Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч: Н.Бадам,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** аймгийн *** сум *** дугаар баг, ***, ногоо тасаг ***-р гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** овогт ***ийн ***  /РД:***/,

          

           Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 07 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах "***" ХХК-ийн хашаанд байрлуулж тавьсан иргэн ***ын эзэмшлийн **-** *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг авч зугтааж, *** аймгийн *** сумын нутаг дэвсгэр *** гэх газарт зам тээврийн осол гаргаж, ***д 10,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

.

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

 

Эрүүгийн *** тоот хавтаст хэргээс

 

1. Иргэн ***аас гаргасан гомдлыг 2022 оны 07 дугаар сарын 23-ны *** аймгийн *** сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийг 130/***/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

2. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4. 5. 6-8-р хуудас/,

 3.2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ***ийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг АЛКО-ТЕСТ 6820 загварын хэмжих багажаар шалгаж 0,88 хувийн согтолттой болохыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 9 р хуудас/,

 4. Хохирогч ***ын “.....Би *** аймгийн *** суманд *** ХХК-ийн үйл ажиллагааг нь хариуцаж ажилладаг хүн байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өглөө босоод цайндаа орчхоод гараад ирсэн чинь манай компанийн ажилтан *** байхгүй бас миний машин байхгүй байхаар нь би ***ийн утас руу залгаад хаана байгааг нь асуухад "Би *** суманд байна таны машиныг авч яваад замдаа онхолдчихлоо" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би ажлын газрынхаа ***, *** гэх ажилчидтай хамт албаны машинаар *** аймгийн *** суманд очсон. *** миний машиныг онхолдуулчхаад хажууд нь сууж байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн *** миний машиныг унаж явсныг огт мэдээгүй. Би машиныхаа түлхүүрийг ажлынхаа амрах өрөөнийхөө номын шургуулгад байнга хийдэг. *** тэрийг мэддэг болохоор миний машины түлхүүрийг аваад надад хэлэлгүй унаад явчихсан. Надаас машинаа өгөөч гэж огт зөвшөөрөл аваагүй. Миний машинд их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан. ***г авч явахаас өмнө зүгээр ямар ч эвдрэлгүй машин байсан. Би гомдолтой, өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

5. Иргэний нэхэмжлэгч ***ны “...Намайг ажил дээрээ байхад Цагдаагаас залгаад осол гарч замын түмбэ эвдэрсэн талаар хэлсэн. Тэгэхээр нь би тухайн ослын газарт очиж үзэхэд *** аймгийн *** сумын нутаг *** аймгаас *** аймаг чиглэлийн хатуу хучилттай замын 58 дахь тэмдэгтийн шон, бас нэг түмбэ хугараад эвдэрчихсэн байсан. Би *** аймгаас *** аймаг чиглэлийн хатуу хучилттай замын 11-ээс 72 дахь км хүртэл хариуцаж ажилладаг юм. Тийм учир энэ хооронд учирсан замын эвдрэл гэмтэл бүх зүйлийг би хариуцаж ажилладаг. Эвдэрсэн шон болон замын түмбэ зэргийг осол гаргасан жолоочоор төлүүлэх хүсэлтэй байна. Манай байгууллагаас тогтоосон үнэлгээгээр замын түмбэ 45,000 төгрөг, харин км-ын шон 98,000 төгрөгийн үнэлгээтэй. Нийлээд 143,000 төгрөг болсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

6. Гэрч ***ийн “...Би *** аймгийн *** суманд үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-д ажиллаад 3 сар болж байна. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би хамт ажилладаг ***, *** нартай *** сумын төв орж тамхи болон өөрт хэрэгцээтэй зүйлсээ авсан. Тэр үед *** нэг шил жижиг пиво авч байхыг харсан. Тухайн үед би ***г пиво авч яах гээд байгаа юм гэж хэлээд жаахан зандрахад *** за л гэсэн. Тэгээд бид 3 буцаад ажил дээрээ очоод би үхрээ саачхаад эрт амарсан. Маргааш өглөө нь боссон чинь манай бригадын дарга *** миний машин алга болчхож гээд яваад байсан. Тэгээд *** *** руу утсаар ярьсан чинь *** суманд машинтай нь явж байгаад онхолдсон талаар хэлсэн юм. Тэгээд ***, *** бид 3 бригадын машинаар ***н онхолдсон байгаа газарт очиход *** ***ын машины хажууд суучихсан байж байсан юм. Харин ***ын машин нь онхолдоод эвдэрчихсэн байсан. Тухайн үед *** ***оос яагаад архи уусан яагаад машин авч явсан талаар асуухад, *** "би санахгүй байна яаж авснаа мэдэхгүй байна, ганцаараа том пиво уугаад согтоод машиныг чинь унаад явчихсан байна" гэж ***д хэлж байхыг нь би сонссон. Тэгээд *** Цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

7. Гэрч ***ын “...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цалин буусан байсан ба үдээс хойш менежертээ хэлээд ойр зуурын юм авахаар ***д ирсэн. *** худалдааны төв ороод буцаад ажил руу 4-5 цагийн үед явсан. Очоод үхэр малаа саачхаад 10 цагийн үед өвөлжөөнөөсөө буугаад байрандаа ирж амарцгаасан. Тэгээд *** наадмын юм гээд ***, *** ах бид гуравт 1 шил архи авч ирж өгөөд гараад явсан ахин ирээгүй. Тэгээд архи хувааж ууж байсан чинь менежер өглөө ажилтай унт гээд унтуулсан. Өглөө сэрхэд *** миний машин байхгүй байна. *** байхгүй байна *** руу залга гэсэн. Тэгээд бид 2 залгатал утсаа аваад "Би *** ахын машинтай онхолдчихлоо одоо би шоронд орох байх аа гээд уйлаад байсан" Тэгээд *** ах, *** бид гурав бригадаас гараад очиход машины хажууд толгойгоо барьчихсан уйлаад зогсож байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд асуухад шоконд орсон байдалтай би өөрөө мэдэхгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

8. "Бан-Хас" хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22/01/01248 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30-р хуудас/,

9. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтийн:

1.Тоёота Аксио Каролла загварын 7862 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гурав Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) Эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн байна. Гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

2. *** загварын *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

3. Ослын шалтгаан нь: *** загварын *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

4. Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэнгүй гэх дүгнэлт хэсэгт /хх-ийн 40/,

10.Яллагдагч ***ийн “...би *** аймгийн *** суманд үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллаад 2 сар болж байна. Манай компанийн ажилчид *** суманд хөдөө ажилчдын байртай. 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед би хамт ***, *** нартай 1 литрийн архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд би согтоод оройдоо *** ахын машиныг унаад явчихсан байсан. Чухам яагаад унаж явах болсноо мэдэхгүй. Тэгээд маргааш өглөө сэрсэн чинь үүрийн 05 цаг 45 минутын үед *** аймгийн *** сумын нутагт ***ын машины арын суудал дээр ганцаараа унтаж байсан. Тэгээд босоод машинаа харсан ч замаас гараад онхолдчихсон эвдрээд хэмхэрсэн байсан. Тэгээд ажлын газрын *** ах руу залгаад "ахаа би *** ахын машиныг авч яваад онхолдчихсон байна гээд хэлсэн чинь Болдоо "хаана байгаа юм. Чи яахаараа хүний машиныг аваад явчихдаг юм бэ гээд гээд уурлаад загнаад байсан. Тэгээд удалгүй *** ах Болдоо ах *** ах нар ирсэн. Би машиныг нь унаж явахдаа *** ахаас зөвшөөрөл аваагүй Тээврийн хэрэгслийнх нь түлхүүр ихэвчлэн *** ахын өрөөний ширээн дээр байдаг юм. Тухайн шөнө нэг мэдсэн чинь машин барьчихсан зам дээр явж байсан. Тэгээд нэг цагаан юм нүүрний урд гараад ирсэн. Одоо бодоход машины аюулгүй дэр байх шиг байсан. Хэсэг ухаан балартчихсан байсан чинь 2-3 ах ирээд нэг нь миний  хацар луу 2-З алгадаад "чи үхлээ шүү дээ ахын дүү, ухаантай байна уу" гээд миний суудлын бүсийг тайлаад машинаас буулгаад толгой дээр ус хийгээд машиныг замын хажуугаас гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 07 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах "***" ХХК-ийн хашаанд байрлуулж тавьсан иргэн ***ын эзэмшлийн **-*** *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг авч зугтааж, *** аймгийн *** сумын нутаг дэвсгэр *** гэх газарт зам тээврийн осол гаргаж, ***д 10,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч ***ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***ны мэдүүлэг, гэрч ***ийн мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, 2022 оны 08 дугаар сарын11-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь бусдын өмчлөлийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд Шүүгдэгч ***г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага:

 

Шүүгдэгч ***г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 10,025,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, төлөх талаар санаачилгагүй хандаж байгаа байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгч ажил, хөдөлмөр эрхлэн хохирол төлбөрийг төлөх боломжтой тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

 

            -эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох,

-эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох,

-эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,

-эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,

-эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох үүрэг хүлээлгэхээр тогтов.

Шүүгдэгч нь *** аймгийн *** сум 3 дугаар баг, ***, ногоо тасаг ***-р гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хохирогч *** нь тээврийн хэрэгслийн эд ангийн оношилгоо хийлгэхэд 100,000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 400,000 төгрөг, журмын хашаанаас тээврийн хэрэгслээ гаргаж авахад 87,000 төгрөг, замын зардал 300,000 төгрөг, ачилтын 120,000 төгрөг, хохирлын 10,025,000 төгрөг, нийт 11,032,000 төгрөг нэхэмжилж байна.

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** замын түмбэ 45,000 төгрөг, шон 98,000 төгрөг, нийт 143,000 төгрөг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нийт 10,655,000 төгрөг гаргуулж, хохирогч ***д 10,512,000 төгрөг, ***-д 143,000 төгрөг олгохоор шийдвэрлэв.  

Хохирогч ***ийн тээврийн хэрэгслийн хохирол 10,025,000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 400,000 төгрөг, журмын хашаанаас тээврийн хэрэгслээ гаргаж авахад 87,000 төгрөг төлсөн баримтаас өөр нотлох баримт хавсаргаагүй тул хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Шүүгдэгч *** нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***г автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 2 сараар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох үүрэг хүлээлгэхээр тогтоосугай. 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цогоогоос нийт 10,655,000 төгрөг гаргуулж, хохирогч ***д 10,512,000 төгрөг, *** ТӨХК-д 143,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялаар солихыг анхааруулсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА