Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/353

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0338/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар У овогт Ч-ы Х-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ныөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогт Ч-ы Х /РД: ............./, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ХХК-нд ... ажилтай, ам бүл ..., ..., -н хамт ........ аймгийн ...... гол сумын ......... баг ................тоотод оршин суух хаягтай,

Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ..... дугаар сарын ............-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайучруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х-н өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчтай 800,000 төгрөгийн торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

Хохирогч С.Н-ын өгсөн: “...бүжиглэж байтал тухайн үл таних залуутай хамт явж байсан бас нэг залуу нь Г-г түлхсэн. Тэгэхээр нь бид нар очиж салгаад холдуулсан. Баар хаах дөхөөд ирэхээр нь бид нар гарсан. Би сүүлд нь гарсан юм. Гэтэл Х гэх залуу манай найз О-тэй зодолдож байсан. Намайг очоод салгасан чинь миний нүүр лүү нэг удаа цохисон. Зугтаасан чинь миний араас чулуу шидээд, тэр чулуу нь миний дагзыг оноод би газар унасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 4/

 

Гэрч У.Г-ийн өгсөн: Баарнаас гараад гадаа тамхи татаад зогсож байтал О нь манай найз Б-н нүүр лүү нэг цохьсон. Д тухайн үед О гэх залуугийн ардаас нь тэврээд зогсож байхаар нь би очоод хоёр гурван удаа цохьсон. Нэг залуу нь баарнаас гарч ирээд чулуу бариад дайрсан. Тэгэхээр нь бид нар зугтаасан гэх мэдүүлэг /хх-н 6/

 

Гэрч Ц.О-н өгсөн: Б гэх залуутай баарны үүдэнд ойр зуурын юм яриад зогсож байгаад найзуудтай нь маргалдсан. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг нэг сахалтай залуу 3 удаа цохисон. Тэгээд салаад буцаж ороод хэсэг сууж байгаад эргээд гарч ирэхэд үүдэнд Б зогсож байсан. Би яагаад байгаа юм бэ гээд нэг алгадсан. Тэгсэн бөөнөөрөө над руу дайраад эхэлсэн. Энэ үед манай найз Х гараад ирчихсэн хүмүүсийг салгаад байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

Гэрч Б.О-н өгсөн: Би найзуудынхаа ардаас сүүлд гарсан, гарахад О танихгүй залуучуудтай зодолдож байсан. Тэгээд би болиоч гээд орилсон чинь бүгдээрээ зугтаагаад явчихсан. Яг хэн хэнийг яаж цохиж байсныг бол хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

Гэрч Д.Д-н өгсөн: ...Баар хаах дөхөж бид нар баарнаас тамхилах гээд гарч байтал нэг залуу нь томроод байна уу гэх зэргийн зүйлс хэлээд байсан. Б-г нэг залуу нь алгадсан. Салгах гэж байтал хоорондоо маргалдаад бүр болохгүй байхаар нь бид нар зугтсан. Нөгөө хоёрыгоо бодвол арай том биетэй залуу нь ардаас нь чулуу шидсэн чинь Н-ыг оночихсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

Гэрч Г.О-н өгсөн: Би тухайн үед хүнтэй маргалдаж муудалцаагүй, манай Г гэх найзтай маргалдаад байхаар нь юунаас болж маргалдсан талаар нь ч мэдээгүй. Ямар ч байсан очиж салгая гээд татаж чангааж л салгасан. Б-г нэг залуу цохиж байхыг харсан, тэр залуу нь намхан махлагдуу залуу байсан. Маргааш нь Н-й ярьсан чинь толгойгоо хагалуулсан, оёдол тавиулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-17/

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.. оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаартай “С.Н-н биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Нурдосын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/

Шүүгдэгч Ч.Х-н яллагдагчаар өгсөн: ...баарнаас гарсан чинь хүмүүс зодолдож байсан. Над руу гурван залуу хүрч ирэхээр нь өөрийнхөө биеийг хамгаалах гээд газраас чулуу авсан чинь тэр гурван залуу зугтаасан. Тэгэхээр нь ардаас нь шидсэн чинь нэг залуугийнх нь толгойг оночихсон гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Х нь 20... оны .... дүгээр сарын ...-ний өдрийн шөнийн ... цагийн орчим .... аймаг, ..... сумын ..... багт байрлах .... баарны гадна С.Н руу чулуугаар шидэж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Ч.Х-н үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Н-ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч С.Н-ын “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 1 удаагийн ял шийтгэлтэйболох нь иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг ялыг 5 сарын хугацаанд сар бүр 160.000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Ч.Х нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Х-н хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 160,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У... овогт Ч-ы Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Х-д оногдуулсан 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 160,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР