Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Ж.Батхуяг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

Шүүгдэгч Д.Насан-Урт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маграгч овогт Дарьбазарын Насан-Уртад холбогдох эрүүгийн 201626030967 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сургалтын 12 дугаар байрны 2 тоотод оршин суух, “Опен Ворлд” боловсролын төвд менежер ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЖЮ96010914 / Маграгч овогт Дарьбазарын Насан-Урт нь:

-  2016 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ханбогд” амралтын газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн иргэн Ш.Батбаярыг “Чи боль” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.Батбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “…2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр би найзуудтайгаа Ханбогд амралтын газар байсан юм. …манай найзын эхнэр Мөөгий гадагшаа гараад хүнтэй хэрэлдсэн юм шиг байсан. ...манай гэрийн гадаа хоёр цагдаа гэрийн урдуур гар чийдэн барьчихсан явж харагдахаар нь би гараад очсон чинь нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр манай найз нартай хэрэлдээд зогсож байсан. Би юу гэж хэрэлдээд байсныг нь санахгүй байна. …би тэр эмэгтэй, эрэгтэй хоёрт “Больцгоо, одоо больцгоогооч” гэсэн чинь эрэгтэй нь “чи юу гээд байгаа юм” гээд шууд миний эрүүний зүүн тал руу гараараа нэг удаа цохиод авсан…” гэжээ. / хх 15 /,

Гэрч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэр залуучуудтай бид нар маргалдаж муудалцсан юм. Удалгүй би цагдаа дуудаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирсэн. Цагдаа ирэхэд тэдгээр залуучууд бид нараас салаад гэртээ орчихсон байсан. Тэгээд цагдааг дагуулаад гэрийнх нь гадаа очиж уулзсан. …Тэгээд хоорондоо “ Та нар эхэлсэн” гээд маргалдаад байж байтал манай найз Ш.Батбаярыг нэг залуу нь зүүн талын шанаа руу нь гараараа нэг удаа цохиод авсан...” гэжээ. / хх 22 /,

Гэрч П.Содгэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Цагдаа нар ирээд гэрээс дуудаж гаргаж ирээд юу болсон талаар асууж байхад бид нартай муудалцаад байсан залуучууд цагдаагийн хажууд “та нар эхэлсэн” гээд байсан. Цагдаа нар тухайн үед юу болсон талаар асуухдаа Насаа гээд манай найзыг цаашаа байж бай гээд байсан. Тэгсэн чинь нөгөө залуучууд цагдаад худлаа яриад байхаар нь Насаа наанаас нь очоод нэг залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан…” гэжээ. / хх 22 /,

Гэрч Ж.Алтанцоож мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Тэр үед гадаадад сурч байгаад ирсэн гээд Ш.Батбаяр гэх залуу хажууханд “наад хэрүүл уруулаа болиоч, цагдаа ирсэн байна” гэх мэтээр харин ч бид нарт туслаад байж байсан юм. ...Д.Насан-Урт гэх залууг яагаад саатуулсан гэхээр тэр залуу тухайн үед ухаан алдсан гэх эмэгтэй рүү дайрч давшилсан, агсан согтуу тавьсан гэсний дагуу саатуулсан…” гэжээ. / хх 26 /,

Гэрч Г.Мөнхтөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Офицер Алтанцоож бид хоёр, хоёр талд тэдгээр залуучуудыг зохицуулаад байж байсан. ...Тэдгээр залуучууд хоорондоо маргалдаад 1 залуу нь миний хажууд маргалдаад байсан залууг цохиод авсан...” гэжээ. / хх 27 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8862 тоот дүгнэлтэнд:

1. Ш.Батбаярын биед эрүү ясны зүүн талын булангийн ташуу зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 31 /,

Шүүгдэгч Д.Насан-Уртыг 2016.08.10-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 40 /,  2016.08.23-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-42 /,

Шүүгдэгч Д.Насан-Уртын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 46 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Насан-Урт мэдүүлэхдээ: Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ш.Батбаярын биед учирсан гэмтлийг би учруулсан.  “…Цуг явж байсан эмэгтэй нь миний шанаа руу 3 удаа цохьсон…”  гэж цагдаад хэлээд зогсож байтал хохирогч Ш.Батбаяр миний цамцнаас татаад цамц урахаар нь би эргүүлээд цохьсон юм.  Хохирогч Ш.Батбаяраас уучлалт гуйсан. Эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн. Тухайн хэрэг гарах үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Цаашдаа биеэ зөв авч явж байна гэв.

Шүүгдэгч Д.Насан-Урт нь 2016 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ханбогд” амралтын газар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн иргэн Ш.Батбаярыг “Чи боль” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “…2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр би найзуудтайгаа Ханбогд амралтын газар байсан юм. …Гадаа  эмэгтэй, эрэгтэй хоёр хүн манай найз нартай хэрэлдээд зогсож байсан. …Би “Больцгоо, одоо больцгоогооч” гэсэн чинь эрэгтэй нь “чи юу гээд байгаа юм” гээд шууд миний эрүүний зүүн тал руу гараараа нэг удаа цохиод авсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ш.Батбаярын мэдүүлэг / хх 15 /,

- “...Тэр залуучуудтай бид нар маргалдаж муудалцсан юм. Удалгүй би цагдаа дуудаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирсэн. …Тэгээд хоорондоо “ Та нар эхэлсэн” гээд маргалдаж байтал манай найз Ш.Батбаярыг нэг залуу нь зүүн талын шанаа руу нь гараараа нэг удаа цохиод авсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Отгонбаатарын мэдүүлэг / хх 22 /,

- “...Цагдаа нар ирээд гэрээс дуудаж гаргаж ирээд юу болсон талаар асууж байхад бид нартай муудалцаад байсан залуучууд цагдаагийн хажууд “та нар эхэлсэн” гээд байсан. Тэгсэн чинь нөгөө залуучууд цагдаад худлаа яриад байхаар нь Насаа наанаас нь очоод нэг залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч П.Содгэрэлийн мэдүүлэг  / хх 22 /,

- “…Тэр үед гадаадад сурч байгаад ирсэн гээд Ш.Батбаяр гэх залуу хажууханд “наад хэрүүл уруулаа болиоч, цагдаа ирсэн байна” гэсэн. ...Д.Насан-Урт тухайн үед ухаан алдсан гэх эмэгтэй рүү дайрч давшилсан, агсан согтуу тавьсан  учир саатуулсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ж.Алтанцоожийн мэдүүлэг / хх 26 /,

- “...Офицер Алтанцоож бид хоёр тэдгээр залуучуудыг зохицуулж байхад 1 залуу нь миний хажууд маргалдаад байсан залууг цохиод авсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Мөнхтөрийн мэдүүлэг  / хх 27 /,

-“ … хохирогч Ш.Батбаярын биед эрүү ясны зүүн талын булангийн ташуу зөрөөгүй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 8862 тоот шинжээчийн дүгнэлт…” / хх 31 / зэрэг болно.

Шүүгдэгч Д.Насан-Уртыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.Насан-Урт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD болон рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Батбаярт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Маграгч овогт Дарьбазарын Насан-Уртыг догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Насан-Уртыг 3 / гурван / жил 1 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Насан-Уртад 3 / гурван / жил 1 / нэг /  сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD, рентген зураг 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Батбаярт буцаан олгосугай.

5. Д.Насан-Урт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Насан-Уртад оногдуулсан 3 / гурван / жил 1 / нэг / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 / нэг / жил 6 / зургаан / сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Насан-Уртад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЛЗОД