Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймаг *** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *** ТӨХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймаг *** сум 4-р баг *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /РД:***/.

          

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн *** сум 2 дугаар баг *** хорооллын задгай тоотод оршин суух *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр ***ийн бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд:  

  1. 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дүгээр тал),
  2. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 26-30 дүгээр тал),
  3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12 дүгээр тал),
  4. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
  5. Хохирогч ***ийн “...Тухайн үед 2022 оны 08-р сарын 13-ны 19 цагийн үед нөхөр ***ын хамт шинээр авсан хашаандаа ногооны хүлэмж буулгах гэтэл манай нөхөр намайг чадахгүй байх гээд *** гэх өөрийн хуурай дүүгээ дуудсан. *** 20 цагийн үед ирээд хашааны ажил тусалсан. ***, *** 2 байшин руу орсон бөгөөд би гадаа хашааны хог цэвэрлэж байгаад байшин руу ортол ***, *** дөрвөлжин шилтэй архи ууж байсан бөгөөд би мөн адил хамт архи уух болсон. Тухайн үед би нөхөртөө хандан ***ийн гэр рүү явж архи ууя гэж хэлтэл нөхөр *** уурлаад надад хандан чи яасан овоо юм бэ? намайг байхад ***ийн тухай ярилаа гээд миний нүүр хэсэг рүү 1 удаа алгадсан тэгээд аяга, таваг, халбага, сэрээ, хутга хийдэг цаасан хайрцаг руу ухас хийж гүйсэн тэрнээс хойш юу болсон эсэх талаар санахгүй байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа ухаан ортол миний баруун гарын булчин хэсгээс цус гарч байхаар ***т хандан чи намайг хутгалсан юм биш үү! гэж хэлтэл *** надад хандан *** эгчээ ёстой болохгүй гээд намайг *** сумын Эрүүл мэндийн төв рүү дагуулж алхсан. Тухайн үед бага зэрэг согтолттой байсан нээх их архи уугаагүй. Болсон асуудлын зарим хэсгийг санахгүй байна. Би өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Нүүр хэсэг рүү 1 удаа алгадсан. Өөр ямар хүчин зүйлийн нөлөөллөөр халдсан эсэх талаар мэдэхгүй байна. Ухаан алдаад сэртэл миний баруун гарын булчин хэсгээс цус гарч байсан. Баруун гарын булчин хэсэгт 2, зүүн гарын шуу хэсэгт 2 оёдол тус тус тавиулсан. Өмнө миний бие махбодод халдаж зодож байсан удаа байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дүгээр тал),

          6.Гэрч ***ийн "... 2022 оны 08-р сарын 13-аас 14-нийг шилжих шөнийн 02 цагийн үед би *** хөшөөний байнгын Замын цагдаагийн постод томилгоот үүрэг гүйцэтгэх хугацаанд зүс таних *** гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас хувцас нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай орж ирээд манай эгч хутгалуулчихлаа туслаарай эмнэлэг хүргээд өгөөч гэхээр нь гараад постын байрнаас гараад хартал эгч *** шатахуун түгээх станцын дэргэд алхаж явсан. Тэгээд би албаны *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд *** гэх залууг суулгаад хутгалуулсан гэх эмэгтэйг аваад *** сумын Эрүүл мэндийн төв рүү явсан. Тухайн эмэгтэйг эмнэлэгт оруулж өгөх үед гаднах хувцас нь цус мэт улаан зүйлээр бохирлогдсон, нэг нүд нь хөхөрч хавдсан, баруун гарын булчин хэсгээ эрээн даавуугаар ороосон тухайн хэсгээс нь их хэмжээгээр цус гарч байсан. Мөн өөрийгөө илэрхийлэх чадваргүй шокийн байдалтай байсан. Хэнд хутгалуулсан талаар тухайн эмэгтэйгээс тодруулж асуутал манай нөхөр над руу хутга шидсэн гэж хэлсэн. Нөхрийнх нь нэрийг асуутал *** гзж хэлсэн. ***ээс хэнд хутгалуулсан талаар тодруулж асуухад манай нөхөр хутгалсан гэж хариулсан. *** сум *** хорооллын задгай буюу *** гэх эмэгтэйн гэрт очтол *** хаалга тайлж өгсөн бөгөөд гэрийн дотор хэсэг нь эмх замбараагүй. Шал нь цус мэт улаан зүйлээр бохирлогдсон байсан..." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

           7.Гэрч ***аас өгсөн мэдүүлэг "...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед *** ах над руу залгаад ах нь шинэ авсан газар дээрээ байна хүрээд ир өнөөдөр сайхан ууж сууя гэхээр нь би дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад *** ахын шинээр авсан газар дээр нь очтол тэрээр өөрийн эхнэр ***ийн хамт байсан. Тэгээд *** ах, *** эгч бид гурав Сэрүүн нэртэй 2,5 литрийн 3 ширхэг пиво хувааж уусан. Тухайн үед *** ах, *** эгч хоёр найзууд ирнэ гээд байхаар нь тэр хоёрт Эвок нэртэй 0,75 литрийн архи, 2,5 литрийн нийслэл нэртэй пиво авч өгөөд пивоноос нь нэг аяга уугаад гэртээ 2022 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 00 цагийн үед харьсан. Гэрийн үүдэн дээр очоод буцаад *** ахын гэрт очтол 2022 оны 08 дугаар сарын 13-14-нийг шилжих шөнийн 01 цаг болж байсан. *** ах өөрийн эхнэр ***г газар унагаасан байсан бөгөөд намайг гэрт нь орох үед сандлаар өөрийн эхнэрээ нэг удаа цохиод дээрээс нь дэвсээд байхаар нь *** ахыг жийж өшиглөөд холдуултал тэрээр буцаад намайг жийж өшиглөсөн бөгөөд тухайн үед би *** эгчийг тэвэрсэн байсан бөгөөд уг цохилтоос болж хамт газар унасан. Газар унах үед *** ах гартаа хутга бариад цус үзмээр байгаа юм уу гичий минь гээд эгч рүү дайраад хараагаад байхаар нь би түүний өшиглөж унагаагаад дээр нь гараад ална шүү гэж хэлтэл *** эгч надад хандан боль миний хүү гэж хэлэхээр нь би үйлдлээ зогсоосон. Тухайн үед *** эгч надад хандан эгч нь хутгалуулсан гараа даахгүй байна гэхээр нь гарыг нь хартал баруун гарын булчин, зүүн гарын шуу хэсэгт хутга зоосон ором үүссэн цус их хэмжээгээр асгарч байхаар нь эгчийг үүрээд Замын цагдаагийн пост ороод эмнэлэг дуудсан. Би хутгалах үед байгаагүй бөгөөд зодох үед нь байсан. Би *** ах, *** эгч нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэдний гэрээс гараад өөрийн гэрийн үүдэнд очоод буцаад *** эгч, *** ах нар дээр очтол *** ах өөрийн эхнэрээ зодож байсан. *** эгчээс тухайн үед хэн таныг хутгалсан юм бэ гэж асуутал *** хутгалсан гэж хэлсэн. *** эгч *** ах хоёр л гэртээ байсан. Өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дүгээр тал),

8. Яллагдагч ***ын "...Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны орой гэртээ эхнэр *** болон Солонгост ажиллаж байгаад ирсэн дүү ***ийн   хамт 1 шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн пиво уусан юм. Тэгээд нэлээн орой болсон хойно манай эхнэр намайг хоёулаа ***ын гэр рүү явъя гээд байхаар нь би эхнэртээ хандаж харанхуй шөнө болсон хойно айл амьтанд очиж яахын гээд хэлсэн чинь манай эхнэр *** уурлаад намайг янз бүрээр хэлээд байсан . Тэгээд бид 2 хоорондоо муудалцаад нэг мэдсэн чинь манай эхнэр хутгалчихлаа шүү дээ гээд хэлхээр нь хартал гарынх нь бугалга хэсгээс цус гарч байсан юм. Тэгэхээр нь би гарыг нь боох гэтэл эхнэр уурлаад надаар гараа боолгохгүй байсан юм. Тэгээд эхнэр ***тай хамт эмнэлэг яваад өгсөн юм удалгүй цагдаа нар ирсэн. Би тухайн үед архи уугаад согтчихсон байсан болохоор мэдэхгүй байна. Уг нь манай гэрт *** *** бид гурав л хамт архи уусан юм өөр хүн байгаагүй. Намайг ***тэй маргалдаж байх үед гэрт *** байсан үгүйг мэдэхгүй байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна эхнэрээсээ уучлал гуйгаад эвлэрсэн одоо дахиж архи ууж ийм асуудал огт гаргахгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

9. *** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтээр

1. ***ийн биед баруун нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, баруун бугалга, зүүн шуунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон цаг хугацаанд  үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт хэсэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.  

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч *** нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

*** аймгийн *** сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос ***рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ***т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хохирогч гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.*** овогт ***ийн *** /РД:***/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаад, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА