тул бусад этгээдэд алдагдана гэж бодоогүй байсан. Нэхэмжлэгч нарын хэн нь ч С.Ө*******д газраа өмчлүүлэх тухай хүсэлт, өргөдөл гаргаагүй тийм хүсэл зориг байгаагүй, өөрсдийн газраа нэгэнт өмчлөх эрхтэй болсон тул хуулийн дагуу хамгаалагдсан гэж итгэж байсан. Гэтэл ямар ч хуулийн үндэслэлгүйгээр бусдын өмчийг шилжүүлэн авсан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийг тус тус ноцтой зөрчиж, өмчлөгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон.
Шүүхээс С.Ө*******ийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтэд холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлд заасантай нийцсэн гэж үзсэн. Ингэхдээ тухайн гэрээнд байгаа гарын үсэг нь нэхэмжлэгч нарынх мөн эсэхийг тогтоогоогүй, шинжээч томилуулах хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаагүй, хэргийг тал бүрээс нь судалж, бодит байдлыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн.
Мөн шүүхээс хариуцагч шалгаж, нягтлах үүргийг хуулиар хүлээхгүй гэсэн нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчсөн дүгнэлт болсон.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 124/ШШ2024/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Увс аймгийн Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр захирамжаар анх 980 м.кв газрыг иргэн С.А*******т гэр, хашааны зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар уг газрыг мөн оны 138 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхэд хамтран өмчлөгчдөөр С.А*******ийн эхнэр Б.Э*******, хүү А.А*******, А.А*******, охин А.А*******, А.А******* нар тус тус бүртгэгдсэн, эдгээр нэр бүхий 6 иргэний газар өмчлөх эрх улсын бүртгэлийн 1520000536 дугаарт бүртгэгдэж, тэдгээрт 000050821 тоот гэрчилгээ олгогджээ.
Хариуцагч аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс энэхүү газрын өмчлөх эрхийг гуравдагч этгээд С.Ө*******д шилжүүлэн бүртгэх болсон гол үндэслэл нь нотариатаар гэрчлүүлсэн, нэхэмжлэгч С.А*******, С.Ө******* нарын хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн бэлэглэлийн гэрээ байх бөгөөд уг гэрээний 1-т газрыг 800.000 төгрөгөөр үнэлсэн, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мөн өдрөөр огноолсон мэдүүлэгт одоогийн нэхэмжлэгчдийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарууд, тэдгээрийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээ, С.Ө*******ийн бичгээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар тус тус хавсаргагдсан байна.
2.Нэхэмжлэгч Б.Э******* 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа С.Ө*******ийн эхнэр Б.Маамуутай 2006 оны 8 дугаар сард өмчлөлийн газраа зарах талаар ярилцаж байсан, 100.000 төгрөг урьдчилж өгөхөөр, харин үлдсэн мөнгийг өгсөн үед газраа шилжүүлэхээр аман тохиролцоо хийсэн, газрын төлбөрийн урьдчилгаа авсан...;
-С.Ө*******ийн эхнэр Б.Маамуу 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “…2006 оны 8 дугаар сард математекийн багш нарын сургалтад сууж байхдаа Б.Э******* гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжих гэж байгаа тул газраа 800.000 төгрөгөөр зарах тухай яриад бид хамтдаа очиж үзэж байсан. 800.000 төгрөгийг бэлнээр өгч хашааг худалдаж авсан. Тухайн үед газрын гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй байж байгаад 2010 онд С.А******* шилжүүлж өгсөн…” гэснээс тус тус үзэхэд нэхэмжлэгч А.А*******, А.А*******, А.А*******, А.А******* нарын эцэг, эх нь гэр бүлийн хамтын өмчлөлийн газраа зарах хүсэл сонирхлоо 2006 онд илэрхийлж байсан төдийгүй эцэг С.А******* дээр дурдсан бэлэглэлийн гэрээг хийсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд ээж, хүүхдүүдээс нь газраа бусдад шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, бэлэглэлийн гэрээн дээрх гарын үзэг тэдгээрийнх биш гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
3.Шийдвэрт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар С.Ө*******ийн гаргасан дээрх мэдүүлгийг улсын бүртгэгч хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй талаар, мөн 19 дүгээр зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгсөн байна.
Тухайлбал уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан, энэ тохиолдолд бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх тул хариуцагч мэдүүлгийн “хамтран өмчлөгчид” хэсэгт зурагдсан нэр бүхий нэхэмжлэгчдийн гарын үсэг үнэн зөв эсэхийг нягтлах үүрэггүй.
Мөн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр ямар нэгэн шийдвэр байхгүй, нэхэмжлэгчдээс ч энэ талаар маргаагүй, түүнчлэн цаг хугацааны хувьд 14 жилийн өмнө хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар уг гэрээг байгуулж, одоогийн маргаан бүхий бүртгэлийг хийлгэсэн С.А******* нь өөрийн эхнэр, хүүхдүүдийн хамтаар маргаж байгаа үндэслэлгүй юм.
Шүүх нотариатаар гэрчлүүлсэн бэлэглэлийн гэрээн дээрх гарын үсгийн С.А*******аас бусад нь нэхэмжлэгч нарынх мөн эсэхийг шинжээч томилж дүгнэлт гаргуулан тогтоолгох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, үнэхээр 14 жилийн өмнө бусад нэхэмжлэгч нарын зөвшөөрлийг авалгүйгээр, тэдгээрт мэдэгдэлгүйгээр эцэг С.А******* эхнэр, хүүхдүүдийнхээ өмнөөс гарын үсэг зурж, гэр бүлийн хамтын өмчлөлийн газраа гуравдагч этгээдэд 800.000 төгрөгөөр үнэлж, бэлэглэсэн байх тохиолдолд хариуцагч улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах бус харин энэхүү үйлдлийн үр дагаврыг өөрсдийн эцгээс шаардах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын ж*******р гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН