Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2230000000242 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын .......-ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, Сүхбаатар аймгийн ******* сумын ........ дугаар баг, ....-ийн задгай тоотод оршин суух,

  • урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05  дугаар сарын 26-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 55.1.1-т заасныг журамлан, тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын  25-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 476 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 276 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож 34 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, Х овогт Ц-ийн А

 

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, Шинэ дэнжийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн биед халдан галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, 

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг, ...-ын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн биед халдан хутгаар зүсэж эрүүл мэндэд нь 2 гарын эрхий хуруу болон баруун гуянд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогчийн гэр лүү согтуу очсон. Уур хүргээд байхаар нь түлхсэн. Дараа бас гэр лүү нь согтуу орсон. 2 удаа зодсон нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйсан.” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Манай гэрт согтуу ирээд намайг цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Нэг удаа уучилсан. Одоо толгой байнга өвдөж байна. Эмнэлэгт байхад ирээд миний үснээс зулгаасан. Надад гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.  

Эрүүгийн 2230000000242 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би ******* сумын төвд архи ууж байгаад төвөөс хэдэн чанах яс аваад гэр лүүгээ 18 цагийн орчимд харихаар явж байхад манай гэрийн зүүн талд ******* ус аваад явж байхаар нь усыг нь түрэлцэж гэр лүү нь оруулж өгсөн. Тэгээд авч очсон ясаа гэртээ аваачиж чануулъя гэж бодоод *******ийг гэр лүүгээ авч явах гэсэн чинь ******* явахгүй гээд байхаар нь уурлаад галын хайчаар *******ийн толгой хэсэгт нэг удаа цохисон. *******ийн толгойноос нь цус гарч байсан учраас охин нь цагдаа дуудсан. ******* нь надтай хамт шахуу байдаг. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэх /хх 29-30 дугаар хуудас/

“...Би 2022 оны дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад үд гээд гэртээ ирэхэд усны тэрэг байхгүй, ******* авсан байсан. Тэгэхээр нь *******т уурлаад гэрийн эд зүйл зөвшөөрөлгүй авч явлаа гээд би хутга барьж дайрсан. Тухайн үед би *******ийг хутгаар зүссэнээ мэдээгүй, орой нь мэдсэн. Маргааш нь ******* надад хэлэхдээ “хоёулаа хутгаа булаацалдаад авах гэж байгаад гараа зүссэн” гэсэн. Гуянд нь яаж зүссэн болохоо санахгүй байна. Би согтуу байсан болохоор санахгүй байгаа...” гэх /хх 110-111 дүгээр хуудас/,

  • Хохирогч *******ийн “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэр лүүгээ ус аваад явж байхад хамтран амьдрагч ******* согтуу явж байгаад таарсан. Тэгээд гэр лүү ус хүргэж өгөөд 19 цагийн орчимд намайг гэр лүүгээ авч явж “яс чануулна” гэхээр нь би “үгүй, явахгүй” гэхэд ******* уурлаад галын хайчаар миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан болохоор охин гаднаас орж ирээд цагдаа дуудсан...” гэх /хх 9-10 дугаар хуудас/,

“...Би 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөө усанд явах гээд *******ын гэрээс усны тэргийг нь авсан. Тэгээд орой нь ******* манай гэрт ирээд намайг гэрээс нь усны тэргийг нь зөвшөөрөлгүй авлаа гээд надтай маргалдсан. Тэр үед би усны тэргийг нь гэрт нь оруулж өгөх гээд гэр лүү нь *******ыг дагаад явсан. Гэтэл ******* гэрээс тэрэг авлаа гээд намайг ална гээд хутга бариад над руу дайраад миний баруун хөлийн гуя хэсгийг зүсэж, хоёр гарын эрхий хурууг зүссэн. Тэгээд би *******тай ноцолдоод байж байхад манай төрсөн дүү Оюунчимэг, охин Нямгэрэл нар ирээд намайг гэр лүү авч явсан. Манай охин Нямгэрэл эмнэлгийн байгууллагад дуудлага, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх /хх 83-84 дүгээр хуудас/,

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6, 69-72 дугаар хуудас/,
  • Хохирогч *******т үзлэг хийсэн яаралтай тусламжийн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3569 дугаартай хуудас /хх 16-17 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаартай шинжээчийн “1. *******ийн биед тархи доргилт, хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлт /хх 18-19 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/193 дугаартай “ам бүл, оршин суух хаяг”-ийн тодорхойлолт /хх 32 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 36-48 дугаар хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 73-75 дугаар хуудас/,
  • Хохирогч *******т үзлэг хийсэн яаралтай тусламжийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4740 дугаартай хуудас /хх 97 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн “ 1. *******ийн биед 2 гарын эрхий хуруу болон баруун гуянд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн  гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлт /хх 98-99 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******т холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 117-119 дүгээр хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын ..... дугаар баг, ...-ийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн биед халдан галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, 

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын ..... дугаар баг, ........ задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн биед халдан хутгаар зүсэж эрүүл мэндэд нь 2 гарын эрхий хуруу болон баруун гуянд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт,  хохирогч *******т үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилжээ. 

Тодруулбал, шүүгдэгч ******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч *******ийг галын хайчаар цохиж зодох, хутгаар зүсэх зэргээр эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчаа ялимгүй зүйлээр шалтаглан бие махбодод халдан эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******т хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Хохирогч нь өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг шийтгэх тогтоолд дурдуулах. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж  “1 ширхэг галын хайч”-ыг хохирогч *******т буцаан олгож, “1 ширхэг шар модон иштэй хутга”-ыг *******т буцаан олгох саналыг гаргаж байна.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчийн хувьд төлбөрийн чадваргүй. 280,000 төгрөгийн халамжийн мөнгөөр амьдардаг.  Тухайн зүйл ангид ялын сонголтууд байгаа. Иймд шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх  хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон, түүний хувийн байдлыг харгалзан 2 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж, оногдуулсан ялын хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртай болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн мөнгө буюу 280,000 төгрөгөөр сарын хэрэглээгээ хангадаг, ганцаараа амьдардаг, тухайн өрх нь өөр орлогогүй, удаа дараа гэмт хэрэгт шийтгэгдэж байгаа зэрэг байдлыг харгалзан түүний өмгөөлөгчийн гаргасан ялын саналын хүрээнд дээрх ялыг оногдуулах нь хуульд нийцнэ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд ойлгоно.” гэж заасан бөгөөд хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг дурдаж, өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах  эрхтэй болохыг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1 ширхэг галын хайч”-ыг хохирогч *******т, “1 ширхэг шар модон иштэй хутга”-ыг шүүгдэгч ******* буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогт Ц-ийн А-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1 ширхэг галын хайч”-ыг хохирогч *******т, “1 ширхэг шар модон иштэй хутга”-ыг шүүгдэгч *******т  буцаан олгосугай.

8. Хохирогч ******* нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ