| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0410/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/438 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Хохирогч Х.Э,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн ____ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, ээж, дүүгийн 2 хүүхдийн хамт __х, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ дугаарын регистртэй, Б.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн төвийн нийтийн байрны 2 давхрын шатны хажууд байрлах өрөөнөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдөр иргэн Х.Эын хадгалж байсан 62 ширхэг хурганы элдсэн арьс, 7 метр дээлийн даавууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагааг явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “_______________________” гэв.
Хохирогч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “__________________________” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03 тал/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл болон бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-22 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-59 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Хохирогч Х.Эын өгсөн: “Манайх Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутаг Баржин гэх газар өвөлжиж байгаа юмаа, сумын төвийн хуучин эмнэлгийн байр байсан нийтийн байранд, тэр байрны 2 давхарт зүүн жигүүрийн 4 дэх хаалганд төвийн гэр байдаг юмаа, би 2021 оны 11 сарын эхээр санагдаж байна тэр байрны шатны хажуу талд байдаг жижиг өрөөний эзэн гэх Хуанган гэдэг Казак залуутай утсаар ярьсан чинь та тэгвэл наад өрөөгөө цоожлоод эзэмшээд байж бай гэхээр нь би хөргөгч, зурагт, оёдлын машин, зэргийг хийж хадгалж байгаад 2022 оны 03 сарын 10-ны үеэр хөдөө гэрээсээ өнгөрсөн жилийн цуглуулсан өөрөө элдсэн 70 гаран ширхэг хурганы арьс, 2022 оны цагаан сарын өмнөхөн Нарантуул захаас нөхөртөө дээл хийх гэж авсан 1 метрийг 10.000 мянган төгрөгөөр худалдаж авсан бор хүрэн өнгийн 4 м даавуу, би өөртөө дээл хийх гэж авсан 3 м цэцгэн хээтэй хүрэн бор өнгийн даавуу 1 метрийг 25.000 мянган төгрөгөөр худалдаж аваад сумын төв орохдоо манай төвийн байрны үүдэнд байрлалтай өрөөнд авчирч хийгээд хадгалсан, за ингээд би 2022 оны 03 сарын 20-ны үеэр ирээд угаалгын маш авахад ороонд байсан хөргөгчийн дээр байсан ногоон өнгийн шуудайтай хурга арьс, хөргөгчийн дээд талын хөлдөөгчийн хэсэгт дээлийн өнгө намайг үзэхэд ба байсан, тэгээд би 2022 оны 04 сарын 15-ны өдөр ирээд юмаа хадгалсан өрөөг тэр өрөөний ягаан өнгөтэй цоожийг юмаар мулт цохисон байхаар ороод үзтэл хөргөгчийн дээд талд тавьсан зурагтын дээр байсан ногоон өнгийн шуудайнд хийсэн элдсэн хурганы арьснууд, мөн хөргөгчийн дээд тасалгаанд байсан ширхэг дээлийн өнгө болох нийт 7 м даавуу алга болсон байсан, тэгэхээр би 2 давхарт байдаг Даариймаа багшаас асуусан чинь 10 гаран хоногийн өмнө коридорт хүн юм балбаад байхаар нь харсан Мятахын Шинээ гэдэг халамцуу ирээд танай тэр юмаа хадгалсан өрөөний хаалганы цоожийг эвдээд онгойлгоод ба байсан - тэгэхээр нь чи наад хуний юм эвдэж яаж байгаа юм бэ гэсэн чинь – би өөрийнхөө өрөөнд орох гэж байна чамд ямар хамаатай юм гээд манай давхрын хөгшин Бадамсүрэн гуай гарч ирээд наад хулгай хийх айлын хүүхэд бишээ гээд наад өрөө чинь эднийх гэхээр нь би гэр рүүгээ орсон, тэгээд би нэлээн удаж байгаад гарч ирээд нөгөө онгойсон өрөөнд орж алга болох юм байх юм болов уу гэж бодоод ороод харсан чинь цонхны тавцан дээр оёдлын машин байхаар нь аваад гэртээ оруулж тавьсан гэж ярьсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юмаа. Би арьс болон даавуугаа 2022 оны 02 сарын сүүлээр гэж санаж байна би өөрөө сумын төв орохдоо аваачиж даавуу болон арьсаа хийсэн тэр өрөөнд хадгалсан юм, намайг тэр өрөөнд хадгалсныг надаас өөр хүн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Гэрч С.Шинэбаярын өгсөн: “Би Угтаалцайдам сумын төвд байдаг хуучин эмнэлгийн 2 давхар байр ертөнцийн зүгээр хойд талаас ордог орцны шатны дээд талын үүдний өрөөг 2021 оны намар 09 сарын сүүлээр нутгийн иргэн М.Хуанган гэдэг хүн мөнгөний авлагад авсан байсан юм, тэгээд би оны сүүлээр өрөөндөө орж у гэж бодоод очсон чинь ямар өнгийн цоожтой байсныг санахгүй байна, онгол гээд цоожийг таттал цоож нь онгойчихсон тэгэхээр нь ороод харахад баруун гар талын буланд хөргөгч байх шиг байсан, нэг хуучин хивс байх шиг байсан, өөр байсан сайн анзаараагүй, тэгээд би гараад буцаагаад нөгөө цоожоор цоожилчхоод явсан. Тэгээд би 2022 оны 04 сарын эхээр гэж санаж байна 2 давхрын өрөөндөө орж хун нь юмаа авсан эсэхийг харах гээд орсон чинь юмаа аваагүй болохоор нь буцаж гараад хажуу талд нь байдаг Атарбаяр ахын ороод - энэ үүдний жижиг өрөө дүүгийнх нь өрөө байгаа юм хэнийх юмаа хийсэн бол хэлчхээд цай уучхаад тэднийхээс гараад - өрөөндөө орох гээд өрөөний дотор хаалгыг хүчтэй түлхээд байж байтал 2 давхарт байдаг айлуудаас Бадамсүрэн гуай, Даариймаа гэдэг хоёр хүн гарч ирээд - наадах чинь айл юмаа хийчихсэн байгаа яах гээд айлын хаалга онгойлгоод байгаа юм бэ гэхээр нь би өөрийнхөө өрөөндөө ороод явж байна, хэнийх юмаа хийсэн юм бэ, юмаа хийсэн эзэн нь хэн бэ гэсэн чинь - хөдөө байдаг Атардээжийнх юмаа хийсэн байгаа гэхээр нь - би буцаагаад цоожийг хийчхээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
Гэрч С.Даариймаагийн өгсөн: “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуульд багш ажилтай, манай гэр сумын төвд байдаг хуучин эмнэлгийн 2 давхар нийТИЙН байранд хойд талаасаа ордог орцоор ороод 2 давхарт зүүн гар талын жигүүрийн 3 дахь хаалганд амьдардаг, 2022 оны 03 сарын сүүлээр гэж санаж байна хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна, үдээс хойш коридорт хүн юм балбаад байгаа чимээ гарахаар нь гараад хартал шатны хажуугийн үүдний өрөөний хаалгыг онгойлгочихсон байж байсан, тэгэхээр нь би хийчихсэн байгаа, яагаад цоожийг нь эвдэж байгаа юм бэ гэсэн чинь - хэний байгаа юм бэ гэхээр нь - Атардээж ахынх юмаа хийчихсэн байгаа гэсэн, тэгсэн хажуу хаалганы өндөр настан Бадамсүрэн гуай гарч ирээд Ингэж явах айлын хүүхэд биш гээд яриад зогсож байтал - нөгөө залуу энэ өрөө Манай өрөө байгаа юм гэсэн - тэгээд би гэр рүүгээ орсон. Тэгээд нилээн байж багцаагаар нэг цаг гарангын хугацаа өнгөрсөн байх, нөгөө залууг явсан бол уу хартал байхгүй, нөгөө үүдний өрөөний хаалга онгорхой байхаар нь, алга болохоор юм юу байна гэж бодоод өрөөнд орж харсан, цонхны тавцан дээр хоёр цаасан хайрцаг, оёдлын машин зэрэг юм байхаар нь оёдлын машиныг алга болох гэж бодоод гэртээ оруулаад тавьсан. Тэгээд байж байтал манай гэрийн өөдөөс харсан хаалганд байдаг Гэрлээ орж ирэхээр нь Атардээж ахын утас руу залгаад хаалганы цоожийг чинь хүн эвдчихлээ гээд хэлээдхээч гээд дугаарыг нь өгсөн чинь, Гэрлээ утсаар залгаад ярихдаа хаалга эвдээд гээд хүнтэй утсаараа яриад манайхаас гараад явсан, тэгэхээр нь би хэлчихсэн юм байх бодоод үлдсэн. Тэгээд сүүлд 04 сарын 15-ны өдөр Атардээж ахын эхнэр Энхтуул эгч ирээд нөгөө Үүдний өрөөнд орж үзээд хурганы арьс алга болсон байна гэхээр нь би -оёдолын машиныг чинь би гэртээ хадгалж байгаа, үүдний хаалганы цоожийг нь Шинээ гэдэг залуу эвдсэн талаар хэлсэн, тухайн үед Бадамсүрэн гуай, Гэрлээ нар энэ талаар бас мэдэж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Аын сэжигтнээр өгсөн: “Би яг хэдний өдрийг сайн санахгүй байна, 2022 оны 04 сарын 04, 05-ны үеэр гэж санаж байна, Угтаалцайдам сумын төвд байдаг хуучин эмнэлгийн 2 давхар нийтийн байрны 2 давхрын баруун гар талын жигүүрийн 2 дохь хаалганд байдаг гэртээ эхнэр Х.Баярцэцэгийн хамт өдөр 15 цагийн орчим манай сумын М.Шинээ гэдэг залуу ганцаараа халамцуухан орж ирсэн, тэгээд манай хүнийг сайн уу багшаа гэж мэндлээд цай уучхаад гарсан, би Шинээг гарахаас нь өмнө — юу - хийж яваа юм бэ гэсэн чинь - Төрөө бид хоёр жаахан юм уучихлаа, зүүн хонхор руу гэр рүүгээ явлаа, танай үүдэнд байдаг өрөөндөө орчхоод явж байна гэж байсан, тэгээд манай эхнэр сургууль руу ажилдаа явсан, би гэртээ байж байгаад орой 17 цагийн орчим гэрээсээ гараад шат руу уруудах гэтэл шатны хажуугийн өрөөний цоож зүүгээд орхичихсон байхаар нь цоожийг аваад өрөө рүү шагайсан чинь, өрөөний байрны гадаа Монголд байсан санагдаж байна жижгэвтэр саарал өнгийн хөргөгч байсан, том дөрвөлжин саарал өнгийн зурагт цонхны тавцан дээр тавиатай, ногоон шуудайтай хурганы арьс хөргөгч дээр байсан, ам нь онгорхой байсан Дотор нь хуйлаатай 2 - улаан хүрэн, хүрэн өнгийн хоёр даавуу байхаар нь би авч гараад байсан өөрийн эзэмшлийн Тоёота Приүс-11 маркийн 79-02ТӨА улсын дугаартай автомашины арын суудал дээр тавиад сумын төвийн зүүн хонхрын гэр хороололд байдаг ШинээГИЙНД ОЧСОН ЧИНЬ гэр нь цоожтой байсан, тэгээд би буцаад сумын - байшин хороонд байдаг Төрөөгийнд очоод асуусан чинь- гэрээс эмэгтэй хүүхэд гаруй, /ирээд тэр хоёрыг байхгүй гэхээр нь буцаад гэртээ ирээд хоНОСОН маргааш нь би - Шинээ рүү өөрийнхөө утсаар – хаана байна гэсэн чинь - Өмнөговьд байна - гэхээр нь өрөөнд байсан хурганы арьс чинийх мөн үү гэж хэлсэн чинь Шинээ минийх бишээ гэж байсан, тэгээд өөр юм ярилгүй утсаа салгасан. Тэгээд би эхнэртэйгээ 2022 оны 04 сарын 09-ний өдөр өглөө эрт Улаанбаатар хот руу явахдаа хурганы арьс, 2 хэсэг даавуу байсан ногоон шуудайг аваад машиныхаа арын багаж руу аваад хийсэн. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа намайг 2022 оны 04 сарын 15-ны өдөр сумын төвд согтуу явж байтал сумын цагдаа ирж саатуулсан. Маргааш нь намайг хэсгийн төлөөлөгч авч яваад сумын зүүн хэсгийн гэр хороололд байдаг манай гэрийн үүдэнд байсан миний машинд үзлэг хийгээд миний авсан хурганы арьс болон улаан хүрэн 2 дээлийн даавуу хийсэн, ногоон өнгийн шуудайг машины арын багажийн хэсгээс гаргаж хурааж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 05-06 үеэр өдөр манай эхнэр болох Х.Баярцэцэг цайгаа уух гээд сургуулиасаа ирсэн цайгаа ууж байсан чинь Үүдний өрөө миний өрөө шүү сайн харж байгаарай уучлаарай би Заан түрүүтэй гаднаас Шинэбаяр халамцуу орж ирээд манай эхнэрээс сайн байна уу? Багшаа уучлаа гээд Шинэбаяр гараад явсан дараа нь манай эхнэр ажилдаа гараад явсан. Тэгээд би араас нь 1-2 цагийн дараа гараад явж байсан чинь цоож нь гээд ортол хөргөгч дээр хуучны зурагт тавцан тэгээд ногоон шуудаатай байсан юмыг онгойлгоод харсан чинь хурганы арьс байсан. Тэгээд хөргөгчийг нь онгойлгосон чинь дотор нь 2ш даавуу байсан тэд нарыг шуудайнд хийгээд авч гараад машинд хийгээд Шинэбаярын араас явсан. Тэгээд Шинэбаярын гэрт очиход цоожтой байсан. Хамт архи ууж байсан Заан төрөөгийнд очсон чинь нэг жоохон охин гарж ирээд байхгүй байна гэсэн. Тэгээд гэрийнхээ гадаа авч очоод машинаа тавиад гэртэй орсон. Дараа аваачаад өгье гэж бодсон. Машин дотор 10 гаруй хоносон. Үгүй залгасан чинь утас нь болохгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн төвийн нийтийн байрны 2 давхрын шатны хажууд байрлах өрөөнөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдөр иргэн Х.Эын хадгалж байсан 62 ширхэг хурганы элдсэн арьс, 7 метр дээлийн даавууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах үйл ажиллагааг явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан бусдад 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Х.Эын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.А нь 2.065.000 төгрөгийн хохирогч Х.Эд бүрэн төлсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.А нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Аыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Аыг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Ат оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймаг болон Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ат урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН