Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00161

 

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00161

 

БП ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02227 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БП ХХК-ийн хариуцагч "Ри" ХХК-д ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 4 600 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч БП ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ри ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Рома хотхоны 1 болон 2 тоот орон сууцны гадна заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч нь дээрх ажлыг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд захиалагчийн материалаар хийж гүйцэтгэж захиалагч Ри ХХК-д хүлээлгэн өгсөн. Нийт ажлын хөлс нь 46 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ажил хүлээн авсны дараа барьцааны мөнгийг өгөхөөр харилцсан тохиролцсон тул ажлын хөлсний үлдэгдэл 4 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ри ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БП ХХК нь 1, 2 дугаар болокны гадна заслын ажлыг гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 5.3-д зааснаар гадна заслын чанарын баталгаат хугацаа нь хүлээлгэн өгснөөс хойш 3 жил байх бөгөөд энэ хугацаанд заслын ажилд ямар нэгэн доголдол үүссэн тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн зардлаар доголдлыг арилгах арга хэмжээ авч, засварлана гэж заасан байдаг. Гэрээний 6.2.10-д зааснаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан боловч ажлыг хүлээлгэж өгөөгүй. Ажил гүйцэтгэсэн байдлын тодорхойлолт нь ажлын чанар байдлыг тодорхойлсон акт биш гэж үзэж байна. Гүйцэтгэгч тал барилгын ажлыг хаяж явснаас хойш доголдлууд гарсан. Захиалагч 10 хувийг барьцаа болгож 4 600 000 төгрөгийг суутган авсан нь үнэн. Гэхдээ Улсын комисст хүлээлгэж өгсний дараа шилжүүлнэ гэж тохирсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ри ХХК-иас 4 600 000 төгрөгийг гаргуулж БП ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ри ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 88 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БП ХХК-д олгож шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4.3-т төлбөр төлөх аргачлалыг заасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээт ажлыг бүрэн хийж дуусгаагүйгээр үл барам чанарын шаардлага хангаагүй, доголдолтой ажил хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн зүгээс ажлын доголдлоо арилгахыг удаа дараа шаардан, мэдэгдэж байсан боловч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгалгүйгээр, ажлын байрыг орхин явсан. Нэхэмжлэгчийн чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч компани өөр компаниар дахин хийлгэж, засварлуулсан ба үүнтэй холбоотойгоор гарсан зардлыг нэхэмжлэгч компаниас нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн талаар агуулга байхгүй, орхигдсон байна. Мөн гэрээний 5.3, 4.3.4 дэх заалтыг үл хайхран барьцааны 10 хувийг буцаан олгохоор шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 198-р зүйлийн 198.1 дэх хэсэгт болон нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгөөгүй, бүрэн хийж гүйцэтгээгүй байдал зэргийг анхааралгүй, орхигдуулан дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч БП ХХК нь хариуцагч Ри ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 4 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг /хх.1/, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх.27/

 

Талуудын хооронд барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нийт үнийн дүнгийн 10 хувийг барьцаа болгон хариуцагч нь нэхэмжлэгчээс суутган авсан үйл баримт тогтоогдсон. /хх.8-14/ Талууд орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараа шаардах эрх үүснэ гэж гэрээгээр тохиролцож, тухайн орон сууцыг улсын комисс хүлээж авсан эсэх үйл баримтад хамаарах нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. /хх.41/ Шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10169 дугаар захирамжаар нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, уг захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Шүүгчийн дээрх захирамжид хариу өгсөн архивын байгууллагын албан бичигт ...Рома инвестмэнт ХХК-ийн захиалгаар барьсан Рома хотхоны улсын комиссын акт зураг төслийн баримтын архивт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй гэж заасан байгаагаас үзэхэд улсын комисс хүлээж авсан эсэхийг тогтооход хамааралтай нотлох баримт биш байна. Тухайн маргаан бүхий орон сууцыг хүлээж авсан эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. /хх.53/ Архивын байгууллагад баримт ирээгүй байгаа нь улсын комисс хүлээн аваагүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй болно.

 

Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх өдөр хэргийн оролцогч талуудаас шинээр нотлох баримт ирүүлснийг тухайн өдөр нь танилцуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнтэй холбоотойгоор хэргийн оролцогч нөгөө талын гаргасан нотлох баримттай танилцсаны үндсэн дээр тайлбар гаргах, шинээр нотлох баримт гаргах эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 88 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ