Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 14 өдөр                                   2022/ШЦТ/177                                                      Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Хохирогч Ш.Гантулга,

Шүүгдэгч Х.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Баттөрд холбогдох эрүүгийн 2230000000173 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны . .....дүгээр сарын .......-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ............. ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг ................ тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Ж.... овогт Х-ийн Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Баттөр нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Уулбаян сумаас зүүн хойд зүгт 30 километрт байх “Тэгш” гэх газарт ............ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 3.4.б заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ш.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Баттөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гантулга ахтай хамт хөдөө явж байсан. Машиныг би жолоодож байсан. Дугуй хагарч зам тээврийн осол гарсан. Уг ослын улмаас нуруундаа гэмтэл авч аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Тэгээд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд 17 хоног хэвтэж хөл дээрээ боссон. 2 сар гаруй хэвтрийн дэглэм барих заалттай байж байгаад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон. Машины төлбөр болон эмчилгээний зардалд 600,000 төгрөг, нийт 12,200,000 төгрөгийг хохирогчийн зүгээс нэхэмжилсэн. Машины төлбөрөөс 4,500,000 төгрөгийг хохирогчид төлсөн байгаа. Хохирогчид учруулсан хохирлыг төлнө гээд хохирогчтой тохиролцсон байгаа” гэв.  

Хохирогч Ш.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Х.Баттөртэй хамт явж байгаад зам тээврийн осолд орсон. Улаанбаатар хотод 2 сар шахуу эмчилгээ хийлгэсэн. Одоо аймгийн эмнэлэгт бариа засал хийлгэж байгаа. Эмчилгээний зардал 600,000 төгрөг, машины төлбөр нийт 12,200,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Х.Баттөр нь машины төлбөрөөс 4,500,000 төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл 7,100,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгчээс гаргуулж авмаар байна” гэв.   

Эрүүгийн 2230000000173 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Х.Баттөр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Уулбаян сумаас Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Заан ширээ” гэх газар луу найз Аюушжавынх руу явах ажил гарсан. Тэгээд Гантулга ахыг машинаараа яваад өгөхийг гуйсан. Гантулга архи уусан байсан болохоор би өөрөө машиныг нь бариад явсан. Урд талд Аюушжав, арын суудалд Мягмардаш, Гантулга нар сууж явсан. Бид хэд Уулбаян сумаас 11 цагийн үед гарсан. Сумаас гараад 30 км орчим явж байхад машины хойд талын дугуй хагарч, машин шарвасан. Би машинаа тогтоох гэж 2-3 оролдсон боловч машинаа тогтоож чадалгүй онхолдсон. Ослын улмаас би ухаан алдаж юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Ослын газар дээр түргэний машин ирж байгааг хальт санаад байгаа. Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Ослын улмаас Гантулга ахын зүүн гар нь хугарсан. Миний нуруу хугарч гэмтсэн. Харин Аюушжав, Мягмардаш хоёр ямар нэгэн гэмтэлгүй зүгээр байсан...” гэх /хх 87-88 дугаар хуудас/,

- Хохирогч Ш.Гантулгын “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн үед хуурай дүү нар болох Баттөр, Аюушжав, Мягмардаш нарын хамт Уулбаян сумын төвөөс Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг “Хүрээгийн уул” гэх газраас адуу ачиж авч ирэхээр гарсан. Тухайн үед би архи уусан байсан учраас Баттөрд машинаа бариулаад явсан. Тэгээд сумаас гараад би унтсан. Тэгсэн гэнэт “ээжээ” гэх шиг болохоор цочоод сэртэл машин онхолдсон. Ослын улмаас миний зүүн гар шуугаараа хугарч гэмтсэн. Баттөр бас нуруу нь гэмтсэн гэсэн. Аюушжав, Мягмардаш нар харин ямар ч гэмтэлгүй зүгээр байсан...” гэх /хх 11-12 хуудас/,

- Гэрч Э.Мягмардашийн “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед Баттөр нь Аюушжаваас нэг адуу авна гээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “...........” гэх газар луу Гантулга ахын машинтай Баттөр, Аюушжав, Гантулга бид дөрөв сумын төвөөс хойш 30 орчим километр газар явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн машиныг Баттөр жолоодож явсан. Би ард сууж явсан. Машин онхолдсоны дараа би утастай айл олж түргэн дуудсан. Удалгүй сумын түргэн ирсэн. Тэр хугацаанд хажуугаар өнгөрч явсан ачааны машин бид нарын сууж явсан машиныг босгож өгсөн...” гэх /хх 15-16 дугаар хуудас/,

- Гэрч Х.Аюушжавын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой өөрийн төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ирж хоноод маргааш өдөр 11 цагийн орчимд “Prius-20” маркийн машинтай Мягмардаш, Баттөр, Гантулга нарын хамтаар манай гэр лүү Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Заан ширээ” гэх газар луу явсан. Бидний явсан машиныг Баттөр жолоодож явсан. Уулбаян сумаас хойш 30 орчим километрт “Тэгш”-ийн багийн зүүн хойно явж байхад Баттөр “дугуй хагарлаа” гэж хэлсэн. Удалгүй машин хажуу талаар унасан. Би машинаас гарч ирэхэд Баттөр машинаас шидэгдсэн байдалтай, Гантулга машин дотор, Мягмардаш машинаас гарсан байсан. Гантулга “миний гар хугарсан байна” гэхээр нь би машинаас татаж гаргасан. Мягмардаш эмнэлэг дуудахаар явсан. Удалгүй эмнэлэг ирсэн. Эмнэлэг ирэх хооронд замаар явж байсан нэг танихгүй машинтай хүн манай машиныг татаж босгож өгсөн. Тэгээд Сүхбаатар аймгийн төв рүү эмнэлэг явсан” гэх /хх 19-20 дугаар хуудас/,

  • Гэрч Г.Золчимэгийн “...Т.Вера нь манай нөхрийн багш. Вера багшийн нөхөр Ш.Гантулга гэдэг хүн “банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч машин авах гэсэн Улаанбаатар хотын хаягтай байх ёстой юм байна” гэсэн. Тэгээд намайг өөрийнхөө нэр дээр “Андууд Финанс” банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулж, зээл авч өгсөн. Сар бүрийн төлөлтийг Вера багш, нөхөр Гантулга нар нь өөрсдөө тушаадаг. Надад ямар нэгэн төлбөр, тооцоотой холбоотой асуудал байхгүй...” гэх /хх 26 хуудас дугаар хуудас/ мэдүүлгүүд,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6 хуудас/,

- Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн магадалгаа /хх 27-29 дүгээр хуудас/,

- Хохирогч Ш.Гантулгад үзлэг хийсэн эмчийн үзлэгийн бичилт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зураг /хх 23-27 дугаар хуудас/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 258 дугаартай дүгнэлт “... 1. Ш.Гантулгын биед зүүн шууны коллесагийн ил хугарал, бохирлогдсон шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 28-29 дүгээр хуудас/,

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 257 дугаартай шинжээчийн “... 1. Х.Баттөрийн биед бүсэлхий 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, 5 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, ууцны 1 дүгээр нугалмын хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт, оношилгооны дүгнэлт /хх 43-50 дугаар хуудас/,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2202273 дугаартай “...зам тээврийн осолд орсон “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 11,600,000 төгрөг” гэх дүгнэлт, /хх 55-67 хуудас/,

  • ............ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн  тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 74 дүгээр хуудас/,
  • “Андуунд Финанс” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Да-21/281 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, ........... улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн  тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 73-74 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Х.Баттөрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 91 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Х.Баттөрийн урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 94-101 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Х.Баттөрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 102 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Х.Баттөр нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Баттөр нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Уулбаян сумаас зүүн хойд зүгт 30 километрт байх “Тэгш” гэх газарт 98-74 УБХ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 3.4.б заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ш.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Гантулга, гэрч Э.Мягмардаш, Х.Аюушжав, Г.Золчимэг нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн магадалгаа хохирогч Ш.Гантулгад үзлэг хийсэн эмчийн үзлэгийн бичилт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зураг,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 258 дугаартай дүгнэлт дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2202273 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хүндэвтэр гэмтэл гэдэгт: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар “амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан байхыг ойлгохоор тус тус хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч Х.Баттөр нь тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ  замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хохирогч Ш.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршиг нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Прокуророос шүүгдэгч Х.Баттөрийг зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ш.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.Баттөрийг тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Баттөрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Х.Баттөр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зарим хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч Х.Баттөрийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний эрхэлж байгаа ажил, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

          Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Баттөр нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 11,600,000 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд хохирогч Ш.Гантулгын эд хөрөнгөд учирсан хохирлоос 4,500,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 7 100 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ш.Гантулга нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 600,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт  ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Х.Баттөр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний  бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Х-ийн Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Х-ийн Б-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Баттөрд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баттөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Баттөрд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Х.Баттөр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Гантулгад 4,500,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баттөрөөс эд хөрөнгөд учирсан хохиролд 7,100,000 төгрөгийг Сүхбаатар аймгийн ........... сумын ... дугаар багийн “...............”-ын ....... тоотод оршин суух хохирогч О овогт Ш-ын Г-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Гантулга нь эмчилгээний зардал 600 000 төгрөг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах хохирлын нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ