Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Хэргийн индекс | 166/2022/0330/Э |
Дугаар | 2022/ШЦТ/350 |
Огноо | 2022-10-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0330/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч К.Нанжинханд,
Хохирогч Ж.У,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Одончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б-н М-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-н М /РД:.........../ ........ оны ..... дугаар сарын ..........-ны өдөр ......... аймгийн ........ суманд төрсөн, .........настай, ........, ............ боловсролтой, .............. мэргэжилтэй, ....... ........ ....... ........ ............., ам бүл ...., .......... хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ....... дүгээр баг, ........... дүгээр байрны ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г 2022 оны ..... дугаар сарын ........-ний өдөр ......... цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ....... дүгээр баг ....... дүгээр байрны ...... дугаар орцонд иргэн Ж.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.М--н: Бид хоёр адилхан үсдэлцсэн. Надад ч гэсэн гэмтэл учирсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүйдээ хохирч байна. Дараа нь эмнэлэгт үзүүлэхэд миний гэмтэл эдгэсэн байсан. Би биеэ хамгаалсан, энэ хүний биед гэмтэл учруулаагүй. Бид 2 харилцан үсдэлцсэн, бие биенээ өшиглөсөн. Г салгах үед бид хоёр шат руу унасан. Түүнээс би толгой тархи руу нь өшиглөөгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.У-н: ...Г-тэй уулзах гэж очсон. Гэтэл энэ хүн л над руу хашгичаад миний үснээс татсан. Бид 2 үснээсээ таталцаад шатны уруу унасан. Г намайг дарсан. Миний толгой тархи, нуруу руу өшиглөөд дэвсээд байсан. Г намайг бариагүй бол энэ хүн намайг ингэж зодох байсан эсэхийг мэдэхгүй байна. Г намайг дарсан учраас би тэгж их нүдүүлсэн. Намайг хэлэх хэлэхгүй үгээр зөндөө хэлсэн. Тэгснээ гэнэт утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд орилоод байсан. Би юу яхмад байгааг нь ойлгоогүй. Би маш их гомдолтой байна. 587,135.49 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
2022 оны .... дугаар сарын ....-ны өдрийн "Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаартай шийдвэр, У.Э, У.Ө нарын төрсний гэрчилгээний хуулбар, толгойны зураг авахуулахад гүйлгээ хийсэн ........... тоот дансны хуулга, 6 ширхэг эм тарианы баримт, МRI зурагны эмчийн бичиг зэрэг баримт бичгийг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18-23, 24-37/
Гэрч Г.М-н: Дансны хуулгаа харахад тус өдөр 150,000 төгрөгөөр 1 ширхэг гар утасны дэлгэцийг 11 цаг 40 миутын үед эмэгтэй хүн солиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 40/
Гэрч Д.Н-н: ...2022 оны .... дугаар сард намайг Дархан их дэлгүүр дээр ажил дээр байж байхад манай ажил дээр М, Г-н хамт орж ирээд ойр зуурын жижиг юм оёулсан. Би хамт гараад гэртээ хүргүүлэх санаатай машинд суусан. Машин хөдлөх гэж байхад нэг танихгүй эмэгтэй М-н машины хаалгыг гаднаас цохиод М-г Г-тэй гадаад явахыг чинь харна даа гээд орилоод байсан. Тэгэхэд М, Г нар машинаас буугаад хэрэггүй, буувал бөөн юм болно яршиг гээд Дархан их дэлгүүрийн урд талаас хөдлөөд явсан. М-с ямар учиртай эмэгтэй вэ? гэж асуухад М надад Г-н эхнэр гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-48/
Гэрч Э.Г-н: ...Ж.У орцонд орилж байгаад М-н үснээс зулгаасан, тэгсэн М бас У-н үснээс зулгаагаад хоорондоо бие биенээс өшиглөөд байсан. Хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь өшиглөж цохиж зодсоныг би хараагүй. У, М хоёр нэг нэгийхээ үснээс зулгаагаад салахгүй болохоор нь би дундуур нь орж салгасан. У эхлээд орцон дотор байхдаа миний толгой руу 2-3 удаа алгадаж цохисон. Тэгсэн М бид хоёрын дундуур орж ирээд намайг өмөөрснөөс болоод хэрүүл маргаан эхэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай Ж.У-н биед тархи доргилт, баруун шуунд цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/, “биед ил шарх үгүй, хуйхаар хавдартай.” гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 59-60/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны .... дугаар сарын .....-ны өдрийн .... дугаартай Б.М-н биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 67/
2022 оны ... дугаар сарын ....-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн .... маркийн 32 GB багтаамжтай гар утас /хуучин/ 290,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73/
2022 оны .... дүгээр сарын ....-ний өдрийн “Б.М-с гаргаж өгсөн Э гэсэн хүнтэй фэйсбүүкээр чаталсан чатны зураг 1 хуудас байх ба уг чатанд Б.М өөрийнхөө зургийг 2022 оны ... дугаар сарын ....-ний өдөр Э гэх хүн рүү явуулж У хоолой боогоод нүүр рүү мангасдаад цохиод байсан ийм болжээ яанаа хил гарвал гайгүй байгаа аймар хүүхэн бэ латинаар чат бичсэн байсныг тэмдэглэл болгон бичив. Мөн хохирогч Ж.У-н .... дугаараас ирсэн мессежний 5 хуудас баримт, .... гэх хүн фэйсбүүк чатаар чат бичсэн байв” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /97-110/
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дархан их дэргүүрийн камерийн бичлэг болон шүүгдэгч Б.М-н гар утсан дахь бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 111-116/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримт болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Мө нь Ж.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч 587,135.49 төгрөгийг нэхэмжилсэн боловч төлөгдөөгүй байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М нь хохирогч Ж.У-н эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрт 587,135.49 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад хохирогч эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ өөрөө ч хэлж байна. Цаашид магадгүй эмчилгээ хийлгэх төлөвтэй байгаа. Иймд цаашид гаргах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Хохирогч У болон гэрч Г хоёрын мэдүүлэг зөрүүтэй байна. Г мэдүүлэгтээ би У-г цохиж зодоогүй. М, У хоёр харин үсдэлцээд байсан тул би салгасан гэдэг. Эхлээд У М-н үснээс зулгаасан гэж мэдүүлдэг. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаан дээр хохирогч М-д ерөөсөө гар хүрээгүй гэж хэлж байна. 2022 оны ... дугаар сарын .....-ны өдрийн камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэлээр У эхлээд М-н гар утсыг цохиж унагаагаад үсдэж байгаа нь бичигдсэн байдаг. Г ч үүнийг гэрчилж байна. М санаа зорилгын хувьд У-г зодох гэж очоогүй. Г-н толгой руу У цохих гэж байхад нь салгах гэж дундуур нь орсон. Харилцан үсдэлцээд газар унах үед У-н биед тархи доргилт үүссэн байж магадгүй гэж үзэж байна. Тийм учраас энэ хэргийг М санаатай үйлдээгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар 2022 оны ... дугаар сарын ...-ний өдөр 18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын .....дүгээр баг .... дүгээр байрны .... дугаар орцонд шүүгдэгч Б.М, хохирогч Ж.У нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрэлдэж маргалдан, бие биенийхээ үснээс зулгаан зууралдаж өшиглөлцсөн, шат руу унасан гэх үйл баримт тогтоогдож байгаа ба энэ үйл явдлын улмаас Ж.У-н эрүүл мэндэд тархи доргилт, баруун шуунд цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Б.М-н хохирогч Ж.У-тай харилцан зодолдсон үйлдлийг өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.У-н эрүүл мэндэд тархи доргилт, баруун шуунд цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол 437,135.49 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 150,000 төгрөг, нийт 587,135.49 төгрөг нэхэмжилж байгаа ба цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг дүгнэж үзвэл эм, тариа авсан зардал 93,500 төгрөг, 5,025 төгрөг, 58,060 төгрөг, 2,550 төгрөг, нийт 159,135 төгрөг, шинжилгээ хийлгэсэн зардал 53,000 төгрөг, Энх-Уламжлал эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардал 20,000 төгрөг, бүгд 232,135 төгрөгийн зардал хохирогчоос гарсан болох нь хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Харин хавтаст хэргийн 36, 41 дүгээр талд авагдсан Ж.У-н дансны хуулгаар толгойн зураг авахуулсан зардал 110,000 төгрөг, А эмчийн А хувийн эмнэлэгт үзүүлсэн зардал 25,000 төгрөг, гар утасны дэлгэц солиулсан зардал 150,000 төгрөг зэрэг нь нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй, хохирогчийн данснаас дээрх мөнгөн дүнгээр зарлага гарсан боловч хэний дансанд орсон нь тодорхойгүй, Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 70,000 төгрөг нь нотлох баримтгүй байна.
Мөн хөнгөн гэмтэл гэдэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтлүүд хамаардаг бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун шуунд цус хуралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохиролтой холбоотой цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.М-с хохирол төлбөрт 232,135 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.У-д олгож, хохирогчийн 355,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь 233,000 төгрөгийг бэлнээр хохирогч Ж.У-д төлсөн болох нь хохирогч Ж.У-н тайлбар, хохиролын мөнгө хүлээлцэн баримт зэргээр тогтоогдож байх тул хохирогчийн 355,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирол төлбөрт 233,000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба хохирогчийн өмгөөлөгч 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М-н хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын хэмжээ, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мөнхзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 500,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв / сарын хугацаанд сар бүр 125,000 /нэг зуун хорин тав мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ж.У-н 355,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М нь хохирол төлбөрт 233,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР