| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0844/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1192 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1192
2022 9 26 2022/ШЦТ/1192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Э.Чанцалням,
Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхим хийсэн шүүх хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Мт холбогдох *********дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****оны *** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилтын *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **н овгийн Ч.М /регистрийн дугаар: *****
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, *****11-5 тоотод иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ч.М нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян Уулын 11-5 тоотод иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан.... СХД-ын 9 дүгээр хороо Баруун баян Уулын 11-5 тоотод иргэн Батцэцэг нь найздаа зодуулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- хохирогч Б.Бийн...2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн үед найз О гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ************тоотод очсон...Би найз залуу Ч.О йн гэрт байна хүрээд ир гэсэн...Ч нэг шил архитай ирээд уугаад сууж байтал Чг манай найз тойрог дээр ирсэн байна гээд дагуулаад орж ирсэн...Отгонцэцэг түүний нөхөр Хатанбаатар, Чинзориг бид 4 архи уусан. Отгонцэцэг удахгүй миний төрсөн өдөр болох гэж байгаа гэж ярихаар нь би караоке бааранд төрсөн өдөр тэмдэглээд хэрэггүй юм байна лээ гэж ярьсан чинь М хажуунаас орж ирээд...чи миний найзын мөнгөөр төрсөн өдрөө тэмдэглээ биз дээ гээд миний үснээс зулгааж байгаад газар унагаад миний зүүн талын шанаа руу гараараа 2 удаа цохиод бас хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
- гэрч Б.О...2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ буюу ******хороо, ********тоотод байж байтал 19 цагийн үед Батцэцэг манай гэрт машинаа янзлуулах гэж ирсэн...Батцэцэг манай гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир манай гэрт хоноод яв гэж хэлсэн...22 цагийн үед Б найз залуу Ч 0.75 литрийн Экс нэртэй архи авч орж ирээд ууж байтал Чинзоригийн найз М 23 цагийн үед ирсэн...Тэгээд би миний төрсөн өдөр болох гээд Бнадаас төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна, би төрсөн өдрөө караокед тэмдэглэсэн чинь 1.000.000 төгрөг үрчихсэн гэж Батцэцэг хэлсэн чинь М цаанаас “чи манай найзын мөнгийг үрж амьдардаг биз дээ” гээд Батцэцэгийг шууд үстэж, унагааж байгаад Батцэцэгийн нүүр лүү хөлөөрөө өшиглөөд бас хөл гар луу нь хөлөөрөө өшиглөөд байхаар нь бид нар салгаад цагдаагийн байгууллага дуудсан чинь М гараад яваад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
- гэрч Б.Чинзоригийн...тухайн үед ирээд архи уугаад сууж байсан чинь Отгоо төрсөн өдөр болох гэж байна гээд ярьсан чинь Батцэцэг баар караокед төрсөн өдөр хийвэл их мөнгө орно гэж ярьсан чинь М Батцэцэг рүү “чи яасан их мөнгөтэй юм бэ “ гээд хоорондоо маргалдаад, М Батцэцэгийн нүүр лүү нь 1-2 удаа цохиод авсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
- шинжээчийн дүгнэлт:...Б.Бийн биед тархи доргилт, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, хоёр шилбэний цус хуралт, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 25 дахь тал/,
- шүүгдэгч Ч.Мын...2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед...Чинзориг залгаад Баянхошууны тойрог дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон. Чинзориг нэг айлаар ороод гаръя гээд тэгээд очиход Хатнаа гэх залуу, түүний эхнэр Отгоо, Батцэцэг, Заяа нар архи ууж байсан...Тэд нар архиа хувааж уугаад бас юм ярьж байснаа Батцэцэг их мөнгөөр төрсөн өдрөө тэмдэглэдэг талаар яриад байхаар нь миний дургүй хүрээд маргалдахад Батцэцэг над руу дайрах гээд байхаар нь Батцэцэгийн үснээс нь зулгааж байгаад доош нь дарсан чинь тэнд байсан хүмүүс над руу дайрах гээд байхаар нь би гэрээс нь гараад явчихсан...Би Батцэцэгийн хохирол 300.000 төгрөг шилжүүлэн барагдуулж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51, шүүх хурлын тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, тус хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай асуудал үүсээгүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Хохирогч Б.Бийн эмчилгээний төлбөрт 300.000 төгрөг төлөгдсөн /хх-55, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, өсвөр насны 2 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-28, 31-36, 50, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдал зэргийг харгалзан, талуудын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ч.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР