Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00522

 

Л.Хүрэлхадын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01310 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1561 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: Л.Хүрэлхадын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох

Хэлтсийн даргын 2018.05.04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллах нөхцөлөөр хангахыг даалгах, 2018.04.21-ний өдрөөс 2019.11.05-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэлд нийт 18,159,924 төгрөг гаргуулах, 1028226 дугаартай эмнэлгийн хуудасны тэтгэмжид 347,547 төгрөг, 1028834 дугаартай эмнэлгийн хуудасны тэтгэмжид 139,049 төгрөг гаргуулах, ээлжийн амралт нөхөн тооцуулах, буцалтгүй тусламжид 500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Хүрэлхад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхзул, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Хүрэлхадын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ажил олгогчийн 2017.01.27-ны Б/01 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогчоос 2018.01.25-ны өдөр ажилдаа ор гэж мэдэгдсэний дагуу ажилдаа орж, ажилд орсон анхны өдрөөс эхлэн хариуцагч нь ажлаа хийх боломж нөхцөлөөр хангахгүй, байж болох бүхий л дарамтыг үзүүлж эхэлсэн. Би зохицуулж болох бүх арга хэмжээг авч байсны хүчинд ажлаа амжуулдаг байсан. Миний бие өвдөж 2018.2.20-ны өдөр албан ёсоор өвчтэй байгаагаа хэлээд, эмнэлгийн бичгээ мэргэжилтэн Н.Шинэ-Одод өгсөн. 2018.03.21-ний өдрөөс 4.13-ны өдрийн 21 хоногийн листний эх хувийг мэргэжилтэн Н.Байгалмаад өгсөн ч алга болгосон байсныг зарлуулан торгууль төлж дахин бичүүлж аваад 5.3-ны өдөр нягтлан бодогч Н.Энхсайханд гардуулж өгсөн. 2 удаагийн эмнэлгийн хуудсаар олгох тэтгэмжийг одоо хүртэл надад олгоогүй. Учир нь миний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг надад өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс эмнэлгийн хуудсаар авах тэтгэмжийг авч чадаагүй хохирч байна. Иймд 1028226 дугаар эмнэлгийн хуудастай, 2018.3.21-ний өдрөөс 2018.4.10-ны өдрийг дуусталх хугацааны 21 хоногийн түр хүчээ алдсаны тэтгэмжийн 347,547 төгрөг, 2018.4.13-ны өдрөөс эхлэн 04.20-ны өдрийг дуусталх хугацааны 8 хоногийн тэтгэмж 139,019 төгрөгийг гаргуулахаар шаардах үндэслэлтэй байна. Намайг ажлын байранд ажлаа хийх ямар ч боломжгүй болгож, өргөдлөө бич ажлаас гар гэсэн шаардлага тавьдаг, ажлаас өөрийн санаачилгаар гарах үндэслэлгүй, та албан ёсоор халсан тушаал шийдвэрээ өг гэхэд ажлаас халсан тушаал огт өгөөгүй. Намайг 2018.5.04-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын цагийг удаа дараа тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн шалтгаанаар ажлаас халсан тушаалыг хавсаргаж ирүүлсэнтэй танилцаж, ажлаас халсан болохыг мэдлээ. 2018.5 дугаар сараас хойш удаа дараа дарга Н.Мягмарсүрэн, бусад ажилтнуудтай холбогдож, тэтгэмжийн мөнгөө, шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин олговроо шаардаж, ажлаа хийх талаар хэлж, хөөгдөж байсан энэ үед ажлаас халсан талаар надад огт хэлээгүй, гардуулж өгөөгүй болно. Иймд Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018.05.04-ний өдрийн Б/11Б тушаалаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон өдөр буюу 2018.04.21-ний өдрөөс хойш 2019.11.05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг төрийн албан хаагчдын цалинг 8-10 хувиар нэмэгдүүлсэн нэмэгдлийг үндсэн цалинд тооцуулан 18,159,924 төгрөг гаргуулах, 1028226 дугаар эмнэлгийн хуудас буюу 2018.03.21-ний өдрөөс 2018.4.10-ны өдрийг дуусталх хугацааны 21 хоногийн түр хүчээ алдсаны тэтгэмжийн 347,547 төгрөг, 2018.4.13-ны өдрөөс эхлэн 04.20-ны өдрийг дуусталх хугацааны 8 хоногийн тэтгэмж 139,019 төгрөг, нийт 486,566 төгрөгийг гаргуулах, 2018, 2019 оны ажлын жилийн ээлжийн амралтыг нөхөн тооцуулж, эдлэх боломжоор хангахыг даалгах, төрийн албан хаагчдад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийн 500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Удирдлагын зүгээс Л.Хүрэлхадыг хэлтсийн үйл ажиллагааны гол үндсэн чиглэлүүдийн нэг болох, өөрийнх нь өмнө хариуцаж ажиллаж байсан хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалд ажиллуулсан бөгөөд 108-ийн дуудлага дээр ажиллаж, хариу үйлчилгээ үзүүлэн, тайлагнах, 108 программын дуудлага бүрийг хянаж, хаах үндсэн ажил үүргийн дагуу удирдлагын заалтыг өгч ажиллуулж байсан. Хамгааллын мэргэжилтэн нар бүгд 108-ын дуудлага дээр ажилладаг бөгөөд 2018 оны 1-р улиралд Л.Хүрэлхад 17 дуудлага хүлээн авч ажилласан боловч, 12 дуудлагыг хааж, 5 дуудлага дээр огт ажиллахгүй орхиж явсан. 108 утсанд ирсэн дуудлагад мэргэжилтэн нар ажлын 8 цагийн дотор оролцогч нартай холбогдож, хариу үйлчилгээг үзүүлсэн байх ёстой байдаг, гэтэл Л.Хүрэлхад огт ажиллаагүй орхиж, үлдээсэн дуудлага дээр өөр мэргэжилтэн нар ажиллан хариу үйлчилгээ үзүүлж хаасан байдаг. 2018.03.27-ны өдөр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргаас манай хэлтсийн хүүхдийн тусламжийн утас 108-ын дуудлагын хариу үйлчилгээний 1-р улирал, 3-р сарын тайланг хугацаанд нь ирүүлээгүйгээс нийслэлийн тоо мэдээний нэгтгэл гаргах боломжгүй болсон тул тайланг нөхөн ирүүлж, анхаарч ажиллах тухай албан бичиг ирсэн. Энэ нь Л.Хүрэлхадын ажилдаа яаж хандаж байсныг харуулах баримт гэж үзэж байна. Учир нь Л.Хүрэлхад нь 2018.3.21-ний өдрөөс 2018.4.04-ний өдрийн хооронд ажлаас чөлөөлсөн ХУЭМТ-ийн эмчийн магадлагаа, мөн 2018.3.20-ны өдрөөс 2018.3.27-ны өдрийн хооронд ажлаас чөлөөлсөн тухай Сумади эмнэлгийн эмчийн магадлагаа, 2018.03.21-ний өдрийн ХУЭМТ-ийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас тус тус авчирч ажилдаа ирээгүй. Бид Л.Хүрэлхадын ажилласан хугацаанд цагийн бүртгэлийн дагуу цалинг цаг тухай бүрд олгож байсан. Ажилтан тухайн сард цалин авахдаа цагийн бүртэл, сар бүрийн ажлын тайланг тайлагнаж авдаг боловч Л.Хүрэлхад нь сарын тайлан болон улирлын тайлан огт өгч байгаагүй. Мөн бид Л.Хүрэлхадыг 2018.4 дүгээр сард ажилдаа ирэхийг нь хүлээж орон тоог нь хадгалан үлдээж, үүрэгт ажлыг нь бусад мэргэжилтэн нар хуваан хийж байсан бөгөөд ямар ч сураг чимээ байхгүй байсан тул хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу 2018.5.04-ний өдөр ажлаас чөлөөлж тушаал гаргасан. Энэ тушаалыг танилцуулж утсаар мэдэгдсэн, өөрөө огт ирээгүй. Л.Хүрэлхадын гаргасан ноцтой зөрчил буюу ажлын цагийг удаа дараа тасалсан зөрчлийн талаар 2018.02.23-ны өдөр ажлын цагийг тасалсан, 2018.3.06-ны өдрийн 08.30-12:30 хүртэл ажлын цагийг тасалсан, 2018.4.25-ны өдрөөс хойш ажлын 7 хоног ажил тасалсан тул Л.Хүрэлхадыг 2018.5.04-ний өдрийн Б/11б тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Л.Хүрэлхадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2, 7.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.6, 8.7.11, 8.7.12, 11.4.6-д гэж тус тус заасны дагуу цуцалсан байна. Эдгээрээс үзэхэд ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүй таслах нь ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Үүнээс гадна нэхэмжлэгч нь олон тооны эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас шүүхэд ирүүлсэн байдаг боловч үнэн эсэх нь эргэлзээтэй, ажил олгогчдоо Хөдөлмөрийн дотоод журмын 10.10.5, 10.13 дахь зохицуулалтын дагуу мэдэгдэж, нотлох баримтыг ирүүлж чөлөө авч байгаагүй. Л.Хүрэлхадын шүүхэд ирүүлсэн 1028834 дугаар эмнэлгийн хуудас гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй, өмнө нь ажил олгогчид өгсөн эмнэлгийн магадлагаа нь хуурамч байсан. 2019.04.02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №212 дугаар шийтгэвэрээр Л.Хүрэлхадад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар 2019.01.29-ний өдөр Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болох олон нийтийн газарт тус хэлтсийн дарга О.Мягмарсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэн О.Мягмарсүрэнг цээртэй үгээр гутаан доромжилж олон нийтийг үл хүндэтгэн танхайрч хэрэг гаргасан тул 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгож шийтгэсэн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь өвчний учир ажил хийх боломжгүй байсан хугацаа шүүхэд ирүүлсэн баримтаас харвал 2018.04.25-ны өдөр байх бөгөөд түүнээс хойших хугацаанд огт ажилдаа ирээгүй. Ажилдаа ирэх талаар мэдэгдэж байсан, тушаалыг гаргаад танилцуулах гэсэн боловч огт ирээгүй. Тиймээс Л.Хүрэлхадыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүх, хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандаагүй тул ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Гэтэл 2019.07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Үнэхээр ажлаа хийх хүсэлтэй байсан бол 2018.04.25-аас хойш ажилдаа ирэх, халсан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй бол хуульд зааснаар маргах боломж нь байсан бөгөөд 1 жил 3 сарын дараа гэнэт ажилтай байснаа санасан мэтээр шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01310 дугаар шийдвэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 79, 55, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан гаргасан шаардлагаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны 1028226, 1028834 дугаартай эмнэлгийн хуудсыг баталгаажуулан харьяалах нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нөхөн гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх шаардлага болох тус хэлтсийн даргын 2018.05.04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллах нөхцөлөөр хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэл гаргуулж, ээлжийн амралт нөхөн тооцуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Хүрэлхад буцалтгүй тусламжид 500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Хүрэлхадад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1561 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01310 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...харьяалах нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нөхөн гаргуулах шаардлагыг хангаж гэснийг ...харьяалах нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтын хамт хүргүүлсүгэй гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 болгож, 4 дэх заалтыг 3 болгож, 5 дахь заалтыг 4 болгож тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Хүрэлхад нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Хүрэлхад хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.04.06-ны өдөр ажилгүй байсан хугацааны 6,192,669 төгрөгийг надад гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэ хэрэг давж заалдах, хяналтын шүүхэд О.Мягмарсүрэнгийн гомдлоор хянагдаж, 2018.11.13-ны өдрийн 001/ХТ/2018/01627 дугаар тогтоолоор хэвээр үлдсэн. Ажилгүй байсан хугацааны энэ олговрыг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс өнөөдрийг хүртэл надад олгохгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа болно. Миний өөрийн бие өвдсөн, ар гэрт минь гачигдал тохиолдож байсныг мэдсэн атлаа мэдээгүй царай гаргадаг, ажлаа хийх компьютер хүртэл өгөхгүй, бусад ажилтнуудаас миний эрхийг дордуулан ялгаж харьцдаг байсныг нь хэлэхэд ихэд дургүйцдэг байсан. Намайг ажлаас халсан тушаалыг 2018.05.04-ний өдөр гаргахдаа ажилдаа цагтаа ирээгүй, ажлын цагийг удаа дараа тасалсан, хөдөлмөрийн зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 8.7.6, 8.7.11, 8.7.12 дахь заалтуудыг үндэслэсэн байв. Иймд миний бие 2019.11.05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2018.05.04-ний өдрийн Б/116 тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар ихэсгэсэн юм. Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, шийдвэр, магадлал гаргасанд гомдолтой байна. Учир нь 2019.07.09-ний өдрийн нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ ажлаа хийх гэхээр хийлгэхгүй, харьцдаггүй болсон учраас ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байна гэж үзэн, ажлаас халагдсантай адилтган шүүхэд гомдол гаргах гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэл өөрчлөгдөж, ажлаас халсан гэх тушаалыг мэдсэн үеэс уг тушаалыг эс зөвшөөрч, шаардлагаа тодорхой болгосон юм. Хариуцагч нь 2018.05.04-ний өдрийн тушаалыг надад гардуулаагүй, түүнийг гарсан талаар мэдэгдээгүй, мэдэх боломж надад олгоогүй. Харин тушаал гарсан гэдгийг мэдсэн үеэс эхлэн хуулиар тогтоосон хугацаанд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн юм. Энэ тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хариуцагч биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018.05.04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний ажилд Л.Хүрэлхадыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэл гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Хүрэлхад нь Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан тус хэлтсийн даргын 2018.05.04-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллах нөхцөлөөр хангахыг даалгах, 2018.04.21-ний өдрөөс 2019.11.05-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчийн нэмэгдэлд нийт 18,159,924 төгрөг гаргуулах, 1028226 дугаартай эмнэлгийн хуудасны тэтгэмжид 347,547 төгрөг, 1028834 дугаартай эмнэлгийн хуудасны тэтгэмжид 139,049 төгрөг гаргуулах, ээлжийн амралт нөхөн тооцуулах, буцалтгүй тусламжид 500,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буцалтгүй тусламжид 500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан, 1 жил 3 сарын дараа нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

Анхан шатны шүүх ...эмнэлгийн хуудас баталгаажуулан харьяалах нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийг хангаж, буцалтгүй тусламж гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх ажил олгогч нь эмнэлгийн хуудас баталгаажуулан харьяалах нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтын хамт хүргүүлэх үүрэгтэй байхад тэтгэмжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь, мөн нэхэмжлэгч ...500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэлээ багасгасан гэж үзэх байтал шүүх татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь буруу гэсэн эдгээр үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад дүгнэлтийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

 1. Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Хүрэлхадыг тус хэлтсийн даргын 2018.05.04-ний өдрийн Б/11б тоот тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа цагтаа ирээгүй, ажлын цагийг удаа дараа тасалсан, хөдөлмөрийн зөрчлийг удаа дараа давтан гаргасан үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг баримталж ажлаас халжээ. Тушаалд Л.Хүрэлхадын хэзээ гаргасан зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулснаа тодорхой заагаагүй боловч хариуцагч 2018.02.23-ны өдөр, 2018.03.06-ны өдрийн үдээс өмнө, 2018.04.25-наас хойш 7 хоног тус тус ажил тасалсан давтан зөрчил гаргасан гэсэн тайлбар өгч зохигч энэ хүрээнд мэтгэлцсэн байна.

Л.Хүрэлхад нь 2018.03.21-ний өдрөөс хойш 2018.05.04-ний өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй, энэ хугацаанд цалин хөлс аваагүйг зохигч маргаагүй бөгөөд тэрээр өвчтэй байсан нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон байна. Харин 2018.02.23-ны өдөр, 2018.03.06-ны өдрийн үдээс өмнө Л.Хүрэлхад нь ажил тасалсан гэх үйл баримтыг хариуцагч нотлоогүй тул ажил тасалсан давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй боловч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.

2. Нэхэмжлэлийг шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэнэ.

 Нэхэмжлэгч түүнийг ажлаас халсан ажил олгогчийн 2018.05.04-ны өдрийн Б/11б тушаалын талаар мэдсэн боловч 1 жил 2 сарын дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж , дэвтэрт бичилт хийлгэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна.

 3. Нэхэмжлэгчид 2018.03.21-ний өдрөөс 2018.04.13-ны өдөр, мөн өдрөөс 04.24-ний өдөр хүртэл өвчтэй байсны улмаас олгогдсон 1028226 болон 1028834 дугаартай эмнэлгийн магадлагааг хариуцагч нь нийгмийн даатгалын байгууллагад зохих хугацаанд хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, эдгээрийг холбогдох баримтын хамт хүргүүлснээр нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцуулан нөхөн авах эрх үүснэ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 4. Ээлжийн амралтыг нөхөн тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоох, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. гэснийг зөрчөөгүй гэж үзэв. Учир нь Л.Хүрэлхад өмнө нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон боловч ажил үүргээ гүйцэтгээгүй, цалин хөлс аваагүй байна.

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан тушаалыг надад гардуулаагүй, түүнийг гарсан талаар мэдэгдээгүй, мэдэх боломж надад олгоогүй... гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1561 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ