Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2022/0065/Э/208/2022/0068 |
Дугаар | 2022/ШЦТ/68 |
Огноо | 2022-10-14 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** /цахимаар/,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал унтраах автомашины жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** аймаг *** сум 3-р баг *** тоотод оршин суух *** овогт ***ын *** /РД:***/,
Холбогдсон гэмт хэргийн талаар
Шүүгдэгч *** нь зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг “***" гэх газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг бэлтгэж, **-** *** улсын дугаартай "***" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 87,238,206 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав: Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хойд уртын амнаас зулзаган мод хот руу оруулаад цагдаад баригдсан. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна. Миний буруу дахиж би ийм зүйл хийхгүй. Намайг мөнгөн торгуулиас хөнгөлж өгөөч...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад:
1. 2022 оны 05 сарын 23-ны өдөр *** дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст Г-*** дугаартай гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дүгээр тал),
2. 2022 оны 05 сарын 23-ны өдөр ***ын жолоодож явсан **-** *** улсын дугаартай "***" маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дүгээр тал),
3. 2022 оны 05 сарын 24-ний өдөр Эд зүйл модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-20 дугаар тал),
4. 2022 оны 05 сарын 26-ны өдөр *** аймгийн *** сумын 2 дугаар *** багийн нутаг "***" гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 21-28 дүгээр тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...2022 оны 06 сарын 03-ны өдрийн №1903 дугаартай дүгнэлтийн “...Уг моднуудын 58 ширхэг нь нарсны овгийн сибирь хуш, 40 ширхэг нь нарсны овгийн эгэл нарс байна. Шинжлэгдэж буй моднуудын 58 ширхэг хуш нь 3-6 настай, 40 ширхэг нарс нь 10-15 настай, нойтон моднууд байна. Шинжлэгдэж буй моднуудын экологи-эдийн засгийн үнэлгээ 29,079,402 төгрөг байна. Экологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч ***... гэх дүгнэлт хэсэг (хавтаст хэргийн 47-52 дүгээр тал),
6. "Хос итгэлт төгс" хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56-63 дугаар тал),
7. 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 15 дугаартай "Нури” ХХК Экологийн цагдаагийн газарт хандаж гаргасан албан бичиг болон зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 134-139 дүгээр тал),
8. 2022 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч ***ын энэ оны 06 сарын 03-ны өдрийн №1903 дугаартай шинжээчийн дүгнэлтээр экологи-эдийн засгийн үнэлгээг 29,079,402 төгрөгөөр тооцсон боловч 3 дахин өсгөж тооцоогүй байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн дэх хэсгийн 1 дэх заалт "Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно" гэж заасан байх тул 29,079,402 /хорин есөн сая далан есөн мянга, дөрвөн зуун хоёр төгрөг/-ийн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 87,238,206 /наян долоон сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуун зургаан төгрөг/-өөр тогтоох нь зүйтэй...” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 97 дугаар тал),
9. Шинжээч ***ын “...Шинжилгээний дүгнэлтийг гаргахдаа салбар хуулиуд болон мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын сайдын тушаал журам заавар зэргийг удирдлага болгодог. Өсвөр залуу модонд шинжилгээ хийж үнэлгээ гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтыг удирдлага болгож ажилласан. Уг сайдын тушаалын хавсралтаар моднуудыг өндрийн хэмжээгээр нь тус тусад нь үнэлж үнэлгээг тогтоосон байдаг. Зулзаган моднуудыг метр кубээр нь хэмждэггүй харин өндрөөр нь хэмжиж үнэлгээ тогтоодог юм. Шинжилгээ хийхэд Сибирь хуш Эгэл нарс гэсэн хоёр төрлийн шилмүүст модны төрөлд хамаарах моднууд байсан. Уг хоёр модны экологи эдийн засгийн хохирол тооцоход шилмүүст модонд хамааруулан өндрөөр нь ялган өөр өөрөөр үнэлдэг. Ингээд хохирол тооцоход:
1. 1-с доош метртэй 20 ширхэг нэг бүрийн үнэ нь 136,793 төгрөг нийт 2,735,960 төгрөгийн
2. 1-с 2 метр өндөртэй 47 ширхэг нэг бүрийн үнэ нь 283,368 төгрөг нийт 13,318,296 төгрөгийн
3. 2-с 3 метр өндөртэй 31 ширхэг нэг бүрийн үнэ нь 420,166 төгрөг нийт 13,025,146 төгрөгийн үнэлгээтэй моднууд байсан бөгөөд нийт 29,079,402 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон юм. Шинжилгээ хийсэн моднуудын өндрийг хэмжихэд дээрх хэмжээ гарч байсан үүнээс өөр өндөр мод байгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл /Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх/-ийн 4 дүгээр зүйлд энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно гээд 1 дэх хэсэгт "ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр" гэж заасан байдаг. Ингээд бодохоор экологи эдийн засагт учирсан 29,079,402 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 87,238,206 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр заасан байдаг..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125 дүгээр тал),
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулиар иргэн, аж ахуй нэгж байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн *** тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой....." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132-133 дугаар тал),
11. Гэрч ***ын “...манай нөхөр *** 2022 оны 05 сарын 23-ны өдөр над руу залгаад "*** хот руу орж ирж байна”гэхээр нь ***ийн давааны тэр хавьд очиж түүний машиныг тосож суугаад хот орох гээд явж байтал цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад зөвшөөрөлгүй мод ачсан байна гээд саатуулсан. ***ыг хэзээ мод бэлтгэснийг мэдэхгүй. Цагдаад саатуулагдсан өдрөөс хойш ямар учиртай мод ачиж явсныг мэдсэн. Цагдаагийн алба хаагч манай нөхрийн ачиж явсан модыг машинаас нь буулгаад тоолоход 98 ширхэг зулзаган мод байсан...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
12. Яллагдагч ***ын "...*** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг “***” гэх газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг *** хотод авчирч худалдан борлуулах зорилгоор авсан. Би тухайн үед уулнаас зулзаган мод авах нь хууль бус болох талаар гадарлаж байсан. Би өөрийн гэм буруугаа ухаарч байгаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа хэргийг хөнгөн шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг “***" гэх газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг бэлтгэж, *** улсын дугаартай "***" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 87,238,206 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч ***ын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар ИТХ-аас тогтоосон хэмжээнд багтаан сум дүүргийн Засаг дарга эсхүл эрх бүхий албан тушаалтан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад мод бэлтгэх /иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх, тээвэрлэх хугацаа, газрын нэрийг заасан/ эрхийг бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгогдоогүй байхад мод бэлтгэсэн үйлдлийг ойлгоно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл хуулийн шаардлагад нийцсэн, хэргийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч *** нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд 29,079,402 төгрөгийн хохирол учирсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулна гэж заасан тул ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж шүүгдэгч ***аас 87,238,206 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны *** тоот дансанд оруулж шийдвэрлэв.
Хууль бусаар бэлтгэсэн зулзаган 58 ширхэг хуш, 40 ширхэг нарс модыг Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа *** дүүргийн ***-р хороон дахь мод үржүүлгийн газрын гүйцэтгэгч компани болох “***” ХХК-д актаар хүлээлгэн өгсөн байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** портер маркийн *** улсын дугаартай автомашины үнэ 3,825,000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 58 ширхэг хуш, 40 ширхэг нарс модыг худалдан борлуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банкны *** тоот дансанд тус тус оруулж шийдвэрлэлээ.
Гурав. Шүүгдэгч ***т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *** нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг тээвэрлэж ойн санд 29,079,402 төгрөгийн буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 87,238,206 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч ***ыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирол, хор уршгийг барагдуулаагүй, төлөх санаачилгагүй байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох *** аймаг *** сумаар тогтоож, 1 жилийн хугацаанд *** аймаг *** сумаас гадагш явахыг хориглож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалтын хүрээнд ажил, хөдөлмөр эрхэлж хохирол төлбөр төлөх боломжтой тул зорчих эрх хязгаарлах ялыг сонгож оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн байх тул 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож *** маркийн *** улсын дугаартай автомашиныг өмчлөгч *** буцаан олгохоор,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох *** аймаг *** сумаар тогтоож, 1 жилийн хугацаанд *** аймаг *** сумаас гадагш явахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас хохирол төлбөр 87,238,206 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банкны *** тоот дансанд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** маркийн *** улсын дугаартай автомашины үнэ 3,825,000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа *** дүүргийн ***-р хороон дахь мод үржүүлгийн газрын гүйцэтгэгч компани болох “***” ХХК-д актаар хүлээлгэн өгсөн 58 ширхэг хуш, 40 ширхэг нарс модыг худалдан борлуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банкны *** тоот дансанд тус тус оруулсугай.
7.2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож *** маркийн *** улсын дугаартай автомашиныг өмчлөгч ***д буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхийг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА