Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа,

Шүүгдэгч Б.Балсандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Засгууд овогт Барниугийн Балсандоржид холбогдох эрүүгийн 201626031006 дугаартай хэргийн шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 869 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ОА63082515 / Засгууд овогт Барниугийн Балсандорж нь :

-  2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 896 тоот өөрийн гэртээ эхнэр Б.Батбаяртай “ Банкны өр  төлсөнгүй ”   гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний баруун гар руу гараараа цохиж биед нь баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

- давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 896 тоот гэртээ эхнэр Б.Батбаяртай  “ Банкны өр төлсөнгүй ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн гарыг хуванцар сандлаар цохиж биед зүүн шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Батбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Б.Балсандорж 2016 оны 6 сарын сүүлээр согтуу орж ирээд банкны өр болон гэр бүлийн асуудлаас болж маргалдаж цохиж, зодон миний баруун гарыг хугалсан. Би эмнэлэгт үзүүлэхгүй бариачаар гараа бариулаад арай гайгүй болж байтал 2016 оны 7 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө согтуу орж ирээд дахиж хэрүүл хийгээд гэрийн хуванцар сандлыг аваад намайг цохиход нь би хугарсан баруун гараа зүүн гараараа хааж байтал зүүн гарыг чөмгөөр нь хугалчихсан. Тэгээд гэртээ хэвтэж байтал манай том хүү орж ирээд гараа яасан юм бэ гэж асуугаад хадам эгчийг дуудаад тэр оройдоо намайг эмнэлэгт хэвтүүлсэн…” гэжээ. / хх 6-7, 21-25 /,

Хохирогч Б.Батбаярын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 12-13 /,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 14-16 /,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол / хх 17-19, 20 /,

Гэрч Б.Тэгшпүрэв мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би ажлаасаа тараад 18 цагийн үед гэртээ иртэл  ээж  “ 2 гараа хугалчихлаа ” гэж хэлсэн. “ Яаж байгаад хугалчихсан юм бэ? ” гэж асуухад чимээгүй байгаад байсан. Би уурлаад “ яасан юм бэ ” гэж асуутал аав, ээж 2 хоёулаа дуугарахгүй байсан. Тэгээд би аавын эгч Батзул эгч рүү утсаар яриад “ ээжийн 2 гар нь хугарчихсан хэвтэж байна. Яасан юм бэ гэхээр энэ 2 хэлэхгүй байна. Та хүрээд ир ” гэж дуудсан. Аав ээж 2 надад хэлэхгүй байсан болохоор би ерөнхийдөө аавыг ээжийн 2 гарыг хугалчихлаа гэдгийг мэдээд аавын эгч рүү залгасан юм…” гэжээ. / хх 28-29 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9929 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...1. Батбаярын биед баруун шуу яс, зүүн шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэжээ. / хх 33 /,

 Шинжээч Б.Долгормаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Баруун шуу ясны хугарал, мөн зүүн шуу богтос ясны хугарал гэмтлүүд нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Уг гэмтлүүд нь гараар болон хуванцар сандлаар хүчтэй цохиход үүсгэгдэх боломжтой…” гэжээ. / хх 36-37 /,

Шүүгдэгч Б.Балсандоржийг 2016.09.13-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 42-44 /,  2016.10.01-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 46-47 /,

Шүүгдэгч Б.Балсандоржийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 55 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Балсандорж мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эхнэртэйгээ банкны мөнгө төлөхөөс болж маргаж, намайг өшиглөхөөр нь би эргүүлээд гараараа цохитол  баруун гарыг нь хуга цохьчихсон юм.  2016 оны  07 дугаар сарын 04-нд бас л мөнгө төгрөгнөөс болж эхнэр бид хоёр маргаж байгаад сандал шидчихсэн чинь зүүн гарыг нь хугалчихсан. Хэрэг гардаг өдрүүдэд гэрт эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч болсон асуудлыг санаж байсан.  Би  хөдөө ажиллаж байгаад ирсэн ба цалингаа өгөхгүй байсан учир үүнээс болж маргаан гарсан. Одоогоор эхнэрийн бие сайн байгаа. Саяхан Увс аймаг руу явсан. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Бид хоёр 30 гаран жил хамт амьдарч байгаа. Үйлдсэн хэрэгтээ  маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Балсандорж нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 896 тоот өөрийн гэртээ эхнэр Б.Батбаяртай “ Банкны өр  төлсөнгүй ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний баруун гар руу гараараа цохиж биед нь баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 896 тоот гэртээ эхнэр Б.Батбаяртай “ Банкны өр төлсөнгүй ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн гарыг хуванцар сандлаар цохиж зүүн шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

-  “...Манай нөхөр Б.Балсандорж 2016 оны 6 сарын сүүлээр согтуу орж ирээд банкны өр болон гэр бүлийн асуудлаас болж маргалдаж цохиж, зодон миний баруун гарыг хугалсан. ...2016 оны 7 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө согтуу орж ирээд дахиж хэрүүл хийгээд гэрийн хуванцар сандлыг аваад намайг цохиход нь би хугарсан баруун гараа зүүн гараараа хааж байтал зүүн гарыг чөмгөөр нь хугалчихсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Батбаярын мэдүүлэг / хх 6-7, 21-25 /,

- Хохирогч Б.Батбаярын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 12-13 /,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 14-16 /,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол / хх 17-19, 20 /,

- “...2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би ажлаасаа тараад 18 цагийн үед гэртээ иртэл  ээж  “ 2 гараа хугалчихлаа ” гэж хэлсэн. “ Яаж байгаад хугалчихсан юм бэ? ” гэж асуухад чимээгүй байгаад байсан. Би уурлаад “ яасан юм бэ ” гэж асуутал аав, ээж 2 хоёулаа дуугарахгүй байсан. Би ерөнхийдөө аавыг ээжийн 2 гарыг хугалчихлаа гэдгийг мэдээд аавын эгч рүү залгасан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Тэгшпүрэвийн мэдүүлэг  / хх 28-29 /,

- “…Хохирогч Б.Батбаярын бие махбодид баруун шуу яс, зүүн шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаархи Шүүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9929 дугаартай шинжээчийн дүгнэлт…” / хх 33 /,

- “...Баруун шуу ясны хугарал, мөн зүүн шуу богтос ясны хугарал гэмтлүүд нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Уг гэмтлүүд нь гараар болон хуванцар сандлаар хүчтэй цохиход үүсгэгдэх боломжтой…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг  / хх 36-37 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Балсандоржийг давтан үйдлээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж  шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Балсандорж нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см өндөртэй, 44 см өргөнтэй, 4 хөлтэй, саарал өнгийн 1 ширхэг хуванцар сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон  

                                                                                                                          ТОГТООХ нь:

1. Засгууд овогт Барниугийн Балсандоржийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Балсандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Балсандоржид 3 / гурван / жил 6 / зургаан / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см өндөртэй, 44 см өргөнтэй, 4 хөлтэй, саарал өнгийн 1 ширхэг хуванцар сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Б.Балсандорж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Балсандоржид оногдуулсан 3 / гурван/ жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 / хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Балсандоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД