Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 125/ШШ2021/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дугаар “Төсвийн орлого болгох тухай” актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч А.Ц, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын улмаас Б.М миний Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах үндсэн эрх зөрчигдөж байх тул дараах үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргалаа.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэжээ.

Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас төлбөрийн акт тогтоохдоо эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Б.М надад мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр нь хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6- т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчимд нийцэхгүй байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу Б.М намайг төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлсөн.

Ийм байхад Ховд аймгийн Аудитын газрын дээрх актад Б.М намайг төрийн албанаас халагдсан мэтээр үндэслэлгүй дүгнэж, цалингийн урьдчилгааг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо гараагүй байхад уг ажлын байранд хууль бусаар сонгон шалгаруулалт зарлаж, өөр хүнийг томилсныг эсэргүүцэж, миний бие Ховд аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, одоогийн байдлаар захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлээгүй.

Б.М би 2018 оны 8 дугаар сард 2 сая төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан байхад 2.3 сая төгрөгийн урьдчилгаа авсан мэтээр буруу дүгнэлт дүгнэлт хийж, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй байна. Уг 2 сая төгрөгийн урьдчилгааны зарим хэсгийг Ховд аймгийн Засаг даргын Нийтлэг үйлчилгээний албаны нягтлан бодогч авч томилолтод зарцуулж, үлдэх хэсгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Б.М миний дараагийн саруудын цалин хөлсөөс суутгасан байхад Ховд аймгийн Аудитын газраас давхар нөхөн төлүүлэх акт тогтоосон нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэжээ

Гэтэл Ховд аймгийн Аудитын газар нь тогтоосон актаа Б.М надад хуулийн дээрх заалтын дагуу мэдэгдээгүй. Харин уг актыг Б.М би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоос хуулбарлан авч танилцсан. Дээрх актыг эс зөвшөөрч Монгол Улсын ерөнхий аудиторт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гомдол гаргаад, Үндэсний аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/06 дугаар албан бичгээр гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул хянах боломжгүй гэх үндэслэлгүй хариу авсан.

Үндэслэлгүй гэхийн учир нь Ховд аймгийн Аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дүгээр актаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасны дагуу мэдэгдээгүй.

Иймд Ховд аймгийн Аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дүгээр Төсвийн орлого болгох тухай актыг хүчингүй болгохыг хүсье.

Хариуцагч А.Ц, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан төрийн аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гаргасан.

Аудитын хийж гүйцэтгэх явцад Засаг даргын тамгын газрын даргын Хууль зүйн хэлтэсийн даргаар ажиллаж байсан Б.М нь 2019 оны 08 сарын 09-ны өдөр 300000 төгрөгний 8 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгний нийт 2,300,000 төгрөгний цалингийн урьдчилгаа авсан нь нотлогддог. Аудиторын зүгээс Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журмын дагуу Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлийг нэгтгэн гаргаж, үйлчлүүлэгч байгууллагад танилцуулан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан болно.

Санхүүгийн тайлангийн явцад акт тавигдаж байгаа талаар Б.М-д танилцуулахыг Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид аудиторын зүгээс тайлбарласан. Тухайн актыг Б.М-ын өөрийн фэйсбүүк хаягаар танилцуулсан байдаг. Бид хуульд заасны дагуу актыг хаягласан этгээд танилцуулж албажуулан Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Б.Нямдэлгэрээр дамжуулан цахим шуудангаар иргэн Б.М-д танилцуулж мэдэгдсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр төрийн аудиторын тооцооллыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү.

Засгийн газрын тогтоолд зааснаар  үндсэн цалингаас урамшууллыг бодож олгодог байгаа, энэ журмыг зөрчиж Б.М-д нэмэгдэл цалингаас бодож олгох боломж байхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц,  аудитор Д.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 1/80 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актыг хүчингүй болгуулахаар  захиргааны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан.

Энэ акт гарсантай холбогдуулан Б.М-ын цалин хөлс, авах эрх нь зөрчигдсөн. Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 -д ...захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны акт нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах үед ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал авна... гэж заасан. Энэ акт нь Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар бусдын ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангахаар зохицуулсан байдаг.

 Сонсох ажиллагааг хийсэн талаар Б.М-д утсаар мэдэгдсэн, тайлбар авсан зүйл хэрэгт авагдаагүй. Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах арга хэлбэрийг хуульчилсан. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Төрийн аудитын байгууллагаас эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдийн саналыг авч, сонсох ажиллагаа хийгдсэний дараагаар аудитын актыг гаргахаар Захиргааны ерөнхий хуульд зохицуулсан боловч энэ хуулийг зөрчиж гаргасан захиргааны акт гэж үзэж байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/40 дүгээр тушаалаар 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу Б.М-ыг төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлсөн. Гэтэл Ховд аймгийн Аудитын газрын дээрх актад Б.М-ыг  төрийн албанаас халагдсан мэтээр үндэслэлгүй дүгнэж, цалингийн урьдчилгааг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т  “..Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ..” гэжээ. Үндсэн хуульд зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна.

 2018 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан байхад 3,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан мэтээр буруу дүгнэлт хийсэн. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар Б.М-ын зүгээс сонгон шалгаруулалтад орж үндсэн ажилтнаар буюу ТЗ-9-1 шатлалаар томилогдож, нэмэгдлүүдийг 30%-иар байхаар тушаалд тусгаж өгсөн. Тус тушаалаар 1 сарын үндсэн цалин 691,610 төгрөг, төрийн болон албаны нууц хамгаалалтын ажилтны нэмэгдэл буюу сарын цалингийн 20% буюу 138,322 төгрөгөөр тооцсон. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчийн ажил хавсарсны нэмэгдэл хөлс, үндсэн цалингийн 30% буюу 207,483 төгрөг, байгууллагын хамтын гэрээ хөдөлмөрийн дотоод журмын дагуу хоол, унааны хөнгөлөлт 1 сард 33,000 төгрөгөөр тус тус бодогдсон.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/180 дугаартай тушаалаар Б.М-д 6 сарын цалин хөлстэй тэнцэх 1 удаагийн буцалтгүй тусламж буюу 6,422,490 төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч тухайн үед 3,734,694 төгрөгийг өгсөн. Байгууллагын нягтлан  зөрүү 2,687,796 төгрөгийг цалингийн урьдчилгаанд суутгаж, байгууллагын өглөг авлагын асуудлыг дуусгасан гэдгийг  нягтлан тайлбарладаг. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.М-д  2018 оны А/180 дугаартай тушаалаар 1 удаагийн буцалтгүй тусламж олгосон болохыг тогтоосон.

Эндээс үзэхэд нэмэгдэл цалингуудыг оруулахгүйгээр үндсэн цалингаар бодож акт тавьсан нь хүчингүй болгох үндэслэлтэй. Үндсэн цалингаар бодож акт тавьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “...захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хууль заасан журмын дагуу мэдэгдэх...”, захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг захиргааны акт гаргасан байгууллага хариуцдаг.

Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “...захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд гардуулах шаардлагатай тохиолдолд утас, факс, шууданд цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж, баримтжуулахаар зохицуулсан”... байхад захиргааны актыг гарсан талаар мэдэгдээгүй. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ерөнхий аудиторт энэ актын талаар гомдол гаргахад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03, 06 дугаартай албан бичгээр гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул хянах боломжгүй гэж мэдэгдсэн. Учир нь Ховд аймгийн Аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 1/180 дугаартай акт, Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-д зааснаар мэдэгдээгүй тул актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн. Захиргааны байгууллагаа сонсох ажиллагаа болон мэдэгдэх ажиллагаа хийсэн эсэх, үндсэн цалингаас тооцсон эсэх, шинжээчийн дүгнэлт, үзлэгийн ажиллагаа зэргийг шүүхээс анхаарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М Ховд аймаг дахь Төрийн аудитын  газрын аудитын менежер А.Ц,  аудитор Б.Б нарт холбогдуулан Ховд аймаг дахь Төрийн аудитын  газрын аудитын менежер А.Ц,  аудитор Б.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дугаар “Төсвийн орлого болгох тухай” актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж,  актын төлбөрийг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нар нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 1/80 дугаар актаар[1] Б.М 2.300.000 төгрөгийг  төлүүлж, Төрийн сан банкин дахь бусад нэр зааж ангилагдаагүй орлогын 100160000955 тоот төвлөрүүлэхээр шийдвэрлэхдээ “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.М нь тайлант оны 8 сард 2.3 сая төгрөгний цалингийн урьдчилгаа олгож, ажлаас халагдах тэтгэмжээс суутган тооцоогүй, санхүүгийн тайланд авлагаар тусгаагүйтэй холбоотой 2.300.000 төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ нь Нятлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдах гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр уг актыг тавьжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь  нэхэмжлэлийн үндэслэлээ актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй,  буцалтгүй тусламж 6 сарын цалин, хөлстэй тэнцэх 6.422.490 төгрөг бодогдсон ба үүнээс цалингийн урьдчилгаанд 2.687.796 төгрөгийг суутгаж, гарт 3.734.964 төгрөгийг олгосон,   цалингийн урьдчилгаанд 2 сая төгрөгийг авсан байхад 2.3 сая төгрөг авсан мэтээр буруу дүгнэлт хийсэн талаар тайлбарлаж маргаж байна.

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдөж[2], улмаар Б.М-д Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/180 дугаар тушаалаар[3]  6 сарын  цалин, хөлстэй тэнцэх хэмжээний  буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна.   

1.Нэхэмжлэгч Б.М нь буцалтгүй тусламж 6 сарын цалин, хөлстэй тэнцэх 6.422.490 төгрөг бодогдсон ба үүнээс цалингийн урьдчилгаанд 2.687.796 төгрөгийг суутгаж, гарт 3.734.964 төгрөгийг олгосон гэх тайлбарын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгчид буцалтгүй тусламжид хэдэн төгрөг бодогдсон, уг буцалтгүй тусламжаас ямар нэгэн суутгал хийгдсэн талаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлтээр[4] Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны А/180 дугаар тушаалыг үндэслэн  Б.М-д үндсэн цалинг 6 сараар тооцон нийт 4.149.660 төгрөг бодож, үүнээс ХАОАТ-т 414.966 төгрөгийг суутган, 3.734.694 төгрөгийг Б.М-ын 5041056903 тоот дансанд шилжүүлсэн. ХАОАТ-т 414.966 төгрөгөөр өөр суутгал хийгдээгүй байна гэжээ.

Мөн гэрч Б.Нямдэлгэрийн “...Дээрх тушаалын дагуу Б.М-д 3.734.694 төгрөгийн буцалтгүй тусламжийг Хаан банкин дахь дансанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн....” гэх мэдүүлэг [5],

Гэрч Б.Энхмандалын “...Б.М-д 2018 оны 10 сард буцалтгүй тусламж 3.734.694 төгрөгийн тусламж үзүүлсэн....” гэх мэдүүлэг[6], шүүхээс Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 сарын санхүүгийн баримтад 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 401 дугаартай төлбөрийн хүсэлт зэргээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/180 дугаар тушаалаар 6 сарын  цалин хөлстэй тэнцэх хэмжээний  буцалтгүй тусламжид  нийт 4.149.660 төгрөг бодогдож, үүнээс ХАОАТ-т 414.966 төгрөгийг суутган, 3.734.694 төгрөгийг Б.М-ын 5041056903 тоот дансанд шилжүүлсэн болох нь нотлогдож  байна.

Өөрөөр хэлбэл буцалтгүй тусламжийн 4.149.660  төгрөгнөөс ХАОАТ-т 414.966 төгрөгнөөс өөр суутгал хийгдээгүй буюу Б.М-д буцалтгүй тусламжид нийт 3.734.694 төгрөг олгогдсон байна.

Иймд нэхэмжлэгчийн буцалтгүй тусламжид 6.422.490 төгрөг бодогдсон гэх  тайлбар үндэслэлгүй байна.  

2. Цалингийн урьдчилгаанд 2 сая төгрөгийг авсан байхад 2.3 сая төгрөг авсан мэтээр буруу дүгнэлт хийсэн тухайд:  

Нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 300.000 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төрөгийн, нийт 2.300.000 төгрөгний цалингийн  урьдчилгаа авсан болох нь

Гэрч Б.Нямдэлгэрийн “...Б.М нь мөнгөний яаралтай шаардлага гарлаа, цалингийн урьдчилгаа 300.000 төгрөг олгож өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан. Дараа нь  дахин 2 сая  төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож өгнө үү  гэх хүсэлтээ Тамгын газрын даргад танилцуулсан. 2 сая төгрөгийн урьдчилгаа олгохдоо байгууллагын цалин олгох түр данс руу шилжүүлээд дараа нь Б.М-ын Голомт банкны цалингийн  харилцах данс руу шилжүүлсэн. Харин 300.000 төгрөгийн урьдчилгааг Б.М-ын  ХААН банкинд дахь данс руу шилжүүлсэн. Б.М 2.300.000 төгрөгийн урьдчилгаагаа одоог болтол төлөөгүй байгаа. Б.М хэлэхдээ мөнгийг төлөхгүй гэж хэлдэггүй...” гэх мэдүүлэг[7],

Гэрч Б.Энхмандалын “...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын дарга Б.Ганболд намайг дуудаж Б.М-д цалингийн урьдчилгаа олгохыг хүссэн баримт өгсөн. Тэр баримт дээр мөнгөн дүн тавиагүй, цохолттой бичиг өгсөн.  Тэгээд М-тэй уулзаж хэдэн  төгрөгний цалингийн урьдчилгаа авах вэ гэхэд  300000 төгрөгний урьдчилгаа авъя гэсэн.  Түүний дагуу тэр өдөр нь 300000 төгрөгний урьдчилгааг Б.М-ын данс руу шилжүүлсэн. Дараа  2018 оны 08 сарын 12-нд байх  Б.М 2 сая  төгрөгийн урьдчилгаа шаардлагатай байна гэсэн.  2 сая төгрөгийн урьдчилгаа олгохыг хүссэн өргөдөл  бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр  хийсэн үзлэгийн  тэмдэглэлд[8] 2018 оны 08 дугаар сар 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хоорон дахь Төсөвт байгууллагын дансны хуулгад Б.М 5041056903 цалингийн урьдчилгаа 300.000  төгрөг /зарлага баганад бичигдсэн/, Б.М-ын 300.000 төгрөгийн урьдчилгаа олгохыг хүссэн  өргөдөл[9], 08 дугаартай  цалингийн урьдчилгаа олгох хүснэгт[10],  2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 336 дугаартай төлбөрийн хүсэлт[11], Б.М-ын Голомт банкны дансны хуулга[12] зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн 2.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.  

3. Маргаан бүхий актын үндэслэл  Б.М нь тайлант оны 8 сард 2.3 сая төгрөгний цалингийн урьдчилгаа олгож, ажлаас халагдах тэтгэмжээс суутган тооцоогүй, санхүүгийн тайланд авлагаар тусгаагүйтэй холбоотой 2.300.000 төгрөгийн зөрчил илэрсэн тухайд:

Нэхэмжлэгч Б.М нь 2018 онд  2 сард 1.000.000 төгрөгийн, 7 дугаар сард 500.000 төгрөгийн[13], 8 сарын 8-нд 300.000 төгрөгийн, 8 сарын 10-нд 2.000.000 төгрөгийн, нийт  3.800.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан байна.  

Үүнээс 4 сард 500.000 төгрөг, 7 сард 500.000 төгрөг, 9 сард 600.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг цалингийн урьдчилгааг  Б.М-ын цалингаас суутгаж авсан болох нь Б.М-ын 2018 оны цалингийн тооцооны хүснэгтээр[14] тогтоогдож байна.

Харин цалингийн урьдчилгаа 2.200.000 төгрөгийг 2018 онд Б.М-ын цалин болон буцалтгүй тусламжийн 3.734.694 төгрөгнөөс суутган аваагүй болох нь  

Гэрч Б.Нямдэлгэрийн “... Тухайн үед Б.М нь цалингийн урьдчилгаа 2.300.000 төгрөгийг  битгий суутгаарай, дараа нь энэ ондоо багтаагаад төлчихнө гэсэн. Тэгэхээр нь  би итгээд 2.300.000 төгрөгийг   суутгаагүй...” гэх мэдүүлэг[15],

 гэрч Б.Энхмандалын “...Б.М-д 2018 оны 10 сард буцалтгүй тусламж 3734694 төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэ мөнгөнөөс цалингийн урьдчилгааг суутгахаар Б.М-тай утсаар ярихад  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ мөнгийг өөрийнхөө эмчилгээнд зарцуулмаар байна гэсэн. Харин 2 сая төгрөгийн хувьд  өөр хүний  эмчилгээний зардлалд зарцуулсан тэр хүнээс гараад аваад өгье гэсэн.  Түүнээс хойш 2300000 төгрөгийн цалингийн урьдчилгаа төлөөгүй...” гэх мэдүүлэг [16],  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрйн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 сарын санхүүгийн баримтад 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 401 дугаартай төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Харин хариуцагч нар нь 2018 оны цалингийн урьдчилгаа нийт 3.800.000 төгрөгнөөс 1.600.000 төгрөг Б.М-ын цалингаас суутгагдсан, 2.200.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа төлөгдөөгүй байхад 2.300.000 төгрөгийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон байх тул актын төлбөрөөс 100.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.

Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар  зүйлийн 7.1-д Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно, 7.2-т Төсвийн жил нь сар, улирал, хагас жил, бүтэн жил гэсэн үед хуваагдана, 7.3.Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна,  41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар батлагдсан төсвийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, төсвийн дэлгэрэнгүй хуваарилалт, төсвийн зарцуулалт болон бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлнэ, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ: 20.2.6-д эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах гэжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Б.М нь 2018 онд авсан цалингийн урьдчилгааны үлдэгдэл 2.200.000 төгрөгийг тухайн төсвийн жилд буюу 2018 оны 12 сарын 31-ний дотор төлөх, нягтлан бодогч нь Б .М-ын ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан байхад санхүүгийн тооцоог хийж дуусгах, үлдэгдлийг баталгаажуулах үүрэгтэй байжээ.  

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын гаргасан “Төсвийн орлого болгох тухай” 1/80 дугаартай  акт нь төлөгдөх мөнгөн дүнгийн хувьд алдаатай ч гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” заасантай нийцсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ховд аймаг дахь Төрийн аудитын  газрын аудитын менежер А.Ц,  аудитор Б.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дугаар “Төсвийн орлого болгох тухай” актын төлбөрийг 100.000 төгрөгөөр  багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр хариуцагч нар нь сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулснаа нотолж чадаагүй боловч  маргаан бүхий акт нь үндэслэлтэй, аудитын менежер А.Ц,  аудитор Б.Б нар нь Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх...,” хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан акт байх тул энэхүү тохиолдолд “сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр нь 1/80 дугаартай  “Төсвийн орлого болгох тухай” актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.

4.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 443-т дараах зардлыг  хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ, 44.3.1-т шинжээч...... шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн бол ажлын хөлс, 47 дугаар зүйлийн 47.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан төлүүлнэ гэж заасан бөгөөд шинжээчдийн ажлын хөлс 1.120.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-ээр төлүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкин дахь 100900012005 тоот харилцах дансанд төлүүлэх  нь  зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн аудитын тухай хууль /2003 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны акт Ховд аймаг дахь Төрийн аудитын  газрын аудитын менежер А.Ц,  аудитор Б.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/80 дугаар “Төсвийн орлого болгох тухай” актын төлбөрийг хэмжээг 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан  шинжээчдийн ажлын хөлс 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкин дахь 100900012005 тоот харилцах дансанд нэхэмжлэгч Б.М-ээр төлүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлйин 47.2-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас  /Ховд аймаг дахь Төрийн аудитын  газраас/ 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т  зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

[1] Хх1-ийн 52 дахь тал 

[2] Хх1-ийн 116 дахь тал

[3] Хх1-ийн 115 дахь тал

[4] Хх2-ын 45-46 дахь тал

[5] Хх1-ийн 66 дахь тал

[6] Хх1-ийн 88 дахь тал

[7] Хх1-ийн 66 дахь тал

[8] Хх-ийн 72 дахь тал

[9] Хх1-ийн 43 дахь тал,

[10] Хх1-ийн 44 дэх тал

[11] Хх1-ийн 45 дахь

[12] Хх1-ийн188 дахь тал

[13] Хх1-ийн 200 дахь  тал

[14] Хх1-ийн 200 дахь тал

[15] Хх1-ийн 67 дахь тал

[16] Хх1-ийн 88 дахь тал