Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/00190

Улаанбаатар хот

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Шинэ өргөө хороолол 608 дугаар байр 11 тоот С.ОХХК

 Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 29 дүгээр байр 128 тоот хаягт бүртгэлтэй ЗГТХХК

            Гэм хорын хохиролд 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагч ЗГТХХК-ийн захирал Б.Өнөрбуян, өмгөөлөгч С.Одгариг, иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

                                                                                                                    

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.ОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Г.Баяржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.ОХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр МД ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хот Шархад Амгалан орчмын бохир ус татан зайлуулах ариутгах татуургын шугам сүлжээний ажил болох бохирын шугам 4,5 км урт, 93 худгын угсралт болон Да хүрээ захын 4 эгнээтэй авто зам сэтлэх ажил, ботаникийн 4 эгнээтэй авто зам сэтлэх ажил, гарсан илүүдэл шороог зөөх мөн трассын дагуу гарсан шороог зөөх болон буцааж булах зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж өгөх нөхцөлөөр  гэрээний 3.1-т заасан хөлсөөр иж бүрэн хийж гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажлыг хийж гүйцэтгэх байх хугацаанд компаний экскаватор 3000 эвдэрсэн. Гэрээт ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд Зэрэг гүн транс ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15/09 тоот машин механизм, тоног төхөөрөмж түрээсээр ажиллуулах гэрээ байгуулан хьюндай-3000  LC маркийн эксковаторыг өдрийн 500.000 төгрөгөөр тооцож түрээслэн ажиллуулж эхэлсэн. Түрээслэгч ЗГТХХК нь гэрээний дагуу механизмын бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааг 100 хувь буюу бүрэн хариуцан ажиллаж механизмын операторчиноор хангах үүрэг хүлээсэн байсан.

ЗГТХХК-ний түрээслэсэн механизм нь манай гэрээт ажлын талбай дээр 7 хоног л ажилласан. Эхний 2 хоног ЗГТХХК-ийн оператор ажилласан бөгөөд 3 дахь өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй. Үлдсэн 5 хоногт нь нэхэмжлэгч өөрөө операторч авч ажлаа явуулсан. Үүний дараа ЗГТХХК-ийн механизм эвдэрч ажиллах боломжгүй болсон. Хариуцагчид энэ талаар мэдэгдэж механизмаа засахыг шаардсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсан тул өөрийн зардлаар шанаганых нь 5 шүдийг 300.000 төгрөгөөр, гидрийн даралтын шланкийг 84.000 төгрөгөөр сольж байсан. Мөн гэрээний дагуу түлшээр 2.530.000 төгрөг төлж байсан. Гэтэл ЗГТХХК нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр ажлын талбай дээрээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр механизмаа шөнөөр ачиж авч явж МД ХХК-ний өмнө гэрээгээр хийж гүйцэтгэх ажлыг тасалдуулж 33.000.000 төгрөгийн алдагдалд оруулсан. С.ОХХК нь МД ХХК-тай байгуулсан нийт гэрээт ажлын үнийн дүн нь 220.000.000 төгрөг байсан. Энэ үнийн дүнгээс МД ХХК 33.000.000 төгрөг суутган авсан. МД ХХК нь С.ОХХК-ийн 2015 оны  04 дүгээр сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл ажлыг Сонтээг ХХК, Сүрлэг хангайн зам ХХК-уудтай дахин гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлж дуусгасан байсан. ЗГТХХК нь С.ОХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй гэж тайлбарладаг боловч иргэн Д.Бат-Эрдэнэтэй эрх зүйн харилцаанд орсон. Д.Бат-Эрдэнэ нь С.ОХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигч нь. Компани гэж ярьдаг боловч Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнээр төлөөлөгддөг. ЗГТХХК нь эксковатороо авч явсанаас болж С.ОХХК нь МД ХХК-тай байгуулсан гэрээгээ биелүүлж чадаагүй нэхэмжлэгчийн мөнгөн эд хөрөнгөд хохирол  учирсан. Иймд хариуцагч ЗГТХХК-наас гэм хорын хохиролд 33.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч ЗГТХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч С.Одгариг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЗГТХХК нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Бат-Эрдэнэтэй Машин механизм тоног төхөөрөмж түрээсээр ажиллуулах гэрээ байгуулан хьюндай 3000 LC-7 маркийн экскаватор түрээслүүлэн ажиллуулж байсан боловч Д.Бат-Эрдэнэ нь экскаваторын түрээсийн төлбөрөө өгөхгүй гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани шүүхэд нэхэмжлэл гаргаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 693 дугаар шийдвэрээр энэ асуудал шийдэгдэж Д.Бат-Эрдэнээс 23.205.000 төгрөг гаргуулж ЗГТХХК-нд олгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. ЗГТХХК нь С.ОХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд Д.Бат-Эрдэнэтэй байгуулсан гэрээний үйл баримтыг шүүх шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч гэм хорын хохирол учруулсан гэж шаарддаг. Гэм хор учирсан бол тухайн гэм хор нь хууль бусаар хохирол учруулсан шалтгаант холбоотой байх ёстой. Түрээсийн маргаантай хэргийг шүүх шийдвэрлэхэд Д.Бат-Эрдэнэ өөрөө оролцоод сөрөг нэхэмжлэл гаргаад явах эрх нь нээлттэй байсан. Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зарчим байна. МД ХХК нь С.ОХХК-нд гэрээтэй холбогдуулж 33.000.000 төгрөгийн алданги тооцсон. Түүнийгээ гэм хорын хохиролд тооцон ЗГТХХК-наас нэхэмжилж байгаа. Гэтэл С.ОХХК нь МД ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 22-нд гэрээ байгуулсан. Д.Бат-Эрдэнэ нь ЗГТХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 22-нд техник түрээслэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал өмнөх шүүхийн шийдвэрийг үгүйсгээд төлбөр төлөхгүйн тулд ийм нэхэмжлэл гаргасан. Үнэхээр гэм хор учирсан юм бол ямар баримтаар тогтоогдож байгаа юм бэ. Алданги тооцох тухай МД ХХК-ийн мэдэгдлийг бариад гэм хорын хохирол учирсан гэж үзэж 33.000.000 төгрөгийн төлбөр нэхэмжилдэг. Яагаад 4 дүгээр сард байгуулагдсан гэрээгээр 10 дугаар сард байгуулагдсан гэрээнд алданги тооцож байгаа юм. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                    

                                                  

 

 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч С.ОХХК нь хариуцагч ЗГТХХК-нд холбогдох гэм хорын хохиролд 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч С.ОХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхгүй байна.

            Иргэн Д.Бат-Эрдэнэ нь ЗГТХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Машин механизм, тоног төхөөрөмж түрээсээр ажиллуулах тухай гэрээ байгуулж хьюндай 3000 lc-7 экскаваторыг өдрийн 500.000 төгрөгөөр тооцох ба төлбөрийг түлшээр төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан боловч Д.Бат-Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс түрээсийн төлбөр 23.455.000 төгрөгийг гаргуулж ЗГТХХК-нд олгож шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “ЗГТХХК нь экскаватороо авч явснаас болж С.ОХХК нь Монгол дайван ХХК-тай байгуулсан гэрээний ажлаа дуусгаагүй. Мөнгөн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан” гэж тайлбарласан боловч Д.Бат-Эрдэнэ нь техникийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд  төлөөгүйгээс Зэрэг гүн транс ХХК текникээ буцаан авч төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлжээ.

            Нэхэмжлэгч С.ОХХК нь МД ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээгээр С.ОХХК нь шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр /экскаватор, ковш, хово, маяти/  хангаж өгөх нөхцөлөөр 220.000.000 төгрөгний хөлсөөр ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанд гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүйд хариуцагч ЗГТХХК буруугүй байна.

            Д.Бат-Эрдэнэ нь ЗГТХХК-ийн экскаваторыг түрээслэн ажиллуулж байхдаа гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс тэдний хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон явдалд ЗГТХХК-нийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, МД ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр С.ОХХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээний хариуцлага тооцож алданги 33.000.000 төгрөг нэхэмжилсэнг ЗГТХХК-наас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хариуцагч ЗГТХХК нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулаагүй байх тул гэм хорын хохиролд 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.ОХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Чулуунбаатар нь С.ОХХК  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс МД ХХК-тай байгуулагдсан гэрээ цуцлагдсан талаар тайлбарласан болно.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

                                                                                                                                                 
    
ТОГТООХ нь:

         

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар хариуцагч ЗГТХХК-нд холбогдох гэм хорын хохиролд 33.000.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч С.ОХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.КУЛЬДАНА

                                                    

                                                      ШҮҮГЧИД                         З.ДОРЖНАМЖИН

 

                                                                                                Х.ЭНХЗАЯА