| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01760/и |
| Дугаар | 155/ШШ2019/00079 |
| Огноо | 2019-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2019/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ********************* оршин суух Х Р овогт Ё-ын Э /************** / -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Г сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох
Албан томилолтын зардал 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 155/2018/01760/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Э би Хөвсгөл аймаг Г сумын хүүхдийн цэцэрлэгт 1988-2002 он хүртэл багшаар, 2002-2013 он хүртэл эрхлэгчээр ажиллаж байгаад 2013 оны 11 сарын 07-оос албан тушаал түдгэлзүүлээд одоо хүртэл албан ёсоор халагдсан тушаал байхгүй ажилд томилогдохгүй хохирч яваа билээ. Учир нь 2012 онд сумын Засаг даргаар Д.Эрдэнэхуяг гэгч хүн томилогдож Ё.Э намайг нам болон ах дүү хамаатан садны харьяаллаар хавчин гадуурхаж зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж улмаар гэм буруутай болгон хохироосон болно. Ё.Э би цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2010 онд Г сумын хүүхдийн цэцэрлэгийг аймгийн тэргүүний цэцэрлэг болгосон. 2011 онд Ё.Э би Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байлаа. Мөн 2010-2013 онуудад Г суманд хүүхдийн цэцэрлэг бариулахаар хөөцөлдөж 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга бариулсан. Гэтэл миний энэ хөдөлмөрийг үнэлээгүйн дээр хилс хэрэгт гүтгэн унагаж 4 жил хуулийн байгууллагын үүд сахиулж байгаад туйлын гомдолтой байна. Иймд Ё.Э миний бие тухайн цэцэрлэгийн барилгын ажил хөөцөлдөж маш олон удаа хот болон аймаг руу хувиасаа зардал мөнгө гарган явж ажил бүтээж байсан. Учир нь тухайн үед цэцэрлэгийн төсөвт томилолтын зардал бага, тухайн үеийн дарга нар нь барилгаа хөөцөлдөөд үнэхээр бариулж чадвал томилолтоос гадна шагнал урамшил олгоно гэдэг байсан болно. Гэтэл нам солигдож шагнал урамшил нь шийтгэл болж шүүхээр 8.854.700 төгрөгийг Ё.Э гээс гаргуулж Г сумын хүүхдийн цэцэрлэг болон Засаг даргын тамгын газарт төлөх өртэй болсон. 2017 онд танайд хандаж шүүхээр хэсэг томилолтоо авах шийдвэр гаргуулсан. Үүнд: 2016 он 6 сард 160.500 төгрөг, 2010 он 10 сар 170.200 төгрөг, 2010 он 12 сар 165.000 төгрөг, 2011 он 4 сар 176.000 төгрөг, 2011 он 5 сар 122.800 төгрөг, 2011 он 8 сар 201.000 төгрөг, 2012 он 1 сар 144.000 төгрөг, 2012 он 3 сар 72.000 төгрөг, 2012 он 9 сар 192.500 төгрөг, 2012 он 10 сар 225.500 төгрөг, 2012 он 12 сар 219.000 төгрөг, нийт 1.848.500 төгрөгийг Г сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулахаар болж өрөндөө өгсөн болно. 2013 оны 04 сард 455.000 төгрөг/ Япон улсын элчин сайдын яамны Өвсний үндэс хөтөлбөрт 50 хүүхдийн өргөтгөлийн барилга хөөцөлдөж явсан томилолтын зардал/,
2013 оны 5, 6 сард 744.000 төгрөг /Хөвсгөл аймгийн хаагдсан хөрөнгө оруулалтыг хөөцөлдөж Г сумын хүүхдийн цэцэрлэгт 513.000.000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж авсан томилолт зардал/
2013 оны 07 сард 324.000 төгрөг /барилгын зураг төсөв экспертицээр оруулж батлуулж тендерт оруулсан ажлын томилолт, зардал/
Энэ гурван зардлыг авч чадаагүй байгаа. Учир нь 2013 оны 4 сар 455.000 төгрөг, 2013 оны 5, 6 сар 744.000 төгрөгийн томилолт материалыг 2013 онд Засаг дарга байсан Д.Эрдэнэхуяг нь цохож өгнө гэж аваад өгөөгүй. Тэр хүн Солонгосоос ирэхийг хүлээсэн боловч харласан байна. Дээрх Засаг даргын авсан томилолтыг гэрчлэх дарга нар байгаа учир Д.Эрдэнэхуяг Солонгосоос ирэхээр дахин нэхэмжлэх болно. Иймд цохолттой баталгаатай 2013 оны 7 сарын томилолт болох 324.000 төгрөгийг хүүхдийн цэцэрлэгээс нэхэмжилж өрөндөө үлдээхээр танайд хандаж байна. Би төрд үнэнчээр зүтгэснийхээ төлөө хэлмэгдэж хохирч байгаадаа маш их гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийн шүүхэд харьяалагдсан хэрэг байгаа. Ё.Э нь 1998 оноос 2002 он хүртэл Хөвсгөл аймгийн Г сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар, 2002 оноос 2013 оны 11 дүгээр сар хүртэл Хөвсгөл аймгийн Г сумын Хүүхдийн цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Ё.Э гийн Хөвсгөл аймгийн Г сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар төрийн албан хаагчид дараах нөхөн олговор олгоно гээд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-д зааснаар албан томилолтын зардлыг заавал олгох ёстой гэж зохицуулсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар төрийн албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн зохицуулалт бас бий. Ийм учраас томилолтын зардлыг улсын төсвөөс гаргаж олгох нь зүйтэй гэж үзэж байна. 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд төсвийн зарчмуудыг тусгасан байна. Үүнд: Төсөв захирагчийг төсвийг зүй зохистой удирдаж, авлага болон өр төлбөр үүсгэхгүй байлгахыг үүрэг болгосон. 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын төсвийн талаар баримтлах чиг үүргийг мөн зохицуулсан. Засаг дарга нар тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал болон түүнд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын зардлаас бусад төсвийг тухайн жилийн 12 дугаар сарын дотор Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих ёстой гэж заасан зохицуулалт бий. Яагаад би энэ хуулийн зохицуулалтыг тусгаж байна гэхээр хариуцагч зөвхөн төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэх тайлбар өгсөн байдаг. Тийм учраас няцаалт болгож хуулийн зохицуулалт хэлэхэд бүх шатны Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т зааснаар тухайн жилийнхээ төсөвт тусгагдаагүй төсвийн талаар саналаа төсвийн төслийн тооцоонд тусгалгүйгээр холбогдох үндэслэл болон тайлбарын хамт иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэх ёстой юм байна. Мөн нэмэлт төсөв батлуулах эрхтэй. Төсвийн тодотгол хийх, дээд шатны төсвөөс доод шатны байгууллагад авах төсвийг авах зохицуулалт зэрэг байна. Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар төсвийг жил дамжин хэрэгжүүлэх эрхтэй. Өнөө жилд багтаагаагүй төсвөө дараа жилд багтааж авах, мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар төсвийн зохицуулалт хийх, 34 дүгээр зүйлийн 34.2.2-т зааснаар тухайн жилийн төсөвт багтахгүй бол дунд шатны төсвийг жилд 2 хуваагаад төсвийн тодотгол хийж нэмэлт төсөв батлуулж авах, төсвийн зарцуулалтын хэмнэлт гэх заалт бас бий. Тухайн жилд орох төсвийн орлого тасалдсанаас төсвийг хэмнэх шаардлагатай болсон бол төсвийн хэмнэлтүүд нь төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөх , зөрчих үндэслэл болохгүй гэж тусгасан. Ийм учраас хариуцагч талын хариу тайлбар хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч Ё.Э гийн Хөвсгөл аймгийн Г сумын хүүхдийн цэцэрлэгээс томилолтын зардал 324.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Түүнчлэн төсөв захирагч Д.Эрдэнэбаяр гэх хүн хавтаст хэрэг авагдсанаар Улаанбаатар хотод 7 хоног, Хөвсгөл аймагт 8 хоног ажиллаж үүргээ хангалттай 100 хувь биелүүлсэн тул томилолтыг олгоно гэх цохолт хийж өгсөн байдаг. Энэ цохолттой холбогдсон баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Г сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч эрхлэгч Д.Түвшинбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ё.Э нь тус цэцэрлэгт 2013 оны томилолтын зардал 324.000 төгрөгийг нөхөн олгуулах хүсэлт ирүүлжээ. Ё.Э нь эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тухайн үед томилолт болон замын зардлыг авч явж байсан нь 2012, 2013 оны баримтуудаас харагдаж байдаг. Төсвийн тухай хуулинд төсвийн шууд захирагч нь тухайн жилийн төсөвтөө багтаан зарлагыг гаргаж, зарцуулах эрх үүрэгтэй билээ. Хүүхдийн цэцэрлэгийн төсөвт томилолтын зардал гэж жилд дунджаар 200-300 мянган төгрөг л тавигдаж ирдэг. Иймээс манай байгууллага нь өмнөх онуудын зардал буюу Ё.Э гийн нэхэмжилсэн 324.000 төгрөгийг нөхөн олгох боломж байхгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Э нь хариуцагч Хөвсгөл аймгийн Г сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан томилолтын зардал 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Г сумын Хүүхдийн цэцэрлэг нь нэхэмжлэгч Ё.Э г Г сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан эсэх, 2013 оны 7 сарын 25-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд албан томилолтоор ажилласан эсэх тухай үйл баримт болон уг албан томилолтын зардлын мөнгөн дүнд маргаагүй ба харин нэхэмжлэгч Ё.Э г эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2012, 2013 оны томилолт болон замын зардлуудыг гаргуулан авч явж байсан, өмнөх онуудын зардлыг нөхөн олгох боломжгүй гэх хариу тайлбарыг ирүүлэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ё.Э нь 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгийн Мөрөн суманд албан томилолтоор ажилласан болох нь Г сумын Засаг дарга н.Эрдэнэхуяг гэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан албан томилолтын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл болон хот хоорондын болон орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбараар тус нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д Төрийн албан хаагчид албан томилолтын зардлыг /нөхөх төлбөр/ олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ё.Э нь албан томилолтын зардал нэхэмжлэх эрхтэй байх хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч Хөвсгөл аймгийн Г сумын Хүүхдийн цэцэрлэгээс томилолтын зардал 324.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Г сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох албан томилолтын зардал 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.Э гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10370 /арван мянга гурван зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН