Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч Б.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Б.Даваанямд холбогдох эрүүгийн 2230002030250 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ......-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл .. хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр баг “.........” гэх газарт оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоног баривчлах ялаар, 

  мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д овогт Б-ын Д  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Давааням нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Төмөртэйн ....... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.Буянхишигийн биед халдан цохиж, зодон эрүүл мэндэд нь толгойн үстэй хэсэгт няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Давааням шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв. 

Эрүүгийн 2230002030250 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Б.Давааням мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 11-13 тоотод байрлах хадам аав Ц.Зоригтбаатарынд очиход хадам ээж Ц.Ариунаа, манай эхнэр З.Буянхишиг нар байсан. Би хөдөө найзындаа гурвуулаа 0.5 граммын 2 шил архи уугаад очсон. Тэгээд эхнэрээ гэр лүүгээ явъя гэхэд З.Буянхишиг явахгүй, аавындаа хононо гэсэн. Тэгэхээр нь би “чи явахгүй бол би гэр лүүгээ явлаа, гэрийн түлхүүрээ авъя” гэхэд гэрийн түлхүүр өгөөгүй. Хадам ээж, эхнэр хоёр намайг хөдөөнөөс ирэхдээ согтуу машин барьж ирлээ гэх шалтгаанаар намайг загнаад байсан. Эхнэр бид хоёр өмнө нь жижиг асуудлаас болоод хоорондоо хэрэлдэж маргалдаж муудсан байсан. Тэгээд би уурандаа эхнэрийн зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа удаа дараалан алгадсан. Тэгэхэд хадам ээж “ямар шалтгааны улмаас охиныг минь цохиж зодоод байгаа юм” гээд уурлахаар нь хадмынхаас гараад гэр лүүгээ явсан. Гэртээ унтаж байхад цагдаа нар ирээд таныг согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн эхнэрийнхээ биед халдан цохиж зодсон учраас саатуулах шаардлагатай гэж хэлээд эрүүлжүүлэх саатуулах байранд хонуулсан. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх /хх 58-60 дугаар хуудас/

- Хохирогч З.Буянхишигийн “Манай нөхөр Б.Давааням 2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн орчим хөдөөнөөс Төмөртэйн ........... тоотод манай аавынд архи уусан байдалтай согтуу ирсэн. Манай ээж Даваанямыг “унтаж амар” гээд унтуулсан. Тэгсэн Давааням удалгүй босож ирээд ээж бид хоёрыг хэл амаар доромжилж айлган сүрдүүлж агсам тавьсан. Тухайн өдөр дуучин Ариунаагийн тоглолт болоод би үзсэн. Давааням намайг “тоглолт үзлээ” гэж уурлаад тэр орой намайг гараа атгаад миний цээж, нүүр хэсэгт цохиж зодсон. Намайг газар унасан байхад хүртэл дээрээс цохиж бакалтай хөлөөрөө толгой, цээж рүү өшиглөж зодсон. Ээж айсандаа аав руу залгаж болж байгаа асуудлын талаар хэлсэн байсан. Манай аав тухайн өдөр ажил дээрээ жижүүртэй хонож байсан. Аав тэр үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан.” гэх /хх 20-21 дүгээр хуудас/,

  • Гэрч Ц.Ариунаагийн  “2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө төрсөн охин З.Буянхишигийн хамт өөрийн гэртээ амарч байхад 01 цагийн орчим манай хүргэн Б.Давааням хөдөөнөөс архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Орж ирээд Б.Давааням эхнэр З.Буянхишигтэй маргалдаж Буянхишигийг газар унагаад нүүр, толгой руу нь өшиглөж, гараараа цохин зодож эхэлсэн. Би Б.Даваанямыг “болиоч ээ” гээд хориод дийлээгүй. Тухайн үед шөнийн 03 цаг өнгөрч байсан. Би сүүлдээ Б.Даваанямыг хорьж дийлэхгүй болоод арга ядаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхээс өмнө Давааням өөрийнхөө гэр лүү явсан байсан. Цагдаа нар ирээд З.Буянхишигийг дагуулаад гэр лүү нь очиж Даваанямыг цагдаагийн газар луу авч явсан.” гэх /хх 27-28 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 6-8 дугаар хуудас/,
  • Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол болон сулласан тухай тэмдэглэл /хх 9-11 дүгээр хуудас/,
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12 дугаар хуудас/,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх тухай иргэний гаргасан баталгаа /хх 13-15 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 377 дугаартай шинжээчийн “... 1. З.Буянхишигийн биед толгойн үстэй хэсэгт няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлт /хх 45-46 дугаар хуудас/,
  •  Шүүгдэгч Б.Даваанямын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Даваанямын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 62-72 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Даваанямын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 78-79 дүгээр хуудас/,
  • Б.Давааням, З.Буянхишиг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 80 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Даваанямын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 84-87 дугаар хуудас/,
  • Хохирогч З.Буянхишигийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх 92 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Даваанямын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх”-ийг хүссэн хүсэлт /хх 93 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, прокурорын санал /хх 88-96 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Давааням нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Б.Давааням нь  2022 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн Төмөртэйн ...... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.Буянхишигийн биед халдан цохиж, зодон эрүүл мэндэд нь толгойн үстэй хэсэгт няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч З.Буянхишиг, гэрч Ц.Ариунаа нарын мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол болон сулласан тухай тэмдэглэл,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилжээ. 

Тодруулбал, шүүгдэгч Б.Давааням гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр З.Буянхишигийг зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ гэрийн түлхүүр өгсөнгүй, тоглолт үзлээ гэх мэтээр ялимгүй зүйлээр шалтаглан гараараа цээж, нүүр хэсэгт цохиж зодох, хөлөөрөө толгой, цээж рүү өшиглөж зодох зэргээр бие махбодод халдан эрүүл мэндэд санаатай хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Даваанямын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Даваанямыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Даваанямд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Даваанямын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос Б.Даваанямын хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял” оногдуулах  санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Даваанямд оногдуулсан торгох ялыг түүний мал маллаж амьдардаг,  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

          Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд хохирогч З.Буянхишиг нь эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардалд нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг дурдаж, өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ  хангуулах  эрхтэй болохыг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.Давааням нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Б.Давааням нь энэ хэргийн улмаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 04 цаг 40 минутаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 09 цаг 50 минут хүртэлх хугацаанд саатуулагдсаныг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б-ын Д-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваанямыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Даваанямд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Давааням нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Даваанямд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

6. Шүүгдэгч Б.Давааням нь энэ хэргийн улмаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 04 цаг 40 минутаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 09 цаг 50 минут хүртэлх хугацаанд саатуулагдсан болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Давааням нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Буянхишиг нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Хохирогч З.Буянхишиг нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ