Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 3715

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03715

Улаанбаатар хот

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                        Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг  дугаар хороо  дүгээр хороолол  дугаар байр  тоотод оршин суух,   онд төрсөн  настай, Амчин овогт Т Э

                        Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо Зүүн наран  дугаар гудамж  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Жаргал овогт С Б

            Зээлийн гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Э, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

           

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аман гэрээ хийж С.Бт 2.950.000 төгрөг, дараа нь цувуулж 1 сая, дахин 1 сая төгрөгөөр нийт 5.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. С.Б хүнсний дэлгүүр ажиллуулдаг тул дэлгүүрээс нь хүнс, барааны зүйл авч байсан. Бэлнээр өгсөн мөнгө, авсан барааг тооцож 2.324.260 төгрөг болсон. Гэхдээ энэ мөнгийг би хүүнд тооцсон тул 5.500.000 төгрөг гаргуулж өгнө үү. Надаас зээлсэн мөнгөө 2 сарын дараа өгнө гэсэн боловч худлаа ярьсаар өдий хүрсэн. Бид хоёр бичгээр гэрээ хийгээгүй. С.Б 3.175.740 төгрөгийг ондоо багтааж өгвөл болж байна. Түүнээс оны дараа 2019 оны 05 дугаар сард төлнө гэж байвал би зөвшөөрөхгүй гэв.

            Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Эаас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөнгө зээлсэн. Нийтдээ 5.500.000 төгрөг зээлдэж авсан нь үнэн. Би дэлгүүр ажиллуулдаг. Өдрийн орлогоосоо цувуулж төлж байсан. Манайхаас Т.Э хүнсний бараа авч байсан. Т.Эад өгсөн мөнгө, барааг бид хоёр тооцож түүнд нийтдээ 2.324.260 төгрөг төлсөн байна. Одоо үлдэгдэл 3.175.740 төгрөгийг 2019 оны 05 дугаар сард төлж барагдуулна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

                   Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч С.Бт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

                                     Зохигч 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөнгө зээлдүүлсэн, энэ өдрөөс хойш нэмж зээл өгсөн, зээлийн нийт дүн 5.500.000 төгрөг гэдгийг зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй байна.

                 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байна.

Зээлдүүлэгч Т.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 5.500.000 төгрөгийг зээлдэгч С.Бт шилжүүлсэн, хариуцагч С.Б гэрээний үүрэгт 2.324.260 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан тэдний тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд 5.500.000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн,  гэрээний хугацаанд төлсөн 2.324.260 төгрөгийг хүүнд тооцон хассан гэж тайлбарласан боловч тэрээр хуульд зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн, тэрээр зээлийн гэрээний хүүг шаардах эрхгүй байх тул 2.324.260 төгрөгийг үндсэн зээлээс хасаж /5.500.000-2.324.260=3.175.740/ үлдэх 3.175.740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч С.Бээс 3.175.740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.324.260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  109.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                         

                                                                                                    

             ТОГТООХ нь:

 

              1.Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар  хариуцагч С.Бээс 3.175.740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эад олгож, үлдэх 2.324.260 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 65.762 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эад олгосугай.

               3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА