| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2022/0052/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/49 |
| Огноо | 2022-08-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч: Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч ***,
Нарийн бичгийн дарга: Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “***” СӨХ-д цэвэрлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** аймгийн *** сум 2-р *** хороолол задгайд оршин суух, *** овогт ***ийн *** /РД:ОП92082719/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *** аймгийн *** сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1-р сургуулийн хашаан дотор иргэн ***ын цүнхнээс 2 ширхэг ухаалаг гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 иргэнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...2022 оны 06 сарын 21-нд гэрээсээ ажилдаа явж байсан орцоо цэвэрлэх гээд. Замд нэг цүнх байсан сургуулийн хашаан дотор байсан. 2 утас байсан. Хийсэн зүйлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн *** тоот хавтаст хэргээс
1. Иргэн ***өөс гаргасан гомдлыг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн *** сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол мэдээллийг /№113, ***/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
2. Насанд хүрээгүй хохирогч ***ийн “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн үед найз ***тай таараад бэлтгэл эхлээгүй байхаар нь хүлээж кроссонд гүйх гэж байсан болохоор ***ийн цүнхэнд би өөрийн жижиг цүнхээ утас болон өөрийн юмаа үлдээсэн. Тэгээд сургуулийн ард талын модон дунд цүнхээ үлдээсэн. Тэгээд сургуулийн баруун урд буланд бэлтгэлийнхээ хүмүүсийг хүлээж 10-15 минут суусан. Тэгээд байж байтал нэг ах бид 2-ын утас үлдээсэн газар руу явж байгаад хашаа даваад ***-р байрны завсраар яваад орсон. Тэгээд хүмүүс ирэхгүй байхаар утсаа авах гээд очтол ***ийн цүнх дотор байсан миний цүнх байхгүй байсан. Бас манай найзын утсыг аваад явсан байсан. Тэгээд бид 2 нөгөө харсан ахыг олохоор сургуулийн манаачаас камер шүүлгэх гээд асуусан чинь камер шүүдэг *** гээд багш байхгүй учраас шүүж чадаагүй. Миний алга болсон Самсунг эс-7 маркийн гар утас улаан гэртэй, шар утас байсан. 2018 оны 3 сард Улаанбаатар хотын Баянзүрх захаас 500,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-р хуудас/,
3.Насанд хүрээгүй хохирогч ***ын “...Би *** сумын сагсан бөмбөгийн дугуйланд явдаг юм. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өглөө өөрийнхөө найз ***тэй хамт өглөө кроссонд гүйе гээд сургууль дээр 08 цагийн орчим уулзсан юм. Тэгээд гүйх гээд миний үүргэвчид бид 2 өөрсдийнхөө гар утсыг хийгээд сургуулийн ард байдаг модны доор орхиод хамт гүйх хүмүүсээ хүлээгээд сургуулийн баруун хойд буланд суугаад бараг 10-20 минут болсон байх. Тэгээд хамт гүйх хүмүүс маань ирэхгүй байхаар нь гүйхээ болихоор болоод ***ийн утсыг авч өгөх гээд цүнхээ онгойлгосон чинь бид нарын утаснууд байхгүй байсан. Тэгээд ойр хавиар нь хүн харсан чинь нэг танихгүй ах бид 2 руу удаан харж байгаад 22-р байрны тийшээ яваад өгсөн. Тэгээд бид 2 хүний утас гуйгаад залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд сургуулийн камер шүүж үзэх гэсэн чинь Саранзаяа багш байхгүй гэхээр нь больчихсон юм. Миний утас Самсунг эс-9 маркийн, улаан өнгийн хавтастай кейстэй, тухайн хавтсанд нь Хаан, Хас банкны картууд байсан. Би утсаа 2021 оны 9 сарын 1-нд Улаанбаатар хотоос 350 гаран мянган төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89, 10-11-р хуудас/,
4. Гэрч ***ий “...2022 оны 06 сарын 21-ний өглөө манай нөхөр 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан. Тэгээд 11 цагийн орчим цайндаа ирэхдээ 2 улаан өнгийн кейстэй ухаалаг утас аваад ирсэн. "Юун утас вэ" гэсэн чинь "Сургуулийн ардаас олсон юм” гэж хэлсэн. Тэгээд удаагүй манай нөхөр ажилдаа яваад өгсөн. Би дүүтэйгээ хамт байж байгаад 1 цаг гаран утсаар хүн залгах нь уу гээд харж байгаад залгахгүй болохоор нь манай дүү Сарнай формат хийгээд, сим картуудыг нь хаячихсан. Миний сим картыг эс-7 эдже маркийн утсанд хийгээд би ашиглаж байсан юм. Манай нөхрийн олсон гэх утаснууд нь 1 утас нь улаан өнгийн хавтсан кейстэй самсунг эс-9 маркийн гар утас байсан. Хавтсандаа Хаан, Хас банкны хэрэглээний картууд байсан. Нөгөө утас нь улаан өнгийн кейстэй "самсунг эс-7 эдже" маркийн утас байсан. ***ийн ***-р сургуулийн ард модны сүүдэрт цүнх байсан. Тэр цүнхэнд дотор байсан гэсэн. Тэгээд цүнхийг үлдээгээд авч ирсэн гэж хэлсэн. Утасны кодыг тайлж чадахгүй байсан учир формат хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
5.Гэрч ***н “...2022 оны 06 сарын 21-ний өдөр би хүргэн ах ***ын гэрт эгч ***ий хамт байж байхад 11 цагийн үед *** ах гаднаас 2 ширхэг ухаалаг гар утас авч ирсэн. Тухайн утаснуудыг ямар учиртай утас юм бэ гэж *** эгч асуухад *** ах модны сүүдэрт цүнх дотроос 2 ширхэг утас байхаар нь би аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд *** ах тухайн 2 утсыг үлдээгээд буцаад ажил руугаа явсан. Түүний дараа *** эгч бид 2 тухайн утаснууд руу хүн залгахыг нэлээд харж байгаад залгахгүй болохоор нь би "за за та 2 барьчихгүй юу” гээд тэр 2 утсыг форматлаад эгч ***ий сим картыг нэг утсанд нь хийсэн. Улаан өнгийн гэртэй, хар өнгийн хавтастай Самсунг маркийн гар утаснууд байсан. Намайг форматлахад тухайн 2 утас асаалттай байсан ба хамгаалалтын кодтой байсан. Код хийж үзсэн боловч болохгүй байхаар формат хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
6.Гэрч ***ын “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би сургууль дээр жижүүрийн үүрэгтэй байсан. Тэр өдрийн өглөө ээлжээ хүлээгээд аваад байж байтал яг хэдэн цагийг мэдэхгүй байна. Нэг 2 охин орж ирээд "ахаа утсаа алдчихлаа. Камер шүүлгэх гэсэн юм" гээд надаас асуухаар нь би сургалтын менежерийн өрөө рүү оч гэж хэлсэн. Тэгээд камер шүүсэн эсэхийг би мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,
7. "Капитал зууч" үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн “..."Самсунг эс-7 эдже" маркийн гар утас 100,000 төгрөг, Самсунг эс-9" маркийн гар утас /хуучин/ 280,000 төгрөг. Нийт 380,000 төгрөг. Үнэлгээчин ***...” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 20-22, 23-р хуудас/,
8. Үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31, 32-р хуудас/,
9. Яллагдагч ***ын “...би өглөө ойролцоогоо 08 цагийн үед ***-р сургуулийн ард явж байхад модны ёроолд цүнх байхаар нь тэр цүнхийг онгойлгоод үзтэл 2 утас байхаар нь авчихсан юм. Тухайн тэр цүнхийг хүн хаячихсан юм байна гэж бодсон. Би тэр утаснуудыг ашиглах зорилгоор авсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *** нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *** аймгийн *** сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1-р сургуулийн хашаан дотор иргэн ***ын цүнхнээс 2 ширхэг ухаалаг гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 иргэнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2022 оны 06 сарын 21-нд гэрээсээ ажилдаа явж байгаад 1-р сургуулийн хашаан доторх модны доор 1 цүнх байхаар нь онгойлгож үзтэл 2 ш гар утас байсан. Би 2 ш гар утсыг авсан. Хийсэн зүйлдээ харамсаж байна...” гэх шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч ***, *** нарын мэдүүлэг, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж прокурортой 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тохиролцсон байна.
Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***нд 100,000 төгрөгийн, хохирогч ***д 280.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйл 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч ***ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 6 сарын хугацаанд *** аймгийн *** сумаас гадагш явахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хэргийн хамт ирсэн 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргасугай.
6.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА