Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0596

 

 

 

 

 

 

                                                                          

“М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “М*******” ХХК

Хариуцагч: Харилцаа холбоо зохицуулах хороо

 

Нэхэмжлэлийн шаардлага: Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” 28 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0463 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, С.Я*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0811/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Харилцаа холбоо зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” 28 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0463 дугаар шийдвэрээр: 

“Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 6.1 дүгээр 1.3 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 30 дугаар зүйлийн 30.1.10, Радио долгионы тухай хуулийн 5дүгээр зүйлийн 51.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” 28 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй, хууль зөрчсний улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хорооноос Сонсох ажиллагаа явуулах тухай албан бичгүүдийг нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан, ажилтнуудад хүргүүлээгүй, шуудангаар илгээсэн гэх боловч хаана ажилладаг, хэн болох нь тодорхойгүй хүмүүст гардуулснаас зөвшөөрөл эзэмшигч хүлээн аваагүй, хаяг өөрчлөгдсөн болохыг албан бичгээр мэдэгдсээр байхад хуучин хаягаар мэдэгдэл, шийдвэрийг хүргүүлсэн байдаг.

Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 6.3 дугаар зүйлийн 1 дэх заалт, 1.4 дүгээр зүйлийн 1.3, Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагаа хуульд зааснаар, зохих ёсоор хийгдэж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсэн эсэх, захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхийг нотлох зорилгоор түдгэлзүүлэх болон хүчингүй болгох мэдэгдлийг хүргүүлсэн тэмдэглэл, маргаан бүхий захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, “М*******” ХХК-д хаягласан шууданг гардуулахдаа тухайн компанийн ажилтан мөн эсэхийг хэрхэн шалгаж баталгаажуулсан илгээмж хүлээн авах эрх бүхий этгээдийг хэрхэн тогтоосон талаарх баримтыг гаргуулах хүсэлтүүдийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дээрх нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тухайлбал, нэхэмжлэгч шууданг хүлээн авсан гэх хүмүүс нь “М*******” ХХК-ийн ажилчид биш, нэхэмжлэгч хаяг өөрчлөгдснийг мэдэгдсээр байхад буруу хаягаар үр дагавар бүхий шийдвэрийг компанид хамааралгүй этгээдүүдэд гардуулсан гэж маргаж, хэрэгт авагдсан “Монгол шуудан” ХК-ийн албан бичгийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь хүргэлтийн дэвтрээс үзэхэд 2 өөр компанид хаягласан илгээмжийг 1 хүнд өгсөн, Галбадрах гэх хүн 2 ондоо өдөр илгээмж хүлээн авсан байхад гарын үсгийн хэв өөр, тэмдэглэл хөтөлсөн /шууданч/ болон хүлээн авсан гарын үсгийн хэв ижил зэрэг эргэлзээтэй зүйлс их байдаг.

Гэтэл ийнхүү хариуцагчийн тайлбарын үндэслэл болж буй шуудангийн тэмдэглэл маргаантай, мөн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шаардлагатай нэмэлт нотлох баримтууд дутуу байхад шүүгч шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй. Улмаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй шийдвэрийн үндэслэх хэсэгт албан бичгийг "...нэхэмжлэгчийн хаягаар, иргэн ...-д гардуулсан байна" гэж бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.2-т заасны дагуу шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүй, шийдвэр хууль ёсны болж чадаагүй тухайд:

Хариуцагч 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргахдаа Зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэсэн байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд шинэ хууль хэрэгжиж эхлээд 3 сарын хугацаа өнгөрөөгүй байхад хуульд заасан "зөвшөөрөл олгосноос хойш 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл зогсоосон" гэх заалтыг баримтлан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг аваагүй бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж байх үед авч, тус хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн гэрээнүүдийг байгуулсан байдаг.

Хариуцагч Сонсох ажиллагаа явуулах тухай албан бичигт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 31.3.4-т заасныг хангаж ажиллаагүй гэснийг шийдвэрт дурджээ. Гэтэл тус заалтыг үзвэл "хууль болон гэрээнд зааснаас бусад тохиолдолд" гэж заасан байгаа бөгөөд нэхэмжлэгчийн байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээнд "Зохицуулах хороо нь давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар биелэгдэх боломжгүй үүргийг түр зогсоох ба зөвшөөрөл эзэмшигч нь давагдашгүй хүчин зүйлийн хугацаанд эдгээр үүрэгт хариуцлага хүлээхгүй" гэж заасан. Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд үүнээс хойш ковид цар тахлын хүнд үе өнгөрсний дараа (үйл ажиллагаа явуулах хугацаа нэхэмжлэгчээс шалтгаалахгүй нөхцөл байдлаар тасалдсан, 2 жилийн хугацаа болоогүй) үйл ажиллагаа жигдэрч эхлэх үед тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Угтаа Зөвшөөрлийн тухай хууль бол зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой ерөнхий хууль гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ, радиогийн салбарын хуульд тогтоомжид дээрх агуулгаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тохиолдлыг заагаагүй. Маргаан бүхий актуудад нэхэмжлэгчийг салбарын ямар хууль тогтоомж зөрчснийг заагаагүй байдаг. Зөвхөн Сонсох ажиллагаа явуулах тухай албан бичигт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14.1.2 дахь заалтад заасны дагуу түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн гэж бичигдсэн хэдий ч энэ заалт тусгай зөвшөөрөлд заасан үйлчилгээ эрхлэх хүрээ, байршилд үйл ажиллагаа явуулаагүй нэхэмжлэгчид шууд хамаарах заалт биш бөгөөд энэ тохиолдолд хамаарахгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0463 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасангүй.

            1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүүлэх тухай” 28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 634 дүгээр захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүхийн мөн оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсний дараа энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой шаардлагаа ийнхүү өөрчилсөн болохоос бус дээрх тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус гэж үзэхгүй.

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар хариуцагчаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх бүрэн эрхтэй, Радио өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4-т заасны дагуу эфирын ажиллагааг тасралтгүй хангаж ажиллах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй нь маргаан бүхий тогтоол гаргах хангалттай үндэслэл болно.

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий 94.5 МГц FM радио нэвтрүүлэх станцын ашиглалтад хэмжилт хийхэд 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн суурин хяналтын станцад дохиолол хэмжигдээгүй болох нь тогтоогдсон, үүнийг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй төдийгүй 2021 оны сүүлийн хагасаас эхлэн үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон талаар Харилцаа холбооны зохицуулах газарт гаргасан хүсэлтээ дурджээ.

2.Давж заалдах гомдолд “…сонсох ажиллагаа явуулах тухай албан бичгүүдийг буруу хаягаар явуулснаас шалтгаалан хүлээн аваагүй…” гэж маргах боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Радио давтамж ашиглах 22800194 тоот тусгай зөвшөөрөл, Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх 12800188 тоот тусгай зөвшөөрөл, эдгээр зөвшөөрлийг ашиглах тус тусын гэрээнд нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн хаягийг “Сансар КаТВ байр, 2 тоот, 2 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг, УБ1500, Монгол Улс” гэж тэмдэглэсэн, хариуцагчаас сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг болон маргаан бүхий тогтоолууд гарсан талаар энэхүү хаягаар тухай бүр хүргүүлсэн болох нь “Монгол Шуудан” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 18/295 дугаар тодорхойлолт, шуудангийн дэвтрийн бүртгэлээр тогтоогдох бөгөөд харин Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тэгш-Ундрах төвийн 303 тоотод шилжсэн тухай хаягийн өөрчлөлтийг хариуцагчид мэдэгдэх үүргээ нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй байна.

Учир нь Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээний 5.1-т “Зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, байршил, удирдлага, холбоо барих ажилтны мэдээлэл, хөрөнгө оруулагч өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ”, 5.3-т “Зөвшөөрөл эзэмшигч …мэдээллийг тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж ирүүлнэ” гэж, Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний 5.1, 5.6-д ч үүнтэй адил зохицуулалт тусгагдсан байх тул цаг хугацааны хувьд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө буюу нэхэмжлэгчээс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 23/09 дүгээр албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороод гаргасан хүсэлтийн албан бланканд одоогийн оршин байгаа хаяг бичигдсэнийг дээрх гэрээнд заасны дагуу хаягийн өөрчлөлтийг хариуцагчид тогтоосон хугацаанд бичгээр мэдэгдсэн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн уг хүсэлтэд 2021 оны сүүлийн хагасаас эхлэн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа талаар, мөн FM радиогийн үйл ажиллагаа эрхэлж байсан түрээсийн байраа сольсноос үүдээд зарим албан бичиг хуучин хаягаар очиж гээгдсэн байх магадлалтай талаар тус тус дурдаад “…FM радиогоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн ажиллуулахаа мэдэгдсэн…” байх боловч үүнээс хойш түдгэлзүүлсэн 45 хоногийн хугацаанд ч, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоол гарах үед ч үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна.

Үндсэндээ хаяг өөрчлөгдсөнийг хариуцагч мэдсэн эсэх, шинэ хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчээс үйл ажиллаагаа эрхлээгүй, хууль болон гэрээний шаардлага зөрчигдөж байгааг мэдсээр байсан болох нь хангалттай тогтоогдож буй энэ тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлүүдийг нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээдэд өгсөн эсэх, хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шийдвэр гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

3.Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн, маргаан бүхий актууд гарах болсон үндэслэл, шалтгааны талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулсан, процессын хувьд нэхэмжлэгчийн хаягаас өөрөөр шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний чухам ямар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн талаар давж заалдах гомдолд тодорхой дурдсангүй.

Хууль хэрэглээний тухайд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тогтоолд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.3-т “зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон” гэснээс гадна Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг тус тус үндэслэжээ.

Тухайлбал Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дээрх заалтад “Зохицуулах хорооны хяналт, мониторингийн тайлан, шалгалтаар холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр заасан, нэхэмжлэгч нарийвчилсан харилцааг зохицуулсан уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4-т зааснаар радиогийн үйлчилгээ эрхлэгчийн хувьд хууль болон гэрээнд зааснаас бусад үндэслэлээр хөтөлбөрийг хэсэгчлэн болон бүрэн зогсоохгүй байх, Радиогийн үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан эфирийн тасралтгүй ажиллагааны түвшинг сар бүр 99.8 хувиас доошгүй байлгах үүргээ тус тус биелүүлээгүй талаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл бүрт холбогдуулан бүрэн дүгнэлт өгснөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгчээс ковид цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаагаа явуулж чадаагүй гэх боловч дээрх хүсэлтэд заасан хугацаанд ч энэ байдал өөрчлөгдөөгүй, иймд “…үйл ажиллагаа жигдэрч эхлэх үед тусгай зөвшөөрлийг цуцалсан…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН