Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2230002460266 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Сүхбаатар аймгийн ...... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл ....., -ийн хамт Сүхбаатар аймгийн .......... сумын ......... дүгээр баг, ......... тоотод оршин суух,

урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзаж байсан, Х овогт Н-ын Д  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сар, 2022 оны 06 дугаар сар, 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******гийн биед халдан цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******гийн биед халдан цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хоёр бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв. 

Эрүүгийн 2230002460266 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2022 оны 08 дугаар сарын 15-ны орой эхнэр бид хоёр гэр бүлийн найзуудын хамт аймгийн баруун гол дээр очиж пиво уусан. Тэгээд жижиг асуудлаас болоод эхнэр бид хоёр хоорондоо маргалдаж муудсан. Эхнэр тухайн үед уур хүргээд байхаар нь өшиглөсөн. Эхнэр бид хоёр найзуудаас тусдаа байсан учраас хамт байсан хүмүүсийн нэгэн ч харж чадаагүй. Эхнэр надад өшиглүүлээд надтай хэрэлдэж маргалдаж муудахад хамт байсан хүмүүс бүгдээрээ одоо гэр гэр лүүгээ явъя гээд тарсан. Тэгээд эхнэр бид хоёр ******* гэх хүнээр гэр лүүгээ хүргүүлсэн. Гэрийн гадаа ирэхэд эхнэр машинаас түрүүлж буугаад аавын гэр лүү шууд орсон. Тэгэхээр нь би араас нь ороод эхнэрийг “хүүгээ аваад гэртээ оръё” гэхэд “орохгүй” гээд буйдан дээр хэвтэхээр нь дахин “гэртээ оръё” гэхэд “үгүй” гээд байсан. Тэгэхээр нь би уур хүрээд эхнэрийн гэдэс, толгой дух руу гараараа цохиход ээж ******* нь “чи хүүхэд аллаа, боль” гэхээр нь би болиод бага хүүгээ аваад гэр лүүгээ орсон. Намайг аавын гэрээс гараад явсны дараа эхнэр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн юм байна лээ. Уг асуудлын талаар ээж хэлэхээр нь буцаж аавын гэрт ороход араас ээж орж ирсэн. Тэгээд би уурандаа эхнэрийг 2 удаа алгаад, “унтаж амрах гэж байхад цагдаа дуудлаа” гэхэд дахин ээж намайг “боль” гэхээр нь ээжийнхээ үгэнд ороод больсон.Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад эрүүлжүүлэх саатуулах байранд хонуулсан...”

“...2022 оны 01 дүгээр сарын сүүлээр, 2022 оны 06 дугаар сарын дундуур нийт 2 удаа зодож байсан. Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө зодсон. Одоогийн байдлаар нийт 3 удаа цохиж зодсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх /хх 56-58 дугаар хуудас/

  • Хохирогч  *******гийн “2022 оны 08 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед нөхөр бид хоёр гэр бүлийн найзуудын хамт нийт есүүлээ аймгийн баруун голын эх рүү бөөндөө очиж пиво уусан. Орой 23 цаг нэлээн өнгөрч байхад эгч *******тай юм ярингаа пиво уугаад сууж байхад нөхөр ******* нь миний зүүн гар талд сууж байсан. Тэгээд ******* миний зүүн гарын булчингаас гараараа хоёр удаа базаад байхаар нь уур хүрээд нөхрийн гарыг тавиулах зорилгоор нэг удаа баруун гараараа нүүр лүү нь алгадсан. Гэхдээ хүчтэй алгадаагүй. Тэгээд би нөхрөөс холдоод машины ар талд очоод сууж байхад араас нөхөр ирээд “энд юу хийж суугаа юм” гээд миний зүүн хацар луу нэг удаа өшиглөхөөр нь “чи ямар шалтгааны улмаас намайг зодоод байгаа юм” гээд  хэрэлдэж, маргалдаж муудахад хамт байсан хүмүүс “одоо бүгдээрээ явъя” гэсэн. Нөхөр бид хоёр Гантуяа эгчээр гэр лүүгээ хүргүүлсэн. Гэр лүүгээ явах замдаа би хоёр хэрэлдэж, муудалцаж явсан учраас гэрт ороод нөхөр намайг цохиж, зодож магадгүй гэж бодоод би хадам аавын гэрт шууд орсон. Гантуяа эгчийн хажууд намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед хадам аавын гэрт хадам ээж ******* ганцаараа байсан. Би аавын гэрийн буйдан дээр очоод хэвтэхэд миний араас нөхөр орж ирээд “гэртээ оръё” гэхээр нь “орохгүй” гэхэд надад уурлаад миний гэдэс рүү гараараа цохиж газар унагааж, гараараа нүүр, дух руу цохиж дээрээс хоёр гараараа хүзүүнээс бооход хажуугаас хадам ээж нөхрийг “чи болилдоо хүүхэд аллаа” гэж байж салгасан. Тэгээд нөхөр гэрээс гараад явсан хойгуур ээжийн утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгч байхад нөхөр гаднаас орж ирээд “чи ямар учраас цагдаад дуудлага өгч байгаа юм” гээд дахин уурлаж хүзүүнээс боогоод “чамайг одоо алаад өгье” гээд л боогоод байсан. Хадам ээж “чи хүүхэд аллаа болилдоо” гээд зөндөө уурлаад загнаад байсан. Тэгээд нөхөр ээжийн үгэнд ороод намайг цохиж зодохоо болиод байж байхад цагдаа нар орж ирээд нөхрийг аваад явсан. Тухайн өдрийн маргааш нь нөхөр надаас уучлалт гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”

“2022 оны 01 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй гэртээ хоёулхнаа байхдаа цохиж зодсон. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын дундуур бас л хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Би аймгийн Онцгой байдлын газарт ажилд ороод удаагүй байхад нөхөр гадуур найзуудтайгаа архи ууж ирээд намайг өөр хүмүүстэй хардаад цохиж зодсон. Нөхөр намайг цохиж зодох болгондоо хүн харагдахгүй хоёр гарын булчингийн дотор талд, цээж, гэдэс гэх мэт газарт цохиж зоддог” гэх /хх 22-24 дүгээр хуудас/,

  • Гэрч *******ийн “Манай хашаанд бага хүү ******* нь тусдаа гэрт эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Тухайн өдрийн орой нь миний санаж байгаагаар 18 цагийн үед бага хүү ******* нь эхнэрийнхээ хамт “хөдөө явлаа” гэж хэлээд хүүхдээ надад үлдээгээд явсан. Тэгээд шөнө 01 цагийн үед *******, ******* хоёр гаднаас орж ирэхдээ хоорондоо хэрэлдэж маргалдаж муудаад орж ирсэн. Тэгэхээр нь би “хүүхэд унтаж байна, чимээгүй бай” гэж хэлэхэд миний хэлсэн үгэнд орохгүй хоорондоо маргалдаж муудаад байсан. ******* эхнэрээ “гэртээ оръё” гээд гараас татахад ******* нь “гэртээ орохгүй” гээд гэрийн буйдан дээр хэвтээд өгсөн. Тэгэхэд ******* *******ийг алгадахад ******* нь буцаад эхнэрийгээ алгадаад гараараа нүүр лүү нь цохиж, тэвэрч аваад доошоо гараараа дарахаар нь би дахиад “та хоёр одоо болилдоо, адилхан архи уугаад маргалдаад байх юм. *******ийг чи ямар шалтгааны улмаас эхнэрийгээ зодоод байгаа юм бэ” гээд уурлахад  *******ийн хүүхэд нь сэрээд уйлахаар нь хүүхдийг аваад гэрт нь орсон. Тэгэхэд ******* “ээж хүүхэд айгаагүй биз дээ” гээд өөрийнхөө гэрт орж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар орж ирээд хүү, бэр хоёрыг аваад явсан. Миний санаж байгаагаар манай бэр нийт 2 удаа нөхөр *******тээ зодуулсан талаар хэлж байсан. Тэгэхээр нь би *******ийг “эхнэрээ цохиж зодлоо” гээд уг асуудлын талаар хэлээд загнаж байсан. Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр, дараагийнх нь 2022 оны 06 дугаар сард хэдний өдрүүдэд гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх /хх 28-30 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх тухай иргэний гаргасан баталгаа /хх 5-7 дугаар хуудас/,
  • Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, сулласан тухай тэмдэглэл /хх 8-10 дугаар хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 11-13 дугаар хуудас/,
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаартай шинжээчийн “1. *******гийн биед баруун нүдний зовхи, хоёр бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, /хх 42-43 дугаар хуудас/,
  • Хохирогч *******д үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас № 6335 /хх 44 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******т урьд эрүүгийн хариуцлага оногдуулж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-66 дугаар хуудас/,
  • *******, ******* нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх 74 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******т холбогдох захиргааны зөрчил шийдвэрлэлтийн бүртгэл /хх 78-82 дугаар хуудас/,
  • Хохирогч *******гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх 86 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх”-ийг хүссэн хүсэлт /хх 87 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 90 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, прокурорын санал /хх 88-91 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сар, 2022 оны 06 дугаар сар, 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******гийн биед халдан цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

   мөн 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******гийн биед халдан цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хоёр бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх тухай иргэний гаргасан баталгаа, Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, сулласан тухай тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******д үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх гэдэг нь эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Тодруулбал, шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр *******г ялимгүй зүйлээр шалтаглан гурван удаагийн үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ бие махбодод шалтгаангүйгээр халдан цохиж зодон, эрүүл мэндэд санаатай хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр тус тус хуульчилсан бөгөөд прокуророос *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.

            Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардалд нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг дурдаж, өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ  хангуулах  эрхтэй болохыг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны  шөнө 01 цаг 50 минутаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 00 минут хүртэлх хугацаанд саатуулагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-ын Д-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,  түүнд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 16-ний шөнө 01 цаг 50 минутаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 00 минут хүртэлх хугацаанд саатуулагдсан болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

9. Хохирогч ******* нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ