Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/344

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0320/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт З-н М-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт З-н М /РД: ......./, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, ......... ............ ажилтай, ам бүл ........., эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, .......... дугаар баг, ......... дүгээр брак байр .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.М нь 2022 оны .... дугаар сарын .....-ны өдрөөс .....-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрны саданд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Э-н шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж дээд уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч З.М-н өгсөн: ... Караокегоос гарч ирээд саданд архи уугаад байж байтал 2 цагдаа ирээд шаардлага тавьсан. Би утсаар хүн дуудаад тжр хүнтэйгээ хэрүүл хийсэн. Гэтэл цагдаа нар өөрсдөд нь хандаж хараал хэллээ гэж буруугаар ойлгоод байсан. Тэгээд би цагдааг нэг удаа мөргөсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Г.Э-н өгсөн: 2022 оны ..... дугаар сарын .....-ны өдөр хуваарийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Т-н хамтаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал Дархан сумын ..... дүгээр баг ..... дугаар байрны арын саданд хэсэг хүмүүс чанга чимээ шуугиан гаргаад байхаар нь очсон. Сүүдрэвчинд 6 эрэгтэй хүн архи уух гээд Коос кола ундаа гаргаж ирээд тавьчихсан, нэг нь өвөртөө архи хийчихсэн байсан. Тухайн хүмүүст хандаж “та нар ойр хавьд байгаа оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж байна, мөн зөвшөөрөгдөөгүй газар буюу энд архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, одоо тараад явж амраарай” гэж хэлж анхааруулаад цааш явахад шаардлага тавьсан 6 хүний 5 хүн нь босоод тараад явсан. Харин 1 нь ганцаараа үлдээд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Т бид хоёрын араас бид хоёрт хандаж “яасан гэнээ 2 муу ал минь, та хоёр яадаг юм пизда, нэг нэгээрээ үзье” гэж хэлсэн. Би хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Т-н хамтаар буцаж очоод “чи наад хэлж байгаа зүйлээ бодож хэлээрэй, наад авираа боль” гэхэд бид хоёрт хандаж “тэгэхээр яадаг юм” гээд миний урдаас мөргөх гээд дайраад цээжээрээ тулаад чанга дуугараад байсан учраас би хууль ёсны шаардлага эсэргүүцсэн гэж үзэж хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Т-н хамтаар Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу биеийн хүч хэрэглэж тухайн хүний хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор 2 гарыг нь ард гавалсан. Ингээд тухайн хүнийг босгож ирээд сүүдрэвчний сандал дээр суулгах гэхэд миний өөдөөс босож ирээд дээд уруулын хэсэг рүү толгойгоороо мөргөж миний дээд уруулын дотор хэсгийг яз цохьсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Б.Т-н өгсөн: ...цагдаагийн дэд ахлагч Г.Э-н хамтаар Дархан сумын .... дүгээр багийн .... дугаар байрны арын харанхуй хэсгээр хяналт шалгалт хийхээр алхаад явж байтал ..... дугаар байрны ар талд байрлах саравчинд хүмүүс чанга дуу чимээ гарган шуугилдсан байдалтай байхаар нь тэр хүмүүс дээр очиход 6 эрэгтэй хүн сууж байсан. Би тэр хүмүүст хандаж “та нар дуу чимээгээ багасгаарай, энэ хавийн нийтийн зориулалтай орон сууцны оршин суугчид унтаж амарч байна, гудамж талбайд архи согтууруулах ундаа ууж болохгүй ээ хуулиар хориглодог юм. Одоо босоод тарцгаагаарай, гэртээ харьж амарцгаа” гэж хууль ёсны шаардага тавихад тэр хүмүүсийн 5 нь “за ойлголоо” гээд босоод явцгаасан. Тэгэхээр нь хамт үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Э-г “за явъя” гэж хэлээд цааш хамт алхахад саравчинд суугаад үлдсэн нэг эрэгтэй хүн бид хоёр руу хандсан маягтай “хөөе хоёр ал минь, яасан яасан гэнээ, яах гээд байгаа хоёр пизда вэ” гээд чанга хэлсэн. “Та их согтсон байна гэртээ хариад амарвал яасан бэ” гэж хэлтэл тэр залуу дэд ахлагч Г.Э рүү хандаж “чи хачин пизда минь яах гээд байгаа юм, хоёулаа нэг нэгээрээ үзэх үү, чи барах уу” гэж хэлээд дайраад байхаар нь би тэр залуугийн зүүн гарыг барьж ард нь өчих мэх хийн газар хэвтүүлж дарахад дэд ахлагч Г.Э гарыг нь гавласан. Тэр залууг босгоод “залуу чи тайвшир яагаад уурлаад бухимдаад байгаа юм бэ” гэж хэлээд саравчны ширээ налуулаад зогсоотол тэр залуу дэд ахлагч Г.Э-д хандаж “чам шиг пизда намайг амжихгүй шүү би чамайг алнаа” гэж хэлээд дух хэсгээрээ эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Э-н нүүр хэсэг рүү нэг удаа хүчтэй мөргөх үйлдэл хийсэн. Тэгэхэд цагдаагийн дэд ахлагч Г.Э нүүрээ дараад доошоо болохоор нь би “яасан гайгүй юу” гээд дээш нь болгоод нүүрийг нь хартал амнаас нь цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч А.Г-н өгсөн: ...З.М-г эхлээд сад руу түлхээд, дараа нь урагш нь татаж хөлөөрөө хавсран газар унагаагаад гавлаж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид нар буцаж очоод юу болсон талаар нь асуусан чинь тэнд байсан хоёр цагдаа энэ хүн тавьсан шаардлага хүлээж авахгүй эсэргүүцсэн гэж хэлээд аваад явсан. Газар унагаж байгаад гавлаад саданд суулгаж байх үед санаандгүй мөргөсөн байх. Намайг очих үед тэр цагдаа уруулаа гараараа дарчихсан мөргөчихлөө гээд зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Ш.У-н өгсөн: ...Би тухайн үед байгаагүй. Цагдаа ирээд яв гэхээр нь хамгийн түрүүнд явсан. Намайг явсны дараа юу болсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Н.Н-н өгсөн:...тэр хавьд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 2 цагдаагийн алба хаагч ирж цаг орой болсон байна харьж амарцгаа гэж шаардлага тавьсны дагуу бид нар босож явцгаасан. Тэгтэл З.М саданд үлдэж цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй. Цагдаа нар алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэж З.М-г гавлаж авч явах гэтэл шууд толгойгоороо цагдаагийн алба хаагчийг мөргөсөн. Тухайн зүйл маш хурдан хугацаанд болсон тул зарим нэг зүйлийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай “Г.Э-н биед дээд уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/,

2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Үүдэн шүд хөдөлсөн, дээд уруул салст язарсан” гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35/, шүүгдэгч З.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч З.М нь 2022 оны .... дугаар сарын ...-ны өдрөөс .....-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах .....дугаар байрны саданд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Э-н шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж дээд уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч З.М нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.М нь 2022 оны ..... дугаар сарын .....-ны өдрөөс .....-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ..... дугаар байрны сүүдрэвчинд архи уух гэсэн үйлдлийг нь таслан зогсоож, “та нар ойр хавьд байгаа оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж байна, мөн зөвшөөрөгдөөгүй газар буюу энд архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, одоо тараад явж амраарай” гэсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Э-н шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүний уруул руу мөргөж толгойгоороо мөргөж дээд уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч З.М-н үйлдэл нь хууль сахиулагч буюу цагдаагийн байгууллагын албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн биед нь халдсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Э-д эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад язрал бүхий хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Э нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч З.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Шүүгдэгч З.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ..... ажилладаг зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ам бүлийн байдал, хувийн байдал, орлого олох боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт З-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.М-д оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР