Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/449

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Жид холбогдох ____ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр..____ суух,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан___ регистртэй, О.Ж.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн төв дээр 2022 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө М.Гыг гэрээс гарах үед араас нь толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч О.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч О.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн төв дээр 2022 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө М.Гыг гэрээс гарах үед араас нь толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн ____ дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч М.Гын өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчим гэртээ эхнэр Цогзолмаагийн хамтаар унтаж байхад гаднаас Ариунболд, бас нэг танихгүй залуу хоёр хамт ирсэн. Ариунболд нь орж ирээд намайг Дөрвөд пизда босооч гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Ариунболд нь намайг босгох гэж миний нөмөрч байсан хөнжлийг хоёр удаа татсан. Би босохгүй байж байгаад 2 дахь удаагаа хөнжил татахаар нь босоод идээ тавьж өгсөн. Ариунболд нь пизда идчихээд архи нэхээд хамт явсан залуугаа Төв аймгийн Байгаль орчны байцаагч гэж танилцуулсан. Тэгсэн тэр залуу нь намайг танайх зөвшөөрөлгүй мод хийсэн байна мод чинь хаана байгаа вэ гэж асуусан. Тэгэхээр нь би мод хийгээгүй орой болсон байна та нар өглөө ирээд шалгаарай гэж хэлсэн. Ариунболд нь манай авдар дээр бурхны урд байсан архийг хараад тэнд архи байна тэр архиа аягалаач гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр Цогзолмаа нь тэр архийг аваад хийгээд өг гэж хэлэхээр нь би авдар байсан 0.5 граммтай Экс нэртэй архийг аваад Ариунболдод аягалаад өгөхөд 1 удаа уусан. Ариунболдтой хамт байсан хүнд архи хийж өгөхөд тэр хүн уугаагүй. Ариунболд тэр хоёр байж байгаад нөгөө залуу нь манай гэрээс гарсан. Тэрний дараад нь Ариунболд нь манай гэрээс гарахдаа энэ хамт яваа залуу Очирбат ахын банди байгаа биз дээ гэж хэлэхээр нь би Ариунболдод хандан чи тэгээд зүгээр хэлэхгүй Төв аймгаас ирсэн байгаль хамгаалагч гэж хэлэхдээ яадаг юм бэ гэж хэлэхэд Ариунболд юм хэлэлгүй манай гэрээс гараад явсан. Би Ариунболдын араас гэрийн хаалгаар гартал Ариунболдтой хамт явсан залуу нь модоо миний толгой хэсэгт 1 удаа цохиход нь би ухаан алдаж газарт унасан. Ухаан ороод сэртэл гэртээ газарт сэрсэн. Миний хажууд багийн эмч Отгоо ирсэн миний биеийг үзэж байсан. Эмч үзээд намайг хөдөлгөж болохгүй машин дуудсан удахгүй машин ирнэ гээд тэгээд орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Сэжигтэнээр О.Жийн өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны орой гэртэй айраг ууж  байхад шөнө 21 цаг өнгөрөөгөөд Ариунболдынд очоод Ариунболдтой юм ярингаа айраг ууж суусан. Шөнө Ариунболд бид хоёр Ганжав ахын очиж монгол архи уух санаатай очсон. Тэгтэл Ганжав ах гэртэй нэг шил архи ууж байсан. Тэрнээс Ариунболд бид хоёр уугаад нэлээн согтсон. Тэгээд үг нийлэхгүй Ганжав ахтай би маргалдаад Ганжав ах намайг ална, удам судраар нь хараана гэхээр нь би эхлээд Ганжав ахтай зууралцаад салсан. Дараа нь гэрээс гарах гэтэл араас нулимаад байхаар нь бага гэрээс нь нэг Ганжав ахын толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон юм. Тэгээд би Ариунболдтой гэр рүүгээ явсан. Гэрт очоод аавыг Лхагва ахтай аваад Ганжав ахынд иртэл эмнэлэг цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Яллагдагчаар О.Жийн өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцууллаа. БИ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн  мэдүүлгүүд дээр өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн тул одоо надад хэлэх зүйл байхгүй. Ганжавыг 1 удаа модоор цохисон. Өөр хүн цохиогүй. Би өөрийн гэм  буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний  өдрийн 521 дугаартай  “1. М.Гын биед зүүн зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтэл нь унаж, мөргөх үед үүсэн боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ дүгнэлт, шүүгдэгч О.Жийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв. С

 

Шүүгдэгч О.Ж нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч О.Ж нь гагнуурчин мэргэжилтэй, гагнуурын ажил эрхэлдэг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 213-9 тоотод ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй талаар хэсэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 35 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг модыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жид оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг модыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Жид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН