Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/349

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0327/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д-н А-т холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогтой Д-н А /РД:.........../ ..... оны ..... дугаар сарын ......-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ....., ...., ...., .... нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр баг, ..... дугаар байр, ..... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.-г 2022 оны ..... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “.....” зочид буудлын .... тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа тус өрөөний буйдан дээр байсан Г.Г-н Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 850,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.А-н өгсөн: Хамт явж байсан 3-н залуу нь маргааш өгчихье гээд надаас 100,000 төгрөг авчхаад өгөөгүй. Би ээжийн зээл төлөх мөнгөнөөс өгчихсөн байсан болохоор авчихсан юм. Авсан гар утсаа 330,000 төгрөгөөр зах дээр аваачиж зарсан. Гар утсыг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

2022 оны .... дугаар сарын .....-ний өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “....” нэртэй зочид буудал байх бөгөөд шар өнгийн гурван давхар “....” зочид буудал гэсэн бичигтэй барилга байв. ...Гар утас байсан гэх шар өнгийн буйдан дээр нэг гэсэн цифрээр тэмдэглэн шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв... гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/

2022 оны .... дугаар сарын ....-ний өдрийн “Гэрч Б.А-с хураан авсан гар утас нь гадуураа ямар нэгэн өнгөгүй гялгар хамгаалалтын гэртэй байх ба хамгаалалтын гэрийг хуулж авахад тухайн гар утасны ар талд Самсунг гэсэн бичигтэй гар утасны зүүн дээд буланд 3 ширхэг том камертай, хажууд нь 2 ширхэг гэрэлний бөөрөнхий нүхтэй IMEI cod ........... Made in Vietnam” гэсэн бичиглэлтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/

2022 оны .... дугаар сарын ....-ний өдрийн “Дархан Хүнсний зах ....-р павилон Б.А-с Самсунг А-52 маркийн цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг, сим картгүй, өнгөгүй цагаан өнгийн кейс 1 ширхэг” гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/

Хохирогч Г.Г-н: Би өчигдөр найз болох Б-н төрсөн өдрийг тэмдэглэж Күийн бааранд сууж байгаад баарнаас гарч ирээд Х, Н, Х гээд гурван залуутай танилцсан. Тэндээсээ бөөндөө явж Конфортоос А буюу А гэж найзыгаа очиж аваад Зочин толгой дээр очиж ууцгааж байгаад шөнө 02 цагийн орчимд Дархан сумын ..... дүгээр багт байрлах .... гээд зочид буудалд бөөндөө ирсэн. Тэнд 2 ширхэг 2.5 литрийн пиво ууцгааж байгаад би үүрээр 6 цагийн үед унтсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад сэрсэн чинь миний гар утас байхгүй болчихсон байсан. Самсунг А-52 маркийн гар утас байсан. Алдсан утсаа буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Иргэний нэхэмжлэгч Б.А-н: 2022 оны .... дугаар сарын ....-ний өдөр Самсунг А52 маркийн гар утсыг нэг эмэгтэй хүүхдээс миний өөрийн утас гэж хэлэхээр нь 330,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд удалгүй нөгөө охин буцаж ирээд 330,000 төгрөгөө өгөөд надаас буцаад гар утсаа авчихсан юм. Надад нэхэмжилэх зүйл, гомдол санал байхгүй. Мөнгөө буцаагаад авсан, бас утсыг нь эргүүлээд нөгөө хүнд нь өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч Ц.О-н: Шөнө 4 цагийн үед 5-6 эмэгтэй, эрэгтэй залуучууд .... тоот өрөөнд орсон. 7 цагийн үед Намайг өглөө ажилаасаа буух гэж байхад тэр өрөөнд орсон 2 залуу гараад явсан. ..... залуу гараад явсан. Намайг ажлаасаа буугаад явсны дараа   эмэгтэй нь явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Х.Х-н: ...Би найз Н-й хамт үүрээр б цагийн үед гараад явсан. Буудалд А, Я, Г нар унтаад үлдсэн. Манай найз болох Б бүүр эрт 04 цагийн орчимд гэрлүүгээ түрүүлээд явсан юм. Гэтэл өглөө 11 өнгөрч байхад Г-н гар утас алга болсон байна гээд цагдаагаас над руу яриад дуудах үед би Г-н гар утас алга болсныг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч О.Н-н: ....... зочид буудалд Г, Я, А нар үлдсэн. Би Дархан сумын .... рүү найз Х-р хүргүүлсэн. Өглөө над руу 10 цаг 30 минутын үед фэйсбүүк чатаар Я залаад Г-н утас алга болсон байна. Чи утсыг нь авч явсан уу? гэхэд нь би аваагүй гэж хэлсэн. Тэгээд би найз Х-н хамт очсон гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч Д.Я-н: ...Н, Х, Б нар хамт зочид буудал руу орсон. Тэгээд ороод байж байтал Б нь удалгүй яваад өгсөн. Тэгээд гаднаас 2 ширхэг 2.5 литрийн пиво авсан. Нэгийг нь уугаад нөгөөг нь үлдээсэн. Өглөө 10 болж Дархан сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулах ..... зочид буудал найз Г-н хамтаар хоёулхнаа сэрсэн. Тэгээд найз Г-н Самсунг А/52 маркийн гар утсаа алга болсон гээд хамт байсан хүмүүс рүүгээ залгаж хэлсэн. Тэгээд хамт байсан А, Н, Х нар руу залгаад Г-н Самсунг А/52 маркийн гар утас байхгүй байна. Та нар хүрээд ир гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31/

2022 оны .... дугаар сарын .....-ны Капитал зууч ХХК-ийн “самсунг А52 маркийн 128 GB багтаамжтай гар утас /шинэвтэр/ 850,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Д.А нь 2022 оны .... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “.....” зочид буудлын ..... тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа тус өрөөний буйдан дээр байсан Г.Г-н самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 850,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч нь үйлчилгээний байгууллагаар хамтдаа үйлчлүүлж байгаад гарахдаа амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар найз Г-н утсыг авч гарч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Д.А нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь 2022 оны ..... дугаар сарын .....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “....” зочид буудлын ..... тоот өрөөнөөс гарахдаа хамт хоносон Г.Г-н 850.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 маркийн гар утсыг авч Дархан зах дээр очиж бусдад худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Д.А-н үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол төгрөгийн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.          

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г-т 850,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь алдсан эд зүйлээ буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Г-н “...Би хулгайд алдсан гар утсаа буцааж бүрэн бүтэн хүлээн авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, иргэний нэхэмжлэгч Б.А нь “мөнгөө буцаагаад авсан, утсыг нь эргүүлээд өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Д.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 2018 онд төрсөн хүүхэдтэй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нь нөхөр салаад явсан, 4 настай хүүхэдтэйгээ амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзнэ үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой Д-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР