Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/03791

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа би

Нэхэмжлэгч: Ж ХХК

Хариуцагч: Ч.О

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.О нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай компанитай “”Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 2620133 тоот гэрээ байгуулан 98115713 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2017 оны 4, 5 дугаар саруудын ярианы төлбөр 92990 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Ч.Оаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа тул ярианы төлбөр 92990 төгрөгөөс барьцаа 50000 төгрөгийг хасч, 42990 төгрөгөөс гэрээний 5.16-д заасны дагуу 501 хоногийн алданги 21495 төгрөг, нийт 64486 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О нь “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 64486 төгрөгөөс 43000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 21486 төгрөг төлөөгүй. Учир нь миний бие тус төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлж барагдуулсан байхад алданги нэмээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд алдангийг төлөхөөс татгалзаж байна. Уг төлбөрөөс чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Тэмүүжин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.От холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 64486 төгрөгөөс 43000 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн байх тул үлдэх алданги 21486 төгрөг гаргуулахаас татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2620133 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,486 төгрөг гаргуулахаар шаардсанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.О 43,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 21,486 төгрөгийг гаргуулахаас татгалзсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчдын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг, улсын төсвөөс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон баримтаар тодорхойлдог. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь төлөөлөгч А.Тэмүүжинд нэхэмжлэлээс татгалзах эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсныг хууль зөрчөөгүй, бусдын эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 64,486 төгрөгөөс 43,000 төгрөгийг хариуцагч Ч.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн, үлдсэн 21,486 төгрөгийг гаргуулахаас татгалзсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюунтунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг, улсын төсвөөс 2275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                   Т.ГАНДИЙМАА