Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2019/00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Х.М

Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б миний биеэс эхнэр Х.М нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг хуваалгахаар шүүхэд хандаж, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар шийдвэр гарч, миний хүү Б.Е, охин Б.Ес нарыг ээжийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэсэн. Миний хүү болох Б.Е нь гэрлэлт цуцлагдсанаас хойш ээжийн асрамжинд байгаа хэдий ч намайг хөдөөнөөс ажлаас буугаад хотод амарч байх бүх хугацаанд надтай хамт байдаг, зуны амралтаараа надтай болон миний эцэг, эх дээр байдаг бөгөөд миний салсан эхнэр Х.М нь ажил хийж, 2 хүүхдээ асрахад хүндрэлтэй байгаа нь надад мэдэгдэх болсон. Учир нь миний хүү сүүлийн үед Х.Мын эгчийнд байдгийг би мэдсэн бөгөөд бидний гэрлэлт цуцалснаас хойш гэртээ байх сонирхолгүй болж байгаа, хичээлийн сурлага муудсан, зан аашинд ноомой байдал илэрсэн гэх мэт өөрчлөлтүүд илэрсэн гэх  мэт өөрчлөлтүүд илэрч байгааг би ангийн хуралд сууснаар багшаас нь олж мэдсэн. Мөн хүү маань надад аавтайгаа байх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн болно. Миний хувьд дахин шинэ амьдрал эхлүүлсэн бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт өөрийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо 1011-24 тоотод байрлах 3 өрөө орон сууцанд амьдардаг, “Алтай ложистик” ХХК-д хэлтсийн даргын албан тушаал эрхэлдэг, хүүгээ өөр дээрээ авч хүүхдийн үндсэн эрхийг хангах бүхий л арга хэмжээг авах хүсэлтэй байна. Иймээс миний хүү болох Б.Еийн асрамжийг өөрчилж, төрсөн аав болох Г.Б миний асрамжинд үлдээж өгнө үү.

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд Х.М бид хоёр гэрлэлтээ цуцлуулж, миний хүү  Б.Еийг эх Х.Мын асрамжид байлгахаар шийдвэрлэсэн. Ингээд миний бие 2018 оны 9 дүгээр сард хүүхдээ өөрийн асрамжид авахаар шийдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн маань сэтгэл санаа, амьдрах орчин болон сурлагад сөрөг нөлөө гарсан учраас хүүхдээ өөрийн асрамжид авах шийдвэр гаргасан. Манай том хүү Б.Е 11 настай 10 жилийн 1 дүгээр сургуулийн 6Е ангид сурдаг. Одоо миний хүү надтай хамт амьдарч байгаа. Өмнө би дандаа хөдөө ажилладаг байсан. Амралтаа аваад Улаанбаатар хотод ирэх хугацаанд хүү маань надтай амьдардаг. Намайг буцаад хөдөө ажил руугаа явахаар ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Одоо би цаашид Улаанбаатар хотод ажиллаж, амьдрахаар болсон тул хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна.

Хариуцагч Х.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү болох Бын Еийн асрамж өөрчлөх асуудлыг би хүүтэйгээ болон аавтай нь зөвшилцсөний үндсэн дээр зөвшөөрсөн. Асрамжийн асуудал анх ярьдаг болсон шалтгаан нь өмнө нь би хүүхдүүдийн ааваас хүүхдийн тэтгэмж авахгүй явж байсан. Хүүхдүүд том болохын хэрээр хэрэглээ болон сурч боловсрох хөгжих зардал өсч байна. Тийм учраас ШШГЕГ хүсэлт гаргасан. Гэтэл Б би мөнгө өгч чадахгүй. Харин том хүүгээ өөр дээрээ авъя гэсэн. Авч байгаа шалтгаанаа хүүхдийн сурлага муу, зан ааш ноомой, гэртээ байх сонирхолгүй болсон байна гэж үзсэн байна. Зан харилцаа болон сурлагын тал дээр өмнө нь яагаад миний хүү хичээлдээ ямар байна, зан ааш нь хэр байна, хүүхдүүдтэй хэр нийцтэй байна гэж сонирхож явж байгаагүй юм бэ. Хүүхдийнхээ хүмүүжлийн тал дээр салсан ч гэсэн адилхан хариуцлага хүлээх ёстой. Эцэг эхийн хуралтай ажил маань амжихгүй нь, чи очоод суугаач гэж гуйхад “хэн чамайг надаас сал гэсэн юм. Чи хүүхдүүдээ авч явж чадна гэж надаас салаа биз дээ. Өөрөө аргал гэдэг байсан. Бусад зүйл дээр ч гэсэн ийм л хариулт өгдөг байсан. Тэгсэн мөртлөө ажил хийж хүүхдүүдээ авч явж чадахгүй нь ажиглагдаж байна гэж гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна. Хүүхдүүдийн маань багш нараас асуухад аав нь холбоотой байсан уу гэдгийг мэдэх боломжтой. Хүү маань өмнө нь Төгс билиг дунд сургуульд 1-5 дугаар ангидаа сурч байгаад энэ оноос 1 дүгээр сургуульд 6 дугаар ангид явж эхэлсэн. Эцэг, эхийн хуралд нь би л суудаг байсан. Мөн хүүхдээ эгчийндээ байлгаж байсан гэсэн байна. Би хүүгээ тэжээж чадахгүйдээ, эсвэл анхаарал халамж тавьж чадахгүйдээ байлгаагүй. Эгчийнх маань нэг хүүтэй. Миний хүүгээс нэг насаар дүү. Хамт өссөн болохоор хоорондоо их эвсэг. Миний ээж манай эгч, манайх хоёрын дунд явж хүүхдүүдийг маань хардаг. Эгчийн хүүхэд манайд ирж байж байгаад явдаг. Манай эгчийнх 1 дүгээр сургуультай ойрхон байдаг болохоор хүү маань надаас өглөө очиж, өдөр ирэхэд автобус хүн ихтэй хэцүү байна. Би эгчийнд түр байя гэж гуйсан. Хичээл сайн хийж чадна гэвэл зөвшөөрнө гэсэн тохироо хийгээд л түр байж байсан. Би өглөөд очиж сургуульд нь хүргэж өгөөд ажил руугаа явдаг байсан. Ямар нэгэн хүүхдүүдтэй холбоотой асуудалд би өөрсдөөс нь саналыг нь асуудаг. Аав чинь чамайг өөр дээрээ авъя гэсэн гэхэд дуртай зөвшөөрсөн. Одоо аавтайгаа хамт амьдарч байгаа. Гэхдээ би хүүхдээ 2-3 сар ч юмуу ажигламаар байна. Тэндээ зохицож амьдарч чадах уу гэдгийг хармаар байна. Нэг өдөр л ээжээ би гэртээ харья гээд уйлж унжаад байвал яах вэ, асрамжийг нь өөрчилчихсөн байдаг. Тиймээс хүүгийн минь асрамж өөрчлөх асуудлыг хойшлуулж өгнө үү.

Хариуцагч Х.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.М нь Г.Бын нэхэмжлэлийн шаардлага болох миний хүүгийн асрамжийг өөрчилж, эцгийн асрамжинд өгөхийг зөвшөөрч байна. Иймд 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар шийдвэрээр зохигчид гэрлэлт цуцлуулж, 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Е, 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Ес нарыг эх Х.Мын асрамжид үлдээж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Х.Мд холбогдуулан хүү Б.Еийн сурлага муудсан, зан аашинд өөрчлөлт гарсан, аавтайгаа байх сонирхолтой байгаа үндэслэлээр хүүгийнхээ асрамжийг өөрчлүүлэх шаардлага гаргасан байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг эцэг, эх харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой бөгөөд тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан шүүх шийдвэрлэдэг. Хариуцагч нь хүү Б.Еийн асрамжийг өөрчилж эцгийн асрамжид өгөхийг зөвшөөрсөн байх тул зохигчдыг хүүхдийн асрамжийг тохиролцсон гэж үзнэ. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Мын зөвшөөрлийн дагуу хүү Б.Еийн асрамжийг өөрчилж эцэг Г.Бын асрамжид үлдээв.       

Хариуцагч Х.М шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар шийдвэрээр 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Б.Еийг эх Х.Мын асрамжид үлдээсэн асрамжийг өөрчилж, хүү Б.Еийг эцэг Г.Бын асрамжинд үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА