Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Сумъяа,

Хохирогч Ц.Цагаанхүүхэн,

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 2130000770163 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ....-ийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ...... дугаар баг, ....... тоотод оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Х овогт Ю-ийн Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Батцэнгэлээс “мал мах цуглуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 12 удаагийн үйлдлээр нийт 35,000,000 төгрөгийн хохирол,

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Дагийранжилаас “тугал зарна” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 4 удаагийн үйлдлээр нийт 4,750,000 төгрөгийн хохирол,

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт иргэн М.Батдэлгэрээс “бяруу цуглуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 2,400,000 төгрөгийн хохирол,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Цагаанхүүхэнээс “бяруу цуглуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 7 удаагийн үйлдлээр нийт 13,550,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Б.Батцэнгэлээс 35,000,000 сая төгрөг,  Ц.Цагаанхүүхэнээс 13,550,000 төгрөг,  Г.Дагийранжилаас 4,700,000 төгрөг, Н.Батдэлгэрээс 2,400,000 төгрөг авсан. Н.Батдэлгэрт бэлнээр 400,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгт нь нэг унагатай гүү, нэг шүдлэн байдас өгөхөөр тохиролцсон.” гэв.     

Хохирогч Ц.Цагаанхүүхэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би бяруу авна гэсэн зар тавьсан байсан. Зарын дагуу Ю.Эрдэнэбаатар холбогдоод “бярууны мөнгөө эхэлж авъя” гэхээр нь “би өөрийг чинь таньж мэдэхгүй учраас яаж мөнгө өгөх юм” гэхэд иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийнхөө зургийг явуулсан. “Facebook” чатаар залгахаар Ю.Эрдэнэбаатар авдаггүй байсан. “Яагаад чатаар залгахаар авахгүй байгаа юм” гэхээр “хөдөө байгаа болохоор сүлжээ муу, болохгүй байна” гэдэг байсан. Надад чатаар “хүн төдөн тооны бяруу өгөх гэж байна” гээд тухайн хүнийхээ дансны дугаарыг над руу явуулдаг байсан. Нийт Ю.Эрдэнэбаатарт 33 бярууны мөнгө буюу 13,550,000 төгрөг өгсөн. Ю.Эрдэнэбаатар нь эхнэрийнхээ өмнөөс надтай цахимаар харьцсан мессеж байгаа. Тэгээд би итгээд хүүхдүүд нь сурч, эхнэр нь хүүхдүүдээ хардаг юм байна, Малчин хүн юм чинь худлаа хэлэхгүй байх гэж бодсон. 04 дүгээр сард “малаа авъя” гэхэд утсаа хаагаад холбогдоогүй. Одоо өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна.” гэв.

Эрүүгийн 2130000770163 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “би Мөнх-Очироос Дагийранжил гэж хүний утсыг авч холбогдоод “та тугалан бяруу авч байгаа юм уу, би танд хэдэн тугалан бяруу олж өгье, нэг бярууг 250,000 төгрөгөөр авч өгье” гээд өөрийнхөө 5642233086 дугаартай дансаар 19 бярууны мөнгө 4,750,000 төгрөгийг 2-3 хувааж шилжүүлж авсан. Мөнгөө шилжүүлэхдээ “Dagii byruu” гэсэн утгатай шилжүүлсэн. Би уг мөнгөөр Мөнх-Очиртой хамт байхдаа цахимаар мөрийтэй тоглоод алдсан.” /I хх 102-103 дугаар хуудас/,

Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Онцгой байдлын гал түймэр унтраах 47 дугаар ангид ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 10-ны үед “Facebook” хаягаар “хонь мал авах гэсэн юм” гээд танилцсан Батцэнгэл гэх хүн .......... аймгаас ирж уулзаад “илүү нугаламтай хургатай хонь, төлөг авмаар байна” гэхээр нь би цуглуулж өгөхөөр болсон. Тэгсэн “малаа аваад эхэлж бай” гээд 6,200,000 төгрөгийг миний 5642233086 данс руу шилжүүлсэн. Уг мөнгөөр тухайн үед 30 орчим хургатай хонь авсан. Үүнээс хойш 2020 оны 07 дугаар сарын эх хүртэл Батцэнгэл гэх хүн цувуулаад нийт 35,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Би Батцэнгэлд хэлэхдээ “малыг нь цуглуулж байгаа” гэж хэлдэг байсан. Шилжүүлсэн мөнгөний заримаар нь мал аваад заримаар нь цахимаар мөрийтэй тоглоом тоглож алдсан. Тэгээд сүүлдээ цахимаар “Poker” тоглоод мөнгийг нь алдсан болохоор дахиж малыг нь зарж цахимаар мөрийтэй тоглоод олъё гэж бодоод дахиж тоглоод бүх мөнгийг нь алдсан.” гэх / II хх 56-57 дугаар хуудас/,

“Би 2021 оны 01 дүгээр сарын дундуур “Сүхбаатар аймгийн зар” групп дээр “Бяруу авна” гэсэн зар байсны дагуу зар дээрх утсаар холбогдоод “би хэдэн бяруу зарна” гээд Сүхбаатар Баруун-Урт сумын төвд уулзаад би тэр хүнд 8 бяруу өгөхөөр болж нотариатаар орж 1 бярууг нь 300,000 төгрөгөөр бодож 8 бярууны мөнгө 2,400,000 төгрөгийг М.Батдэлгэр гэх хүнээс авсан. Тухайн үед надад 8 бяруу байгаагүй болохоор би тэр мөнгөөр нь интернэтээр тоглодог “Poker” тоглоод тэр мөнгөө алдсан. Дараа нь Батдэлгэр над руу залгаад бяруугаа асуухаар нь “би хэд хоногоос аваачиж өгнө” гэж хэлээд утсаа унтраагаад одоог болтол өгөөгүй байгаа.” гэх / II хх 127-128 дугаар хуудас/,

“2022 оны 01 дүгээр сарын дөнгөж эхээр, өдрийг нь яг санахгүй байна. “Эрдэнэцагаан нэгдсэн зар”-ын групп гэсэн “Facebook” хаягт “Цагаан” гэх хаягтай хүн “бяруу авна” гэсэн зарын дагуу тухайн зар дээр байсан утас руу нь өөрийн 98113285 дугаараас залгаад “намайг Ю.Эрдэнэбаатар гэдэг би Эрдэнэцагаан сумаас урагш хөдөө байдаг танд бяруу цуглуулж өгье” гээд өөрийнхөө Вааgii Baagii гэх “Facebook” хаягаасаа иргэний үнэмлэхийн зураг болон хөдөө байгаа зургуудаа явуулсан. Тэр хүн итгээд над руу эхлээд ганц нэг бярууны мөнгө явуулсан. Дахиж бярууны мөнгө гэж цувуулж авсаар нийт 13,550,000 төгрөгийг өөрийн 5642233086 тоот дансаараа шилжүүлэн авсан. Би тухайн мөнгөөр цахим “Poker” тоглоод алдсан. Би тухайн хүнийг танихгүй. Утсаар ярихад Түмэнцогт суманд амьдардаг гэж хэлж байсан. Уулзаж байгаагүй. Миний эзэмшилд бяруу байхгүй. Би бусдаас 4-5 бяруу цуглуулаад буцаагаад зараад мөнгийг нь үрсэн.” гэх / II хх 153-154 дүгээр хуудас/,

  • Хохирогч Г.Дагийранжилын: “Ю.Эрдэнэбаатар, Б.Мөнх-Очир нарыг танихгүй. Цахим орчинд “мал, мах авах” зар байрлуулснаар над руу утсаар болон “Facebook” чатаар холбогдож танилцаж байсан. Би 2020 оны 12 дугаар сарын эхээр бяруу тугал худалдаж авах зорилгоор “малын наймаа”, Дорнод аймгийн зар гэсэн “Facebook” групп дээр өөрийн ............. гэх “Facebook” хаягаас зар тавьсан. Миний тавьсан зарын дагуу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Munkhochir Ochiroo” гэх хаягаас холбогдож “Сүхбаатар аймагт 5 тугал байна” гэсэн чат ирсэн. Энэ хүнтэй утасны дугаараа өгч авалцаж байгаад 95190000 дугаарын утсаар түүнтэй холбогдож ярихад Сүхбаатар аймгийн Асгат суманд байдаг Батхүрэлийн Мөнх-Очир гэж өөрийгөө танилцуулсан. Мөнх-Очир нь өөрөөсөө 5 тугал өгнө, найз нөхдөөс нэмээд 20 тугал бөөгнүүлж өгье гэж ярилцсан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр чат болон утсаар холбогдож байгаад түүний 5644221885 дугаарын данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнх-Очир нь өөрөө “Porter” машинтай, би өөрөө нутгаараа тойрч яваад цуглуулаад өгнө, та шинэ оны дараа ирээд аваарай гэж ярьж тохирсон. Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 94642000 дугаарын утаснаас нэг залуу холбогдоод “Мөнх-Очирын найз байгаа юм, таныг тугал авч байгаа гэсэн, би ч гэсэн тугал зарах гэсэн юм, намайг Эрдэнэбаатар” гэдэг гэж ярьсан. Маргааш нь “Erdene N B Erdene” “Facebook” хаягаас Эрдэнэбаатар нь чат бичиж холбогдож эхэлсэн. Өөрөө тугал зараад нэмж тугал цуглуулж өгье гэж хэлсэн. Эрдэнэбаатар нь надаас өөрийнхөө 5642233086 дугаарын дансаар мөн эхнэрийнхээ дансаар 5,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Эрдэнэбаатар нь “2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд бярууг чинь бөөгнүүлнэ, ирээд аваарай” гэсэн. Тухайн цаг хугацаанд утсаар холбогдоход “манай нутгаар цас ихтэй байна. Та хэд хоногоос ирж авах уу” гэж хэлж байсан. Мөнх-Очирын утас нь холбогдохгүй байгаа талаар Эрдэнэбаатараас асуухад “хөдөө мал дээрээ байгаа, би өөрөө Мөнх-Очироос очоод авчихна, та бензиний мөнгө өгвөл Дорнод аймаг руу хүргээд өгнө, надад Маяти машин байгаа” гээд машины зураг хүртэл явуулж байсан. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймаг руу өөрийн биеэр очиж Эрдэнэбаатартай аймгийн төвд уулзсан. Тэгээд “бяруу авч явах” талаар ярихад “манай Эрдэнэцагаан сум руу цас ихтэй байна, цас багасахаар би өөрөө хүргэж өгье” гэхээр нь итгээд явсан. Тухайн үед “Мөнх-Очиртой уулзъя аймгийн төвд байдаг гэрийг нь заагаад өг” гэхэд цаадах чинь хөлөө гэмтээгээд эмнэлэгт хэвтээд гарсан сурагтай, утас нь холбогдохгүй байна, би өөрөө олоод уулзчихна” гэсэн. Үүнээс хойш Эрдэнэбаатар ганц нэг удаа утсаар холбогдож байгаад “хөдөө мал руугаа явлаа” гэж яриад таг болсон. Утас нь холбогдохгүй байхаар нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр залилсан талаар өргөдөл гаргасан.” гэх /I хх 17-19 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Батцэнгэлийн: “Би 2020 оны 06 дугаар сарын 10-ны үед Ю.Эрдэнэбаатар гэх хүнтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын гал түймэр унтраах 47 дугаар ангийн үүдэнд уулзахад Ю.Эрдэнэбаатар нь Онцгой байдлын албаны дүрэмт хувцастай гарч ирээд Эрдэнэбаатар нь надад хургатай хонь, төлөг цуглуулж өгөхөөр тохиролцож 6,200,000 төгрөгийн урьдчилгааг өөрийнх нь ХААН банкны данс руу шилжүүлж өгөөд Улаанбаатар хот руу буцсан. Үүнээс хойш нийтдээ цувуулаад 34,000,000 орчим төгрөгийг Эрдэнэбаатарын ХААН банкны 5642233086 данс руу шилжүүлсэн. Эрдэнэбаатар бид 2 нэг л удаа уулзсан бөгөөд байнга утсаар холбогддог байсан. Би сүүлд өгсөн мөнгөнүүдээ Эрдэнэцагаан суманд байдаг манай хүргэн болох Г.Золбоо гэх хүний данс руу шилжүүлээд Золбоогоор өгүүлж байсан. 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр барьж байсан утас нь холбогдохоо болиод утсаа сольсон байсан. Сольсон дугаарыг нь олоод залгахаар миний утсыг авахгүй байсан. Би Эрдэнэбаатар гэх хүнтэй “Facebook”ээр холбогдож танилцсан. Эрдэнэбаатар нь надаас мөнгө авахдаа Г.Золбоо руу ярьж “хонь авах гэж байна мөнгө шилжүүлчих” гэж хэлээд мөнгө авдаг байсан. Хамгийн сүүлд надаас 1,100,000 төгрөг авахдаа “хямдхан хонь оллоо, 110,000 төгрөгөөр 10 хонь авчих гээд хүн гуйгаад байна, та гялс мөнгө шилжүүлээч” гэж хэлж байсан. Мөн 8, 9 дүгээр сард надад энд тэндээс хонь авлаа, хонио будгаар тэмдэг тавилаа, та хэзээ ирж авах юм, хонь бэлэн байгаа шүү дахиад хэдэн хонь нэмээд авмаар байна” гэх мэтээр ярьдаг байсан болохоор нь итгэл үнэмшил төрөөд мөнгө өгөөд байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 10-нд Ю.Эрдэнэбаатарын 5642233086 дугаарын данс руу 6,200,000 төгрөгийг өөрийнхөө данснаас, 06 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөг, 06 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 06 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 2,400,000 төгрөг, 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 07 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 07 дугаар сарын 04-ний өдөр 1,800,000 төгрөгийг Г.Золбоогийн данснаас Ю.Эрдэнэбаатарын 5642233086 дугаарын данс руу шилжүүлсэн. Нийтдээ 36,400,000 төгрөг шилжүүлсэн. Мөн би яг хэдний өдөр шилжүүлснээ мэдэхгүй хэд хэдэн удаа өөр хүмүүсийн данснаас “хонины мөнгө” гэсэн утгатай мөнгө шилжүүлж байсан. Ю.Эрдэнэбаатарын өөрийнх нь данс руу шилжүүлдэг байсан болохоор Ю.Эрдэнэбаатарын дансыг шүүгээд харвал миний сүүлд өөр хүний дансаар шилжүүлсэн мөнгө гарч ирэх байх. Би яг одоо шууд санахгүй байна. Би өөр хүмүүсийн данснаас 3,000,000-4,000,000 орчим төгрөг шилжүүлж байсан. Ингээд нийт 40,000,000 орчим төгрөгийг шилжүүлсэн.  Ю.Эрдэнэбаатараас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өдийг хүртэл ямар нэгэн мал, мах, мөнгө авсан зүйл байхгүй. Надад мал чинь бэлэн боллоо гэж хэлж байсан. Түүнээс надад нэг ч удаа мал мах өгсөн зүйл байхгүй, сүүлдээ миний утсыг авахаа больсон.  Би өөрийн болон бусдын данснаас Ю.Эрдэнэбаатарын данс руу шилжүүлсэн 40,000,000 орчим төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулан авч, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх / I хх 169-171 дүгээр хуудас/,
  • Хохирогч М.Батдэлгэрийн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Facebook”-д Баруун-Уртын группэд “бяруу худалдаж авна” гэж зар оруулсан. Тэр үед над руу Ю.Эрдэнэбаатар гэх утсаар холбогдоод 8 тооны бярууны мөнгө авъя”, манай хүүхэд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, “хэлд оруулах гэж байгаа” гэхээр нь би Баруун-Урт сумын төвд талбайн зүүн талын нотариатаар орж гэрээ байгуулаад 2,400,000 төгрөг бэлнээр өгсөн. Би Ю.Эрдэнэбаатарт мөнгө өгснөөсөө хойш огт уулзаагүй. 06 дугаар сард утсаар 2 удаа ярихад 2 тугалтай үнээ өгнө гэж хэлээд дахиад утсаа салгаад алга болсон.” гэх / II хх 81-82 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Цагаанхүүхэний “... Манайх Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн уугуул малчин байгаа юм. Бяруу авах гэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хамгийн нэгдсэн зар гэсэн цахим хаягт 2022 оны 01 дүгээр сарын эхээр тавьсан юм. Зар тавьснаас хойш 98113285 дугаарын утаснаас залгаад “бяруу авч байгаа гэсэн үү, би бярууны мөнгө авъя, намайг Ю-ийн Эрдэнэбаатар гэдэг юм. Эрдэнэцагаан сумын уугуул иргэн, сумын төвөөс баруун урагш ........ гэх газарт байдаг” гэж хэлсэн. “Бид нар хэн хэнийгээ танихгүй юм чинь яаж чамд итгэж мөнгө өгөх юм” гэхэд “та “Facebook” хаягаар ороод ир би тан руу иргэний үнэмлэх зургаа явуулъя” гэж хэлээд хувийн мэдээлэл зургаа явуулсан. Би мэдээллийг харж итгээд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ХААН банкны 5642233086 тоот данс руу 2,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2 хувааж эхлээд 2,000,000,  дараа 1,200,000 нийт 3,200,000 төгрөг, 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,400,000, 01 дүгээр сарын 12-ны өдөр 3,400,000 төгрөг, 01 дүгээр сарын 19-ний өдөр 400,000 төгрөг, мөн ХААН банкны 5272040388 тоот Янжинцэцэг гэх хүний данс руу 800,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны 5642233086 тоот данс руу 100,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 200,000 төгрөг  өгсөн. Дахин өөрийнхөө дансаар 1,000,000 төгрөг өгсөн. Нийт 13,550,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Надтай утсаар ярихад нь “02 дугаар сард бяруугаа авъя” гэхэд “малчид оторт гарсан байна, би өөрөө Porter машинтай бяруугаа цуглуулаад хэлье” гээд өнгөрсөн. Бид нар ч ажилтай байсан тул “04 дүгээр сарын эхээр бяруугаа авъя” гэсэн. Тэгээд 98113285 дугаарын утсаар залгахад “төл эхлээд, ямаагаа самнах гээд завгүй байна” гэхээр нь тухайн үед нь “аан, за за” гэж хэлээд өнгөрсөн. Би 04 дүгээр сарын 17-нд дахин залгаад “одоо хөдөөгийн ажил гай жигдэрлээ, одоо очиж малаа цуглуулж авъя” гэж хэлэхэд “дүү нь “Hino” машинтай, бензиний мөнгөө явуулбал би Сүхбаатар аймгийн төв рүү аваачиж өгье” гэхээр нь “би нэгэнт үнэтэй авч байгаа тул өөрөө очиж үзэж харна” гээд тасалсан. Би хэд хоногийн дараа дахин залгахад, утас нь холбогдохгүй болсон. Би хэд, хэдэн удаа залгаад холбогдож чадахгүй байсан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. Би дүрсээ харж бол яриагүй, чатаар өөрийнхөө зураг, иргэний үнэмлэх зэрэг зүйл явуулахаар нь итгэсэн. “..........”  гэсэн “facebook” хаяг байсан. Профайл зураг нь жаргаж байгаа нарны зурагтай хаяг байсан.” гэх / II хх 142-143 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Золбоогийн: “2020 оны 06 дугаар сарын эхээр манай ах Б.Батцэнгэл над руу яриад “Эрдэнэцагаан сум руу явах ажил байна, би Ю.Эрдэнэбаатар гэх хүнтэй нийлээд мал, махны чиглэлээр наймаа хийх гэж байгаа” гээд маргааш нь Эрдэнэцагаан суманд ирсэн. Тэгээд надаас Эрдэнэбаатарыг асуугаад “ямар хүн байна энэ хүнтэй малын бизнес хийх гэж байгаа, чамайг энд ажилладаг болохоор шууд хүрээд ирлээ” гэсэн. Ю.Эрдэнэбаатар тухайн үед Гал түймэр унтраах аврах 47 дугаар ангид ажилладаг байсан болохоор ангийнх нь хашааны гадаа Батцэнгэл ахтай хамт очоод Ю.Эрдэнэбаатартай уулзуулсан. Тэд уулзаад Батцэнгэл Эрдэнэбаатарт мөнгө өгч хөдөөгүүр мал авхуулж цуглуулахаар тохироод мөнгө, төгрөгөө надтай тулгаж тооцоо хийхээр болоод маргааш нь Батцэнгэл ах буцаад явсан. Буцаж явахад нь Эрдэнэбаатар, Батцэнгэлээс 30 хургатай хонь 30 төлөг авахаар хоорондоо тохироод 6,200,000 төгрөг шилжүүлж авсан байсан. Үүнээс хойш Батцэнгэл ах миний данс руу мөнгө шилжүүлээд ирсэн мөнгийг нь Эрдэнэбаатарын данс руу дамжуулж байсан. Ю.Эрдэнэбаатар над руу утсаар залгаад “ахаа хонь мал цуглуулсан мөнгө шилжүүл” гээд мөнгө авдаг байсан. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөг, 06 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 06 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 2,400,000 төгрөг, 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 07 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 07 дугаар сарын 04-ний өдөр 1,800,000 төгрөгийг шилжүүлж, нийт 30,200,000 төгрөгийг миний данс руу Батцэнгэлээс шилжиж ирсний 28,800,000 төгрөгийг Эрдэнэбаатар луу шилжүүлж өгсөн. Ю.Эрдэнэбаатар надад хэлэхдээ “нөгөө малуудаа айлуудад нь тавьсан байгаа, 09, 10 дугаар сараас эхэлж цуглаана” гэж хэлж байсан. Ю.Эрдэнэбаатар надад болон Батцэнгэлд нэг ч мал өгөөгүй. Намайг 2020 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот руу яваад буцаж ирэхэд Ю.Эрдэнэбаатартай уулзах гэтэл Ю.Эрдэнэбаатар нь олдохгүй, сураг сонсохоор хүн амьтнаас мөнгө авч залилаад алга болсон гэж дуулсан.” гэх / I хх 181-182 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Юрагийн: “... Эрдэнэбаатар миний төрсөн хүүхэд. Би энэ хүүхэд хэнд хэдэн төгрөгийн өртэй талаар надад мэдэх зүйл алга, эхнэр нь өртэй болсон гээд салаад явсан, яг хэн гэдэг хүнд хэдэн төгрөгийн өртэйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг / II хх 102-103 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын ХААН банканд эзэмшдэг ............... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / I хх 41-65, 206-250, II хх 1-30, 37-38, 109-117/,
  • Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / I хх 105 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа,  / I хх 106-107 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Золбоогийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / I хх 187-189, II хх 35-36 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Батцэнгэлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / II хх 33-34 дүгээр хуудас/,
  • Хохирогч М.Батдэлгэрийн цагдаагийн газарт гаргасан гомдол /II хх 69-70 дугаар хуудас/,
  • Хохирогч У.Цагаанхүүхэний цагдаагийн газарт гаргасан гомдол /II хх 134-136 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Цагаанхүүхэний ХААН банканд бүртгэлтэй ............. дугаартай данснууд, Төрийн банканд бүртгэлтэй ........... дансны хуулга / II хх 156-162 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар, хохирогч Ц.Цагаанхүүхэн нарын хоорондоо харилцсан “Facebook” чат, гэрэл зургийн үзүүлэлт / II хх 166-169 дүгээр хуудас/,
  • Хохирогч М.Батдэлгэрийн “шүүгдэгч Ю.Эрдэнэбаатараас 400,000 төгрөг авсан” гэх хүсэлт,
  • Хохирогч Ц.Цагаанхүүхэний шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэмэлт нотлох баримтууд болох хүсэлт, “Facebook” чат, гэрэл зургийн үзүүлэлт,
  • Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Батцэнгэлээс “мал мах цуглуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 12 удаагийн үйлдлээр нийт 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Батцэнгэл, гэрч Г.Золбоо нарын мэдүүлэг, хохирогч Б.Батцэнгэл, гэрч Г.Золбоо, шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар 

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Дагийранжилаас “тугал зарна” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 4 удаагийн үйлдлээр нийт 4,750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Дагийранжилын мэдүүлэг, шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар,

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт иргэн М.Батдэлгэрээс “бяруу цуглуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Батдэлгэрийн мэдүүлэг, хохирогч М.Батдэлгэрийн цагдаагийн газарт гаргасан гомдол, нотариатын гэрээ, М.Батдэлгэр нь Ю.Эрдэнэбаатараас 400,000 төгрөг авсан” гэх хүсэлт зэрэг нотлох баримтаар,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Цагаанхүүхэнээс “бяруу цуглуулж өгнө” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 7 удаагийн гүйлгээгээр нийт 13,550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Цагаанхүүхэний мэдүүлэг, шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын ХААН банканд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч У.Цагаанхүүхэний цагдаагийн газарт гаргасан гомдол, түүний ХААН банк, Төрийн банканд бүртгэлтэй дансны хуулга,  Ю.Эрдэнэбаатар, Ц.Цагаанхүүхэн нарын хоорондоо харилцсан “Facebook” чат, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Залилах гэмт хэрэг гэдэгт: бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн шинжтэй үйлдлийг, их хэмжээний хохирол гэдэгт: тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тавин сая төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар “тугал, бяруу зарна” гэж цахим сүлжээ ашиглан худал хэлж, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Г.Дагийранжил, Б.Батцэнгэл, М.Батдэлгэр, Ц.Цагаанхүүхэн нарын  эд хөрөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авснаар төгсөж, хохирогч нарт хохирол учруулсан  нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “тугал бяруу зарна” гэж зохиомол байдал бий болгон бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Прокуророос шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нийт 55,700,000 төгрөгөөс 400,000 төгрөгийн хохирол барагдуулсан нь туйлын хангалтгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, энэ хэрэг шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах дүгнэлт гаргаж байна.” гэх саналыг гаргасан.

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар нь хохирогч Б.Батцэнгэлд 35,000,000 төгрөг, хохирогч Ц.Цагаанхүүхэнд 13,550,000 төгрөг, хохирогч Г.Дагийранжилд 4,750,000 төгрөг, хохирогч М.Батдэлгэрт 2,400,000 төгрөг буюу бусдад нийт 55,700,000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч М.Батдэлгэрт учирсан хохирлоос 400,000 төгрөгийг нөхөн төлсөн болно.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ю-ийн Э-ыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ю.Эрдэнэбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Батдэлгэрт  400,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эрдэнэбаатараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 55,300,000 төгрөгийг гаргуулж, 2,000,000 төгрөгийг хохирогч  ...... аймгийн ......... сумын .... дүгээр баг ..... хотхоны .... тоотод оршин суух Б овогт М-ын Б-т, 4,750,000 төгрөгийг . аймгийн....... ......... сумын .... дугаар багийн .... дугаар байрны ........... тоотод оршин суух М овогт Г-ийн Д-д, 13,550,000 төгрөгийг хохирогч ........... аймгийн ........ сумын .... дугаар багийн “.........” гэх газарт оршин суух О овогт Ц-ий Ц-д, 35,000,000 төгрөгийг хохирогч ........ хотын ....... дүүргийн .... дугаар хорооны ..... тоотод оршин суух Т овогт Б-ын Б-д тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ю.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ