Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 124/2023/0030/З |
Дугаар | 221/МА2024/0612 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0612
Д.Д*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Д*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Д*******
Хариуцагч: Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2024/0012 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Д*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д*******
Хариуцагчийн өмгөөлөгч А.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 124/2023/0030/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д*******оос Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2024/0012 дугаар шийдвэрээр:
“Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дүгээр зүйлийн 16.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д*******ын Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгуулах болон Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Д******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Д.Д******* нь 2016 онд тухайн үед мөрдөгдөж байсан хууль журмын хүрээнд сонгон шалгаруултад орж Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2020 онд орон нутгийн сонгуульд оролцохоор болж хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн. Сонгуулийн дараа Засаг дарга Д.Б******* нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд намайг нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч шинэ Засаг дарга Ч.Ч*** хамтран ажиллахгүй гээд ажлаас халсан. Энэ асуудал дээр би шүүхэд хандсанаар шүүхийн шийдвэр гарч хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг дарга Ч.Ч*** нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 тоот захирамжаараа нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
2022 онд эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/ зохион байгуулагдаж ажиллаж эхэлснээр даргыг томилох, чөлөөлөх харилцаа нь аймгийн Засаг даргаас хамааралгүй болж ТУЗ-ийн мэдэлд ирсэн, тухайн үед захирлын сонгон шалгаруулалт явагдаагүй байсан тул Д.Д******* нь ТУЗ-тэй 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ий өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай байгуулсан. Үүний дараа аймгийн Засаг дарга Ч.Ч*** нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б/33 тоот захирамж гаргаж өмнө гаргасан түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 тоот захирамжаа хүчингүй болгосон. Энэ захирамжийн дараа нэгдсэн эмнэлгийн ТУЗ хуралдаж нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруултыг зарласан бөгөөд энэ шалгаруултад 3 хүн өрсөлдсөнөөс Д.Д******* хамгийн өндөр буюу 82,1 оноо авсан. Сонгон шалгаруулалт нь хууль бус болсон, хэн нэгний эрх ашгийг зөрчсөн талаар гомдол санал гараагүй бөгөөд нөгөө 2 оролцогч хүлээн зөвшөөрсөн.
Нэгдсэн эмнэлгийн ТУЗ хуралдаж сонгон шалгаруулалтыг баталгаажуулж тогтоол гаргаж үүний дагуу Д.Д*******ын ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар Авлигатай тэмцэх г*******т хандсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/18728 тоот албан бичгээр ашиг сонирхлын зөрчилгүй болохыг тогтоосон байдаг. Энэ үеэс эхлэн Д.Д*******ыг нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд томилох боломжтой болсон. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс улс төрийн зорилго санаатай оролцож эхэлсэн ба тухайн үеийн ТУЗ-ийн дарга, эмч Г****ийг хууль бусаар ТУЗ-өөс чөлөөлж оронд нь өөрийн намын журмын нөхөр болох Д***г томилсон.
Ингээд Д.Д*******ыг нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд томилохгүй байсан тул захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгах байсан. Шүүхэд нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн байхад ТУЗ дахин хуралдаж Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг хугацааны өмнө цуцалсан. Гэрээг цуцлах шалтгаанаа ажил олгогчийн итгэлийг алдсан, өөрөөр хэлбэл дотоод аудитын дүгнэлтээр зөрчилтэй гарсан тул гэрээг хугацааны өмнө цуцалж байгаагаа дурдсан. Гэтэл 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг сонгон шалгаруултын дүн гарах гэж байхад буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-нд ирүүлсэн бөгөөд ТУЗ 2023 оны 11 дүгээр сарын 21-нд энэ талаар хуралдаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул ямар нэг арга хэмжээ авах боломжгүй гэдэг хариуг аймгийн Засаг дарга бөгөөд санхүү, хяналт шалгалт, дотоод аудитын дарга Ч.Ч***эд хүргүүлсэн байсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага тавьсан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маш удаашралтай явсан ба давж заалдах шатны шүүхээр 2 удаа гомдлоо шийдүүлсэн.
Шүүх хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болж анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна. Шүүх “Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдхүй хууль бус болохыг тогтоож, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохыг даалгах" шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа” хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн ТУЗ-ийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай "Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай" тогтоол хүчинтэй байгаа тул томилохыг даалгах хууль зүйн үндэсгүй гэж дүгнэжээ. Мөн энэ тогтоол хүчинтэй байгаа тул хариуцагчийг томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдхүй гаргасан гэж үзэхээргүй байна” гэжээ.
3.2. Анх нэхэмжлэл гаргаад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн байхад маргаан бүхий асуудлын талаар шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл захиргааны байгууллага аливаа шийдвэр гарахаас татгалзах ёстой. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд заасан "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн заалтыг төрийн байгууллага хууль дээдлэх зарчмын хүрээнд авч үзэж сахин биелүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэлийг хүлээн авсны дараа Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Үүний дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд "...эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар..." гэснийг үндэслэн ТУЗ-өөс дахин сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргуулахгүй байх зорилгоор шүүхэд хүсэлт гаргасан боловч татгалзаж шийдсэн. Шүүн таслах ажиллагаа зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бол энэ зорилготой нийцүүлэн хурдан, шуурхай байх шаардлагатай болдог. Хариуцагч тал нь анх томилохгүй байсан бол дараа нь гэрээг цуцалсан, гуравдагч этгээдээр Засаг даргыг оролцуулах хүсэлт гаргасан, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон энэ бүхэнд нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байх юм бол ТУЗ цаашдаа 2-3 шийдвэр гаргах боломжтой бөгөөд энэ нь хэрэг хэт удааширч дээр дурдсан зорилго, зорилт биелэхгүйд хүрнэ. Хариуцагч тал санаатайгаар 2024 оны 06 сарын 05-нд гаргасан тогтоолоо шүүх хуралдаан дээр гаргаж өгч байгаа нь энэ бүхний баталгаа юм. Нэхэмжлэгч талаас энэ тогтоолтой танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй нь:
а. хууль бус үйлдэлд хөтлөгдөхгүй гэснийх
б. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай байлгах
в. Маргаж байгаа үйл баримтын хувьд сонгон шалгаруултын дүн гарснаас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн, мөн гэрээг хүчингүй болгосон цаг хугацаанд захиргааны байгууллага шийдвэр гаргахгүй байгаа болон гаргасан шийдвэр нь хуульд нийцэж байгаа эсэхийг шүүхээр шийдүүлэх гэсэн зорилготой учир нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй болно. Хэдийгээр нэхэмжлэгч тал шаардлагаа нэмэгдүүлээгүй боловч цоо шинэ баримт шүүх хурал дээр гарч ирээд энэ баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа тохиолдолд шүүгч уг баримтыг нягтлах, холбогдох нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Хэрэв шүүгч үүргээ биелүүлж нотлох баримт цуглуулсан бол сонгон шалгаруулалтын талаар Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн эмнэлгийн ТУЗ-д 2024 оны 06 дугаар сарын 12-нд ирүүлсэн 2/2588 тоот албан бичиг, түүгээр өгсөн үүргийг нотлох баримтаар авах байсан. Энэ бичгийн талаар шүүх хуралдаан дээр шинжлэн судлахад хариуцагчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Мөн томилохгүй байгаа эс үйлдэхүйн цаг хугацаа нь сүүлд гаргасан тогтоолоос өмнөх цаг хугацааг хамаарч байхад шүүгч зөв дүгнэлт хийгээгүй байна. Анх томилохгүй байгаа эс үйлдэхүй, гэрээг хүчингүй болгосноо тайлбарлаж байхдаа санхүүгийн зөрчилтэй холбогдуулж байсан, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмын хүрээнд шийдвэр гаргахдаа тогтоосон бодит нөхцөл нь сүүлд гаргасан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тогтоолыг үндэслэл болох “…англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох баримт ирүүлээгүй, улс төрийн намын гишүүн бус талаар илэрхийлж бичсэн баталгааг ирүүлээгүй...” гэсэн эрс зөрүүтэй байгааг анхаарч үзээгүй байж даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
3.3. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн бэ гэхээр нэхэмжлэгч нь өөрийн мэдлэг боловсрол, дадлага туршлагад тохирсон ажил хөдөлмөр хийх эрхтэй үүнтэй уялдуулан цалин хөлс авах нийгэмд хүндтэй байр суурь эзлэх эрхтэй. Мөн өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, бусдын хууль бус шийдвэрээс болж хохирсон бол учирсан хохирол нэхэмжлэх эрхтэйн дээр ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх зөрчигдсөн. Захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа заавал урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа хийж байж өөрийн шийдвэр гаргах ажиллагаандаа боломжит хувилбарыг сонгон хэрэглэх ёстой боловч ийм ажиллагаа огт хийгээгүй хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байхад гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй тул уг тогтоолыг хүчингүй болгох боломжгүй гэж шийдсэн нь буруу юм. Учир нь гэрээг хүчинтэй байхад нэг тал дангаараа цуцалсан, захиргааны гэрээг цуцлах талаар Захиргааны ерөнхий хуулийн 56 зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэлийг хангахгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр явуулсан тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү тогтоолын хувийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас гаргаж өгсөн, шүүх хуралдаан даргалагчаас үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас тусгайлан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Гэвч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, өөрөөр хэлбэл нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь тухай үед сонгон шалгаруулалтад оролцогчдоос хамгийн өндөр буюу 82.9 оноо авч шалгарсан гэх боловч нэгэнт шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэр хүчинтэй, түүнтэй маргаагүй энэ тохиолдолд энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан томилохыг даалгах үндэслэлгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй.
2.Давж заалдах гомдолд “…хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиргааны байгууллагаас аливаа шийдвэр гаргахаас татгалзах ёстой, …хариуцагч талаас санаатайгаар 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гаргасан тогтоолоо шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн…” гэх боловч шийдвэр гаргахаас өмнө нэгэнт гаргасан тогтоолтой маргах эрх нэхэмжлэлийн хувьд нээлттэй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх, гэвч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх боломжийг шүүхээс хязгаарлаагүй байх тул хүчингүй болгосон сонгон шалгаруулалтыг хүчинтэй мэтээр, мөн хариуцагчийн томилохгүй байгаа эс үйлдэхүйг цаг хугацааны хувьд 2024 оны 12 дугаар тогтоолоос өмнөх үйл баримттай холбоотой гэж дүгнэн, улмаар нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.
3.Хариуцагчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Д.Д*******той байгуулсан “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-ний 2.16.1-т уг гэрээний хугацааг “мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал” гэж заасан, маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор энэхүү хугацаа дуусахаас 19 хоногийн өмнө гэрээг цуцлахдаа гэрээний 6.4.9-т “Захирлын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, хууль болон холбогдох дүрэм, журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдсон” гэснийг үндэслэжээ.
Дээрх заалт нь Төлөөлөн удирдах зөвлөлийн “Онцгой нөхцөл бүхий хөдлөмөрийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийн нэг бөгөөд нэгэнт уг гэрээний хугацаа дуусгавар болсон тул 21 дүгээр тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн хувьд ач холбогдолгүй.
4.Увс аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 34/05/03 тоот актаар дутуу олгосон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 7.066.062 төгрөгийг нэр бүхий 26 ажилтанд нөхөн олгохыг, мөн өдрийн 34/05/05 тоот актаар илүү олгосон 2.118.026 төгрөгийг нэр бүхий 6 ажилтнаар нөхөн төлүүлэхийг, 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 34/01/04 тоот актаар 2022 оны 9 дүгээр сараас хойш хэрэглэсэн хөнгөлөлттэй хоолны үнэ 6.518.800 төгрөгийг нэр бүхий 175 ажилтнуудаас нөхөн төлүүлэхийг,
-аймгийн Дотоод аудитын хорооны 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор дээрх актуудыг баталснаас гадна тендер шалгаруулалт, хоол хүнсний талаарх холбогдох зөрчлийг давтан гаргасан нэгдсэн эмнэлгийн дарга Д.Д*******т хариуцлага хүлээлгэж ажиллахыг аймгийн Засаг даргад, хяналт шалгалтаар ногдуулсан акт, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг мөн оны 7 дугаар сарын 31-ний дотор ирүүлэхийг тус тус нэгдсэн эмнэлгийн дарга Д.Д*******, нягтлан бодогч Ч.Пүрэвсүрэн нарт даалгасан;
-нягтлан бодогч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан тайланд 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар “…7.066.062 төгрөгийг бүрэн нөхөн төлүүлсэн, 6.518.800 төгрөгөөс 5.022.400 төгрөгийг барагдуулсан, харин 2.118.026 төгрөгийг 11 дүгээр сард багтаан суутгана…” гэсэн байх боловч эдгээрийг Нэгдсэн эмнэлгийн захирлын шууд буруутай үйлдэл гэж үзэх эсэх, үүний улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэх эсэх нь хөдөлмөрийн гэрээний хугацаа нэгэнт дууссан энэ тохиолдолд ач холбогдолгүй төдийгүй давж заалдах гомдолд ч энэ талаар няцаасан үндэслэл огт гаргаагүй болно.
Түүнчлэн нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь томилохыг даалгуулах өмнөх шаардлагатай зөрчилдсөн агуулгатай байгаагаас гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “…21 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд ажилдаа томилогдох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг иргэний журмаар нэхэмжлэх эрх үүснэ” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
Учир нь гэрээ цуцлах талаар хариуцагчаас урьдчилан мэдэгдээгүй нь гэрээний хүчинтэй байх хугацааг сунгах үндэслэл болохгүй, мөн гэрээний хугацаа хэдий нь дууссаны дараа шүүх маргааныг шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд, магадгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол байсан гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.3-т заасны дагуу гэрээ цуцалсан тогтоолыг хүчингүй болгох бус харин “хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд шийдвэрлүүлэх нь нэхэмжлэлийн шаардлага хангагдсан эсэхээс үл хамаарч шүүхээс маргааны үйл баримтад хийх дүгнэлт, түүний цар хүрээнд илүүтэй нийцнэ.
Гэвч нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тогтоолтой маргаагүйн нэгэн адил нэхэмжлэлийн энэ шаардлагаа ч өөрчлөөгүй, хуульд зааснаар шүүхээс үүнд хөндлөнгөөс оролцох эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д*******, түүний өмгөөлөгч Д.Д******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН